мэдээ
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY 2025” олон улсын хурал уран бүтээлчдийн хувьд богц дүүрэн байх болно

Админ
2025 оны 9 сарын 10

22

Энэ сарын 11-нээс 15-ны хооронд Улаанбаатар хотноо “ABU GENERAL ASSEMBLY 2025” олон улсын хурал болох юм. Уг хуралд дэлхийн 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, ажилтнууд оролцох бөгөөд МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах юм. Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй ярилцлаа.
-“ABU GENERAL ASSEMBLY 2025” хурлыг МҮОНРТ хоёр удаагаа эх орондоо зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын хурлын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-ABU гэдэг нь Asia-Pacific Broadcasting Union буюу Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын холбоо юм. ABU-ийн GENERAL ASSEMBLY олон улсын хурал нь жилдээ нэг удаа гишүүн байгууллагуудынхаа хүрээнд чуулж хуралддаг, ирээдүйнхээ зорилтыг ярьдаг, одоогийн байгаа радио телевиз, сэтгүүл зүйн үйл ажиллагааны мэргэжлийн түвшин ямар байна, цаашдаа юун дээр анхаарах вэ гэх мэт ерөнхий чиглэлд ярилцаж туршлага судалдаг. Зохион байгуулалтын хувьд ч сонгууль болохоос эхлээд дотоод үйл ажиллагаагаа ярьж дүгнэдэг. Энэхүү хуралд гишүүнчлэлтэй бүх байгууллагын төлөөллүүд ирдэг. Хамгийн их манлайлалтай, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа газар орондоо очиж чуулга уулзалтаа зохион байгуулдаг уламжлалтай. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. 2009 онд анх Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын хувьд МҮОНРТ энэ үүргийг хүлээж, зохион байгуулж байсан.
-Одоогоор бэлтгэл ажил ямархуу байна вэ?
-Маргаашнаас буюу энэ сарын 11-15-ны хооронд таван өдөр энэ үйл ажиллагаа маань зохион байгуулагдана. Бэлтгэл ажил нэг жилийн туршид хийгдсэн.
-Хурлын үндсэн агуулга нь ямар сэдэвтэй байгаа вэ?
-Энэ хурлын үйл ажиллагааны үндсэн агуулга нь үндэсний өв уламжлалыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцооны тухай юм.
Энэ сэдвийн хүрээнд бид ярилцаж, туршлагаа солилцоно гэсэн үг. Өв уламжлалыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой ажилладаг уран бүтээлчдийг мэргэшүүлэх, бусад улс орон руу явуулах, хамтарч ажиллан контент бэлтгэхээс эхлээд олон ажил энэ үеэр төлөвлөгдсөн байгаа. “ABU GENERAL ASSEMBLY 2025” олон улсын хурал уран бүтээлчдийн хувьд богц дүүрэн, үр дүн өндөртэй арга хэмжээ болно гэж төсөөлж, төлөвлөн ажиллаж байна. Энэ жилийн хурлын сэдэв манай улс үндэстний хувьд илүү ойр байна. MNB-ийн хувьд ч тэр чухал сэдэв гэж олзуурхаж, баяртай хүлээж авч байгаа. Улс үндэстнүүд өөрсдийн өв соёлыг хамгаалах, түүнийг ирээдүйн үзэгчдэдээ өвлүүлж үлдээх гэдэг нь хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн бүрийн хамгийн чухал үүрэг. Даяаршилтай холбоотой бид дэлхийн хаана ч очоод мэдээлэл олж авах, хамтарч ажиллах боломжтой. Харин нөгөө талдаа бид ондоошихоо хэзээ ч мартаж болохгүй.
-Энэхүү холбоонд МҮОНРТ хэдэн онд элсэж орсон бэ. Хэзээнээс идэвхтэй ажиллаж ирсэн талаар ярихгүй юу?
-Манай улсаас энэ байгууллагад МҮОНРТ хамгийн анх саналаа өгч, 1991 онд уг хуралд хамтарч оролцсон байдаг. Ингэснээрээ Монгол гэдэг улс байдаг шүү, мөн хариуцлагатай хэвлэл мэдээллийн редакцтай телевиз байдаг гэдгийг харуулсан болов уу. 1991 онд манай байгууллага Засгийн газрын харьяа байсан. 2005 онд Олон нийтийн радио телевиз болсон. Тэгэхээр өмнөх засаглалын үедээ ч дэлхийн тэргүүлэх холбоодтой хамтарч ажиллах саналаа өгч, хуралд нь сууж, санал зорилгоо илэрхийлж ажилласан гэсэн үг. Мөн 1991 онд тухайн үеийн өвлийн олимпийн эрхийг аваад, шууд дамжуулж байсан. Харин илүү идэвхтэй үйл ажиллагаатай болсон цаг үе нь 2006 оноос эхэлсэн болов уу гэж боддог. Яагаад гэвэл 2005 онд МҮОНРТ-ийн тухай хууль батлагдаж, редакцын бодлого өөрчлөгдсөн. Энэ үеэс л ABU гэдэг байгууллага руу албан ёсоор хандаж, жинхэнэ гишүүн нь болж ажилласан гэж хэлж болно.
-Манай улсаас энэ холбоонд гишүүнчлэлтэй хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага байдаг юм бол?
-Дэлхий дахинд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд өөрсдийн газар нутгийн онцлог хүрээллээсээ хамаарч хэд хэдэн холбоодод хамаарагддаг. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, олон улсын үйл ажиллагааг эрхэлдэг долоон байгууллага бий. Эдгээрээс хамгийн идэвхтэй, байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь ABU гэж миний хувьд үнэлдэг. Энэ холбоонд одоогоор 65 орны 230 радио, телевиз гишүүнчлэлтэй байна. Энэ удаагийн хуралд нийтдээ 43 орны 300 орчим хүн хүрэлцэн ирэхээр бүртгэлээ хийлгэсэн байна. Телевиз радиогийн захирлууд, өндөр түвшний продюсерууд, үйл ажиллагаа эрхэлдэг, нийтлэлийнхээ бодлогыг тодорхойлдог хүмүүс хүрэлцэн ирнэ.
Монгол Улсаас өргөн нэвтрүүлгийн 10 гаруй телевиз ABU-д гишүүнчлэлтэй байдаг. Хамгийн анх санал өгөх эрхтэй гишүүн нь TV5 болон MNB телевиз. Телевизүүд маань одоог хүртэл өөрсдийн гэсэн үйл ажиллагаагаараа энэ холбоодуудтай хамтарч, олон улсын гэрээ хэлэлцээрээ байгуулдаг.
-Хурлын үеэр ямар ямар онцлог арга хэмжээ, үйл ажиллагаа болох вэ?
-Радио, техник, программын хурлууд гэх мэт бүгдээрээ өв уламжлалтай холбоотой хурлууд болно. Жишээ нь, техникийн хурлаараа хадгалалт хамгаалалтуудаа яаж хийж байна, архивыг хамгийн зөв байдлаар яаж хадгалж байна, хоорондын мэдээллүүдээ ямар платформуудаар солилцож байна гэх мэт зүйл яригдана. Мөн гар утаснаасаа бүх мэдээллээ аваад сурчихсан залуу үеийнхэнд өв уламжлалтай холбоотой мэдээллийг яаж хүргэвэл зохистой талаар хүртэл ярилцана. ABU-ийн нэгэн чухал үйл ажиллагаа бол спортын төрлийн хурал байдаг. Спорт бол хамгийн олон үзэгчтэй контент. Спортуудыг яаж дамжуулах вэ гэдэг тусдаа хурал зохион байгуулдаг. Үндэсний спортоор үйл ажиллагаа явуулдаг MNB спортын хамт олон маань энэ хуралд манлайлж оролцоно. Ингэхдээ үндэсний спорт болох шагай, харваа, бөх, хурдан морь уралдуулах талаар ярилцаж, санал солилцоно. Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч энэ хуралд оролцоно. Энэхүү утгаараа Монголын үзэгчдэд олон улсын олимпийн үзэл санааг хэрхэн төлөвшүүлж суулгах вэ, тив дэлхийн олон төрлийн спортыг яаж дамжуулдгаа ярилцах гэх мэт туршлага солилцох хурал болно.
-Дууны наадмын арга хэмжээ болдог гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?
-Энэ хурлын үеэр “ABU Song festival” буюу дууны наадмын арга хэмжээ болдог. Энэ арга хэмжээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олон орноос ABU-ийн арга хэмжээг зориод хамтлаг дуучид ирдэг гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатар хотод 10 орны хамтлаг дуучид ирэхээр бэлтгээд ажиллаж байна.
Мөн Олон улсын хурлын үеэр ABU -ийн тухайн оны шилдгийн шилдгийг тодруулж, 20-иод номинациар шалгаруулдаг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүст хамгийн сонирхолтой үйл ажиллагаа болдог.
Хүүхдийн шилдэг нэвтрүүлэг, шилдэг кино драма, шилдэг радио драм, шилдэг уран сайхны кино, шилдэг сурвалжилга, шилдэг сурвалжилгын зураг авалт гэх мэт мэргэжлийн үйл ажиллагааг тодруулдаг. Энэ бүх арга хэмжээг үзэгч олондоо шууд дамжуулан хүргэе гэсэн бодолтой байна.
Хэвлэл мэдээллийн мэргэжлийн үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байгаа вэ, ямар сэтгүүлчийг шилдэг сэтгүүлч гэдэг юм бэ, энэ бүхнийг олон улсын жишгээс шууд өөрсдийн тайзан дээрээс харах боломж бүрдэж байгаа. Тийм учраас “ABU GENERAL ASSEMBLY 2025” олон улсын хурал хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүст маш их туршлага болно гэж бодож байна.
Г.БАЛГАРМАА





УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ долоо хоногт буюу 2025 оны есдүгээр сарын 10-аас14-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байн...
4 цагийн өмнө
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрги...
4 цагийн өмнө
Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсчээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна Монгол Улсын Засгийн газры...
5 цагийн өмнө
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээни...
5 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажл...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд