мэдээ
В.Алзахгүй: Их хурлаар намын даргыг чөлөөтэй өрсөлдүүлж сонговол дараа нь Засгийн газрын асуудал яригдана гэсэн үг

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 9 сарын 10

52

Улсын Их хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш, Түүхийн ухааны доктор, профессор, сэтгүүлч Вандангийн Алзахгүйтэй удахгүй болох МАН-ын Их хурлын талаар ярилцлаа.
-МАН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг гарсан гэсэн. Энэ ажлын хэсэг ямар гол ажлуудыг хийх ёстой вэ?
-МАН-ын дэргэд Төрийн бус байгууллагууд ажилладаг. Социал демократ ахмадын холбоо, залуучуудын, эмэгтэйчүүдийн байгууллага гээд бий. Тэгэхээр одоо бол намын Их хурлыг хийх асуудал үндсэндээ тодорхой болж байна. Удахгүй намын Бага хурал хуралдах байх. Бага хурлаас Их хурлыг 45 хоногоос доошгүй хоногийн өмнө зарладаг намын дүрэмтэй. Бид бол намын ахмадын байгууллагад харьяалагддаг. Энэ байгууллагын шугамаар намын ахмад гишүүдтэй уулзах, санал бодлоо солилцох, саналаа нэгтгэх ажлууд хийгдэж байна. Энэ удаагийн Их хурал бол 31 дэх нь болж байгаа юм. Манай намын Их хурал болгон Монгол орны хувь заяа, нийгэм, улс төрийн амьдралд их тод мөр үлдээдэг. Их хурал ихэвчлэн дүрэмд заасан хугацаандаа буюу ээлжит байдлаар болдог. Харин зарим нь цаг үеийн шаардлагаар хуралддаг.
Жишээлбэл, МАХН-ын Онц Их хурал 1990 онд болж байлаа. Үүнээс хойш улс төрийн амьдралд намын гүйцэтгэх үүрэг их өссөн. Ер нь намын Их хурал хуралдахын өмнө нөхцөл байдлууд үүсдэг.
-Тэгвэл одоо ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Ерөнхий сайд өөрчлөгдсөн. Парламентын засаглалтай олон улсын жишгээр ялсан намын дарга нь Засгийн газраа толгойлдог. Ийм зохицуулалт одоо манай намын дүрэмд ч байгаа. Гэтэл одоо Ерөнхий сайд маань үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоог хүртэл намын дарга хэвээрээ байна. Ийм учраас энэ удаагийн Их хурлын онцлог нь намын даргын асуудал байх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, дараа дараагийн улс төрийн үйл амьдралд намыг бэлдэх хэрэгтэй болно. Одоо чинь УИХ 126 гишүүнтэй болсон. Тэдний 48-ыг нь жагсаалтаас сонгож байна. Энэ нь бидний өмнө огт өөр нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Тиймээс намын дүрэмд энэ талаар тусгах ёстой.
-Одоогоор Бага хурлын тов тодорхой болж гараагүй байна уу?
-Бид чинь түүнээсээ хол шүү дээ. Энэ бол намын Удирдах зөвлөлийн шийддэг асуудал. Гэхдээ бидний ойлгож байгаагаар намын Бага хурал тун удахгүй байх. Улмаар намын Их хурлыг цаад тал нь ирэх сарын 20-д гэхэд хуралдуулах болов уу гэсэн хүлээлттэй байна. Бидний хүсч байгаа зүйл юу гэвэл намын дүрэм олон улсынхаа жишиг рүү л их сайн явах ёстой. Энэ чинь өөрийн онол, номтой зүйл. Манайх чинь одоо холимог сонгуулийн тогтолцоо руу орчихсон. Хувь хүний зүгээс би тодорхой саналууд дэвшүүлж өгсөн.
-Ямар, ямар санал өгсөн бэ?
-Нэгдүгээрт, намын дарга Ерөнхий сайд байдаг. Ерөнхий сайд огцрох юм бол намын даргын эрх мэдэл шууд Ерөнхий нарийн бичгийн даргад шилждэг байх ёстой. Энэ зохицуулалтыг хийх хэрэгтэй. Ийм саналыг бид нэлээд нэгдмэл байр суурьтайгаар өгсөн. Хоёрдугаарт, нэгэнт жагсаалтаар гишүүдийг сонгодог болсон энэ тохиолдолд намын жагсаалтад хэн багтах юм бэ. Тэр жагсаалтыг хэн толгойлох вэ гэдэг асуудлыг намын дүрмээр зохицуулах ёстой. Намын жагсаалтыг намын дарга толгойлно. Үүний цаана байдаг олон улсын зарчим, үндсэн логик нь иргэд намын даргыг сонгож, намд саналаа өгнө гэдэг бол хэрэв олонх болбол Ерөнхий сайдыг сонгож байгаа хэлбэр юм. Хоёрдугаарт, жагсаалтад хэн орох ёстой вэ гэдэгт шалгуур тавих ёстой. Жишээлбэл, ноднин жилийн УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтыг Токиогоос ирсэн нэг залуу толгойлсон. Энэ хүн манай намын гишүүн мөн эсэхийг ч бид мэдэхгүй. Дээрээс нь энэ хүн өнөөдөр Ерөнхий сайд болоогүй шүү дээ. Жишиг эвдэрнэ гэж үүнийг хэлж байгаа юм. Жагсаалтад орохын тулд адаглаад намын гишүүн, намын амьдралд 10-аас доошгүй жил оролцсон байх ёстой. Гэтэл зүгээр энд тэндээс баахан хүн авч ирээд тавьчихдаг. Намд өчнөөн олон жил ажилласан хүмүүс байна. Тэднээсээ яагаад сонголт хийж болохгүй байгаа юм. Олон түмний саналыг авахын тулд нийгмийн давхаргаас тодорхой хүмүүс дэвшүүлэх хэрэгтэй болдог. Ноднингийн сонгуульд “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багшийг боловсролын салбарынхан маш их дэмжсэн. Энэ хэрээрээ МАН-д саналаа өгөх сонгогчдын тоо нэмэгдсэн. Хот, хөдөөгүй багш нар их дэмжсэн. Яагаад гэхээр энэ хүн салбартаа танигдсан, туршлагатай, гарцаа байхгүй Монголын багш нарын өнөөгийн гол манлайлагч байна. Гэтэл эрүүл мэндийн салбарынхан МАН-д ерөөсөө санал өгөөгүй юм байна лээ. Учир нь Н.Ганмаа гэдэг хүнийг хүмүүс огт танихгүй. Хаана, юу хийж байсныг нь мэдэхгүй. Монгол Улсдаа ажиллаж үзсэн юм уу гээд хамгийн гол асуудал чинь энд байдаг.
-Энэ удаагийн Их хурлаар намын даргын асуудал яригдах нь тодорхой. Таны хувьд Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой гэж үзээд байна уу?
-Энэ ерөөсөө л олон улсын жишиг. Уг нь дараалал нь намын дарга болох ёстой юм. Бид бас энэ талын туршлагатай. Өмнө нь Онц Их хурлын төлөөх хөдөлгөөн гэж байгуулагдаж, намын гишүүдийн гуравны нэг нь Их хурлыг хуралдуулахын төлөө гарын үсэг зурж байж хуралдуулаад намын даргаар Санжийн Баярыг сонгоод дараа нь Ерөнхий сайдын ажил үүргийг хариуцуулж байлаа. Энэ бол цаашид өвлөөд аваад явах ёстой туршлага байсан. Хэрэв энэ удаагийн Их хурлаар намын даргыг чөлөөтэй өрсөлдүүлж сонгож болох юм. Тэгэх юм бол дараа нь Засгийн газрын асуудал яригдана гэсэн үг. Энэ албыг нэг л хүн хаших ёстой.
-Тэгэхээр энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатараас өөр хүн намын даргаар сонгогдвол Засгийн газрын асуудал яригдах ёстой гэсэн үг үү?
-Яригдах учиртай. Тиймээс л энэ хоёр албыг нэг л хүн хаших ёстой гэж би хэлээд байгаа юм.
-Энэ сарын 13-нд байнгын парламенттай болсон ойн өдөр тохионо. Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Анх удаагийн 126 гишүүнтэй парламент дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Бүр түүхээ авч үзвэл Богд хаант Монгол Улс чинь дээд, доод хоёр танхимтай байсан. Дээд танхимд нь дандаа ван, гүн, Алтан ургийнхан байсан гэж хэлж болно. Харин доод танхимд нь ардын төлөөллүүд байсан. Доод танхимын нэг гишүүн чинь жанжин Д.Сүхбаатар. Үүний дараагаар 1990 онд Ардын их хурал үйл ажиллагаагаа явуулж байсан. Ард түмний саналаар чөлөөтэй сонголт хийж, 430 депутат бүхий Ардын их хурлыг байгуулж, түүнээсээ 53 гишүүнтэй Улсын бага хурлыг байгуулсан. Энэ хоёр танхимтай тогтолцоог бид 1990 оноос хойш аваад явчих ёстой байсан юм. Гэтэл 76 гишүүнтэй нэг танхим бүхий парламентыг байгуулсан. Ингэхээр магадгүй 33 жил болж байгаа Монгол Улсын Үндсэн хууль чинь бидний амьдралд нийцэж, зохицож байгаа юм уу гэдэгт би их эргэлздэг. Би бол чадахгүй байна л гэж хэлнэ. Ийм учраас 126 гишүүнтэй Их хурал байгуулах ёстой байсан уу. Эсвэл бид бэлгэдлийг бодоод 108 гишүүнтэй Ардын их хурал, 50-иад гишүүнтэй Улсын бага хурлыг байгуулах ёстой байсан уу гэдэг өөрөө асуудал. Ийм улс төрийн тогтолцоонд яагаад шилжиж болоогүй юм. Энэ асуудал бол нээлттэй байгаа сэдэв гэж ойлгодог. УИХ 126 гишүүнтэй болсноор бүх зүйлийг хаагаагүй. Бас бүх зүйл сайхан болоогүй. Харин ч дордож байна. Би эрдэмтэн багш нарынхаа “Онолыг олуулаа хийдэггүй” гэсэн үгэнд их дуртай байдаг. Тэгэхээр гишүүд олон боллоо гээд ахиц гарсан юм огт алга. Харин ч дордчихоод байж байна.





УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ долоо хоногт буюу 2025 оны есдүгээр сарын 10-аас14-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байн...
4 цагийн өмнө
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрги...
4 цагийн өмнө
Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсчээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна Монгол Улсын Засгийн газры...
5 цагийн өмнө
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээни...
5 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажл...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд