мэдээ
Д.Батмөнх: МХЕГ-ын даргаар бурхан ажиллаж байсан ч шүүмжлүүлнэ

Э. Хүрэлбаатар
2015 оны 1 сарын 15

1
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаарярилцлаа.
-Та МХЕГ-ын даргаар томилогдож, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-МХЕГ-ын даргын албан тушаалд 2014 оны нэгдүгээр сард томилогдсон. Эхэндээ даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, дараа нь сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноо авсан.
Ингээд МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчаар томилогдсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллага олон жилийн түүхтэй.Намайг энэ ажилд томилогдож ирэхэд төрийн ажил явдгаараа л явж байсан. Одоо ч явж байна.Гэхдээ нийгэмд мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүнд уначихсан, иргэд тэр тусмаа аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ байгууллагад итгэх итгэл буурчихсан, хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгана. Хэлтэс хэлтсээр нь яамдад тараана гэсэн улс төржсөн асуудал намайг ирэх үед яригдаж байсан. Гэхдээ цөөн тооны улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуультай холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг шахаж дарамталснаас үүдэлтэй асуудал байсан. Мөн албан ёсны удирдлага байхгүй хоёр жил болчихсон байсан. Ажилтан албан хаагчдын урам зориг, итгэл найдвар унтарчихсан. Тухайн үед байсан нэгжийн удирдлагууд ажилдаа сэтгэл гаргахаа больчихсон, хоноцын сэтгэлээр ажилдаа ханддаг байсныг олон зүйл гэрчилнэ. Тэд хэзээ шинэ дарга ирж, ажлаа хүлээлгэж өгөх бол гэсэн хүлээлттэй сууцгааж байлаа. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллага маш хүнд байдалд орчихсон байсан. Гэсэн ч бид бүхэн 2013 оноос хойш хийж хэрэгжүүлсэн олон ажлаараа нийгэмд унаад байсан нэр хүнд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын итгэлийг эргүүлэн олж авсан гэж хэлж болно. Ажлаа авсан даруйдаа ажилтан албан хаагчдадаа итгэх итгэл урам зориг өгч, хуулиар хүлээсэнүүргээ биелүүлж чадаж байвал хэн нэгнийг ажлаас нь халж өөрчлөх шаардлага байхгүй гэсэн байр суурийг баримтлан ажиллаж эхэлсэн. Төд удалгүй ажилтнууд ч сэргээд ирсэн.
-Хянаж шалгахаас гадна аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байх шүү?
-Тийм ээ. Миний хувьд аливаа эрсдлийг бууруулахын тулд хянаж шалгаад байхдаа гол нь биш, харин алдаа дутагдлынхаа талаар санал бодлоо хуваалцаж, төр, иргэн аж ахуйн нэгж хамтарч ажиллах нь чухал гэсэн бодлого барьсан. Мөн хуучин арга барилаас аль болох татгалзахыг хичээсэн. Аж ахуйн нэгжүүдийг шалгалт нэрээр далайлгадаг, айлган сүрдүүлдэг, торгодог, шийтгэдэг, хүнд суртал гаргадаг механизмыг эрс өөрчилж, хамтран ажиллах, болохгүй байгааг нь зөвлөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмжсэн хяналтын үйл ажиллагаа бий болгохыг зорьсон. Ингэснээр бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгж, бизнесийнхнийг дэмжсэн хяналтыг зохион байгуулж, шинэ механизмуудыг санаачилж ажилласан. Тухайлбал, урьдчилсан хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, тандалт судалгаа гэх мэт. Энэ хяналтыг хийхдээ бид зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаараа эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой гэж харж ажлаа эхлүүлсэн. Тийм ч байж чадсан.
-Шалгадаг, торгодог, хянадаг байгууллага гэнэт зөвлөнө, хамтарч ажиллана гээд ирэхээр тухайн үед хүмүүс гайхаж байсан л даа. Хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хуучин бол бүгдийг хянаж шалгадаг, тэр чинээгээр үргүй зардал их гаргадаг төрийн машин байсан. Үүнийг бид өөрчилж, иргэдэд хамгийн ойр, итгэж болох, мэдэхгүй, болохгүй байгаа, тулгамдаж байгаа асуудлаа асууж, хамтран шийдэж болдог, итгэлцэл бүхий байгууллага байх ёстой гэж үзсэн. Хамгийн чухал нь мэргэжил аргазүйн талаас нь туслалцаа үзүүлдэг, хамтарч эрсдлээ бууруулдаг болсон. Гэхдээ бид хяналт, шалгалтаа бүрэн зогсоочихоогүй. Шинэчлэлийн энэ ажил маань бидний хийж буй ажлын 30-40 хувь нь байсан. Үлдсэн хувьд нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтаа хийнэ, бусад хяналтаа тавина, гүйцэтгэлийн хяналт хийнэ, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж байсан.
-Томоохон шалгалтуудаас дурдвал?
-2014 онд өмнө нь хийгдэж байгаагүй цогц хэмжээний том шалгалтыг нэлээд газарт хийсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарт хийсэн шалгалт. Монгол Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд, эмийн сангууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад улсын хэмжээнд шалгалт хийсэн. Мөн савлагаатай цэвэр ус үйлдвэрлэгчид, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Ойн сан бүхий 14 аймагт Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангуулах, модны хулгайтай тэмцэх тухай хяналт, шалгалтыг зохион байгуулсан.”Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт гэхэд зөвхөн уул уурхайн талаас биш, хийх ёстой бүх шалгалтыг тухайн обьектод хийж байснаараа онцлог.
-Сүүлийн үед таныг АТГ-т шалгагдаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Мөн МХЕГ шинэ даргатай болох нь, тус байгууллагын ажилтнууд нэлээд бужигнаж эхэллээ гэх мэт мэдээлэл гарч байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, сайд, дарга нар шинээр томилогдож, ажлаа хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор асуудал хариуцсан Шадар сайдтайгаа уулзаж, ярилцсан. Ер нь асуудал ойлгомжтой учраас ямар нэг шахалт, шаардлагагүйгээр, өөрийнхөө мэдрэмжээр ажлаа өгье гэсэн. Өгөхдөө өөрөө гэмтэй мэт, авлига, хээл хахуульд орооцолдсон мэт, айснаасаа болж ажлаа өгч байгаа мэт ойлголт хүмүүст төрүүлэхгүй байхыг хүсч байна. Гэвч харамсалтай нь Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх нь бараг өдөр тутам байгууллагын дотоод асуудалд оролцох, холбогдох болон холбогдохгүй асуудлуудаар тодорхой үүрэг чиглэл өгөх,бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд нөлөөлж байна. Тухайлбал, бүх тушаал, шийдвэрээ зогсоо, нэг ч шийдвэр, тушаал гаргаж болохгүй. Аливаа төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар болон нэгжийн удирдлагуудыг хамруулсан төлөвлөгөөт цуглаан, зөвлөгөөнөө хойшлуул гэсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар, товуудыг зогсоож, буцааж татуулсан зэрэг эрүүл бус байдлаар хандаж байгаад хувьдаа харамсаж байгаа. Уг нь бол дарга, цэргийн хэн нь ч солигдсон төр хэвийн, тогтвортой ажиллаж байх ёстой.Би ажлаа өгөхгүй гээд сандал,ширээтэйгээ зууралдаад байсан бол иймэрхүү дур зоргоороо ааш гаргаж болох талтай. Гэтэл өөрийн санаачилгаар, мэдрэмжээрээ мөн хувийн шалтгаанаар, тодруулбал, гэр бүлийнхээ хүнийг удаан хугацаанд гадны оронд эмчлүүлэхээр МХЕГ-ын даргын албан тушаалыг өгөх хүсэлтээ өгчихөөд байхад төрийн ажилд иймэрхүү байдлаар хандаж байгаа нь өрөвдөлтэй байна. Ажлаа өгөхгүй биш өгнө гээд байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээрилт гүтгэж, доромжилсон худлаамэдээллүүд нийтлүүлж байгаа нь харамсалтай юм.
-Бүр МХЕГ-ын удирдах зөвлөлийн хурал дээр ирж, дотоод асуудлыг чинь ярьж, нэлээд бужигнуулсан мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Тухайн хурал дээр байсан хүмүүс өөрсдөө хэлж ярих байх. Тэр өдөр болсонхурал дээр уг нь Монгол Улсын Шадар сайдын өгсөн ажил үүргийг танилцуулах байх гэж ойлгож байсан. Гэтэл ажилтан албан хаагчдаас зүй зохисгүй асуулт асуух, хооронд нь хагалан бутаргасан,муудалцуулах гэдэг ч юм уу ийм зохисгүй байдлаар хандах асуудал байсан.
-Ахлах зөвлөх Д.Батбаатар өөрөө энэ байгууллагыг удирдаж байсан зовлон жаргалыг мэдэх хүн байх аа. Таныг тэр үед ажлаа өг гэж шахсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Одоогоор надад учиргүй дарамт шахалт үзүүлээд, сүйд болоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ Шадар сайдтай уулзаж, асуудлыг тодорхой ярьж хэлээд, хүсэлтээ өгчихөөд байхад “Өргөдлөө өг,яг одоо бичиг өг” гэж хэд хэдэн удаа шаардаад байгааг нь гайхаж байна.Үнэхээр Шадар сайд тэгж яаруулаад байгаа юм уу, эсвэл энэ нөхөрямар нэг ашиг сонирхлын зөрчлөөр дунд нь ингээд байгаа юм уугэдгийг ойлгохгүй байгаа.
-Таныг их хэмжээний мөнгө авч хүнийг ажилд томилсон гэх мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл бий юу?
-Өнөөдрийн байдлаар АТГ-аас намайг шалгасан асуудал байхгүй. Харин ашиг сонирхлын зөрчлөөр томилгоо хийсэн байх магадлалтай байна. Үүнд албан бичгээртайлбар өг гэсэн. Үүний дагуу бүх хийгдсэн томилгоо, халаа сэлгээ зэргийн тайлбарыг албан ёсоор өгсөн. АТГ-аас дуудаад, албадан хянаад байгаа зүйл байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар худлаа мэдээлэл цацсан байсан. Гэхдээ МХЕГ-ын даргаар бурхан ажилласан ч шүүмжлүүлнэ гэж хүмүүст би хэлдэг юм шүү.
-Таныг халаа сэлгээ их олон удаа хийсэн. Өөрийнхөө гэгдэх хүмүүсийг ажилд авсан гэсэн мэдээлэл бас байсан?
-Халаа сэлгээ огт хийгээгүй гэж хэлэхгүй. МХЕГ-ын даргын ажилд томилогдож ирээдтөв болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад чиглэл өгсөн. Мэргэжлийн хяналт мэргэжлийн байх ёстой. Ямар нэгэн танил тал, улс төрийн хүчнээр дамжиж ирсэн хүн байх ёсгүй гэсэн. Намайг ирэх үед мэргэжлийн хяналтын газарт мэргэжлийн бус хүн олон байсан. Мэргэжлийн бус ажилтнуудыг ажлаас чөлөөлөхдөө таван жил ажилласан,ажилдаа мэргэшсэн бол авч үлдээд, таваас доош жил ажилласан, мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, ажлаа огт хийдэггүй, ажилдаа ирэхгүй таслаад алга болчихдог, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэргээр шалгагдаж байгаа, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг, бусдыг дарамталдаг айлгадаг хүмүүсийг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн чөлөөлсөн асуудал байгаа. Миний ажлаас халсан хүмүүс олон байсан уу, цөөн байсан уу гэдгийг Шадар сайдын ажлын албаны дарга, ахлахзөвлөх нь ирээд он оноор нь орсон хүмүүсийг гар хөлийг өргүүлээд халагдсан солигдсон хүмүүсийн мэдээллийг аваад явсан.Тэр мэдээллийг авахад дийлэнх нь хуучин ажиллаж байсан, 2007 оноос хойш ажилд орж, ажлын байран дээрээ мэргэшсэн улсын байцаагчидбайсан.
-МХЕГ сүүлийн үед ажлаа сайн хийж байгаа гэж иргэд ярьж байна лээ. Алдсан оносон зүйлс байгаа байх?
-Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарчажиллаж байсан иргэд, аж ахуйн нэгж бизнесийнхэн биднийг хэрхэн ажилласан бэ гэдгийг дүгнэх байх. Миний хувьд шударга ажиллахыг хичээж эрмэлзэж, зорилго зорилт тавьж ажилласан. Нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн олон ажил байгаа ч цаана нь бодож төлөвлөж байсан олон ажил байсан. Гэхдээ удахгүй ажлаа өгөх болчихлоо. Намайг дэмжиж, нэг баг болж, гар нийлж ажиллаж байсан шударга улсын байцаагч нар миний эхлүүлсэн ажлыг хийж дуусгах байх гэж найдаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан хугацаанд нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нь юу гэхээр үнэт зүйл. Мэргэжлийн хяналтын газрын үнэт зүйл нь мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагч юм байна гэдгийг ойлгосон доо.
Э.ХҮРЭЛБААТАР





Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулза...
7 цагийн дараа
Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилтаар гүйлтээ зогсоожээ
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд ту...
6 цагийн дараа
GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа
Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэ...
5 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
5 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2200, эмнэлэгт 344 хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд