Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

“Да хүрээ” захынхан давлагаалж эхэлжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 26

img

1

news-img

Энэ удаагийн томилолтын тов автомашины Да хүрээ зах. Ирэх сарын 8-наас хэрэгжиж эхлэх автомашины дугаартай холбоотой асуудлаар сурвалжилга хийх даалгавар авсан юм. Ажлынхаа хойноос такси бариад автомашины анхны захыг зорилоо.


Зам зуурт хөлсний тэрэгний жолоочтой хөөрөлдөөд амжив. Гуч орчим жил жолоо мушгиж байна гэх эрээс ирэх сарын эхээр хэрэгжиж эхлэхээр болсон журмын талаар сонирхоход “Улаанбаатарын дугаар олгохгүй болж байгаа тухай сонссон. Үүнтэй зэрэгцээд шагийн үнэ нэмэгдэж таарна. Шинэ орж ирсэн машинд боломж олгоод хуучнаа жаахан шахах маягтай байвал болох ч юм шиг санагдах юм. Гэхдээ нийслэлд амьдардаг хүмүүст хотын дугаар өгөхгүй гэхээр орон нутгийн дугаар авч таарна. Тэгээд өдөр бүр 5000 төгрөгийн татвар төлөөд амьдрах боломж хүн бүрд бий юү. Дугаар олгохгүй гэхтэй зэрэгцээд нөгөө гар утасны дугаарыг зарна гээд өрчихсөн байдаг шиг жирийтэл бичсэн машины дугаар зарна гэсэн зар их байна” гэсэн юм. Тэрбээр “Яг адилхан хоёр машин оруулж ирлээ гэхэд нэг нь арай он залуутай байвал түүн дээр худалдааны албан татвар гээд өндөр биччихдэг.

Харин он хуучин машиныг нь онцгой албан татвараар асуудлыг шийдвэрлэнэ гээд бага хэмжээний татвар ногдуулахаар үнийн дүн нь адилхан болчих жишээтэй. Энэ мэтчилэн аливаа татвар нь мөнгө төгрөгтэй хүн дээр бус, жирийн иргэд дээр л дарамт болж тусах юм даа” гэж байна.

Ийн ярилцсаар бид “Да хүрээ” зах дээр ирлээ. Нийслэл хотын зүүн хойд хэсэгт нэлээд том талбайг эзэгнэн орших “Да хүрээ” зах төмөр хүлгийн уяа мэт зай завсаргүй машинд “даруулаастай” ч, машин сонирхож байгаа хүнгүй эл хуль байх аж. Эгнэн зогссон машины заримынх нь дэргэд ченжүүд хоёр гурваараа бөөгнөрч харагдана. Анхлан уулзсан ченж залуу өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд гурван ижил цагаан хүлгийг борлуулахаар зогсож байгаа гэнэ. Тэрбээр “Энэ шийдвэрийнхээ талаар 2-3 сарын өмнө мэдэгдсэн бол бид бас ажил төрлөө, бизнесээ зохицуулах байлаа. Үнэндээ энэ гэнэтийн шийдвэр бидний хувьд хүнд цохилт болж байна. Хилийн цаанаас оруулж ирнэ гэж захиалгаа өгсөн машин таталтад ч нөлөөлнө. Тэгэхээр иргэдээ хохироосон ийм шийдвэрийг гэнэтхэн гаргаж, богино хугацаа зарлан хэрэгжүүлж эхэлнэ гэдэг нь өөрөө хэлмэгдүүлэлт юм” гэж байлаа.

 

Тэнд байгаа автомашины ченж нар ч үүнийг дэмжиж байв. Ер нь арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлэх журмыг таатай хүлээж авч байгаа хүн тэнд алга. Тэгэхдээ залуус их ухамсартай хандлага гаргаж, нэг нэгээрээ үзэл бодлоо илэрхийлэх бус нийлж тэмцээд үр дүнд хүрэх ёстой хэмээгээд өөрсдийн төлөөлөлтэй биднийг уулзахыг хүссэн юм. Ингээд ченжүүдийн санал болгосны дагуу “Да хүрээ” зах дээр байдаг автомашин “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүнтэй уулзлаа.

Ц.Лхагважав: Төр нэг асуудлыг шийдэх гээд нөгөө талыг боймолж байгаа нь маш буруу үйлдэл


“Улаанбаатар хотын харьяалалтай машины дугаар олгохгүй” гэсэн журамтай холбоотойгоор “Эко автомашин импортлогчдын холбоо”ны тэргүүн Ц.Лхагважавтай ярилцлаа.

-Арав гаруйхан хоногийн дараа нийслэл Улаанбаатар хотод шинэ журам мөрдөгдөж эхлэх гэж байна. Энэ нь та бүхний ажил, амьдрал ахуйд хэрхэн нөлөөлөх бол?

-Мэдээж хүндээр нөлөөлнө. Бид чинь бизнес эрхэлж байгаа хүмүүс. Гэтэл энэ бизнес маань өнөөгийн нийгэмд яаж харагдаж байна вэ гэхээр түгжрэлийн дайсан мэтээр харагдаж байна. Монгол Улс чинь ардчилсан Үндсэн хуультай, чөлөөт зах зээлтэй орон. Үүний хүрээнд эрэлт байгаа учраас бид нийлүүлэлт хийж байна. Хэрэв эрэлт байхгүй байсан бол нийлүүлэлт байхгүй шүү дээ. Хүн болгон төрийн албанд байх албагүй, тиймээс ч өөрсдийн боломжоороо бизнес эрхлээд явж байна. Гэтэл төр нэг асуудлыг шийдэх гээд нөгөө талыг боймолж байгаа нь зөв үү, буруу юу. Жишээ нь, автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цаад талд шат дараалсан маш олон ажилтан ажиллаж байна. Мөн ганц автомашины бизнес бус банк санхүүгийн байгууллага, техник хэрэгсэл, дугуй гэх мэтчилэн хоорондоо гинжин холбоотой бизнесийн салбарууд байна. Гэвч энэ бүх бизнесийн салбарууд уналтад орох нь. Магадгүй ингэж хааж боогдуулсан шийдвэр гаргаад байвал Монгол Улс Хойд Солонгос шиг л болно биз дээ. Энэ рүү л чимээгүйхэн явж байна гэсэн үг. Өнөөдөр автомашины бизнесийг хүчээр хаалаа гэхэд маргааш өөр шийдэж чадахгүй асуудал гарч ирэхэд түүнийг яаж шийдэх вэ. Ийм байдлаар явахыг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэсэн асуудал ч гарч ирж байна.

-Тодорхой шийдвэр гаргахад мэдээжийн хэрэг асуудал хөндөгдөж байгаа хүмүүст тодорхой хугацааны өмнө танилцуулж, мэдэгдэх ёстой. Гэтэл та бүхэнд огт мэдэгдэхгүйгээр энэ долоо хоногт гэнэтийн шийдвэр гаргажээ. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Бид өчигдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээ харж мэдлээ. Орлогч дарга гээд шинэ нөхөр өөрөө ч асуудлаа бүрэн гүйцэд ойлгоогүй төдийгүй тайлбарлаж байгаа зүйлээ ч бусдад зөв ойлгуулж чадахгүй байна. Би өөрөө төрийн албанд хориод жил ажилласан туршлагатай. 2017 оноос эхлээд энэ салбарт ажиллаж байна. Уг нь бол хууль журмаа дагаад явбал бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудтайгаа ирж уулзаад нэгдсэн шийдвэрт хүрсэн бол бид үгүй гэхгүй харилцан зөвшилцөх байсан. Машины бизнес гэдэг хугацаатай бизнес бас их өвөрмөц онцлогтой. Бид үйлдвэрлэгч орон биш Японоос худалдаж аваад импортоор оруулж ирдэг. Гэтэл гааль дээр тээврийн гацаа үүсчихсэн 4 сард захиалсан машинаа ч Тяньжинаас авч амжаагүй байна. Ийм шийдвэр гарахыг мэдээгүй учраас Японд авчихсан зөндөө машин байна. Гэтэл бидэнтэй ярьж тохиролцсон зүйл юу ч байхгүй.

Хэрэв Төрийн төлөөлөл ширээний ард суугаад “Нийгмийн тулгамдсан асуудлаас болоод одоохондоо богино хугацаанд үүнээс өөр гарц гаргалгаа алга. Та бүхэн бизнес эрхлэгчдэдээ хэл, бид бас бизнес эрхлэгчиддээ хэлье. Энэ хугацаанаас цааш та бүхэн машин аваад хэрэггүй юм байна, хохирох нь байна шүү” гэсэн бол бид Төрөөс цаашид гаргах богино бөгөөд дунд, урт хугацааны бодлогод тохируулан үйл ажиллагаа явуулах боломжтой байсан.

Үнэндээ энэ асуудлын эх сурвалж нь юу вэ гэхээр өнгөрсөн оны 12 дугаар сард Х.Нямбаатар УИХ-д яаралтай гурав хоногийн дотор баталсан “Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” гэсэн урт нэртэй хуулиас эхтэй. Тэгтэл тэр хуулинд нь нийслэлд олгох импортын автомашины дугаарын хязгаарлалтыг Нийслэлийн Засаг дарга олгоно гэсэн зохицуулалт оруулсан байдаг. Үүний дагуу энэ нөхөр хоёрдугаар сарын 8-нд НИХ-аар оруулаад журам батлуулчихсан. Тэр үед бид эсэргүүцлээ илэрхийлээд хэвлэлийн хурал хийгээд ширээний ард сууя гэж очсон. Гэтэл үүнийг замхруулаад одоо хүчээр шийдэх гэж байна. Өчигдрөөс хойш надтай дугаар үйлдвэрлэгчдийн холбоо, автомашины бизнес эрхлэгчид гээд маш олон хүн утсаар холбогдож, “Та одоо бидний эрх ашгийг хамгаалаад ярилцаач дээ. Яах вэ? Бид эсэргүүцэл үзүүлэх үү, бүр болохгүй бол машин тэрэгтэйгээ жагсъя гэж байна. Би хариуд нь тэдэнд “Хуулийн хүрээнд асуудлаа болгох талаас нь судалъя. Бид та бүхний өмнөөс гараад эсэргүүцэл үзүүлнэ гэхээс илүүтэйгээр хуулийн хүрээнд зөвшилцөж ойлголцох юм юу байна, тэр талаас нь шийдье” гэж байгаа. Энэ нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа асуудал. Дээрх асуудлаар сонгуулийн дараа ширээний ард суугаад ярилцах болов уу гэсэн чинь үгүй л байна.

-Өнөөдөр энэ хашаанд байгаа машинууд бүгд дугааргүй байна. Энэ дугаарын асуудлыг яаж шийдэх вэ? Мэдээж хэрэг бүгд арваннэгдүгээр сарын 8-наас өмнө зарагдахгүй нь тодорхой шүү дээ?

-Одоо Монголд ороод ирчихсэн машинуудаас гадна цаана ирж байгаа машинууд бас байна. Энэ асуудлууд нь эргээд өч төчнөөн өр зээлтэй бизнес эрхлэгчид тэсэрч, хагараад нийгэмд асуудал үүсэх байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнийгээ тооцож үзээд шат дараатай асуудлыг шийдэж, хамтран ажиллаад явсан бол асуудал үүсэхгүй байх боломж байсан.

-Өдөрт хэдий хэр машин борлогддог вэ?

– Машин чинь өөрөө талх биш, жижиглэнгийн бараа биш тодорхой хэмжээний үнэтэй. Тиймээс өдөрт тэд, сард тэд гэсэн тодорхой тоо гарах боломжгүй.

-Одоо номергүй машин хүн авбал яах вэ?

-Мэдэхгүй шүү дээ. Тэр шийдвэр гаргасан хүн нь өөрөө мэдэхгүй байхад би хариулж мэдэхгүй байхгүй юу. Хязгаарлалаа гэж бодоход тэр авахыг хүсч байгаа иргэн бас эрхээ хязгаарлуулж байна. Энэ өнцгөөс нь хүмүүст сайн ойлгуулмаар байна. Тэгтэл яаж байна гэхээр энэ хотын удирдлагууд ч гэдэг юмуу дарга нар өөрсдөө түгжрэл ихэсчихлээ. “Энэ ченжүүд япон машин ихээр оруулж ирж борлуулснаас болж буруу рультэй япон машин түгжрэл бий болгож байна. Харин энэ асуудлыг МАН, эсвэл тэр дарга мундаг тул шийдэх гэж байна. Энэ дайснуудыг л устгах хэрэгтэй юм байна” гэх пиар маягийн юм хийж байна. Гэтэл ийм маркетинг хийлээ гэхэд маргааш та машин авахад, таны хүүхэд машин авахад тэр эрхээ давхар хязгаарлуулж байна гэсэн үг. Үүнийг ухаж ойлгуулах зүйл дээр нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ажиллах ёстой.

-Нөгөө талаас Улаанбаатар хотод амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс Улаанбаатарын харьяа дугаар авахгүй юм аа гэхэд орон нутгийн дугаар авах нөхцөл үүсч таарна. Гэтэл орон нутгийн дугаартай хүмүүс хоногийн таван мянган төгрөг төлөх журамтай. Энэ нь төрийн халаасанд мөнгө хураах бас нэг хэлбэр болж харагдаж байна?

-Ер нь бол тийм. Гол асуудал л наадах чинь шүү дээ. Төр гэдэг бол тухайн нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Шийдвэрлэж чадахгүй сүүлийн гучин жил өнгөрөхөд олигтой зам ч бариагүй. Харин эсрэгээрээ авлига л бий болж байна. Авлига аваад тэр нийгмийн баялгаас хулгай хийсэн дарга нар шийтгэл хүлээгээд дараагийн залгамж нарт сургамж өгөх үйлдэл нэг ч байхгүй. Тиймээс ч эцсийн арга хааж боогдуулах л арга гэж бодоод байна. Тэр хааж боолгож байгаа нь ихэвчлэн жирийн иргэд шүү дээ, бизнес эрхэлж байгаа нь эрсдэлээ үүрээд гарч байна. Муугаар бодоход жилийн дараа, хоёр жилийн дараа таны хүүхэд, миний хүүхэд машин авах гэхэд “Та Улаанбаатарт машин авах эрхгүй” гэнэ. Энэ чинь нийгмийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг байхгүй юу. Яаж вэ гэвэл боломжтой хэсэг нь зөв рультэй европ машинаа худалдан авч чадна. Гэхдээ боломжгүй хэсэг нь машин унах эрхгүй, та явган яв гэдэг л зүйлтэй нүүр тулна гэсэн үг.

-Утасны дугаар 9911-тэй нь үнэтэй барьцаа хөрөнгө болно гэдэг шиг машины дугаар жирийтэл нь өрчихөөд зарна гэсэн бизнесийн зарууд дэлгэрлээ гэж байна?

-Тэр дугаарын бизнес гэдэг чинь аль эрт эхэлсэн асуудал. Харин дуудлага худалдаагаар маш үнэтэй дугаарууд зараад байна. Тэндээс маш их төсөв хүүхдийн санд ч гэнэ үү ороод байгаа юм билээ. Тэрийг бас ухаад үзвэл зүгээр байна. Гэтэл тэр мөнгөөр юу хийх гэж байна, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэж болох ч шийдэхгүй байна. Бүгд л хулгайн замаар орж байна. Гэтэл тулгамдсан асуудлыг шийдэх арга нь ерөөсөө хааж боох байна. Тэр үнэтэй азын дугаарууд нь хэдийнэ 40-50 сая хүрсэн шүү дээ. Одоо тэр энгийн дугаарууд үнэд хүрэх гэж байна.

-Энгийн дугаарууд 40-50 мянга байдаг бол одоо шууд утгаараа Улаанбаатарын дугаарын үнэ суга өсөх нь дээ?

-Энэ шийдвэрийн үр дүн дахиад нэг нугалаа. Буруу шийдвэрээс үүдэлтэйгээр ийм нийгмийн завхрал үүсгэж байна.

– Хүн хотын захаас очоод машин авах, эсвэл дассан сурсан газараасаа машин авах бас өөр л дөө?

-Манайх бол Монголын анхны авто зах. Үүн дээр тулгуурлан дагалдах бизнесүүд нь хөгжчихсөн. Ганцхан “Да хүрээ”-г хүчээр нүүлгэе гэхээр бусад сэлбэг зардаг хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн юм байна лээ. 2018 онд судалгаа харж байхад 6000 орчим бизнесийн эрх ашиг, асуудал хөндөгдөж байна гэсэн тоо баримт гарч байсан шүү.

-Танай холбооны хүмүүс болон энэ бизнестэй холбоотой хүмүүс өчигдрийн мэдээнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Бүгд л одоо яах вэ гэж байсан. Зарим нь хүчээр шийдье, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжье, эд нар яахаараа ингэдэг юм гэсэн байр суурьтай байна. Харин манай холбооны хувьд хуулийн хүрээнд нь боломжит хувилбараар болдог бол яриа хэлэлцээрийн түвшинд л шийдье гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв энэ чигээрээ явна гэвэл тэр олон хүмүүсийн уур уцаарыг дарж чадахгүй шүү дээ.

Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ченжүүд эсэргүүцэж байгаагаа хэлж, энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна гэдгийг хэлсэн юм.

Тухайлбал, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж, нийгмийг талцуулж байна гэж тэд дүгнээд, “Да хүрээ” захад эсэргүүцлийн давлагаа эхэлсэн гэдгийг дамжуулсан юм.

Н.Саранчимэг

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингис хаан музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ DNN.mn

Чингис хаан музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ. МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИЙН 9.1.Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүл...

img

8 цагийн дараа

Ч.Отгонтуяа залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Бөхийн чөлөөт барилдааны олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо үргэлжилж байна. Тэмцээни...

img

7 цагийн дараа

Нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарчээ DNN.mn

Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705...

img

7 цагийн дараа

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж мэдээллээ. Гэвч өнөө шөнө буюу энэ с...

img

7 цагийн дараа

10 настай англи хэлний багш Д.Аргабилэг: Англи хэлийг сурчихвал бусад зүйлийг сурахад амархан болчихдог DNN.mn

Насандаа баймгүй ухаалаг, хэрсүү, сэргэлэн хүү Д.Аргабилэгтэй ярилцлаа. Тэрээр англи хэлнээс гадна орос, япон, хятад хэлийг бие даан...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд