Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Хүүхдийн зургаар эхэлж, хөргөөр алдаршсан Д.Цэрэннадмид DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 28

img

54

news-img

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ”

Зургийн цомог эргүүлэх бүрдээ ямар ч гуниггүй, гэнэн цайлган хүүхэд нас, гэрэл гэгээ, сайхан бүхэн рүү тэмүүлсэн залуу насаа харах сайхан биш гэж үү. Хүмүүний амьдралын цаг хугацаа, дурсамж бүхэн гэрэл зургийн хальсанд мөнхөрч үлддэг нь гайхалтай. Эргүүлээд харах бүрдээ амьдралын жаргалтай болоод алдаа оноотой тэр л үеэ нэхэн санадаг учир гэрэл зураг үнэ цэнтэй. Харин тэрхүү он цагийн дурсамжийг мөнхлөн үлдээж, түүх бүтээдэг хүн нь гэрэл зурагчин юм. Жижигхэн аппаратаа үүрч гараад, жирийн бус жинхэнэ бүтээл дарахын төлөө хөдөлмөрлөдөг Монголын үе, үеийн гэрэл зурагчдын түүх арвин билээ. Харин тэдний тэргүүн эгнээнд “давхиж”, олон улсын гэрэл зурагчдын уралдаанаас эх орондоо анхны гранпри шагналыг авчирсан, Монголд цөөхөн байдаг эмэгтэй гэрэл зурагчдын нэг нь Соёлын болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Дугаржавын Цэрэннадмид ажээ. “Зууны мэдээ” сонин ээлжит “Амьдралын тойрог” булангийнхаа микрофоныг түүний гэрт асааж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хүүхдийн гэнэн цагаахан гэрэл зургаас эхэлж, Монголын урлаг соёл, спорт, утга зохиолын шилдгүүдийн хөргийг дарж, залуу насыг нь “мөнхөлсөн”,  амьдралынх нь түүхийг сийрүүлэн сонины хуудаснаа бичиглэж сууна.

Дөрвөн настай унаач

Амьдралынхаа 50 гаруй жилийг гэрэл зурагтай холбож, хэвлэл мэдээллийн салбарт ажилласан Д.Цэрэннадмид Хэнтий аймгийн уугуул нэгэн. Аав Дугаржав нь хурдан удмын адуугаараа нутагтаа алдартай, уяач хүн байсан ажээ. Ижий нь 18 хүүхэд төрүүлсэн бөгөөд Д.Цэрэннадмид айлын отгон охин болж мэндэлжээ. 12 ах, эгчийн хайр, энхрийлэлд хүн болсон ч, хэзээ ч ажлаас зугтаж, хойш сууж үзэлгүй хөдөлмөрч нэгэн болж, хүмүүжсэн тухайгаа дурсан ярьсан юм. Адуунд эрэмгий аавын охин учраас түүний хүүхэд насыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй гэнэ. Дугаржав гуай хүүхдүүдээ дөрвөн нас хүрэхээр нь морь унуулж сургадаг байжээ. Ингээд нэг жил морьтой нөхөрлөсөн хүүхдүүд ирэх жилээс нь хурдан морины нуруун дээр гарах эрхтэй болдог байсан гэнэ. Бага охиных нь хувьд ч энэ уламжлалын дагуу таван нас хүрээд хурдны морь унаж, сумынхаа наадмын айраг, түрүү хүртсээр 15 нас хүрсэн гэнэ. Тэрээр “Бага байхдаа орой бүр морь тарладаг байснаа мартдаггүй. Энэ нь уясан мориныхоо хүч чадлыг үзэж, 100-200 метр давхиулна. Хөлрөхөөр нь уяагаа тойруулаад морио гишгүүлж, хөлсийг нь хатаана гэсэн үг л дээ. Үүнээс гадна хөдөөний хүүхдүүд чинь гүүгээ саана, айргаа исгэнэ, эсгийгээ хийнэ. Миний хүүхэд нас ингэж л өнгөрсөн” хэмээн дурссан юм. Түүнийг гэрэл зурагчин болоод удаагүй байхад Унгарт олон улсын гэрэл зурагчдын чуулган болжээ. Тухайн үед ирсэн зочдыг морин спортын төвтэй танилцуулахад Д.Цэрэннадмид томсик морь унаж, монгол эмэгтэйн эд хавыг гайхуулж байсан сайхан дурсамж байдаг ажээ. Дугаржав гуайн гэргий 13 хүүхдээ ажил хөдөлмөрт сургана. Ингэхдээ унтахдаа цамцаа толгойныхоо дээр, өмдөө хөлийнхөө дор эвхэж тавиад унтахыг захидаг байсан гэнэ.  Зуны цагт хүүхдүүд нь ихэвчлэн газраар зулна. Хүүхэд бүхэн өөр, өөрийн аягатай. Хэрэв хүүхдүүд нь ээжийнхээ захисан ёсоор хувцсаа эвхэж тавьсан байвал өглөө бүр өнөөх аяга нь ёотонтой угтдаг байжээ. Харин эсрэгээрээ ээжийнхээ үгэнд ороогүй хүүхдийн аяга хоосон байдаг байсан гэнэ. Ингэж л ижий аав нь хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрт сургасны хүчинд тэдний хашаа, хороо ширхэг ч хоггүй цэвэрхэн байдаг байжээ.  Өдгөө Д.Цэрэннадмид гуай ч ээж ааваасаа сурсан энэхүү зангаараа үр хүүхэд, ач зээгээ ажил хөдөлмөрт сургаж, өөрөө үлгэрлэж явна.

Ленинградаас “ирсэн” анхны аппарат “Кристал”

Д.Цэрэннадмид ханьтайгаа дунд сургуулийн нэг анги ажээ.

Д.Цэрэннадмид заяаны ханьтайгаа дунд сургуулийн нэг анги байжээ. Тэрээр ангийнхаа хүүхдүүдээс нуруугаар намхан. Жагсаалын дороосоо гуравт зогсоно. Харин хань нь ангийнхаа хамгийн өндөр хөвгүүн нь. Хонгор бага наснаасаа ижилдэн дассан тэд таван хүүхдийн ижий, аав болсон байна. Ахлах ангиа төгсөх жил Д.Цэрэннадмид сургуулийн хуваарь авч чадсангүй. Харин хань О.Чанцалсүрэн нь онц сурдаг байсан учир Ленинградын Цахилгааны их сургуулийн хуваарь аваад явжээ. Хайртай хүнээ үдэн гаргаж өгөхдөө тэрээр анхны үрээ тээснээ мэдээгүй үлдсэн гэдэг. Ингээд түүнийхээ араас захидал бичиж, аав болох гэж байгааг нь анх дуулгаснаа дурссан юм. Энэ тухайгаа Д.Цэрэннадмид “Хүний амьдралд сайн хань гэдэг хамгийн чухал. Би азаар их сайн хүнтэй учирч, нэг насаараа жаргаж амьдарсан хүн. Хань минь над руу нэг ч удаа муухай харж, муухай үг хэлж байсангүй. Өдгөө үр хүүхдүүд минь ч ааваасаа хойш намайг зовоосонгүй. Тус тусдаа өөрсдийн амьдралаар сайхан л амьдарч явна” хэмээн ярьсан юм.    Д.Цэрэннадмидын хувьд хүүхэд байхаасаа л гэрэл зураг сонирхдог байжээ. Сургууль дээр нь ирсэн сонины гэрэл зургуудыг хараад суучихна. Ханийнхаа энэхүү хүслийг анзаарч харсан нөхөр нь анх Ленинградаас нэгдүгээр дамжаагаа төгсөөд ирэхдээ нэгэн жижигхэн хар “Кристал” гэсэн аппарат авчирч өгчээ. Ийнхүү анх хэрхэн гэрэл зураг авч, боловсруулахыг ханиараа заалгасан гэдэг. Тухайн үед том охин нь дөнгөж хоёрхон сартай байсан учир ихэвчлэн оройн цагаар авсан зургаа боловсруулна. Ийнхүү зураг дарах бүрийд энэхүү урлагт дурласаар 1962 онтой золгожээ. Энэ үед дөнгөж хотод ирээд тэр үеийн гэр ахуйн багшийн курст суралцаж, багшийн үнэмлэх “өвөртөлсөн” байна. Сургуулиа төгсөөд 28 дугаар сургуулийн 5-6 дугаар ангийнханд хичээл зааж эхэлжээ. Ихэвчлэн охидыг хоол хэрхэн хийх, хувцсаа яаж оёх зэргээр ахуйн төлөвшилд сургана. Энэ хугацаандаа ч тэрээр гэрэл зургаа авсаар байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ чиглэлээр ажиллах боломж хайсаар тухай үеийн “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Н.Лувсандоржтой 1968 онд анх уулзсан байна. Д.Цэрэннадмидын хувьд тэр үед ихэвчлэн хүүхдийн зураг авдаг байжээ. Гэртээ байхдаа өөрийн хүүхдүүдийг хальсанд буулгаж байсан бол сургууль дээрээ очоод шавь нарынхаа гэрэл зургийг дарна. Ер нь уран бүтээлийн гараагаа хүүхдийн зургаар эхлүүлсэн нэгэн юм. Н.Лувсандорж гуайд эдгээр зургаа үзүүлж, гэрэл зурагчин болох хүсэлтэй гэдгээ дуулгажээ. Гэтэл хэд хоногийн дараа гэрийнх нь утас дуугарснаар “Монцамэ” агентлагт лаборант хийх санал тавьснаар  хэвлэл мэдээллийн салбарт анх хөл тавьжээ.

“Азийн хүүхдүүд” наадмын гранпри шагналтан

“Өглөөний дасгал” 1975 он
“Минийхээс гоё бас байдаг аа” 1991 он.
“Амжаад цайлцгаая” 1985 он.

Тухайн үеийн цаасан хэвлэлд ажиллаж байсан сэтгүүлчдийн ажлаас цухас дурдвал гэрэл зургийн сурвалжлагч хальсаа угаана. Ингээд тэмдэглэгээ хийгээд лаборантад өгнө. Лаборант түүнийг нь цаасан дээр буулгах чухал үүргийг гүйцэтгэдэг байжээ. Энэ хугацаанд ажлынхан нь түүнийг зураг дарах сонирхолтойг нь мэддэг тул хааяа нэг зурганд явуулна. Д.Цэрэннадмидын хувьд өөрийнх нь дарсан зураг “Новости Монголии” сонинд нийтлэгдэхэд хамгийн их баярладаг байсан гэнэ. Тухайн үеийн “Монцамэ”-ийн бүрэлдэхүүнд тэрээр Н.Лувсандорж, Д.Норовдорж, С.Батсүх, н.Сүхээ зэрэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байв. Эдгээр хүмүүсээс суралцаж, өдрөөс өдөрт ур чадварын хувьд өсөн нэмэгдсээр. 1970-аад оны тэр үед сонин сэтгүүл дээр гарах гэрэл зургийг заавал төв хороогоор батлуулдаг уламжлалтай байжээ. Хэрэв нүдний харц, гарын хөдөлгөөн буруу байвал баталж өгөхгүй. Буцаж ажил дээрээ очоод дахин зургаа шүүнэ. Ингээд батлуулсан зургаа н.Гэлэнхүү гэсэн хэвлэгчид өгч, сонин дээрээ нийтлүүлснээр тэр өдрийн ажил нь дуусдаг байсан гэнэ. Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд Монгол Улсад анх удаа олон улсын уралдаанаас гранпри шагнал авчирсан гавьяатай нэгэн. 1978 онд Япон улсаас “Азийн хүүхдүүд” гэсэн хүүхдийн сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлажээ. Шагнал нь “Никон”-ын шинэ аппарат. Д.Цэрэннадмид ч гэрэл зурагчин бүрийн хүслэн болсон тэрхүү аппаратыг авахыг хүснэ. Нэгдүгээр сард зургаа илгээсэн ч хариу байдаггүй. Тэгээд л мартчихаж. Гэтэл долоодугаар сарын нэгэн өдөр хальсаа боловсруулаад сууж байтал хэлтсийн дарга Санжмятав гуай гранпри шагнал авсан баярт мэдээг дуулгажээ. “Өглөөний дасгал” хэмээх энэхүү зургийн түүхийг сонирхвол, гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмид Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажлаар явж байхдаа буулгажээ. Сумын нэгэн айлд ороход гэрийн эздээс илүү гадаа орны бүтээлэг дээр нарлаж байсан хүүхэд нь анхаарлыг нь татсан байна. Ингээд бяцхан хүүг яг эрхий хуруун дээрээ тогтоод, сунайх мэт үйлдэл хийхэд нь буюу эгзгийг нь тааруулж хальсандаа буулгаснаар энэхүү зураг “төрсөн” байна. Үүнээс гадна Д.Цэрэннадмид 1975 онд ч мөн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын гэрэл зурагчдын ур чадварыг анхлан олон улсад сурталчлан таниулсан байдаг. Ийнхүү камераа үүрэн зургандаа гарч, “Монцамэ” гэх Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажилласан тэрээр 1990 оны ардчиллын салхи сэвэлзэхтэй хамт гавьяаны амралтдаа гарчээ.

Хүүхдийн зургаас хөрөг рүү шилжсэн нь

Д.Цэрэннадмидыг гавьяаны амралтдаа суугаад удаагүй байтал “Монголын зохиолчдын эвлэл”-ээс “Утга зохиол” сонинд ажиллах санал тавьжээ. Энэ үеэс түүний гэрэл зургийн салбарт “Хөрөг”-ийн мастер гэсэн нэр автлаа алдаршсан амьдралынх нь дараагийн үе эхэлсэн байдаг. Тэрээр хөрөг зураг авах тухайд “Зургаа авахуулах гэж байгаа хүнийг наашаа хар чиний зургийг авна гээд хэлчихээр биеэ барих, сандрал нь улам нэмэгддэг. Харин хэн нэгэнтэй ярьж байхад нь ч юм уу дарахад хамгийн сайн зураг гардаг. Миний хувьд зураг дарахдаа хамгийн эрхэмлэдэг зүйл бол нүд. Нүд гэдэг хүнийг харах толь байдаг шүү дээ” гэсэн юм. Д.Цэрэннадмидын зургийн архивыг харахад урлаг соёл, спортоос эхлээд утга зохиол, улс төрийн зүтгэлтнүүдийн хөрөг зураг их байх ажээ. Тэдгээр зургийг эргүүлж суухад хүний залуу нас гэдэг зөвхөн гэрэл зурагт л мөнх үлдэх юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Тухайн үед тэдгээр алдартнууд өөрсдөө гэрэл зурагчин Д.Цэрэннадмидыг зорьж ирээд, патиараа татуулдаг байсан гэнэ. Түүний 1985 онд авсан “Амжаад цайлцгаая” гэсэн зурагт гэрт хоёр ишиг ширээний ард сууж байгааг дүрсэлжээ. Сайн харвал нэг нь ширээн дээрх өрөмнөөс амсаад, хэлээ долоож байх юм. Энэхүү зургийн тухайд Д.Цэрэннадмид “Энэ зураг бол надаас хамгийн их тэсвэр тэвчээр, ур ухаан шаардаж бүтсэн. Нэг удаа ажлаар хөдөө явж байгаад нэг малчин айлд очсон юм. Өглөө эхнэр нь надад өглөөний цай бэлдэж өгчихөөд саалиндаа гартал хөөрхөн хоёр ишиг ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалгаа хаагаад эгзэгтэй мөчийг хүлээж байгаад дарсан” гэв. Үүнээс гадна түүний зургийн цомогт Б.Явуухулан, Э.Оюун, Б.Лувсаншарав, Ш.Дулмаа гэсэн алдарт зохиолчдоос гадна Зууны манлай, эстрадын дуучин Б.Сарантуяа, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн бүх гишүүдийн хөргөөс эхлээд жинхэнэ түүх өгүүлсэн хөрөг зургууд өөдөөс инээмсэглэн ширтэх нь гайхалтай.

Ю.Цэдэнбал дарга анхны үзэсгэлэнг нь үзжээ

Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд энэхүү он жилүүдийн хугацаанд хэд хэдэн удаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн байдаг. Үүнээс 1990-ээд онд хийсэн анхны үзэсгэлэнгийнхээ тухай онцлон ярьсан юм. Энэхүү үзэсгэлэнг Ю.Цэдэнбал дарга ирж үзсэнийг хэзээ ч мартдаггүй гэв. Д.Цэрэннадмид “Би Ю.Цэдэнбал даргатай 1970-аад оны үед Орос руу хамт томилолтоор явж байсан юм. Гэтэл дөнгөж үзэсгэлэнгээ нээтэл Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд төрийн хамгаалалтын хувцастай хүмүүс ороод ирсэн. Гайхаад эргээд хартал Ю.Цэдэнбал дарга ороод ирчихсэн үзэсгэлэн үзээд явж байсан” хэмээн дурссан юм. Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд Монголын анхны гэрэл зургийн хувийн “Хөрөг” студийг байгуулан ажиллуулж байжээ. Энэхүү саналыг зохиолч, зураач Саруулбуян түүнд тавьжээ. Д.Цэрэннадмидын хувьд энэ хугацаанд хэзээ ч хүнээс мөнгө авч, зургийг нь дарж байсангүй. Тиймээс эхэндээ нэг л чадахгүй юм шиг санагдаж, татгалзаж байсан удаатай. Тухайн үеийн алдартнуудаас тэрхүү студид нь зургаа даруулаагүй хүн тун ховор гэнэ. Уран зургийн галерейн жижүүрийн хажуу дахь жижигхэн өрөөнд хоёр жилийн турш хүмүүс бужигнаж, Д.Цэрэннадмид үйлчлүүлэгчдээ ч дийлэхээ байжээ. Ингээд хоёр жилийн дараа студиэ өөрийн охиндоо өгснөөр төрөлх нутгаа зорьсон байна. Өдгөө ч “Хөрөг” студийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Харин гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд өдгөө ч гэрэл зургаа авсаар. “Никон”-ын жижигхэн хөөрхөн аппаратаа бариад сав л хийвэл зургаа дарж сууна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзлаа DNN.mn

Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдааны хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотноо...

img

7 цагийн дараа

Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгу...

img

6 цагийн дараа

Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2024 оны арванхоёрдугаар сарын...

img

5 цагийн дараа

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум суурин газрын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж, стандарт...

img

4 цагийн дараа

Сүхбаатарын талбай-Скай ресорт, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд автобус явж эхэллээ DNN.mn

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор  энэ бямба гараг буюу 12-р сарын 21-ний өдрөөс “Сүхбаатарын талбай- Скай ресорт̶...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд