Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, ил тод байдлыг дэмжихэд хамтран ажиллана

trend

img

2016 оны 1 сарын 05

img

1

Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтын анхны нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Миний бие гэр бүлийнхэнтэйгээ хамт Улаанбаатарт есдүгээр сарын 24-ний өдөр ирсэн юм. Намайг угтаж авсан найрсаг байдалд сэтгэл хөдлөхийн зэрэгцээ Улаанбаатар хотын эргэн тойрны үзэсгэлэн, мөн төрөлх муж Колорадог минь санагдуулам үлгэрийн юм шиг Монголын хөх тэнгэрийн уудамд сэтгэл татагдаж билээ. АНУ-ын Элчин сайдын яамны найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгтэйгээр миний ажил төрөл өдийг хүртэл гайхамшигтай сайн явж байна. Монголын ард түмэн тууштай хүчин чармайлт, хүсэл тэмүүллээр дүүрэн тул эрмэлзэх том зорилт, хэрэгжүүлэх шинэ төсөл бидэнд мундахгүй их байна. Монголын ард түмэнд сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнтэй хамтран ажилладаг Америкийн уламжлалыг үргэлжлүүлэх нь Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайд миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх нь

Миний эн тэргүүний зорилт бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд, Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт татдаг бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд миний бие Монголын Засгийн газар, АНУ-ын компаниуд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна. Түүнчлэн, хоёр орны хооронд байгуулсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, хууль, дүрэм журмуудаа боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд ил тод байлгахыг зорьж ажиллаж байгааг дотоодын болон олон улсын компаниудад илэрхийлсэн чухал дохио болно гэдэгт би итгэдэг. Монголд ирснээс хойших эхний хоёр сарын хугацаанд би Улаанбаатарт нээгдсэн Америкийн хоёр ч франчайз компанийн нээлтийн ажиллагаанд оролцож, Оюу Толгойн уурхайн талбайд зочлох явцдаа тус компанийн өндөр мэдлэгтэй, урам зориг дүүрэн залуу мэргэжилтнүүдтэй ярилцан, Женерал Электрикийн салхин турбинууд цэвэр эрчим хүч үйлдвэрлэж буй байгаль орчинд ээлтэй Салхитын салхин цахилгаан станцтай танилцлаа. Монгол Улсын өнөөг хүртэл гаргасан хичээл зүтгэлийг бид сайшааж байгаа ч бэрхшээлүүд байсаар байна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаас эхлээд эдийн засгаа төрөлжүүлэх, хууль эрхзүйн орчинг бэхжүүлэх, ил тод байдлыг дэмжих зэрэг болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тал дээр бид Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нарт хэлсэнчлэн, Монгол Улсын эдийн засгийг дахин хөгжил дэвшилд хүрэхэд нь би туслахыг үнэхээр их хүсэж байна.

Эдийн засгийн хүрээний хоёр дахь зорилт бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай хамтран ажиллаж Монгол Улстай байгуулах хоёр дахь Компакт гэрээг ажил хэрэг болгох явдал юм. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд хийж буй гэрээний боловсруулалтын шат дуусахад Монгол Улсад ядуурлыг бууруулахад чиглэсэн төслийн саналууд орж ирээсэй гэж би хүсэж байна.

Ардчиллын тууштай хөгжлийг хөхиүлэн дэмжих нь

2015 онд Монгол Улс ардчиллыг сонгосон шийдвэрийнхээ 25 жилийн ойг тэмдэглэсэн. Энэхүү чухал ололтыг Монгол Улстай хамтран тэмдэглэхдээ АНУ ихэд бахархалтай байсан. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ардчиллыг бүтээхэд шаардлагатай зориг, санаачилгын алинаар нь ч Монгол Улс дутаагүй” хэмээн гарцаагүй онож хэлжээ.

Үнэхээр ч Монгол Улс ардчиллыг бүтээн байгуулах үйлсэд тууштай манлайлдаг. Тус улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Гүйцэтгэх зөвлөлд улиран сонгогдож, саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд ялж, мөн бусад хөгжиж буй ардчилсан орнуудад зөвлөж, туршлагаасаа хуваалцсаар байна. АНУ эдгээр санаачилгуудыг нь хүчтэй дэмжиж байгаа бөгөөд миний бие эдгээр салбар дахь бат бөх хамтын ажиллагааг цааш улам бэхжүүлэн үргэлжлүүлэх зорилго тавьж ажиллах болно.

Түүнчлэн би хоёр улсын зэвсэгт хүчний хүчирхэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Энхийг сахиулах шинэ шинэ чадавхийг бий болгох тал дээр АНУ-ын зэвсэгт хүчин болон Аляскийн үндэсний гварди Монгол Улсын зэвсэгт хүчинтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллах болно. Монголын энхийг сахиулагчид дэлхийд зүй ёсны нэр хүндтэй бөгөөд бид Афганистан, Сьерра-Леон, Өмнөд Судан болон бусад хүнд хэцүү нөхцөлтэй газруудад оруулсан тэдний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Ирэх хавар Монгол Улсын алдарт Таван Толгойн Сургуулилтын төвд болох 40 гаруй орны цэргүүдийг нэгтгэсэн “Хаан Куэст” ээлжит энхийг сахиулах сургуулилтыг нүдээр үзэх болсондоо би их баяртай байна. АНУ–Монгол Улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сайжруулах чиглэлд үргэлжлэх болно.

Ирэх 25 жил, түүнээс цааших Монголын ардчиллыг төсөөлөхөд Монголын хамгийн үнэт хөрөнгийн нэг бол залуу үе нь гэж надад бодогддог. Монголын хүн амын бараг тэн хагас нь 25-аас доош настай бөгөөд миний Элчин сайдаар ажиллах хугацаандаа тавьсан чухал зорилтын нэг маань тус улсын ардчилсан манлайлагчдын шинэ үеийг гаргаж ирэх явдал юм. Бид Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран Монголын залуу үеийнхэнд ардчиллын тууштай үзэл бодлыг сургаж, нийгмийн бүхий л салбарт манлайлах үйлсэд нь бэлдэхийг зорьж байна. Монголд байх эхний хэдэн сард миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийтийн эрүүл мэнд, хот төлөвлөлт, хүйсийн тэгш эрх байдал зэрэг Монголын ардчиллын тууштай хөгжилд нэн чухал салбаруудад ажиллаж байгаа олон гайхалтай залуустай танилцсанаа дурдахад таатай байна.

Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь

Дипломат алба хашсан 27 жилийнхээ туршид иргэд хоорондын хэлхээ холбооны хүч нөлөөг би өөрийн биеэр мэдэрч ирлээ. Жил бүр мянга мянган монголчууд сурахаар, аялахаар мөн ажил хэргийн шугамаар АНУ-д зорчдог. Мөн олон тооны америкчууд дээрхтэй ижил зорилгоор Монголд ирдэг. Өнгөрсөн жилийн хувьд виз хүсэгчдийн тоо 17 хувиар өссөн нь АНУ болон Монголын харилцан айлчлалын хэрэгцээ өсч байгааг харуулж байгаа нэгэн үзүүлэлт юм. 2015 онд АНУ-ын солилцооны болон боловсролын хөтөлбөрийн үр шимийг 1500 орчим монгол хүн хүртсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх болно. Өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан боловсролын үзэсгэлэн яармагт Америкийн 27 их сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Манай засгийн газар ийнхүү боловсролын солилцоог дэмжиж, Фулбрайт, Хамфригийн хөтөлбөрүүд болон харилцан ойлголцлыг дэмжсэн олон төрлийн соёл урлагийн солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг нь надад бахархалтай санагддаг. Мөн Энхтайвны Корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ойг 2016 онд тэмдэглэх гэж байгаад бид баяртай байна. Одоогийн байдлаар 21 аймагт 137 сайн дурын ажилтан англи хэл, эрүүл мэнд болон хүүхэд залуусын боловсрол зэрэг салбарт ажиллаж байгаа нь Энхтайвны Корпусын томоохон хөтөлбөрүүдийн нэг болохыг харуулж байна.

Хувь хүний туршлага бидний үзэл бодол, мэдлэгийг баяжуулж байдаг. Үүний үр дүнд бидний хамтын нийгэмд тулгардаг сорилт болон дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх чадавхи бүхий хүчирхэг иргэд бий болно. Хүмүүс шинийг санаачилж, хамтран ажиллаж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Цаашид АНУ болон Монгол Улс нийгэм эдийн засгийн хөгжилд хамгийн чухал хүчин зүйл болох хүмүүн баялгийг бэхжүүлэхэд хамтран хөрөнгө оруулалт хийсээр байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Засаглалын болон иргэний нийгмийн чухал асуудлыг хөндсөн, ач холбогдол бүхий олон сайхан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцох завшаан надад тохиолоо. Харилцан ярилцсаны дараа оролдоод үзэх хүсэл, хөндсөн сэдвийн хүрээнд ямар нэг зүйл хийх сэдэл тэмүүлэл оролцсон бүх хүмүүст төрсөн гэж би найдаж байна. Засгийн газар, олон улсын түвшинд ажиллаж буй иргэд болон монголчууд та бүгдийг ярилцлага хэлэлцүүлэгт нэгдэхийг урьж байна. АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас бидний болон манайтай хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг аваарай. Мөн Ховд аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Америкийн соёл мэдээллийн төвүүдэд зочилж лекц яриа сонирхоорой. Миний Твиттерийн @USAmbMongo­lia хаягаар надтай харилцаж, манай ЭСЯ-ны Twitter хуудсыг дагаарай. Ирж буй жилүүдэд илүү олон хүнтэй ярилцаж, хамтран ажиллах завшаан тохионо гэдэгт би гүнээ найдаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны...

img

8 цагийн дараа

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг...

img

7 цагийн дараа

“Генерал” гэрэлт самбар, ногоон төгөл байгуулна

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан “Генерал” гэрэлт самба...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд автомашин шатаж байсныг унтраажээ

Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн “Халзан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн зүгт...

img

6 цагийн дараа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамбл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд