мэдээ
М.Бадамсүрэн: Иргэдийнхээ амьжиргаанд гэнэтийн цохилт өгсөн шийдвэрүүд яагаад гаргаад байдаг юм бэ

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 4 сарын 28

29

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх асуудлыг УИХ хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж байгаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэхүү хэлэлцээрээс гол чухалжилж байгаа зүйл нь мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход малчдын орлого, амьжиргаа дээшлэх боломж гарах болов уу гэдгийг л онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, дэмжих боломжтой ганц агуулга нь энэ. Нөгөө талдаа бас харж анхаарах зүйлүүд байна. Тухайлбал, гурилын импорт дээр татвар тавих асуудлыг ярьж байгаа. Мөн хүнсний бусад бүтээгдэхүүн орж ирэхэд дотоодын үйлдвэр дээр хүнд цохилт болно. Тиймээс эсрэг тэсрэг асуудал явж байна. Дэмжсэн агуулга дээр дахиад нэг зүйл байна. Тэр нь хөдөө аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг ганцхан урд хөршөөс биш, Евразийн орнуудаас авах боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ганцхан урд хөршөөсөө тоног төхөөрөмж авахгүйгээр бусад боломж нээгдэж байна гэсэн үг. Юутай ч гишүүд бид тал талын байр суурь илэрхийлж байгаа. Эцэстээ олонхоороо зөв шийдвэр гаргах болов уу гэсэн бодолтой байна.
-Асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа процессыг та шүүмжилж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Олон улсын гэрээ буюу Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг УИХ-ын байнгын хороотой зөвшилцөөд явж байна. Өөрөөр хэлбэл, хоёр талдаа үндсэндээ тохиролцчихоод түүнийгээ дахиад УИХ-аар соёрхон батлуулдаг энэ зохицуулалтаа эргэж харах хэрэгтэй. Учир нь байнгын хороотой зөвшилцөнө гэдэг бол УИХ-тай зөвшилцөж байгаа асуудал огт биш шүү дээ. Нөгөөтэйгүүр байнгын хороо эцсийн шийдвэр гаргадаг субьект ч биш.
-Евразитай зэрэгцээд ОХУ-аас онгоцны түлш авах урт хугацааны гэрээтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулсан сэдэв боллоо. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Мөн адил хоёр талтай асуудал. Нэгдүгээрт, Монгол Улс ОХУ-аас одоогийн байдлаар бүх шатахуунаа авч байгаа. Шатахуун тасалдлаа гэхэд манай улсын бүх том дарга нар очиж, тодорхой асуудал, хэлэлцээр өрнүүлж байж авдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг гэрээтэй холбоотой гэрээнд орсон заалтуудтай холбоотой асуудал их байна. Угтаа аливаа гэрээ гэдэг зүйл хоёр талын эрх ашгийг адил тэнцүү хангасан уулзвар байдаг. Ингэхгүй зөвхөн нэг талын саналаар явна гэвэл энэ нь гэрээ биш, тулган шаардах бичиг болж хувирна. Агуулгын хувьд уг хоёр асуудал л чухал байгаа юм.
Миний хувьд уг гэрээтэй холбоотой асуудлаар нэг зүйлийг шүүмжилж байгаа.
-Тэр нь юу вэ?
-Гүйцэтгэх засаглалын түвшинд олон улсын энэ төрлийн гэрээ хэлэлцээр хийхэд мэргэшсэн боловсон хүчин энэ Засгийн газар байна уу гэдэгт эргэлзэж байна. Учир нь онгоцны түлшний энэхүү гэрээг харахад үүнд оруулсан үг, үсэг, саналаа томьёолж оруулж байгаа байдал гээд бүх зүйл нь нэг тийм оновчтой биш байгаа юм. Гэрээ хэлэлцэх шатандаа хоёр талаасаа асуудлаа хардаггүй юм уу. Ядахнаа ямар нэгэн асуудал үүслээ гэхэд дан ганц ОХУ-ын шүүхээр шийднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм заалтыг хэрхэвч оруулж болохгүй шүү дээ. Захын гэрээ боловсруулдаг хүн нэг талын эрх ашгийг давуу байдлаар олгосон ийм заалтыг яагаад ч оруулахгүй. Орсон байлаа гэхэд өөрчлөх, харилцан адил тэгш байх зарчим нь хаана байна гээд шаардана. Гэтэл ийм заалттай гэрээ оруулж ирсэн. Энэ бүр хоёр улсын Засгийн газар хоорондын буюу олон улсын гэрээ хэлэлцээр шүү дээ. Ер нь ямар ч төрийн түшээ ийм гэрээ хийлээ гэхэд аливаа үүссэн маргааныг гуравдагч улсын арбиртын шүүхээр шийдүүлнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Тийм болохоор би гайхаж, бас эргэлзэж байгаа юм. Анх удаагаа хоёр улсын гэрээнд маргаанаа нэг улсынх нь шүүхээр шийднэ гэсэн заалтыг уг гэрээнээс л харж байна. Энэ бол ноцтой асуудал. Үнэхээр хэлэлцэл хийж байгаа хүмүүс мэргэжлийн түвшинд байна уу гэдгийг шалгах хэрэгтэй.
-Мөн шинэ нисэх буудлын менежментийг удирдана гэх агуулгатай заалт орсон талаар гишүүд шүүмжилсэн. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Гэрээнд зааснаар шатахуун цэнэглэх цогцолбортой холбоотой гэж байгаа. Үүгээрээ онгоцны буудлыг менежментийн хувьд удирдах гэж байгаа мэт агуулга тусгагдсан байна лээ. Гэтэл шинэ нисэх онгоцны буудал чинь Японы хөрөнгө оруулалттай, тус улстай гэрээ байгуулж менежментийг нь явуулж байгаа биз дээ. Энэ агуулгыг нь ойлгоод уг гэрээндээ оновчтой байдлаар тусгаж яагаад болоогүй юм бэ. Энэ бас эргэлзээтэй асуудлыг үүсгэчихэж байгаа юм. Ер нь бүхэлдээ тус гэрээг харахад хайнга, уншиж судлаагүй, алсдаа асар их хэмжээний хохирол учруулах, бүр илүү эрсдэл дагуулах заалтууд олон байна. Тиймээс л уг асуудал УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан болов уу. Ийм гэрээг угаасаа яаж дэмжих билээ дээ. Том зургаараа харвал ОХУ-аас бид шатахууныхаа бараг 100 шахуу хувийг авдаг орон. Энэ утгаараа бид цаашдаа тус улсаас онгоцны болоод бусад шаардлагатай түлшээ авна, авахаас ч өөр арга байхгүй. Бидний асуудал хэдийгээр ийм байгаа ч гэсэн гэрээ хийж л байгаа бол Монгол Улсад ашигтай байх саналаа тусгаж өгөх л ёстой байлаа. Тийм ур ухаан төрийн түшээдээс гарч байх хэрэгтэй шүү.
-20 жилийн хугацаа заачихсан байгаа. Гэтэл дотооддоо бид нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тэгэхээр уг гэрээг хийчихвэл дотоодынхоо үйлдвэрт хориг тавьчихаж байгаа юм биш үү гэх шүүмжлэл бий?
-Яг үнэн. Мөн л уялдаа холбоогүй, судлаагүйгээр уг гэрээг хийчихсэн л байгаа байхгүй юу. Өмнө нь Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байхдаа энэхүү газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г өөрчлөх санал өгсөн гэж ойлгосон. Тэрхүү ТЭЗҮийг харахад бид онгоцны түлшээ жилд 80 мянган тонн үйлдвэрлэдэг байхаар тооцож. Энэ дагуу технологио сонгоод улмаар уг үйлдвэр баригдаж байна. Нөгөөтэйгүүр Монголын нефтийн үйлдвэр гурван жилийн дараа ашиглалтад орно гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэр дундаа салбар хариуцсан сайд, яамны ажилчид хэн хүнээс илүү сайн мэдэж байх учиртай. Гэтэл уг гэрээг хийхдээ энэхүү асуудлаа яагаад уялуулж хийж болоогүй юм бэ. Манайх нефтийн үйлдвэртэй болох гэж байгаа шүү гэдгээ ОХУ-ын талд яагаад ойлгуулж чадаагүй юм бэ. Яаж ойлгуулах ёстой вэ гэхээр ийм. Жишээ нь ОХУ-ын талд манайх гурван жилийн дараа 80 мянган тонн онгоцны түлш гаргах үйлдвэрээ барьж байгаа. Бүх асуудал нь шийдэгдсэн. Тиймээс бид гурван жилийн хугацаанд танайхаас онгоцны түлшээ авдагаараа авна. Харин гурван жилийн дараа тодорхой хувийг бид дотоодоосоо хангана шүү гэдгээ хэлж, ойлгуулаад гэрээгээ зурах байсан. Гэтэл яагаад ийм заалт уг гэрээнд оруулаагүй вэ. Хамгийн түрүүний заалтаар орох манай талын ашиг сонирхол чинь энэ биз дээ. Үүнийгээ хийгээгүй байна. Ер нь сүүлийн үед гарч байгаа шийдвэрүүдийг харахад эсвэл 100 хувь хаадаг, эсвэл 100 хувь нээчихдэг. Энэ дунд үе шаттай, тодорхой хувь хэмжээгээр зохицуулсан шийдвэр огт байхгүй. Хоригловол нийтээр нь хориглодог. Зөвшөөрвөл нийтээр нь зөвөөрчихдөг. Ийм л шийдвэрийг Засгийн газар гаргаж байна. Жишээ нь тэтгэвэр дээр зээл олгохоо больсон гэдгийг тойргоор явж байхад иргэд, сонгогчид хэлж байна лээ.
-Тэтгэвэрийн зээл олгохоо больсон гэж үү?
-Монголбанкнаас тэтгэвэрийн зээлтэй холбоотой шийдвэр гаргасан байна лээ. Тухайлбал, 400 мянган төгрөгийг амьжиргаандаа хүргэнэ гэж үзээд зээл өгөхгүй, харин түүнээс дээш зээл өгөх шийдвэр гаргасан байна. Гэтэл үүнийг 200 мянган төгрөгийг үлдээгээд үлдсэн мөнгөндөө зээл авч болох зохицуулалтыг хийх ёстой байсан. Улмаар ирэх жилээс эхлээд 300 мянган төгрөгийг нь үлдээнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүнээ бодсон шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад заавал иргэдийнхээ амьжиргаанд гэнэтийн цохилт өгсөн шийдвэрүүдийг гаргаад байдаг юм бэ. Амьдралыг нь бодсон ч хүнээ бодсон ч аливаа гаргаж байгаа шийдвэр уян хатан байх, уялдаа холбоотой байх ёстой.
-Сонгуулиар улс төрийн нам, нэр дэвшигчид нэг зүйлийг сонгогчдод амладаг. Улмаар амлалтаа биелүүл гээд сонгоод гаргаад ирэхээр амлалтынхаа эсрэг үйлдлийг хийгээд явж байна. Тухайлбал, татвар нэмэхгүй гэчихээд одоо татварыг хэдэн зуу дахин нэмчихлээ. Үүгээрээ та бүхэн сонгогчдоо хуурч байгаа юм биш үү. Хуулийн нэр томъёогоор нь ойлговол энэ үйлдэл чинь залиллах гэмт хэрэг мөн биз дээ…?
-УИХ-ын хувьд татвар нэмээгүй. Нийслэл харин өөрт нь хуулиар олгогдсон хэв хэмжээнийхээ хүрээнд татвар нэмчихлээ. Үүнийг УИХ нэмчихсэн гэж ойлгож болохгүй. Ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Татвар нэмэгдсэн асуудалд иргэд бухимдаж байгаа нь үнэн. Тухайлбал, миний хувьд зүүн бүсийн иргэдтэй уулзаад явахад энэ талаар хэлж байсан. Зарим иргэдийн хувьд зүүн бүсдээ автомашинаа унаж байгаа. Гэтэл тэрхүү автомашинаа Улаанбаатар хотын аль нэг банк бусаас зээл авч худалдаж авсан байгаа юм. Гэтэл автомашинаа зүүн бүсдээ унасан атлаа татвар нэмэгдчихлээ гэдэг зүйлийг ярьж байна. Өөрөөр хэлбэл, зээл авсан банк бус нь Улаанбаатар хотод байгаа учраас татвар нь нэмэгдчихсэн гэж ойлгосон. Ийм байж болохгүй л дээ. Энэ мэт гарч болох хуулийн цоорхой, хийдэл дээр ямар зохицуулалт хийж болох вэ гэдгээ хууль тогтоогчид бид бодох ёстой юм билээ. Нийслэлд тавьсан татвар орон нутгийн иргэдэд энэ хийдлээрээ нөлөөлж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Э.Мөнхтүвшин





НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг нөгөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг; 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, 2-р...
8 цагийн дараа
“Дархлаажуулалтын 7 хоног” үргэлжиж байна
Дэлхийн “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн. Халдварт өвчин...
8 цагийн дараа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монго...
8 цагийн дараа
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Ардчилсан намын Их хурал нэлээд хугацаанд хуралдаагүй. Намын ҮБ...
7 цагийн дараа
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд зааса...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд