мэдээ
Зураг төсөл, газар эзэмших гэрчилгээн дээрээ хороо, байрны дугаарыг хүртэл худал бичжээ
Мөнх-Эрдэнэ Ууган-Эрдэнэ
2014 оны 12 сарын 22

1
Нийслэлд холбогдох хууль дүрэм зөрчин, орон сууцны цонх, орцны үүд, явган хүний зам зэргийг таглан өндөр барилга, байгууламж олноороо баригдах болсон. Үүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон. Эдгээр эрх нь зөрчигдсөн иргэдийн дуу хоолойг олон түмэн, төр засгийнханд хүргэх үүднээс “Өдрийн сонин“-ы хамт олон “Цонхоо нээцгээе” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ удаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг сурвалжиллаа.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр, “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийд болон 22 дугаар байрны дундах 0.3 га газрыг “Би Жи Би Жи” компани ил зогсоол, гараашийн зориулалтаар түрээсэлдэг аж. Ил зогсоолын өмнөхөн байрлах “Баялаг” худалдааны төв нь “Би Жи Би Жи” компанийн мэдэлд байдаг гэнэ. Тус компани энэ оны хоёрдугаар сарын 24-нд таван жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ сунгажээ. Гэрээн дээр нь 0.3 га газрыг гарааш, үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж тусгасан байдаг аж. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр энэхүү газарт барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Орон сууцны дунд барилга байгууламж барихаар бол ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг НИТХ-аас баталсан. Гэтэл тус 0.3 га талбайгаас 10 хүрэхгүй метрийн зайтай орших хоёр ч нийтийн орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авах нь бүү хэл тэдэнд албан ёсоор мэдэгдээ ч үгүй аж. 16 дугаар байрны зүүн талын автозогсоолын талбайг наагуур нь шуудайтай шороогоор хааж, “Нурах аюултай” гэсэн бичиг хаджээ. Гурван машин зөрөх дайны өргөнтэй хатуу хучилттай автозам зүүн захаасаа доош суусан учраас дундуураа хагарчээ. Учир нь газар ухаж эхлэхээс өмнө зогсоолын цаахна бетон далан байжээ. Нийслэлийн өмч болох энэхүү даланг дур мэдэн нураасны улмаас ийн суулт өгчээ. Өмнө нь 16 дугаар байрныхан энэ талбайд машинаа тавьдаг байсан бол өдгөө ямар ч боломжгүй болжээ. Нуралтыг нь зогсоох үүднээс шуудайтай шороогоор тэхий дунд нь ортол өндөрлөн манажээ.
Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг авахаасаа л бичиг баримтын зөрчилтэй явж иржээ. Таван жилийн хугацаатай эзэмших гэрчилгээгээ 2014 оны хоёрдугаар сарын 24-нд авахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хороонд гэж бичүүлжээ. Угтаа бол тэр газар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо юм байна. Дээр нь өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн Ерөнхий төлөвгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсээр зураг төслөө батлуулахдаа баруун хойхно талд нь хамгийн ойр орших 16 дугаар байрыг бус цаад талынх нь 15 дугаар байрыг тусгажээ. Мөн зүүн талд нь 22 дугаар байр хамгийн ойр оршдог атал зураг төсөл дээрээ 21 дугаар байрыг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл тайлбар дээрээ 22 дугаар байр гэж бичсэн мөртлөө зураг дээрээ зүүн хойд талынх нь 21 дүгээр байрыг тодотгон тэмдэглэсэн байна. Энэ талаар 14 дүгээр хорооны 16 дугаар байрны иргэн М.Отгон “Ингэж л анх зөвшөөрөл авахаасаа л залилан хийж эхэлсэн. Угтаа бол барилгын ажил явагдахад зураг төсөл дээр нь тусгагдсан 15, 21 дугаар байр бус түүнээс ойр орших 16, 22 дугаар байрны оршин суугчдын тав тух алдагдана. Тэр утгаараа 16, 22 дугаар байрны оршин суугчдад албан ёсоор хэлж, тайлбарлах ёстой. Тэгтэл эдгээр байр эскиз зураг дээр нь тэмдэглэгдээгүй. Биднийг зөвшөөрлийн бичиг сэлтийг нь үзье, гэхээр “Өө энэ газар нутаг танай 14 дүгээр хороонд ямар ч хамааралгүй. Газрын гэрчилгээн дээрээ 15 дугаар хороо гэж байгаа биз дээ” гэж дунд нь замхруулж, хугацаа хожсоор байна. Бас “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийдийг IV хорооллын Л.Энэбишийн өргөн чөлөө гэж хүртэл тэмдэглэсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд барилгаа ашиглалтанд хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихна биз. “Би Жи Би Жи” компани газар эзэмших эрхээ гарааш үйлчилгээний зориулалтаар гэж хоёрдугаар сард авсан мөртлөө зургадугаар сард зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт дээрээ худалдаа, үйлчилгээ, орон сууцны 18 давхар барилга болгож өөрчлөөд батлуулчихсан. Тэгтэл 16-аас дээш давхар болохоороо нийслэлд огт хамааралгүй, харьяа яаманд хамааралтай болоод явчихсан” гэсэн юм.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ю.Болдбаатар “Үүссэн нөхцөл байдлаахорооноосоо сонгогдсон НИТХ-ын гишүүн, хорооны удирдлагуудад танилцуулахад “Естой анхааралдаа авлаа. Энэ асуудлыг тань шийдэж өгнө” гэчихээд таг болчихно. Орон сууцны ойр орчимд барилга барихаар бол иргэдээс нь зөвшөөрөл авах санал санаачилга гаргаснаар нь Засаг даргатай уулзах хүсэлт тавьсаар хоёр сарын нүүр үзэж байна. “Дарга таньтай удахгүй уулзана” гээд наагуурх хүмүүс нь аргалаад байдаг. Аргаа бараад дүүргийн газрын албан дээр очихоор “Дээрээс өгчихсөн бол бидэнд хамаагүй” гэдэг. Баянгол дүүрэгт бол “70 давхар”-ыг л иргэдэд өгөх гээгүй юм бол өөр хуваарилах газар байхгүй шүү дээ” гэв.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН





УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ долоо хоногт буюу 2025 оны есдүгээр сарын 10-аас14-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байн...
2 цагийн өмнө
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрги...
2 цагийн өмнө
Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсчээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна Монгол Улсын Засгийн газры...
3 цагийн өмнө
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээни...
3 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажл...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд