Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Э.Энхгэрэл: Усны компакт товлосон таван жилийн хугацаандаа хэрэгжиж дуусна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 17

news-img

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэлтэй Монгол Улсад хэрэгжиж буй II компакт буюу Усны компакт гэрээний талаар ярилцлаа.


-Монгол Улсад АНУ-ын Мянганы сорилтын II компакт гэрээг хэрэгжүүлж байна. Мянганы сорилтын компакт гэрээ гэж юу вэ?

-Мянганы сорилтын компакт гэрээний талаар ярихаасаа өмнө Мянганы сорилтын корпорацийн талаар товч дурдах нь зүйтэй болов уу. Нэрнээс нь сонсоход хувийн хэвшлийн байгууллага гэж сонсогдож болох ч, Мянганы сорилтын корпораци бол Төрийн департаментын дор гадаад тусламжийн үйл ажиллагаа явуулдаг, АНУ-ын Засгийн газрын харьяа агентлаг. Харин Компакт гэрээ гэдэг бол хоёр улсын Засгийн газрын хооронд, АНУ-ын буцалтгүй тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан олон улсын гэрээ. Монголын Мянганы сорилтын сан нь Компакт гэрээний хүрээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол Улсын хуулийн этгээд юм.

Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх загвар өөрийн гэсэн онцлогтой. Юуны өмнө эдгээр төсөл хөтөлбөр нь буцалтгүй тусламжийг хүлээн авч байгаа улсын эдийн засгийн өсөлтийг чөдөрлөгч томоохон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Түүнчлэн ямар улс орон, аль салбарт хэрэгжүүлэхээс үл хамааран төсөл хөтөлбөрийг таван жилд багтаан дуусгах хатуу нөхцөлтэй байдаг. Нэг ч өдрийн илүү, дутуугүй.

Компакт хэрэгжүүлэх улс орныг сонгосны дараа тухайн улсын эдийн засгийн өсөлтөд тулгамдаж байгаа гол асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдэхийн тулд ямар төсөл хөтөлбөрийг, хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар, хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан судлах ажлыг Компактын бэлтгэл шатанд талууд хамтран зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламж нүдээ олсон, эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьдралд бодитой өгөөжөө өгсөн байхын тулд хөрөнгө оруулалтын бүх шатны шийдвэрийг гаргахдаа ул суурьтай судалгаа, тоо баримтад тулгуурладаг гэсэн үг.

-Бусад олон улсын төсөл, хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

-Компакт гэрээ боловсруулах шатанд ямар зарчмаар ажилладаг талаар сая товч дурдсан. Дараагийн шатанд дурдах ёстой нэг онцлог нь гэвэл төсөл хөтөлбөрөө боловсруулан албажуулж, хэрэгжилт эхэлсний дараа үйл ажиллагааныхаа чиглэл бүрд олон улсын шаардлагыг маш нягт баримталж явдаг. Жишээлбэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа анхаарахын зэрэгцээ байгаль орчин, нийгмийн оролцоо, санхүү, худалдан авалт зэрэг үйл ажиллагааны бусад чиглэлд мөн адил анхаарал, ач холбогдол өгч, харгалзах олон улсын стандартыг баримталж ажилладаг. АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан олон улсын хоёр гэрээ, МСК-ын бодлого, зааврууд, Олон улсын санхүүгийн корпорацийн Гүйцэтгэлийн стандартууд, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж гээд маш олон давхар шаардлага, шалгуур, хэм хэмжээг баримталдаг.

Зөвхөн Монголын Мянганы сорилтын сан биш, манай төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд гар, бие оролцож байгаа бүх үндсэн болон туслан гүйцэтгэгч нар эдгээрийг баримтлан ажиллах ёстой.

Үүний зэрэгцээ заавал дурдах ёстой бас нэг онцлог нь эзэн улсын оролцоо юм. МСК-ын зүгээс ийм төсөл хөтөлбөр, ингэж хэрэгжүүл гэж зааж зааварлахаасаа илүүтэй, хүлээн авагч орон өөрөө ямар салбарт, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар бүх шатанд шийдвэрээ гаргаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтдээ эзний ёсоор хандан, гар бие оролцож явах ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Үүгээр ч зогсохгүй үр өгөөжийг зөвхөн Компакт гэрээ хэрэгжиж байгаа таван жилийн хугацаагаар хязгаарлахгүйгээр, цаашид урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд зарчмын шинжтэй ямар суурь өөрчлөлтүүдийг хийх ёстой вэ гэдгийг Компакт гэрээндээ урьдчилсан нөхцөл болгоод оруулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь таван жилийн настай төсөл хөтөлбөр биш, цаашид монголчуудын аж амьдрал, нийгэм, эдийн засагт урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байхыг анхнаасаа гэрээндээ тусгасан байдаг учраас эзэн улсыг тодорхой хэмжээгээр хариуцлагажуулсан, оролцоог нь чухалчилсан хандлагыг гэрээндээ тусгасан байдаг.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээг хүссэн орон бүртэй дахин байгуулаад байдаггүй. Манай улсын Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвх санаачилгатай ажилласны дүнд 2018 онд хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монголын Мянганы сорилтын санг байгуулан, 2021 оноос төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлсэн. Одоо хэрэгжилт төгсгөлийн шатандаа орж, 2026 оны гуравдугаар сарын 31 буюу дөрөвхөн сарын дараа төсөл хөтөлбөрөө хаахаар бэлдэж байна.

-Энэ удаагийн Компакт гэрээгээр ус хангамжийн салбарт сүүлийн 30 жилд хийгээгүй томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн. Ялангуяа Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар та тодруулж ярина уу?

-Манай улсад хоёр дахь удаа хэрэгжиж байгаа энэ Компакт “Усны” гэсэн тодотголтой, Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилготой. Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолыг цогцоор нь шийдэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд байгаа чиг хандлагыг харвал 2040 он гэхэд нийслэлийн хүн ам 2.3 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цөм. Манай эдийн засгийн үйл ажиллагааны дийлэнх нь Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг, ДНБ-ий гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг. Энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай учраас төдий хэмжээний ачааллыг дааж явах инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарын бүх талын чадавх, засаглалын оновчтой тогтолцоо Улаанбаатар хотод бүрдсэн байх ёстой болж байна. Улаанбаатар хотын ус хангамжийн эрэлт нь нийлүүлэлттэйгээ тэнцэж ирэх буюу усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд тогтвортой олборлож болох усны нөөц эрэлтээ хангаж чадахгүйд хүрч болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс энэ эрсдэлийг нүүрлэснийх нь дараа “Яаж шийдэх вэ” гэж ярих биш ард иргэдийн амьдрал, үйлдвэр, аж ахуйн нэгжид бодитойгоор нөлөөлж эхлэхээс нь өмнө шийдвэрлэх арга хэмжээг амдан авч байгаагаараа онцлог. Улаанбаатарчуудын унд, ахуйн хэрэглээ, эдийн засаг, аж үйлдвэрийн зориулалтаар хэрэглэх ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр нийтдээ 462 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Бид энэхүү хөрөнгө оруулалтаар хоорондоо харилцан уялдаатай гурван төслийг хэрэгжүүлж байна.

Эхнийх нь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Одоогоор Улаанбаатар хотын ус хангамжийг Ус сувгийн удирдах газар нийт долоон эх үүсвэрээс олборлон авч нийлүүлдэг. Усны Компактын хүрээнд үүн дээр нэмж шинээр найм дахь эх үүсвэрийг бий болгож байгаа. Ус сувгийн удирдах газар одоогоор 55 сая орчим шоо метр ус унд ахуйн хэрэглээнд нийлүүлдэг. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар жилд 50 сая шоо метр усыг нэмж нийлүүлэх боломжтой болно.

Хоёр дахь нь Хаягдал ус дахин боловсруулах төсөл. Энэхүү төслөөр гүний цэвэр усны эрэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, хэрэглээг бууруулна. Тодруулбал, ДЦС-ууд хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулах зориулалтаар жилд 20 гаруй сая шоо метр гүний усыг ашигладаг. Үүнээс 14-18 сая шоо метрийг нь дахин боловсруулсан усаар орлуулах боломжийг Хаягдал ус дахин боловсруулах төсөл олгож байгаа юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлээд гарах уснаас өдөрт 50 мянган шоо метрийг нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр авч, цэвэршүүлэн, ДЦС-уудад дээрх зориулалтаар нийлүүлнэ.

Усны Компактын хүрээнд сая дурдсан эхний төслийн хүрээнд ашиглах боломжтой усныхаа эх үүсвэр, нөөцийг нэмэгдүүлж байна. Дараагийн төслийн үр дүнд газрын дороос олборлон авч байгаа цэвэр усны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр бууруулж байна. Ингэснээр усны эрэлт, нийлүүлэлтийн зохистой менежмент хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ хоёр маань хатуу дэд бүтцийн төсөл.

-Ингээд шинэ дэд бүтэц бий болгочихлоо. Үүнийг цаашид тогтвортой авч явах хүний нөөц, бодлого бэлэн үү гээд олон асуудал үүснэ байх. Та түрүүнд харилцан уялдаа бүхий гурван төсөл гэж тодотгосон. Гурав дахь төсөл нь үүнд чиглэж байна уу?

-Компактын гурав дахь буюу Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл маань дээрх хоёр төслийн үр дүнд бий болсон барилга байгууламж, үйлдвэрийн ашиглалт үйлчилгээг зохих ёсоор хариуцан авч явах хүний нөөц, удирдлага, зохион байгуулалтын чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн эрүүл тогтолцоог бий болгох, хууль, эрх зүйн орчинд шаардлагатай өөрчлөлт хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Шинэ дэд бүтцүүд бий болчихлоо, үүнийг аваад явах хүн хүч бэлэн үү, салбарын нөөц бололцоо, бодлого зохицуулалт ямар түвшинд байна вэ, хэрэв бэлэн биш бол хэрхэн, яаж бэлдэх вэ гэдгийг ч Компакт гэрээ орхигдуулаагүй. Зарим тодорхой жишээ дурдвал, дахин боловсруулсан усыг эрчим хүч үйлдвэрлэлд, өргөн хэмжээгээр анх удаа нэвтрүүлэх гэж байна.

Хоёр томоохон үйлдвэрийг харгалзах шугам хоолой, эх үүсвэрүүдтэй нь хариуцаад явах газар бол өмнө дурдсанчлан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар. Тус байгууллага шинээр байгуулагдах үйлдвэр, байгууламжуудын ашиглалт, үйлчилгээг хариуцаад явах хүний нөөц, мөн хөрөнгийн удирдлагын чадавхтай эсэх, ямар үйл ажиллагааны чиглэлүүдээр чадавхыг нь бэхжүүлэх шаардлагатай вэ гэдгийг Компакт гэрээ байгуулагдахаас өмнө олон улсын үнэлгээний аргачлал ашиглан тогтоосон. Ус сувгийн удирдах газар бол мэргэжлийн, өндөр сахилга баттай ажилладаг, бүтээмж өндөртэй байгууллага. Гэхдээ мэдээж, маш өндөр үүрэг хариуцлага хүлээж авах гэж байгаа учраас үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Тиймээс шаардлагатай бүх чиглэлээр чадавхыг нь бэхжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, давхардсан тоогоор 180 гаруй инженер, техникийн ажилтныг 2023-2025 онд Нидерландын Хаант улсын Ус ашиглалтын байгууллагууд дээр очиж танилцах, суралцах ажлыг Компакт гэрээний хүрээнд зохион байгуулсан. Үүнээс гадна Нидерландын Ус ашиглалтын байгууллагын эксперт, мэргэжилтнүүд манай улсад хүрэлцэн ирж, Ус сувгийн удирдах газрын инженер, техникийн ажилтнуудад газар дээр нь сургалт зохион байгуулж, мэдлэг туршлагаа харилцан хуваалцаж, солилцох ажлыг мөн хийсэн.

-Хугацааны хувьд маш хатуу нөхцөлтэй ч төлөвлөгөөний дагуу төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ мэдээж сорилт, бэрхшээл багагүй тулгарч байгаа. Жишээ нь, цар тахал. Ковидын өмнөх болон дараахь үеийн эдийн засаг огцом өөрчлөгдсөн. Энэ нь тус Компакт гэрээний хэрэгжилтэд яаж нөлөөлсөн бэ?

-Компакт гэрээ 2021 онд хүчин төгөлдөр болж, хэрэгжилт эхэлсэн. Яг энэ үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал “ид хүчээ авч”, нөлөө нь хамгийн оргил цэгтээ хүрч байсан. Үр дагавар нь ч маш өндөр байлаа. Яагаад гэвэл, манай улсын барилгын улирал маш богино, барилгын салбар импортоос ихээхэн хамааралтай. Барилгын материал, тоног төхөөрөмж, ялангуяа, Монгол Улсад шинээр нэвтрүүлж байгаа техник технологийн хувьд импортод найдахаас өөр аргагүй. Ийм нөхцөлд, цаг хугацааны хатуу нөхцөлтэй Компакт гэрээний хэрэгжилтэд дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдэг маш том сорилт тулгарч, хил дамнасан бүх төрлийн хөдөлгөөн хаагдаж, дэлхий даяар хэрсэн нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах гээд цар тахлаас үүдэлтэй олон асуудал учирч байсан. Энэ мэт саад бэрхшээл тулгарсан хэдий ч төслийн хэрэгжилтэд цаг хугацааны хоцрогдол гаргаагүй. Энэ нь гэрээний болон төслийн менежментийн баг маш уян хатан, шуурхай байдлаар, тодруулбал, болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, тэдгээрийн магадлалыг бууруулах, үр дагаврыг нь хамгийн бага байлгахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэсэн зохион байгуулалтад орж, эрсдэлийн менежментийн бэлтгэлтэй, гэнэтийн өөрчлөлтөд соргог арга барилаар ажилласантай тодорхой хэмжээгээр холбоотой. Зөвхөн цар тахал ч биш, энэ таван жилийн хугацаанд олон улсыг хамарсан зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр аль нэг газарт үйлдвэрлэл зогсох, эсвэл тээвэр-логистикийн маршрут тасалдах, үнэ ханш өөрчлөгдөх зэрэг олон асуудал гарсан. Ийм эрсдэлтэй үед төр засгийн байгууллагууд, гүйцэтгэгчид зэрэг холбогдох талууд нягт хамтран ажиллаж, нөөц хувилбаруудыг боловсруулан, шуурхай шилжин ажиллаж байсан.

Одоо нийт төслийн хэрэгжилт 94 хувьтай явж байна. Тодруулбал, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил бүрэн дуусч 99 хувьд хүрсэн. Одоо туршилт, тохируулгаа эхлүүлэхээр бэлдэж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэл нь 97 хувьд хүрч, туршилт тохируулгаа хийж байна. Хэдий олон сорилт бэрхшээл тулгарсан ч хугацаа хэтрээгүй, төсөв нэмэгдээгүй, төлөвлөсөн таван жилийн хугацаа, төсөвлөсөн 462 сая ам.доллартаа багтаан төсөл хэрэгжиж байна.

-Зарим төсөл хөтөлбөр сүртэй, тууз хайчилж эхлээд л сураггүй болчихдог. Заримыг нь монголчлоод хагас, дутуу хэрэгжүүлсэн болох нь ч бодит амьдрал дээр байна. Гэтэл танай төсөл хөтөлбөр ягштал хатуу сахилга баттай, хугацаатай, тэгсэн хэр нь давагдашгүй хүчин зүйлийн үед ч төсөвтөө бариулж, нийт төслөө 94 хувийн гүйцэтгэлтэй амжуулчихсан, ирэх онд 100 хувьдаа хүрч дуусах нь тодорхой байна. Үүний нууц нь яг юунд байна вэ?

-МСК-ын төсөл хэрэгжүүлэх бизнесийн загвар, түүнийг амжилттай хэрэгжүүлэх чадварлаг баг хамт олон, нийцлийг чухалчилсан хандлага гэж хэлж болно. Ажлын даалгавар техникийн тодорхойлолт бичихээс эхлээд тухайн ажлыг хэрэгжүүлж дуусаад, гэрээ хаах хүртэлх бүх үе шатанд нэг нь нөгөөгөө харилцан хянасан, давхар хяналтын тогтолцоо ажилладаг. Үүнийг манай өдөр тутмын үйл ажиллагаанд нарийн журамлан заасан байдаг бөгөөд хэрэгжилтийг нь дотоод болон хөндлөнгийн аудит, мөн түүнчлэн АНУ-ын Ерөнхий хянан шалгагчийн газраас тогтмол шалгаж явдаг. Ажлын даалгавар боловсруулах шатанд АНУ-ын МСК, тендер шалгаруулалтын шатанд Худалдан авах ажиллагааны төлөөлөгч болон МСК, хэрэгжүүлэх шатанд Хөтөлбөрийн менежментийн зөвлөх буюу ФИДИК-ийн инженер, төлбөр тооцоо төлөх шатанд Санхүүгийн төлөөлөгч хяналт тавьж ажилладаг.

Энэ төсөл дээр нийт 19 улсын гүйцэтгэгч, гэрээт зөвлөх, хувь зөвлөх ажиллаж байгаа. Хоёр талын санхүүжилттэй, тэр хэрээрээ давхар давхар шаардлага шалгуур тавигддаг, дор хаяж хоёр хэлээр мэргэжлийн түвшинд өдөр тутамдаа эдгээр гүйцэтгэгчид, зөвлөхүүд, дэлхийн хэмжээний том компаниуд, инженерүүдтэй хэлэлцээ хийх ур чадвар шаардагддаг ийм төсөл. Энэ баг хамт олон зөвхөн дэд бүтцийн бус, харин Монгол-АНУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн илрэл болсон том төсөлд ажиллаж байгаа гэдэг хариуцлагаа өдөр бүр ухамсарлан маш өндөр ачаалал, сахилга баттай ажилладаг.

Эцэст нь, богино хугацаанд өндөр төвөгшилтэй төсөл хэрэгжүүлж байгаа тул нийцэл хангах нь чухал. Учир нь, байгаль орчин, нийгэм, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэг зөрчил гарсан л бол талбай дээрх ажлыг шууд зогсоох, тэр байтугай Америкийн талаас санхүүжилтээ зогсоох хүртэл хатуу үр дагавартай. Тэгэхээр бидэнд байгаа давчуу хугацаандаа энэ мэт зөрчлөөс болж ажлаа саатуулж, хугацаа алдахгүйн тулд нийцэлд маш их анхаарч ажилласан.

-Үүнээс гадна, АНУ-ын шинэ Засгийн газрын шалгуурыг та нар давчихсан байна. Олон улсын маш олон төсөл, хөтөлбөрийг зогсоосон. Гэтэл танай төсөл хөтөлбөр тэнцэж үлджээ?

-АНУ-ын Ерөнхийлөгчийн 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн “Гадаад тусламжийн санхүүжилтийг хянан үнэлэх” зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Мянганы сорилтын корпорациас дэлхийн 47 оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Гэхдээ түр зогсолтын энэ хугацаанд ч, АНУ-ын Төрийн Департаментаас Монголын Усны Компактын ач холбогдлыг чухалчлан үзэж, барилга угсралтын голлох ажлууд болон чухал шаардлагатай худалдан авалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх онцгой зөвшөөрөл олгосон юм. Улмаар энэ оны наймдугаар сард албан ёсоор Монголын Усны Компактыг төлөвлөсөн ёсоор санхүүжүүлэн дуусгах шийдвэрээ албан ёсоор мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газар, түүний дотор манай Удирдах зөвлөлийг тэргүүлдэг Сангийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс түр зогсолтоос үүдэн гарах урт, богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай нягт хамтран ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг авч байсан. Компактыг анх тохирсон байдлаар үргэлжлүүлэн санхүүжүүлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь АНУ-ын шинэ Засаг захиргааны зүгээс хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, гуравдагч хөршийн харилцаанд өгч буй ач холбогдол, манай хоёр орны иргэдийн хоорондох найрамдалт харилцаа, бат бэх холбооны нэг илрэл болоод зогсохгүй нөгөө талаас Монголын талаас Компактын хэрэгжилтэд онцгой ач холбогдол өгч, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, Усны Компакт олон бэрхшээлийг үл харгалзан өнөөгийн энэ амжилтад хүрээд байгааг үнэлж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.

Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудаас яг байгаа оносон шийдвэрүүдийг тухай бүрд гаргаж явсан нь энэ Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд эергээр нөлөөлж байна. Тухайлбал, буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа техник технологи, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх нь маш чухал. Сонсоход жижигхэн асуудал юм шиг санагдаж магад. Гэтэл татвараас чөлөөлөх гэдэг бол гүйцэтгэгч, нийлүүлэгчээс эхлээд нэлээд хэдэн байгууллага дамжсан, тэр хэрээрээ уялдаа холбоо шаардсан ажил. Ийм зохицуулалтыг шуурхай бий болгох, тэр ажлын урсгалаа өдөр тутамдаа тууштай баримтлаад явж байгаа нь төсөл, хөтөлбөр хугацаандаа амжилттай хэрэгжихэд маш чухал нөлөө үзүүлж ирсэн.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна

2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байгаагаас 305 вагон буюу 18,300 тонн...

img

8 цагийн дараа

Монголчууд ямар хүмүүстэй нүүр тулах вэ!

Эх сурвалжийг нь мартчихаж, уучлалт хүсье. Минийх гэдгээ шууд бичээрэй. Монголчууд биднийг маргааш хэн хүлээж байна вэ? Үүнд тэрээр ...

img

7 цагийн дараа

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 8-12-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48511 эрүүгийн хэрэгт х...

img

7 цагийн дараа

Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн

УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой бичиг ...

img

7 цагийн дараа

Европын Холбоо, НАТО-гийн төгсгөл

Нэрт улстөрч, нийтлэлч, профессор Рамиз Юнусын “Анти Мюнхен буюу Европын Холбоо, НАТО-гийн төгсгөл» нийтлэлийг орчуулан хүргэж байна...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд