мэдээ
Н.Гомбосүрэн: Солонгосчуудыг аварчихаад Монгол хүн болж төрсөндөө их бахархаж билээ

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 7 сарын 14

1

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………..
БНСУ–ын Шинэ дүрэм дүүрэгт баригдаж байсан барилгад гал гарах үед олон солонгос иргэний амийг аварсан дөрвөн монгол залуугийн баатарлаг үйлсийг уншигч та санаж байна уу. Одоогоос зургаан жилийн өмнө энэ үйл явдал болсон билээ.
Галын фронтод амь насаа үл хайхран бусдын төлөө зүтгэж явсан дээрх дөрвөн монгол залуугийн нэг Н.Гомбосүрэнтэй ярилцлаа.
–Та Солонгосоос хэзээ ирэв. Буцаж явах уу?
-Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр ирлээ. Би яг тэр өдөр анх Солонгос руу явж байсан юм. Гэтэл найман жилийн дараа ойн дээрээ ирсэн. Одоо зөвхөн Монголдоо байна.
–Таныг хүний амь аварсан сайн үйлсийн талаар яриагаа үргэлжлүүлье. Тухайн үед юу болсон талаар эргэж дурсахгүй юу?
-Энэ үйл явдал 2007 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 08.30 цагийн орчимд болсон юм. Солонгосын “Шинэ дүрэм” дүүргийн метроны буудлаас 80-100 метрийн зайд дөрвөн хос барилга баригдаж байлаа. Тэдгээрийн нэг дээр нь би гурван монгол залуугийн хамт ажиллаж байв. Батаа, Батдэлгэр, Самбуудоньд гэх ах нарынхаа хамт 30 давхар уг барилгын дээвэр дээр нь ажиллаж байсан. Тухайн үед тэр барилга ашиглалтад хараахан ороогүй байсан юм. Бид хэсэг солонгос ажилчдын хамт дээвэр дээр нисдэг тэрэг буух зориулалттай тавцан хийж байлаа. Гэтэл гал гарч, доор ажиллаж байгаа хүмүүс орилолдох чимээ дуулдсан. Тэгээд л тэднийг аварсан даа.
–Хэдэн давхарт нь юунаас болж гал гарлаа?
-Хоёрдугаар давхарт нь цайны газар байсан юм. Яг дээд давхарт нь гагнуур хийж байсан юм билээ. Тэгээд гагнуурын оч нь үсэрч, цайны газарт ашиглагдаж байсан газан дээр унаад дэлбэрсэн хэрэг. Ингээд л барилгын материалууд доороосоо эхлэн шатсан. Тухайн үед би юу болсныг ч анзаарах сөхөөгүй хүмүүсийг аварч байсан. Харин сүүлд нь телевизээр бичлэгийг нь хартал айхавтар юм болсон байна лээ.
–Та нар хичнээн хүн аварсан бэ. Тухайн үед амийг нь аварсан хүний тоо зөрүүтэй мэдээлэгдээд байсан санагдаж байна?
-Уг нь бид дөрөв тэр барилгаас яг 28 хүнийг гаргасан юм. Гэхдээ Солонгосын телевизийн мэдээгээрээ 11 хүн аварсан гээд гараад байсан. Ер нь хүний амь авардаг өдөр их учир жанцантай. Хүний хувь төөрөг, зурлага байдаг гэдэг. Тэр өдөр заавал хүний амь аврах ёстой байсан юм шиг байгаа.
–Яасан юм бэ?
-Гал гарахын урьд өдөр нь би өөр газарт очиж ажилласан юм. Тэнд хамт ажилласан солонгос өвгөн маргааш өглөө нь намайг дахиад дагуулж явах гээд. “Ерөөсөө л Гомбоог дагуулж явна” гээд байдаг. Тэгэхэд дарга гал гардаг барилга руу авч явна гэдэг юм байна. Бид 05.00 цагийн үед уулзацгаасан юм. Тэгээд 06.00 цаг гэхэд хэнтэй нь явахаа шийдэж чадахгүй, тэр хоёрын машины голд цүнхтэй юмаа тавиад, дээр нь суучихлаа. Хаашаа хэнтэй нь явахаа мэдэхгүй, ацан шалаанд орчихдог юм байна. Тэгээд яалт ч үгүй дарга дийллээ. Барилга дээр очоод удаагүй байтал гал гарсан.
–Таны хувьд хичнээн хүнийг галын аюулаас аврав?
-Нөгөө гурав маань анх намайг оруулахгүй гэсэн. Орохоос өөр аргагүй юм билээ. Нэг ороод угаартчихсан хүнийг мөрлөөд гарах гэхээр нөгөөх нь өмднөөс зуураад “Надад туслаач ээ, намайг эндээс гарга л даа” гэж байсан.
–Тэд өөрсдөө гарах ямар ч боломжгүй байсан юм уу?
-Гал доороос эхэлж гарангуут тэд амихандаа дээшээ гарах гэж гүйж байгаад л утаанд цохиулаад унацгаачихсан байсан. Зарим нь бүр ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж байгаад угаартаад унасан байсан юм. “Барилга дээр гал гарчихлаа. За ээж нь, аав нь ингээд үхлээ” гээд үр хүүхэд рүүгээ ярьж байгаад унасан байлаа. Гар утас нь тасраагүй, цаанаас нь “Байна уу, байна уу” гээд л айж сандарсан хүмүүсийн яриа сонсогдож байв. Угаартахад ямар ч хүчтэй хүн байсан сөхрөөд л унадаг юм билээ.
–Та яаж тэр олон хүнийг аврав. Өөрөө угаартаад унах аюултай шүү дээ?
-Өөрийгөө унана ч гэж бодоогүй зүтгэсэн. Энд тэнд угаартсан хүмүүс тусламж хүсэхээр өөрийн эрхгүй тийшээ эргэж орж байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа хүмүүсийг үүрч, дээвэр дээр гаргатал хоолой айхавтар хорссон. Бүр шүлсээ ч залгиж болдоггүй. Тэгтэл хажууд нэг солонгос хүн зогсч байна. Түүний толгой дээр байсан малгайг шүүрч авангуутаа, нарийхан хуйлж байгаад хоолой руугаа чихэж аваад буцаад орсон.
–Тэр олон хүнийг аврахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ. Хэд орчим насныхан байв?
-30 орчим минут болсон байх. Хамгийн дээд тал нь 70 гаруй настай хөгшин байсан. Тухайн үед барилгын дотор засал чимэглэл нь явагдаж байсан л даа. Гал гарангуут ажилчид нь дээшээ гүйсэн юм билээ. Барилга дотор байсан хүмүүсийн зарим нь ингэж дээшээ шатаар өгсөхөд нэг хэсэг нь доошоо бууж гал дундуур гүйгээд амьд гарцгаасан байсан. Харин дээшээ гүйж байсан хүмүүс нь угаартсан юм. Доороос гарсан утаа дээшээ хөөрч байгаад, буцаад аваарын шатаар сорогдож орсон юм билээ. Тэгээд хүмүүс утааны цохилтонд ороод муужраад унасан.
–Гал сөнөөгчид болон онцгойгийнхон хэзээ нь ирсэн бэ. Тэд хүн аварсан уу?
-Гал гарсны дараа гал командынхан ирж, унтраасан. Харин утаа нь манантаад, юм харагдахгүй байсан. Биднийг дотор байсан хүмүүсийг гаргаж дууссаны дараа гал сөнөөгч арваад залуу барилга дотор хорт утааны багтай самналт хийгээд явж байсан. Би тэдэнд “Доор нэг хүн байгаа” гэтэл “Ямар ч хүн байхгүй” гэдэг юм байна. Яах аргагүй нэг хүн орилох чимээ 26 дугаар давхарт дуулдсан юм. Энэ тухайгаа тэдэнд хэлтэл “Тэгвэл чи өөрөө ороод аваад ир л дээ” гэдэг юм байна. Намайг худлаа ярилаа гэж бодсон юм шиг байгаа. Харин тэр давхраас хамгийн сүүлчийн хүнийг авчирсан юм.
–Тэр барилгад гарсан галын улмаас хүний амь эрсэдсэн үү?
-Хятадын хоёр иргэн нас барсан гэж байсан. Гал унтарсны дараа бид шатаар буухад хоёр хүний цогцсыг цагаан даавуугаар бүтээсэн харагдсан. Тэд хаана нь юу хийж байсан улс юм бүү мэд.
–Дээвэр дээр та нартай хамт ажиллаж байсан солонгосчуудаас дотогш орж хүн авраагүй юм уу?
-Бид дөрвөөс гадна солонгос хүмүүс ажиллаж байсан. Гэхдээ тэд их аминдаа хайртай улс, ёстой зүглэх ч үгүй байсан. Би нэг удаа хүн аврахаар дотор ортол хорт утааны баг зүүчихсэн солонгос явж байхтай таарсан юм. Тэр хүн тэнд юу хийж явсан нь сонин. Би түүнийг дээш нь гаргачихаад хорны багийг нь авч зүүгээд бусад хүмүүсийг аврах юм бодлоо. Тэгээд тэр солонгос хөгшин рүү ойртоод очтол намайг “мангасдаж” унагаачихаад зугтчихсан гээд л бод. Богино хугацаанд дээш доошоо гүйж тэр олон хүнийг үүрч гаргасан болохоор нэлээд сульдсан байсан юм. Ерөөсөө амьсгаагүй л гүйсэн дээ. Тэр барилга хараахан ашиглалтад ороогүй байсан болохоор цахилгаан шат нь ч ажиллах болоогүй байв. Хамгийн дээд тал нь 26 давхраас хүн үүрээд 30 давхар руу гүйнэ гэдэг амаргүй. Яг 50 кг жинтэй хүн байлаа гэхэд муужраад унахад бүх бие нь сул болоод жин нь улам нэмэгдчихдэг юм.
–Угаартсан хүмүүсийг үүрээд шатаар өгсч байхад юу бодогдож байв. Таны хаанаас тэр их хүч гарсан юм бэ?
-Тухайн үед би удам угсаандаа их баярлаж байсан. Манай ээж, аав хоёрын талд хүчтэй хүмүүс байсан юм билээ. Ээжийн аав болохоор мундаг бөх хүн байлаа. Харин аавын аав яг ч барилддаггүй хэрнээ их бяр тэнхээтэй хүн байсан гэж нутгийнхан маань ярьдаг. Адуун дээр мордохоор морь нь шагай шиг харагддаг байсан гэж байгаа. Их том биетэй, ширээ шиг өргөн хүн байсан гэх юм билээ.
–Та бас их том биетэй юм байна ш дээ?
-Би зүгээр ч үгүй спортоор хичээллэсэн юм болохоор бас бяр тэнхээ байдаг юм шиг ээ. Тухайн үед угаартсан хүмүүсийг үүрч гаргасны дараа барилгын дээвэр дээр нисдэг тэрэг ирсэн. Угаартсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэхээр, манайхаар бол онцгойгийнхон байсан юм. Тэдэнд бид бас тусалж нисдэг тэрэг рүү хүмүүсийг зөөлцсөн. Тэгээд хүмүүсийг аварсны дараа хөгтэй юмнууд болсон (инээв).
–Юу болсон юм бэ. Тэр тухайгаа ярь л даа?
-Бидэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр болтол бид хэд зугтаагаад. Тэр үед манай гурав “харлачихсан” байв. Харин би яг ч харлаагүй байсан юм. Гэрээгээр ажиллаж байгаад ажлаасаа гараад өөр газарт ажилд орохоор болсон байсан үе. Харлахаар шийдээд байсан нь тэр юм. Би Солонгост 2005 онд очсон. Хоёрхон жилийн дотор мөнгө хурааж амжаагүй байдаг. Тэгээд эмнэлэгт очоод бид дөрөв дусал хийлгүүлж байгаад “За та нар намайг бодоход энд ирээд олон жил болсон, мөнгөө хураачихсан хүмүүс. Харин би ирээд удаагүй болохоор зугтлаа” гэж нөгөө гуравтаа хэллээ. Тэгтэл нөгөө хэд маань “Чамайг явбал бид ч бас хамт явна” гэв. Ингээд эмнэлгийн үүдэнд нөгөө дусалтайгаа ноцолдон арайхийн салгаад зугтчихсан юм.
–Тэндээсээ хаачсан юм бэ?
-Гал гардаг өдрийн маргааш нь цэргийн баяр байсан болохоор манай хэд явцгаасан. Харин би эмнэлгээс зугтааж гараад саун руу орчихлоо. Баахан утаан дундуур хүн авардаг баатар болж гүйчихсэн чинь пад хар болчихдог юм байна. “Шуркад тохиолдсон явдал” гэдэг Оросын кинонд нэг бүдүүн нөхөр утаан дундуур орчихоод гараад ирэхэд ямар болдог билээ. Яг л тийм болсон байлаа. Хэлээ гаргангуут цав цагаан харагдана. Толгойгоо хажуу тийш нь эргүүлээд хартал хүзүүний цагаан ялгарч байгаа юм даа. Гар, нүүр гээд битүү хар хөө тортог болсон байв. Тэгээд саунд тухтай нь аргагүй хоночихлоо. Саунаас гараад ирсэн чинь согтуу хүн шиг болчихсон байсан. Хордлого тайлуулах эмчилгээ хийлгээгүй болохоор тэгдэг юм гэнэ.
–Хожим хор уршиг нь үлддэг юм биш биз дээ?
-Харин тийм. Юм үлдчихсэн л байдаг шиг байна. Тэгээд сүүлд нь эмнэлэгт яваад очлоо. Дөрвүүлээ шинжилгээ хийлгэтэл хамгийн их хордсон нь би байсан. Манай гурвыг зүгээр байна гэсэн. Харин намайг нэлээд хордлоготой байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд байсан. Одоо болтол би заримдаа согтуу хүн шиг сонин болдог. Ээж маань намайг тийм байхыг анзаарч “Миний хүүгийн хордлого нь одоо болтол гараагүй байгаа юм уу даа” гэдэг. Архи дарс уугаагүй байж үе үе их сонин болдог. Гуйваад л, дүүнгэтээд л…
–Та нар хүний амь аварсныхаа дараа хэсэг чимээгүй болчихсон. Тэгээд шагналаа хэзээ нь яаж очиж авсан юм бэ. Ямар хүмүүс хүлээж авав?
-Бид хэд хэсэг чимээгүй байсан юм. Тэгтэл тэр шатдаг барилгын хажуугийн байранд Солонгосын нэг сонины сурвалжлагч амьдарч байсан юм билээ. Тэр хүн тухайн үед зураг энэ тэр авсан гэсэн. Дараа нь бид хэдтэй уулзах гээд хөөцөлдөж, араас эрэл сураг болсон юм байх. Тэгээд манай даргатай уулзаад, Батаа ахаас ярилцлага авсан. Гал гарснаас гурав хоногийн дараа манай Батаа ахын ярилцлага тэр сонинд нийтлэгдсэн юм. Тухайн үед Солонгос дахь манай ЭСЯ-нд Баярхүү гэдэг ах байсан. Тэр хүн нэлээд хөөцөлдөж, бидний талаар тус улсын Засгийн газарт нь хүртэл уламжилсан. Хамгийн түрүүнд цагдаагийн газарт мэдэгдэж, бидэнтэй тааралдвал саатуулахгүй байх арга хэмжээ авсан юм билээ. Тэгээд гал гарснаас дөрвөн сарын дараа шагналуудаа уван цуван авсан даа. Засгийн газрын зүгээс “Манай улсын иргэдийн амийг аварсанд баярлалаа” гэж визний тал дээр тусалсан юм. Тухайн үед Солонгосын талаас Хууль зүйн сайд, Монголын талаас тухайн үеийн Ерөнхийлөгч нар ирсэн байсан.
–Та нарыг ингэж шагнаж урамшуулах гээд баахан эрэл сураг болоход нэг монгол эмэгтэй холбож өгсөн гэж дуулсан юм байна. Түүний тухай ярихгүй юу?
-Тийм ээ. Цагаанаа гэдэг монгол эгч бидэнд эх хүний сэтгэлийг гаргасан шүү. Хордлоготой байсан бидэнд дусал хийж, анхны түргэн тусламж үзүүлсэн юм. Цагаанаа эгч Монголд байхдаа эмч байсан юм билээ. Би утаанд хордчихоод нэг талын нүдэнд өвдөг гараад тун хэцүү болсон байв. Тэгээд Цагаанаа эгч “За миний дүү наркоз гэж юм байхгүй” гээд хатуу юм гаргаж ирснээ хоёр татуулчихдаг юм байна. Тэгээд нөгөө нүдэн дээр гарсан өвдөгний толгойг шахаж өгч байсан сан. Наад захын энэ мэт зүйл дээр тусалсан даа.
–Хүний амь аварч, баатарлаг гавьяа байгуулсан та нарт ямар шагнал урамшуулал өгсөн билээ?
-Солонгосын Гуро дүүргийн хүндэт иргэн. Монгол Улсын хүндэт иргэн. Шударга журам зэрэг хэд хэдэн медаль авсан шүү.
–Бас БНСУ–д оршин суух виз олгосон байх?
-Е7 ангиллын виз олгосон. Тэрийг жилдээ нэг удаа сунгадаг. Сунгуулахгүй бол виз нь хаагддаг юм билээ. Манай Самбуудоньдийнхыг тэгээд хаачихсан.
–Та Монголдоо иртлээ визээ сунгуулаад л байсан уу?
-Тийм гэхэд болно. Визний давуу тал нь хаана ч ажиллаж болно. Монголдоо ирж, Солонгос руу буцахад хүртэл асуудалгүй, амар. Би Солонгост хоёр жил мэргэжлээрээ сурсан юм. Гал гардаг барилгыг захиалан бариулж байсан эзэн нь жудогоор хичээллэж байсан юм билээ. Тэр хүн миний хоёр жилийн сургалтын төлбөрийг даасан. Нэг семистр нь зургаан сая төгрөг байсан гэхээр нийтдээ 24 сая төгрөгийн төлбөр төлсөн шүү.
–Нөгөө гурав чинь одоо хаана байгаа вэ. Холбоотой байдаг уу?
-Батдэлгэр ах саяхан бүл нэмсэн гэсэн. Эхнэр нь төрсөн гэнэ лээ. “Хүүтэй болсон. Бөх болгоно оо” гэж байсан. Бусадтай нь холбоо тасарсан.
–Хожим та нарын буянаар барилгаас амьд гарсан хүмүүс баярласан талархсанаа илэрхийлсэн үү?
-Бидний аварсан хүмүүс хоёр сар шахам эмнэлэгт хэвтсэн байх шүү. KBS телевизээс нэвтрүүлэг хийж, тэднийг бидэнтэй уулзуулах юм болсон. Гэтэл уулзаагүй. Телевизээр нүүрээ дарж байгаад ярилцлага өгсөн байсан. “Амь аварсанд баярлалаа” гэж байна лээ. Аягүй бол хэдэн төгрөг нэхнэ гэж бодсон юм байлгүй.
Хаа байсан тэр Солонгост гал гарч байхад дөрвөн монгол хүн тэнд нь байж л байдаг. Тэгээд тэр муужирсан хүмүүсийг аварч л байдаг. Ингээд бодохоор монгол хүний чанар гэж агуу шүү. Үүгээрээ их бахархдаг юм.
–Та нарыг баатар болсонд Солонгост ажиллаж амьдарч байсан элэг нэгт монголчууд хэрхэн хүлээж авав?
-Өө баяр хүргэж, тэмдэглэх хүн олон байсан даа. Зарим атаархуу нэг нь яасан од болж хандаггүй юм гэж уурлана. “Та нарын буянаар Солонгост амархан ирлээ шүү” гэх хүмүүстэй ч таарч байсан.
–Та тэгээд сүүлд нь бичиг баримтын зөрчилгүй болчихоод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үү?
-Уг нь KBS телевизээс нэвтрүүлэг хийж байхад намайг эмнэлэгт хэвтүүлж, люкс өрөө гаргаж өгсөн юм. Доод тал нь сар хэвтэж, эмчлүүлбэл зүгээр болно гэж эмч хэлж байв. Гэтэл би ердөө гуравхан хоног хэвтсэн дээ. Тэр үед найз эмэгтэйтэй байсан юм. Нөгөөх чинь залгаад “Хаана байгаа юм бэ” гэдэг юм байна. “Эмнэлэгт хэвтэж байна” гэтэл “Яахлаараа эмнэлэгт хэвтдэг юм бэ” гээд уурлахаар нь гараад очтол хувцсаа баглаад явах гээд сууж байдаг байгаа. Тэгээд найз бүсгүйгээсээ ч салж, биеэ эмчлүүлсэн ч юмгүй болсон доо (инээв).
–Та гэр бүлтэй болсон уу. Ямар ажил хийж байна?
-Одоохондоо ганц бие хэвээрээ л байна. Солонгосын компанид орчуулагч, менежерээр ажилд орохоор зэхэж байгаа. Нэгэнт мэргэжлээрээ ажиллах гээд оройтсон болохоор ийм л ажил хийе гэж бодож байна даа.
–Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би Увс аймгийн Давст суманд төрсөн хүүхэд.
М.МӨНХЦЭЦЭГ





Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүл...
8 цагийн дараа
Д.Сүхээ: Хүнд үеүд тохиолдож байсан ч “Яах гэж эмч болов оо” гэж бодож байгаагүй
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….. Монгол Улсын хүний гавьяат эмч, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмэгтэйчүүдийн клиникийн зө...
8 цагийн дараа
Ямар ч наадам, тоглолтод эхлээд 00-н хүртээмжийг анхаардаг болцгооё
Зуны дэлгэр цагтай давхцаад энд тэнд урлагийн тоглолтууд, хөгжмийн наадмууд ар араасаа цуврах шиг болж байна. Угаасаа зуны дэлгэр ца...
7 цагийн дараа
З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……. -ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ- Монголын зохиолчдын эвлэлийн шагналт шог зохиолч...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
2025 оны 07-р сарын 15-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын н...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд