мэдээ
Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн DNN.mn
ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА
2024 оны 8 сарын 12
5
“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.
-Тантай Галаа багш аа, гээд өмнө ярилцдаг байсан бол одоо гишүүн ээ гэж дуудах болжээ. Шинэ албандаа хэр дадаж байна даа?
-Боловсролын салбарын төлөөлөл, багш нарын төлөөлөл болж хууль тогтоох байгууллагад орж ирсэн болохоор хийхээр төлөвлөж, судалж байгаа олон ажлууд байна. УИХ-ын дарга, бусад гишүүд, салбарын сайдтайгаа ярилцаж, хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж, саналаа солилцож байна.
-Танаас тэр бүрийг нэг бүрчлэн асууж тодруулахыг хүсч байна. Гэхдээ арай өөр сэдвээр ярилцлагаа эхэлье.Таны үед, намын жинхэнэ гишүүнээр тэнцэж элсэх гэдэг чухал үйл явдал байсан. Та ингэхэд аль нэг нам, тэр дундаа МАН-ын гишүүн байсан уу?
-Байгаагүй. МУИС-д оюутан байхад Эвлэлийн хорооны дарга Д.Лүндээжанцан багш байсан. Тухайн үедээ би факультетийн оюутны эвлэлийн үүрийн дарга,идэвхтэй гишүүн байсан болохоор ирээдүйд намд орно шүү гэсэн яриа гарч л байсан. Төгсөөд ХААИС-д багшилж байхдаа багш нарын эвлэлийн хороог ахалж байлаа. Ер нь тухайн үеийн замналаараа эвлэлийн хороогоор явсан хүн намын гишүүн болох нь тодорхой байсан л даа. Гэхдээ нас дөнгөж хорин тав, зургаатай байсан болохоор намын гишүүн хараахан болоогүй.Тэгж байтал удалгүй сурганы хүрээлэнд ажиллахаар яваад, цаашлаад гадаадад сурч, сургуулиа байгуулна гээд намтай ер хамаатай байсангүй дээ.
Нээрээ, нам гэснээс 1990 онд Ардчилсан хөдөлгөөн эхэлж байх үед ХААИС-ийн оюутнууд жагсаалд нэгдэхээр Туулын гүүрнээс талбай руу туг бариад алхах үед тэргүүн эгнээнд нь удирдаад явж байлаа. Хоёр ч том ардчиллын жагсаалд манай оюутнууд нэгдэн очиж байсан юм. Тэр үеийн сургуулийн ректор дуудаад “Багш та нар өөрсдөө ингэж тэргүүлж оролцохгүй ээ” гээд загнаж байсан удаатай. Дараахан нь Социал демократ нам байгуулагдах үед санагдаж байна, манай МУИС-ийн Р.Гончигдорж, А.Ганбаатар, Мэндсайхан гэсэн мат, физикийн багш нар биднийг дууддаг байлаа. Тухайлбал, Японы Хирано гээд том эрдэмтнийг урьж лекц уншуулж, лекцийг нь кассетэнд бичиж авсныг найз Энх-Амгалантайгаа хэдэн шөнө сууж буулгаад, ном болгож гаргах эхийг нь бэлдэж өгч байсан сан. Тэр үед Социал демократ намын гишүүн болооч гэж байсан ч элсэж барьсангүй л өнгөрсөн. Гэхдээ сүүлд Социал демократ хөдөлгөөнд оролцсон хүмүүсийн түүхэн ном гарахад миний нэр явж байсан.
Миний намтай холбогдсон түүх гэвэл ердөө энэ.Аль нэг намд элсээгүй жар хүрчээ. Гэхдээ манай намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн яриа хөөрөө бол 2010 оноос хойш бол яригддаг л байсан. Би ч нам бус хүн дээ гээд өнгөрдөг байлаа. Харин өнгөрөгч тавдугаар сарын 28-нд МАН-д албан ёсоор элссэн.
-МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрс үнэхээр “цочирдом” байсан л даа. Танд энэ санал яаж ирсэн бэ?
-Тавдугаар сарын 18 миний төрсөн өдөр л дөө. Тэр өдөр амралтын өдөр,бас бурхан багшийн их дүйчин өдөр таарсан юм. Ганданд хурал номд сууж байхад МАН-ын удирдах албан тушаалтан утасдлаа.
Ингээд хамаагүй ярьж болж байна уу даа(инээв). “Та хаана байна, уулзах хэрэг байна” гэхээр нь номон дээр сууж байна аа л гэлээ. Оройдоо дахиад хаана байна гэхээр нь төрсөн өдөртэй байна аа гэлээ. Үнэндээ хүүхэд сургуульд оруулах тухай гуйлт байх гээд цааргалангуй санаатай. Гэтэл байсан газар маань хүрээд ирдэг байгаа, тэгээд л гараад уулзсан даа. Мэдээж, тэр санал цочирдом байлгүй яах вэ. Гадуур хүмүүс нэр дэвших гээд гүйж байна, жагсаалт нь хэдэн тэрбум гэнэ гэсэн яриа л сонсож байснаас өөрөө орох тухай төсөөлөө ч үгүй хүн. Би үнэнээ л хэлсэн. “Би мөнгө өгч, чадахгүй ээ” гэж. “Мөнгө авахгүй ээ, жагсаалтад ямар ч хүнээс мөнгө авахгүй байгаа” гэж байна. Бас дахиад хэллээ. “Би бас мөнгө авахгүй шүү. Нэр цэвэр хүмүүсийг оруулаад мөнгө өгдөг гэсэн яриа дуулсан” гэлээ. “Танд мөнгө өгөхгүй ээ” гээд инээж байна.
Нэмээд,“Би кнопчин болж, намын хатуу гишүүн байж чадахгүй ээ. Намыг чинь муухай харагдуулж магадгүй шүү. Улс эх орны төлөө хийж бүтээх гэсэн ажлууд надад бол байна, гэхдээ бодох хэрэгтэй байна” гэсэн. Нэг ийм л яриа болсон юм. Тэгээд намайг та сайн бодоорой. Гэхдээ хариу яаралтай, маргааш хэрэгтэй байгаа гээд явсан.
-Нөгөө төрсөн өдрийн арга хэмжээ тэс өөр ярианы сэдэв болж хувирсан уу?
-Юун төрсөн өдөр болсон, гэнэтийн санал тавьчихаар. Боловсролын салбарт төрийн бодлогоор шийдэх маш олон асуудал байгаа юу гэвэл байгаа. Зах цухаас нь хийх гээд өөрийнхөөрөө зүтгэж явсан надад улс төрд орж хийнэ гэж бодож байгаагүй болохоор хүлээж авахад эхлээд хол санагдсан. Гэр бүл, ах дүү нартайгаа ярилцаж, найз нөхөдтэйгөө ч санал солилцлоо. Манай гэр бүл, охидууд бол шууд л дургүйцсэн дээ. “Улс төрд ороод ирэхээр таны нөгөө багш гэж хүндэтгэл хүлээж ирсэн тэр бүхэн байхгүй болно. 76 мангарын нэг гээд дуудуулаад эхэлнэ шүү дээ. Тэгээд ч таны характерт таарахгүй. Та бол багш л хүн, дэмий дээ” гэцгээсэн. Үнэхээр хийх ёстой олон ажил байгааг мэдэж байгаа хүний хувьд, боловсролын салбарт олон өөрчлөлтийг хийхэд, энэ салбарыг өөд татахад боломж гарч байгаа тул үзээд алдмаар ч юм шиг. Хоёрдоод хямарсан л даа. Тэгээд нэлээд нухацтай бодсоны дараа шийдвэрээ гаргасан, 20-нд нэр дэвшигчид зарлагдсан шүү дээ. Яг ингэж хамаагүй ярьж болохыг мэдэхгүй байгаа ч үнэн гэвэл энэ юм. Гэхдээ МАН-аас салбар салбарын эксперт болсон хүмүүсийн араас ингэж уйгагүй хөөцөлдөж байгаа нь таалагдсан. Хожим сонсох нь ээ манай жагсаалтын эхний хэд бүгд л нэг иймэрхүү байдлаар гэнэт дуудагдсан юм билээ. Харин одоо бид улстөрчийн ажилд хурдан суралцаж, салбарынхаа дуу хоолойг хүчтэй хүргэж, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болж байна даа.
-Ингээд хийчих юмсаан гэсэн бодол, дотроо “шатах”нь бий. Танд ийм бодол хэдийд анх мэдрэгдэж байсан бол?
-Би 32 нас хүртлээ Монголдоо дунд сургуулийн багшаар ажиллаж байгаад Японд сурахаар очих үедээ боловсролын тогтолцоог нь хараад ихэд атаархаж, Монголоо ийм л болгох хэрэгтэй гэж бодож байсан. Би Их дээд сургуульд багшилж, хүрээлэнд судлаач, хөдөө, хотын дунд сургуульд багшлах зэргээр бүх шатанд ажиллаж байсан хүний хувьд хоёр орны ялгааг бүх түвшинд харж чадаж байсан л даа. Тиймээс тэдний давуу талыг буулгасан өөрийнхөө онцлогт тааруулсан жишиг сургууль байгуулъя, хожим нь тэр туршлагаа түгээж дэлгэрүүлье гэсэн зорилгоор “Шинэ Монгол” ахлах сургуулиа байгуулсан хүн шүү дээ.
-Манайд арван жилээр сургууль төгсдөг байсан үед анхны 11 жилээр хүүхдүүдээ төгсгөж эхэлсэн санагдаж байна. Гадагшаа явах гэхэд манай арван жилийг хүлээн зөвшөөрдөггүй, нэмж сурах хэрэгтэй гээд амаргүй байсан үе шүү…
-Тохокү их сургуульд 1999 онд элсээд, докторын судалгааны сэдвээ “Монголын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийн инноваци” гэж аваад судалж эхэлсэн л дээ. 9-10 гэсэн хоёр жилийн ахлах анги дээр нэг жил нэмээд арван нэгэн жилээр анх удаа төгсгөх ажлыг эхлүүлж байлаа. Тухайн үед арваа төгсөөд Их дээд сургуульд оролгүй үргэлжлүүлэн 11 жилээр төгсөх боломжийг бий болгосон гэсэн үг. Бараг арваад жил манай сургууль ганцаараа арван нэгэн жилээр төгсгөдөг байсан. Асуултаасаа нэлээд халиад байна уу даа. Ингээд 2000 онд “Шинэ Монгол” ахлах сургуулиа байгуулж, бодит өөрчлөлт хийж явж байгаад 2005 оноос байна уу даа, жаахан улстөржиж эхэлсэн гэх үү дээ, үгээ хэлж эхэлсээн. Манай боловсролын салбарын явж байгаа чиг хандлага, ялангуяа гадны төслөөр хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд буруу яваад байхаар тэсээгүй. 10 жилийнхээ 4+4+2=10 тогтолцоог өөрчилж буй нэрээр 6:3:3,бүр 5:5:2 гээд 3-4-хөн жилд яам маань бужигнуулж өгсөн дөө. Тогтолцоо нь ингэж тогтворгүй байхаар сургуулиуд бүр л бужигнасан. Тухайн үеийн Боловсролын сайдын мэдэгдэл ярилцлага өгсний дараа тэр ТВ-д нь очоод буруу зүйл болоод байна гээд ярьдаг байв. Бүр Ерөнхийлөгчийн Иргэний танхимд хэлэлцүүлэг хүртэл санаачилж, шүүмжилж, УИХ-ын гишүүдэд хүртэл албан захиа бичиж хүргүүлж байлаа. Яамны шалгалт манай дээр ирэх нь ихсээд, зуултад орж байсан ч халшраагүй хэлэх үгээ хэлсээр байсан удаатай.
Гэхдээ сүүлдээ манай салбарт сайд тогтдоггүй, ирсэн сайд бүр сонин, сонин шийдвэр гаргаад, хөтөлбөрийг дураараа өөрчилдөг болоод ирэх үед шантраад хаясан гэж болно. Яамнаас гарах шийдвэрт найдах хэрэггүй юм байна гэсэн бодолтой болсон. Харин өөрөө л чадах хэмжээндээ хийж үзүүлье гэдэг утгаар төсөл хөтөлбөр хийж эхэлсэн дээ.
-Өөрийн сургуулийн сайн туршлагаа улсын сургуулиудад нэвтрүүлсэн төсөл тань үнэхээр бахархам байсан. Янз янзын түвшний, хот хөдөөгийн сургуулиудтай ажилласан энэ хугацаанд боловсролын салбар дахь нүцгэн үнэнтэй тулж чадсан байх…
-Тийм ээ, төрийн сургуулийн менежментийг сайжруулах төслөө эхлүүлж чадсандаа би өөрөөрөө ч бахархаж байгаа.(инээв) Би төслийнхөө эхний шатанд хот, хөдөөгийн найман сургуультай хамтран ажиллаж, дараагийн шатанд жаран сургууль сонгон авч ажилласан. Ингэхдээ орон нутгаас аль болох олон сургууль оруулсан. Сургуулийн менежмент гэж юуг хэлдэг талаар цагаан толгойноос нь эхэлж байгаа юм л даа. Сургуулийн бүхий л үйл ажиллагаа менежмент дээрээ зангилагдаж байдаг гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Гол нь 20 гаруй жил “Шинэ Монгол” сургууль дээр хэрэгжиж нотлогдсон нөү хау, тэргүүн туршлагыг түгээж байгаа юм л даа. Дараагийн гурав дах шатанд 60 сургуулиасаа бодит өөрчлөлт гарч байгаа сайн сургуулийг сонгож аваад жинхэнэ ментор сургуулиуд болгох төлөвлөгөөтэй байсан.Үнэхээр нүдэнд харагдах сайхан үр дүнгүүд гарч байгаа. Тэгээд сайн сургуулиуд бусдадаа менторлох боломжийг нээгээд гинжин холбоосоор улам түгээнэ дээ гэж бодож байлаа. Харин одоо арай өөр түвшинд ажиллах боломж ирлээ. Манай төслийг салбарын яам дэмжиж хамтарч ажиллах болсон. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээний 690 сургуульд хүрч ажиллана даа.
-Боловсролын салбарын шинэчлэлт, тэр дундаа дараагийн хорь гучин жилийг авч явах өөрчлөлтийг хүмүүс хүлээж байна. Танд ямар төлөвлөгөө байна вэ?
-Би УИХ-д орох шийдвэр гаргасны дараа, нэгэнт орсных гээд зорилгоо тодорхойлсон. Боловсролд таны тус хэрэгтэй байна гэхэд би хүлээж авсан хүн шүү дээ. Зөвхөн хувийн сургууль гэхгүй бүхий л салбарт нь ажиллаж байсан туршлага надад байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө ачаар төрийн сургуулиуд ямар түвшинд байгааг хот, хөдөөгийн ялгаа, давуу талыг сайн мэддэг болсон. Ингээд салбараа бүхлээр нь хараад хийх шаардлагатай өөрчлөх ажлаа жагсаагаад бичихээр 30-40 хүрч байв. Тэндээсээ эхний ээлжинд зайлшгүй хийх шаардлагатай, хамгийн чухал гэсэн арван зүйлийг гаргачихаад байж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд тэдгээрийг хэрэгжүүлээд бодит үр дүнг нь гаргачих юмсан гэсэн бодолтой сууж байна даа.
-Та энэ арван зүйлээ бүр нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад хэлээд өгч болох уу?
-Нэгдүгээрт, аль ч шатны сургуулиуд маань сургалтын чанараа дээшлүүлэх ёстой, сургууль шиг сургууль байх ёстой. Сургууль бол байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд менежментийг нь сайжруулах хэрэгцээюуны өмнө байна. Манайд захирлууд зөвхөн өөрийн хувийн ажлын туршлага дээрээ түшиглэж яваад байгаагаас биш сургуулийн менежментийн ухаанд үндэслэн сургуулиа авч явж чадахгүй байна. Хөтөлбөрөө мэддэг, санхүүгээ үр дүнтэй зарцуулдаг, үнэлгээгээ бодитоор хийдэг, багш нараа багаар ажиллуулчихдаг, тэднийг ажлын байран дээр хөгжихөд нь анхаарчихдаг, сурагчдад зөвхөн хичээл заагаад орхих биш, эерэг хандлага төлөвшүүлдэг, сургуулийн соёл нэвтрүүлсэн, сурагчдаа гол цөмдөө тавьдаг болох хэрэгтэй. Үүнийг л би менежмент гээд байгаа юм.
Үргэлжлэл бий…
ROSЕ, Бруно Марс нар “Шилдэг Сенцаци” номинацын эзэд болов DNN.mn
Өнгөрсөн сард буюу 2024 оны 10 сарын 18-ны өдөр Blackpink xамтлагийн дуучин Рөүз, АНУ-ын алдарт дуучин Бруно Марс нарын хамтарсан АР...
7 цагийн дараа
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна DNN.mn
Өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгөв. ХӨСҮТ “Өнгөрсөн ...
6 цагийн дараа
Н.Учрал: Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ DNN.mn
Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Монгол улс анх “...
5 цагийн дараа
Алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа DNN.mn
Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны ...
4 цагийн дараа
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа DNN.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 баг...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд
Монгол
Худлаа 30жил ярьсаар ухарсаар