мэдээ
Л.Оюун: Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр ачааллыг ард түмэнд үүрүүлдэг нь буруу

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 5 сарын 01

55

Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Татварын дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна. Сонгуулиар нэг ч татвар нэмэхгүй гэж гарч ирсэн улстөрчдийн амлалт биелсэнгүй. Ард түмнээ амар тайван, сайхан амьдруулах ёстой парламентын гишүүд татвар бууруулах талаар ам нээхгүй байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Татвар нэмэхгүйгээр татварын суурийг нэмэх нь зүйтэй.
НӨАТ гэдэг эдийн засгийн хэрэгслийг ашиглаад татварын суурийг нэмж болно. Улс оронд бүртгэл их чухал. Манай улсын мөнгө хаана явж хаанаас хаашаа орж, юунд зарцуулагдаж байгааг мэдэхэд НӨАТ-аар дамжуулж болно.
НӨАТ-ын үүрэг ерөөсөө бүртгэл. Бас дахиад бүртгэл. Мөнгөний бүртгэл. Мөнгөө хаана явааг мэдэхгүйгээр эдийн засгийг удирдах тухай яриад ч утгагүй. Нэг хэсэг нь НӨАТ-ын баримт гаргаад, нэг хэсэг нь гаргахгүй байна гэдэг бол байж болохгүй асуудал. Бүгдийг бүртгэлжүүлэх механизм хэрэглэхгүй ямар их удаж байна аа. Ер ойлгогдохгүй, тайлбарлагдахгүй юм энэ байна. Нэг жишээ байна. 100 айлын зах, бусад бүх зах дээр НӨАТ-гүй үнэ, НӨАТ-тай үнэ гэж хоёр үнэ байна. энэ байж болохгүй үзэгдэл. үүнээс болоод жижиг, дунд, бизнес эрхлэгчид асар их хохирдог. энэ мөнгөний урсгалыг бүртгэчихвэл эдийн засагт маш том асуудлууд шийдвэрлэгдэнэ. Мөнгөний шилжилтийн замаар яваад мөнгө хаанаас гараад, хаашаа очоод, юу бүтээгээд байгааг мэдэж авдаг. үүнийг хийж чадвал авлига, мөнгө угаах өөр юу байдаг юм бүх муу мөнгөнүүд байхгүй болно. Мөнгө бүртгэхгүй байх сонирхол хэнд байна гэдэг ч ойлгомжтой байна.
-Татвар бууруулах ямар боломжууд байгаа вэ?
-Татвар нэмлээ гээд ямар өөрчлөлт эдийн засагт гарч байна. Тэрийг мэдмээр байна. Төсвийн орлого нэмэгдэнэ гэнэ. энэ мэдээжийн асуудал. Тэгээд төсвийн орлого, төрийн мөнгө “уйлахгүй” юманд зарцуулагдана. Тэгэхээр миний хариулт бол татварыг сонгуулийнхаа амлалтын дагуу битгий нэмээч ээ гэж хэлнэ. Сонгуульд яагаад татвар нэмэхгүй гэж амладаг вэ гэхээр хүмүүсийн амьжиргаанд дарамт учирна гэдгийг мэдэж байгаа учраас тэгж амладаг. Тэгээд яагаад сонгогдсон хойноо татвар нэмээд байгаа юм бэ.
-Эдгээр татварыг бууруулснаар эдийн засагт ямар эерэг үр дүн гарах бол?
-Хүмүүсийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ. Ард түмэн хэрэгцээгээ хангана. хөгжинө, эрүүл сайхан амьдрахад зарцуулах мөнгөтэй болно.
-Удаан хугацаанд тогтвортой байсан ам.долларын ханш огцом өссөн. Бид валют олохын тулд юу хийх ёстой вэ?
-Ам.долларын урсгалыг Монгол руу татахын тулд экспортын барааг нэмэгдүүлэх л арга зам байдаг. Иймд засгийн газраас экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, бараагаа экспортолдог аж ахуйн нэгжүүдээ санхүүжилт, татвар, хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглах хэрэгтэй. Маш бодитой дэмжлэг чухал. Аж ахуйн нэгжүүдийг бараагаа экспортод гаргах сонирхолтой болтол дэмжих хэрэгтэй.
-Инфляци яахаар байна. Яавал буурах вэ?
-Инфляци юунаас болж гарав гэдэг дээр шинжилгээ хийх, түүн дээр үндэслэн авах арга хэмжээгээ боловсруулах, хэрэглэх хэрэгтэй. Манайд сая инфляци өсөхөд цахилгааны үнийн өсөлт нөлөөлсөн. Зардлын инфляци гаргахгүй байх арга хэмжээг засгийн газар л авч чадна. Тэгэхээр засгийн газрын гаргаж байгаа инфляци гэж нэр өгвөл оновчтой болох байна. Эрэлтийн инфляци буюу хэрэгцээний эрэлт үүссэнээс үнэ өсч байвал улс орон хөгжиж байдаг. Өсч байгаа хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, өртөг үйлдвэрлэж байдаг. Энэ үед улс орон л хөгжинө.
-Цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл иргэдийн амьжиргаанд асар хүнд туслаа. Эрчим хүч 300 хувь нэмэгдсэн гэж байна. Ингэхэд энэ нэмэгдсэн мөнгөөр яг юу хийгээд байна вэ?
-Эрчим хүч 300 хувь нэмэгдсэн гэж байгаа. Цахилгааны үнийг өсгөснөөр орж ирсэн мөнгө хаана байна, тэр нэмэгдсэн мөнгөөр яг юу хийгээд байна вэ. Юу хийх ёстой вэ гэдгийг тодруулмаар байна. Үүнийг засгийн газар тайлагнах хэрэгтэй. Болж өгвөл яаралтай сонсгол хиймээр байна. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал ба түүний аюулгүй байдлыг бэхжүүлэхтэй холбогдсон зарим асуудлыг энд хөндөж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд, өөрөөр хэлбэл гал алдахгүйн тулд цахилгааны үнийг нэмсэн гэж бид ойлгож байгаа. Үнэхээр энэ асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол тэсээд л гарна. Гэхдээ эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр ачааллыг ард түмэнд үүрүүлж шийддэг нь буруу. Засгийн газар үүнийг хариуцаад явах байсан. Энэ үйлдвэрлэл улсын өмчит үйлдвэр шүү дээ. Цахилгаан үйлдвэрлэл нь орчин үеийн нийгмийн амьдрал, үйл ажиллагааны амин сүнс болох учраас эрчмийн хангамжийн аюулгүй байдал улс орны үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэгт зүй ёсоор багтдаг байна. Иймээс цахилгаан эрчим хүч бол стратегийн ач холбогдолтой үйлчилгээ. Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал алдагдсанаас хүмүүс олон тоогоор өвчлөх, нас барах, үйлдвэрлэл, үйлчилгээ хаагдах, томоохон хот суурин, бүхэл бүтэн бүс нутгийн иргэдийн ажил, амьдралын хэвийн горим алдагдах, нийгэмд тогтворгүй байдал үүсэх, эдгээр гамшиг үндэсний шинж чанартай болж, хүрээгээ тэлэх гэх мэт аюултай байдаг байна. Манайд цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдсэнээр утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдлын асуудал шийдэгдэнэ. Тэгээд тэр цугларсан мөнгөний зориулалт юу байсан, ямар асуудал шийдвэрлэх гэж цахилгааны үнийг нэмсэн, одоо хэдэн төгрөг цугласан, тэр мөнгө хаана байна гэж асуумаар, тайлан тавиулмаар байна. Өмнө нь байсан алдагдлаа нөхөж байна гэж хариулах байх. Дахиад хэлье. засгийн газар тэр алдагдлыг нөхөх, эрчим хүчний үйлдвэрлэлийг хариуцах ёстой.
-Ирэх өвлөөс дулааны үнийн нэмэгдэл хэрэгжиж эхэлнэ. Тэр үед бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Цахилгааны үнийн нэмэгдэл, татварын дарамтаас болж аж ахуйн нэгжүүд хаалгаа ар араасаа барьж байна. Нэмээд дулааны үнэ өсчихөөр Монголд амьдрахын аргагүй болох нь ээ дээ?
-Засгийн газар дулааны үнэ нэмэх үндэслэлээ маш тодорхой ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Мэдээлэл их чухал байна. Бид хардаж байна. Хардах бүрэн үндэслэл байна.
-НДШ, НӨАТ, татварын дарамт Монголд бизнес эрхлэх боломжуудыг устгаж байна. НДШ, НӨАТ-ыг бууруулах ямар шийдэл байж болох вэ?
-Татвар нь эргээд татвар төлөгчдөд үйлчилж байвал хүмүүс ойлгоно. Тийм үр дагавар гарахгүй, харагдахгүй болохоор татвар өсөх нь хүмүүст дарамт болоод байна. Татварын мөнгө уйлахгүй гээд хамаагүй зараад байна. Нийгмийн сайн сайхан, ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар хийж байгаа үйлдлүүдээ мэдээлж байх хэрэгтэй. Татвараар засгийн газар нийгмийн хэрэгцээг хангах эх үүсвэрээ бүрдүүлдэг. Засгийн газраас хийж бай гаа зүйлээ тайлбарлаж танилцуулж байх нь хүндэтгэл шүү дээ. Хэлээд байхад чихгүй толгойлоод дуугүй байгаад байна гэдэг бол үл тоомсорлол болно. Сэтгүүлч нар л үүний хойноос хөөцөлдөж, асуудлыг босгож, тайлбарлаж ажиллах юм. Тэдний үүрэг нь ч байх. Өөр хэн ч энэ тал дээр санаачилгатай ажиллахгүй л байна л даа. энд бие даасан институци ажиллах ёстой. НДШ иргэдэд нэлээд ач холбогдолтой. Тэтгэвэрт гарахдаа хэрэглэнэ, гэнэт ажлаас халагдах юм уу гарахад ажилгүйдлийн тэтгэлэг гурван сар авчихна, зээл авахад орлоготой гэдгийг нь батална. Ажил олгогчдод дарамт болж байдаг. Үгүйсгэхгүй. Олон улсын туршлагаар Солонгос улсын жишээнээс харахад, хүмүүс нь тогтвор суурьшилтай ажилладаг компанийн төлөх НДШ-ийг бууруулж, харин ажилчид нь тогтдоггүй газрын НДШ-ийг нэмж байдаг юм билээ. НДШ-ийн эдийн засгийн үүрэг энэ л дээ. Ажилчид нь тогтвортой ажиллаж байвал цалинтай, орлоготой байна. Засгийн газрын ачаалал хөнгөрнө. эсрэгээрээ ажилчидаа халаад, тогтоодоггүй компани засгийн газрын үүргийг хуваалцаад хүмүүс ажилгүй болоход хэрэглэх мөнгийг бүрдүүлэлцэж байх хэрэгтэй гэсэн утга энд явж байна. Японд хүмүүс нэг компанид насаараа ажилладаг тог толцоо мөн энэ утгаар тайлбарлагдана. Аливаа эдийн засгийн арга хэмжээний үлдээх үр дагаврыг ёсоор нь байлгах механизм манайд байхгүй учраас иргэд татварын нэмэлтийг дарамт гэж ойлгоод байна. Бүр энгийнээр хэлбэл, татвар нэмэгдээд ард иргэдийн амьжиргааг сайжруулаад байвал татварыг бараг дуртайяа төлнө. Татвар нэмэгдсэний хэрээр, төлснийхөө хэрээр төрөөс үйлчилгээ авдаг, тав тухтай орчинд, цэцэрлэгтэй, сургуультай хороололд амьдардаг болчихвол татвар нэмж болно. үгүй тохиолдолд дарамт болно. Татвар байхгүй бол улс оронд юу болох вэ гэвэл НДШ, НӨАТ-ын нийгэм эдийн засгийн мөн чанарыг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ талаар суралцах л хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”





“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар с...
8 цагийн дараа
Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч байна
Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ ...
7 цагийн дараа
Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хү...
7 цагийн дараа
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.01) Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап...
6 цагийн дараа
Жолооч нарын анхааралд!
Оргил ачааллаас бусад цагт автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй соёлгүй жолооч юм! Ж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Хуц

Зочин
Иргэн баян бол улс баян. Иргэдээ сонсдог нийгмийг ардчилал гэнэ