Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Ц.Уртнасан: Төсвийн тогтвортой байдал, бодлогын нийцтэй байдлыг хангах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх ёстой DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2024 оны 10 сарын 26

img

14

news-img

Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Орон нутгийн сонгууль явагдаад өндөрлөлөө. АН-ын хувьд энэхүү сонгуульд хэр амжилттай оролцсон гэж бодож байна вэ?

-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд амжилт олоогүй. Сонгуулийн дүнг ганц үгээр илэрхийлж болох ч олон хүчин зүйлээс шалтгаалж буйг хэлэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, сонгогчдын ирц хангалтгүй, сонгогчдын “хэн ч сонгогдсон ялгаагүй” гэсэн хандлага зонхилох болсон, сонгогчдын хүлээлтийг хангах нэр дэвшигчдийг дэвшүүлээгүй, сонголтод нөлөө үзүүлэх бэлэг сэлт, мөнгө зэрэг материалаг зүйлсийг тарааж, нөлөөлсөн гэх мэт олон шалтгаантай.

-Хамтарсан Засгийн газарт АН орсноороо сонгуулийн үр дүнд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

-Ардчилсан нам Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг Намын дүрмийн дагуу Намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн. Орон нутгийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсүүдийн нэг нь сөрөг хүчний байр суурийг орхигдуулсан явдал байж болох юм. Сонгогчдын зарим хэсэг нь олонход илүү хүчтэй хяналт тогтоох эрмэлзэлтэй байгааг үгүйсгэж болохгүй.

-Нийслэлд АН ялагдлаа, МАН үнэмлэхүй олонх болсон. Энэ утгаараа нийслэл болон бусад шат шатны намаа удирдаж сонгуульд оролцсон дарга, удирдлагуудтайгаа танай нам хариуцлага тооцох уу?

-Манай намын дүрэмд Нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 60 хоногийн дотор нийслэл, аймаг, дүүргийн Намын дарга, Намын дэд дарга нарт хариуцлага тооцож, итгэл үзүүлэх эсэх асуудлыг тухайн шатны Намын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр заасан.

Харин Сумын ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд Сумын Намын даргыг огцорсонд тооцох дүрмийн зохицуулалттай. Намын дүрмийн дагуу асуудлууд шийдэгдээд явна гэж ойлгож байна.

-Шат шатны сонгууль явагдаад дууслаа. Одоо улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн асуудалдаа анхаарах цаг ирлээ. Юуны түрүүнд намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах ёстой. Таны хувьд шинэ парламент улсын төсөв батлахдаа юуг анхаарах шаардлагатай гэж бодож байна вэ?

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн хүрээнд зохион байгуулагдсан. Мөн энэ онд УИХ-аас Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлэх бодлого дэвшүүлсэн. Тиймээс 2025 оны Улсын төсвийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, нийслэл хотын замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах, говийн болон усан хангамж дутагдалтай бүс нутгийн усан хангамжийг сайжруулах зэрэг асуудлуудад түлхүү анхаарах ёстой гэж үзэж байна.

-Эдийн засгийг тэлэх 14 мега төслийг Хамтарсан Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс төрийн хувьд нэг цонхоор харж байгаа болохоор мега төслүүд хэрэгжих боломжтой гэж ойлгож байгаа. Таны хувьд эдгээр том төслүүдийн ач холбогдлыг хувьдаа ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?

-Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх эдийн засгийн өсөлтийг тэлэхэд ач холбогдолтой гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Дурдаад байгаа 14 мега төслийг төсвөөс болон гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр төсвийн зарлага нэмэгдэж, төсөв тэлснээр хувийн хэвшлийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх боломжоо хадгалах асуудлаа тооцоолсон гэж ойлгож байна. Ямар ч хүндрэл, сорилттой байлаа гээд Улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудаа ойлголцоод хамтраад ажиллах гэсэн хандлага, эрмэлзэл нь чухал юм.

-Танай намын хувьд ч тэр, эрх баригч намын хувьд ч тэр саяны сонгуулиар аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийг дэмжинэ, тэдэнд боломж, орон зайг нь олгоно гэж гарч ирсэн. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд энэ цаг үед тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол татварын асуудал байна. Тэр дундаа НДШ аж ахуйн нэгжүүдэд том дарамт болж байгаа талаар сүүлийн үед хүчтэй ярих боллоо. Таны хувьд өмнө НДЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн. НДШ-тэй холбоотой зохицуулалтыг төр ямар байдлаар хийх шаардлагатай юм бэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) бол татвар биш. НДШ-ийг хуримтлуулж, тухайн ажил хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн эрсдлийг хуваалцах санхүүгийн эх үүсвэрийг нөөцөлдөг. Энэ утгаараа Ажил олгогч, Ажилтан, Засгийн газрын оролцоотойгоор нийгмийн хамгааллын арга хэмжээний санхүүгийн нөөцийг НДШ хэлбэрээр цуглуулж, хуримтлуулж буй хэлбэр юм. Тиймээс НДШ нь татвараас эрс ялгаатай. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ дэлхийн улс орнуудад 13-37 хувь байхад манайд 17.0 хувь байгаа нь дундаж хэмжээ юм. Хэдийгээр НДШ төлөхөд төвөгтэй байгаа тухай 60 мянган ажил олгогчийн тодорхой хувь нь дурдаж байгаа ч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрт авч буй 500 мянган иргэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй 3 сая орчим иргэн, тэтгэмжийн үйлчилгээ авч буй 1 сая орчим иргэдэд үзүүлж буй нийгмийн хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг бүрдүүлж, эдгээр даатгуулагчид Нийгмийн даатгал (тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал)-ын үйлчилгээ хэлбэрээр үр өгөөжийг нь хүртэж, тэдний нийгмийн эрсдлийг хуваалцаж байгаа юм. Цаашид Нийгмийн даатгалын тогтолцоогоо сайжруулах замаар иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилтоо манай улс улам сайн хэрэгжүүлэх ёстой гэж би үздэг. Харин ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагаа нь зах зээл дээр чөлөөт өрсөлдөөний орчин бүрдүүлэх, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, Бизнес дэх Төрийн оролцоог бууруулах, Төр, хувийн хэвшлийн түншлэл, санаачилгыг дэмжих, Татварын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэлбэрээр хэрэгжих ёстой.

-Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгааг хэн хүнгүй хэлдэг. Гэвч иргэдийнх нь амьдралд тэрхүү эдийн засгийн өсөлт бодитой харагдахгүй, наалдахгүй байна гэдэг шүүмжлэл их бий. Яаж эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ амьдралд уялдуулах ёстой вэ?

-Эдийн засгийн өсөлт энэ онд 4.1 хувь орчим байна гэж таамаглаж байсан ч 5.5 хувьд хүрч, эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэр, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт дэмжих хандлагатай байна. Гэвч ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу ядууралд өртсөн байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл, хэдийгээр эдийн засгийн тодорхой өсөлт буй боловч иргэдийн аж байдалд эерэг өөрчлөлтөд нөлөө үзүүлж чадахгүй байна. Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын бодлого байгаа онохгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон боломжийг иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшлийг дэмжих талаарх Засгийн газрын бодлого зохицуулалт сул байгаад дүгнэлт хийж, өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

-Нөгөөтэйгүүр эдийн засаг өсч байна, экспорт нэмэгдэж байна. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш өндөр байна гэж байгаа. Энэ утгаараа угтаа ам.долларын ханш сулрах ёстой байтал эсрэгээрээ өдөр болгон нэмэгдэж байгаа нь ямар учиртай вэ. Ямар бодлого, ямар арга хэмжээ авч байж ам.долларын ханшийг буулгах вэ?

-Экспорт нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай үзүүлэлттэй байгаа ч валютаар төлөх өр төлбөр болон импортыг санхүүжүүлэх зэрэг шаардлагын улмаас валютын эрэлт буурахгүй байна. Валютын ханшийн өсөлт нь төгрөгөөр илэрхийлсэн бараа, үйлчилгээний үнээр дамжин иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Бүхэлдээ хэрэглээний зардал нэмэгдэх үндэс нь валютын ханшийн өсөлт юм. Бодитойгоор жижиг дунд үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох бараа, үйлчилгээг хөгжүүлж, дэмжих бодлогоо эрчимжүүлснээр төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм. Ер нь цаашид төсвийн тогтвортой байдал, бодлогын нийцтэй байдлыг хангах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх ёстой.

Э

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингис хаан музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ DNN.mn

Чингис хаан музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ. МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИЙН 9.1.Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүл...

img

8 цагийн дараа

Ч.Отгонтуяа залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Бөхийн чөлөөт барилдааны олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо үргэлжилж байна. Тэмцээни...

img

7 цагийн дараа

Нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарчээ DNN.mn

Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705...

img

7 цагийн дараа

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж мэдээллээ. Гэвч өнөө шөнө буюу энэ с...

img

7 цагийн дараа

10 настай англи хэлний багш Д.Аргабилэг: Англи хэлийг сурчихвал бусад зүйлийг сурахад амархан болчихдог DNN.mn

Насандаа баймгүй ухаалаг, хэрсүү, сэргэлэн хүү Д.Аргабилэгтэй ярилцлаа. Тэрээр англи хэлнээс гадна орос, япон, хятад хэлийг бие даан...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд