мэдээ
Л.Мөнхзул: Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлогыг бий болгох хэрэгтэй

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 5 сарын 01

28

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзултай ярилцлаа.
-Танай яамны хувьд сүүлийн үед ямар ажил, хуулийн төсөл дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Манайх чинь өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэдэг нэртэй байсан. Харин 2000 оноос хойш Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, нэг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн нэртэйгээр явж ирсэн. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үед Гэр бүл гэсэн овог нэмэгдсэн. Бидний явуулж байгаа хөдөлмөр болон нийгмийн хамгааллын бодлого дотор хүн амын хөгжлийн, хүүхэд хамгааллын бодлого, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан бодлого давхар явдаг. Хүн амд чиглэсэн эдгээр бодлогыг гэр бүлд суурилсан байдлаар авч үзэх ёстой гэж үзээд Гэр бүлийн яамыг бий болгосон байх. Нөгөө талаасаа Монгол Улс төдийгүй хүн төрөлхтний хүн ам зүйн бүтцэд маш их өөрчлөлт орж байна. Дэлхий даяар төрөлт буурч, насжилт нэмэгдсэн. Манай улс ч насжилт руу хэвийж байгаа. Энэ өөрчлөлтөд бид бэлэн байхын тулд өнөөдөр хүн амын бодлогоо гэр бүлд суурилсан байдлаар төлөвлөх ёстой болоод байгаа юм. Яагаад гэхээр хүүхдийн анхдагч, өсөж торних орчин бол гэр бүл. Гэр бүл хариуцлагатай, боловсрол өндөртэй байж хүүхдийн эрх хангагдана. Хөдөлмөрлөх эрхийн бодлогыг гэр бүлд суурилсан байдлаар авч үзэж, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлага, ажил, ар гэрийн тэнцвэр сайн байж чадна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хэзээ хангагдах вэ гэхээр хүүхэд асрах үйлчилгээний нэгдсэн систем бий болж байж л хангагдана. Өмнө нь хүн ам зүйн бүтцэд төдийлөн өөрчлөлт гараагүй байхад хүүхдийг ихэвчлэн өвөө, эмээ нь харчихдаг байсан. Одоо өөрчлөлт гарч байгаа учраас дэлхийн улсууд ч энэ талын бодлогоо өөрчилж байна. Энэ утгаараа бид гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн, нийгмийн хамгааллын бодлогыг бий болгох хэрэгтэй байгаа юм.
Манай улсын яг одоогийн хүн ам зүйн бүтэц маш нааштай байгааг хэлэх хэрэгтэй. Ирэх 2035 он хүртэл хүн ам зүйн цонх үе үргэлжлэх төлөвтэй байгаа. Одоогоор 0-18 насны хүн амын тоо хамгийн өндөр байна. Ингээд үзэхээр хүүхэд гэр бүл дотроо л эрх нь хангагдаж, хамгаалагдаж, хөгжих ёстой. Тийм болохоор хүүхэд хамгааллын бодлогыг бид гэр бүлийн хөгжлийн бодлогын төвд тавьж явах ёстой гэдэг нь манай яамны зайлшгүй баримтлах бодлогуудын нэг байгаа юм.
-Та төрөлт буурч байна гэж хэллээ. Гэтэл тогтсон ажил, орлоготой, тэр нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг байх үед л гэр бүлүүд хүүхэд гаргана. Ийм нөхцөл байдлыг бий болгохын тулд салбар яам болоод бусад яамтай хэрхэн харилцан уялдаж ажиллаж байна вэ. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 500 мянган төгрөг болговол төрөлт нэмэгдэхэд нөлөө үзүүлэх тухай ярьж байсан шүү дээ?
-Монгол Улс бүхий л цаг үедээ хүн амынхаа өсөлтийг дэмжих бодлого баримталж ирсэн. Гэтэл өнөөдөр төрөлт буурч байгаа үндсэн шалтгаан нь 1990 оноос хойш төрөлт буурч, айлууд цөөн хүүхэдтэй болсон явдал. Энэ үед шинээр мэндэлсэн хүүхдүүд одоо үржихүйн үе дээрээ байна. Төрөлтийн энэ түвшин ойрын хэдэн жил үргэлжилнэ. Түүнээс цааш харин төдийлөн үргэлжлэхгүй байх төлөвтэй байгаа. Тэгэхээр манай улс хүн ам зүйн цонх үеэ ашиглаад, хүн амаа илүү залуу байгаа дээр нь төрөлтийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэг байдаг. Ер нь гэр бүл хангалттай хэмжээний орлоготой, тогтсон ажил хөдөлмөртэй, цаашид хүүхдээ өсгөн хөгжүүлж чадна гэж үзээд л хүүхэдтэй болох шийдвэрийг гаргадаг. Тиймээс энэ нөхцөлийг бий болгохын тулд цалин хөлс нь зохистой буюу хүмүүсийн хүсээд байгаа шиг сайн чанарын ажлын байрыг бий болгох шаардлагатай. Тиймээс эдийн засаг болоод бусад салбараар дамжуулж ажлын байрыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн бодлогоо сайжруулах шаардлага бий. Нийгмийн хамгаалал талаасаа гэвэл хүүхэд төрүүлсэн хугацаандаа тухайн ээж ажилласан жилээр тооцогдох байдлыг бий болгох ёстой. Хүүхдээ өсгөж байх үед нийгмийн бусад үйлчилгээг сайн авдаг байх хэрэгтэй. Бид судалгаа, ярилцлага хийгээд үзэхэд ээжүүд хүүхдээ өсгөхөд бэлэн мөнгө гэхээсээ илүү эрүүл мэндийн үйлчилгээг чанартай бөгөөд бага зардлаар авмаар байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдъя. Хүүхдээ салхилуулах, тоглуулах сайхан орчинтой, зам нь тэгшхэн, нийтийн тээврээр үйлч лүүлэхэд асуудалгүй байгаасай гэдэг зүйлүүдийг л ярьдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд, гэр бүлд ээлтэй хот төлөвлөлт, нийгмийн бодлого хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм. Бид гэр бүлийг дэмжинэ гэхээрээ ганцхан мөнгө өгөөд л төрөлт нэмэгдчихнэ гэж бодож болохгүй. Угаасаа ийм уялдаа холбоо төдийлөн харагддаггүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмж нэмэгдсэнээр төрөлт нэмэгдсэн үү гэхээр баримтаар нотлогддоггүй. Тиймээс арай том зургаар нь харж ажиллах шаардлагатай байгаа юм. “Цалинтай ээж”-ийн мөнгийг 10 дахин нэмье гэдэг санал гарсан. Одоогийн байдлаар сард 50 мянган төгрөг авч байгаа 180 мянга орчим эмэгтэй байгаа. Үүнд 100 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Харин энэ хэмжээг 10 дахин нэмнэ гэвэл бидэнд нэг их наяд төгрөг шаардлагатай. Мөн нэг гэр бүлд очиж байгаа шууд мөнгөн урамшууллын хэмжээ нь хэд байна, тэр нь хөдөлмөрлөх хүсэлд сөргөөр нөлөөлөх үү гэдэг дээр бодолцох ёстой. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгөөр дамжуулан бид жилдээ 1.6 их наядыг гэр бүлд шууд өгдөг. Тэтгэвэр, тэтгэмжээр дамжуулан 5 их наяд гээд аваад үзвэл төрөөс шууд очиж байгаа мөнгөн урсгал багагүй хэмжээнд байгаа юм. Тийм болохоор зардлыг багасгах гэхээс илүүтэй хуваарилалтыг зөв болгох шаардлагатай байна. Яг хэрэгцээтэй хэсэгт нийгмийн дэмжлэгээ үзүүлье. Бусад асуудалд нийгмээ илүү хөгжүүлэх замаар явах нь зүйтэй гэсэн бодлого дэвшүүлж байгаа гэж үзэж болно.
-Хүүхдийн мөнгө нэмэгд сэнээр эцэг, эх нь ажил хийхээ больсон гэсэн шүүмжлэл явдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-Монгол Улсад Хүүхдийн мөнгийг халамж гэхээсээ илүү хүүхдийн хөгжилд зориулж байгаа гэдэг утгаар олгодог. Манай яамнаас боловсруулж байгаа шинэ Халамжийн тухай хуулийн төсөлд энэ мөнгийг гэр бүлийг дэмжих чиглэлээр олгож байгаа учраас Гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулах шаардлагатай. Халамжийн зардлаас тусдаа байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо 1.6 их наяд төгрөгийг жилд олгож байна. Харин яг халамж авдаг бүлэгтээ жилд 680 орчим тэрбум төгрөгийг л олгодог. Өөрөөр хэлбэл, нийт халамжийн зардлын 63 хувийг Хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгө зөв, буруу, үр ашигтай эсэх нь тусдаа асуудал. Олон улсын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдүүдээ ялгаварлан гадуурхахгүйгээр хүүхдэдээ мөнгө өгдөг Азидаа ганц улс Монгол байгаа нь зүйтэй гэж үздэг. Нөгөө талаас Хүүхдийн мөнгө авчихаад аав, ээж нь ажил хийдэггүй гэсэн шүүмжлэл нийгмээс гардаг. Ийм кейс бий. Тиймээс бид тодорхой шаардлагатай үйлчилгээг тухайн иргэдэд үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэр хүмүүсийг хөдөлмөрт бэлтгэж, ажиллах дадалд сургах хэрэгтэй. Гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай. Энэ чиглэлийн өөрчлөлтийг Халамжийн хуулиар хийхээр зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хандах хандлага, хариуцлагаа өөрчилж байж л гэр бүлүүд өөрчлөгдөх хандлага байна. Энэ бүхнийг нь суулгаж өгөхгүйгээр шууд хүүхдэд өгөх мөнгийг нь хасна гэхээр эргээд бид хүүхдээ л шийтгэж байна гэсэн үг.
-Нийгмийн даатгалын өр, авлага маань өнөөдөр ямар шатандаа явна вэ?
Бид хоёр банкаас авлагатай байгаа. Капитал банк бол дампуурсан. Эрх хүлээн авагч томилогдсон, хугацаатай ажиллаж байгаа. Бид 104 тэрбум төгрөгөөс 39 тэрбумыг төлүүлж, одоо 65 тэрбум төгрөгийн авлагатай байна. Капитал банкны нэр дээр бүртгэлтэй байсан өмч хөрөнгийг манайд санал болгоод худалдан авах замаар авлагаа барагдуулж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 20 орчим тэрбум төгрөгийн авлага барагдахаар төлөвтэй байна. Харин Чингис банкны хувьд 103 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 14 тэрбумыг төлүүлж 89 орчим тэрбум төгрөгийн авлага байгаа. Гэхдээ Чингис хаан банкны дампуурлыг зарлаагүй. Гуравдагч этгээдэд худалдах үйл ажиллагаа хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ч эцэслэн шийдэгдээгүй. Гэсэн ч ямар нэгэн орлого орж ирсэн тохиолдолд Нийгмийн даат галын байгууллагад өгөх өр төлбөрөө тэргүүн эгнээнд өгөөд явдаг. Ер нь гол асуудал нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг тухайн банкуудад хадгалсан. Авах ёстой авлагынхаа ихэнхийг авсан ч авах ёстой хүүгийн төлбөрүүдээ аваагүй учраас авлага үүсгээд яваад байгаа гэж ойлгож болно. Хоёр банкны авлагыг барагдуулахаар Прокурорын байгууллага, АТГ, ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай асуудал хөндөгдөөд, нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байгаа вэ. Ингэж бууруулах боломж нөхцөл бий юу?
-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол ажилтан, ажил олгогч, төр гээд гурван талаас хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хэмжээгээр бүрдүүлж байгаа дундын сан. Энэ санг нийгмийн хамгааллын зорилгоор л ашигладаг. Тэтгэвэр, хүүхэд харж байх үеийн болон ажилгүй байх үеийн тэтгэмж, өвдсөн тохиолдолд тодорхой хувийг авъя гэж бүрдүүлдэг. Манайд ийм тогтолцоо байсан боловч яг шимтгэл гэж тал талаас цуглуулдаг болсон нь 1995 оноос орчин үеийн даатгалын тогтолцоо үүссэн. Энэ дундын санд гурван талын нэг нь хувь нэмрээ оруулахаа болилоо гэж үзье. Тэгвэл дундын сангийн хэмжээ багасна. Ингэснээр нөгөө тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн асуудлаар авах хувь хэмжээ багасна гэсэн үг. Тэгвэл энэ зөрүүг хэн төлөх вэ. Нийгмийн хамгааллын зардал гэдэг ямар ч улс оронд бултаж зайлж болдоггүй л зүйл байдаг. Одоо манай улсад 1.1 сая орчим даатгуулагч байгаа. Өмнө нь гурван хүн нэг хүний тэтгэврийг хангах боломж байсан. Гэтэл одоо дэлхий дээр болж байгаа хүн ам зүйн бүтцийн өөрчлөлтөөс болоод насжилт нэмэгдээд байхаар энэ улам л хэцүү болж эхэлнэ. Жишээ нь, сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн, ажил олгогчтойгоо нийлээд тэтгэврийн даатгалын шимтгэл сард 340 мянган төгрөгийг төлдөг. Гэтэл хамгийн доод тэтгэврийн хэмжээ 689 мянган төгрөг байна. Хэрэв тэтгэвэр авагч ба даатгуулагчийн харьцаа нэг, нэг болчихвол миний төлсөн шимтгэлээр нэг хүний тэтгэврийг ч тавьж чадахгүй болно гэсэн үг. Даатгуулагчдын шимтгэл төлдөг хугацаа бусад улсынхтай харьцуулахад тийм ч өндөр биш, 25 орчим жил л байдаг. Уур амьсгал, хүн амын дундаж наслалт, ажлын байрны нөхцөл, сүүлийн 30 жилд тохиолдож байгаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилт нь манай хүмүүсийг олон жил ажиллах боломжгүй болгоод байсан. Нийт төлсөн шимтгэлээ буцааж ямар хугацаанд тэтгэвэр болгон авдаг вэ гээд тооцоолол хийж үзэхээр манай тэтгэврийн систем маш өгөөмөр гардаг. Ер нь хүний тэтгэвэр муу байх гэдэг дээр тэтгэврийн тогтолцоо, дизайн, аргачлал, орлого зарлагын асуудлаас илүү тухайн хүний ажиллаж байх үеийн эдийн засгийн өсөлт, цалин хөлс ямар байсан нь шууд нөлөөлдөг. Өнөөдөр цалин хөлс, эдийн засагт гаргаж байгаа шийдвэр 25 жилийн дараа тэтгэвэрт гарах хүний тэтгэвэрт нөлөөлнө гэсэн үг. Тиймээс өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг огцом буурууллаа гэхэд нэрийн дансны аргачлалаар аваад үзэхэд 1979 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр шууд огцом буурах эрсдэл байгаа. Тиймээс энэ асуудал дээр маш нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Хэн нэгэн бусдад таалагдах гэж шийдвэр гаргах нь магадгүй ирээдүйн эдийн засагт хохирол учруулна. Бид ирээдүйдээ өрөө шилжүүлнэ л гэсэн үг юм.
-Ажил олгогчоос тушаадаг нийгмийн даатгалын шимтгэл дараа нь тэтгэвэрт огт нөлөөлдөггүй. Тийм болохоор үүнийг болиулах тухай ч ярьж байна шүү дээ?
-Тэтгэврийн реформыг санал болгож байгаа бол ямар аргачлалаар бодож тэтгэврийг нь олгож байна вэ гэдгийг нарийн анхааралтай ажиглахыг хүсч байна. Хэрвээ ажил олгогч энэ дундын дансанд хувь нэмрээ оруулахаа боливол хүмүүсийн авч байгаа тэтгэвэр огцом багасна. Гэхдээ тэр хүний тэтгэвэрт гараад амьдрах дундаж хугацаа багасахгүй шүү дээ. Цаашдаа харин ч нэмэгдэнэ.
-Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал үүсээд, сайдын зүгээс албан хүсэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид явуулсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ оны хоёр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангаас 512 мянган хүн тэтгэвэр авч, дундаж тэтгэвэр нь 840 орчим мянга байна. Харин энэ хүмүүсээс 295 мянга нь зээлтэй, дунджаар нэг хүн 7.1 сая төгрөгийн зээлтэй гэсэн тооцоо байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийн гуравдугаар сард гаргасан шийдвэрээр тэтгэвэр авагчийн нийгмийн баталгааг алдагдуулахгүй, зээл авагчийн өр, авлагын харьцааг батламжлах зорилгоор амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний мөнгийг үлдээгээд илүү гарсан хэсгийг нь барьцаалан зээл олгохоор өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, 495 мянган төгрөгөөс илүү гарсныг нь барьцаалан зээл авах боломжтой болсон. Ингэснээр авах зээлийн хэмжээ буурч байна гэж үзээд байгаа. Гэвч үүнийг бид шууд буруу шийдвэр гэж буруутгахад хэцүү. Яагаад гэхээр нэг хүн Улаанбаатар хотод амьдрахын тулд наад зах нь ийм хэмжээний орлоготой байх ёстой. Нөгөө талаасаа тэтгэврийн зээлийн хэрэглэгч нь хэн бэ гэдэг асуудал. Одоо тэтгэврийн зээлийн зориулалтыг шалгадаггүй. Хоёрдугаарт, хамгийн сайн эргэн төлөлттэй зээл байдаг. Баримт бичгийн бүрдэл, барьцаа шаарддаггүй. Судалгаагаар ихэнх нь өөрийн төлөө биш, өрөөл бусдын төлөө зээл авдаг гэж гардаг. Ингэснээс болоод тэтгэвэр авагч маань хохирчихсон, зээлийг нь авсан хүмүүс харж ханддаггүй гээд олон асуудал байдаг. Гэвч манай яамнаас Монголбанк руу санал гаргасан. Ингэхдээ ахмадуудын өр, орлогын харьцааг авч үзээд илүү бодит амьдралд нийцүүлсэн байдлаар 50 хувиар өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл





“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар с...
7 цагийн дараа
Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч байна
Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ ...
7 цагийн дараа
Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хү...
6 цагийн дараа
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.01) Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап...
6 цагийн дараа
Жолооч нарын анхааралд!
Оргил ачааллаас бусад цагт автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй соёлгүй жолооч юм! Ж...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Бузар. Мэргэч авгай аваад хэрэггүй гэж байна. Бузар зайлуулах тарни ума хум. Сахартай махыг хятадууд