мэдээ
М.Чимэддорж: Хэмнэлтийн хуулиа хүчингүй болгохоос ирэх жилийн төсвийн зарцуулалт эхэлнэ DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 08
58
Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ 2025 оны төсөв хэлэлцээд дуусах шатандаа явж байна. Нэлээд хэл ам дагуулж буй ирэх жилийн төсвийн онцлог юу байв?
-Ирэх жилийн төсвийн онцлог нь зорилгогүй. Төсөв батлах бол санхүүгийн нөөцийг хуваарилах төдий зүйл биш. Төсөв бол улс орны хөгжлийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг үр ашигтайгаар хуваарилах үйл явц юм. Дэлхий тэгж ойлгодог, улс орнууд тэгж төсвөө баталдаг. Энэ жилийн төсвийн тухайд хэлбэл, эхлээд мөнгөө юунд зарцуулахаа УИХ-д өргөн барьчихаад дараа нь 2025 оны хөгжлийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөнгөө хувааж авчихаад дараа нь зөвтгөх юмаа ярья гэж байгаатай агаар нэг. Тийм учраас онцлог нь зорилгогүй төсөв гэж байгаа юм. Шуудхан хэлэхэд, татвар төлөгчдийн мөнгийг хувааж авчихаад дараа нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ гэцгээж байна. Цаашдаа ийм байх юм бол нам байгуулж, улс төр гэж тоглосон бүлэг хүмүүс татварын мөнгийг хувааж аваад ард түмэндээ нэг юм тайлбарладаг болно.
-Маш өндөр зардалтай, алдагдалтай төсөв орж ирж байна гэсэн шүүмжлэл байна. Зарим гишүүд төсөв буцаахаар гарын үсэг цуглуулаад эхэллээ. Хэрэв төсөв задарвал дахиад шинээр хэлэлцэж амжих болов уу. Ер нь төсөв баталж чадахгүй хойшилбол УИХ тарах уу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд бий. Тэр нь энгийнээр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л гэдэг агуулгатай юм. Эрх баригч МАН энэ шаардлагыг тойрох, бултах аргаа олон жил хэрэглэж бүр дадчихсан. Улс орны эдийн засаг хөгжөөд байгаа юм алга, нүүрс ухдаг эксковаторын шанага томорч, нүүрс зөөдөг машины тоо нэмэгдсэнээс өөр гавьсан юмгүй. Нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа үед орж ирсэн орлогоо үрэн таран хийж байна, орж ирээгүй орлогыг өндрөөр төсөөлж өр тавьж байна.
Энэ талаар төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Дэлхийн банкнаас эхлээд дотоод гадаадын олон байгууллага, эдийн засагчид олон тайлан, зөвлөмж өгсөн. Нэгэнт байгаа хугацаагаа ашиглаад цемент цутгаад, юм хийсэн болж харагдаад өнгөрье гэсэн харь элэгтэй хүмүүст бол ёстой нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг болдог гэдгийг харцгааж байна. Гишүүд гарын үсэг цугуулж эхлээд явж байна. Гэсэн ч хүч түрээд батлаад явах биз. Ер нь эрх баригчид УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж, зарим талаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэж дураараа авирлацгааж байгаа. Яваандаа нийгмийн эсэргүүцлийг нэмж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ.
-Төсвийн бодлогын алдааны үр дагавар юу байж болох вэ?
-Төсөвт бодлого байхгүй гэдгийг дээрх хоёр жишээ харуулж байгаа биш үү. Зорилго алга, хязгаар алга. Тэгэхээр бодлого байгаа бол улс орноо сүйрүүлэх л бодлого байгаа юм байна гэж хэлэх ёстой байх. Үр дагавар нь тодорхой шүү дээ. Улстөрчид төсвийн зардал, төрийн өмчийн компаниудаар дамжуулж нийт эдийн засгийг удирддаг боллоо. Дарга нарын ойр тойрныхны компаниуд хамгийн шилдэг үйлдвэрлэгчид, ЖДҮ эрхлэгчид болж төрөөс татаас дэмжлэг авна. Зарим салбарт төртэй хамтардаггүй, цэвэр бизнесийнхнээ шахна. Төр хүмүүсийн эрх чөлөөг, тусгаар тогтнолоо хамгаалдаг институци байхаа больж нүд нь улаан хүмүүсийн очихыг мөрөөддөг газар болж хувирна. Улс орныхоо хөгжил дэвшлийг олон жилээр хойш татаж, чөлөөт нийгмийг устгаж байгаа л үйл явцын нэг хэсэг.
-Эрчим хүчний реформ хийж байна, цахилгааны үнэ нэмэх нь зайлшгүй гэсэн зүйл их яригдах боллоо. Энэ асуудалд АН-ын бүлгийн зөвлөхийн хувьд та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дэлхийн эрчим хүчний шилжилтийн эрин үе ид дундаа явж байна. Эрчим хүчний шилжилт гэдэг нь нэгдүгээрт цахилгааны хэрэглээ рүү явж байна. Уул уурхай, тээвэр, барилгын хүчирхэг техникүүд цахилгаанаар ажилладаг болж байна. Өгөгдөл хадгалдаг, боловсруулдаг аварга байгууламжууд, гега үйлдвэрүүдийн роботууд бүгд цахилгаан хэрэглэж байна. Аж үйлдвэрийн салбар, түүний нийлүүлэлтийн хэлхээ тэр чигээрээ цахилгаан дээр суурилж байна. Айл өрхийн ахуй орчинд цахилгаанаар тэжээгддэг юмс улам олон болж байна. Хоёрдугаарт, цахилгаанаа цэвэр сурвалжаас үйлдвэрлэдэг болж байна. Нар, салхи, ус, ногоон устөрөгч гээд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалт нэмэгдэж байна. Гуравдугаарт, цахилгаан хангамж хил хязгааргүй болж байна. Эрчим хүчний нөөц, хэрэглээ хоёрыг холбодог шугамны технологи сайжирсан. Үүнийг эрчим хүчний шилжилт гээд байгаа юм. Гэтэл манайд нүүрсний станц нэмж бариад, сэргээгдэх эрчим хүчний салбараа орхиж байна. Хэлж байгаа тунхагаас нь үзвэл дотоодын хэрэгцээгээ нүүрсний станцаар хангахын тулд цахилгааны үнэ нэмэхийг эрчим хүчний реформ гэж нэрлэж байгаа юм байна. Би нэг тоо хэлье 770 МВт чадалтай “ДЦС-IV” нэг КВт/ц цахилгааныг хоёр центээр төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Шинээр баригдаж буй 600 МВт-ын Бөөрөлжүүтийн станцын гэрээ нь бараг есөн цент, саяхан шав тавиад байгаа Баян суман дахь 600 МВт -ын нүүрсний станц мөн есөн цент гэнэ. Энэ хоёр станцын цахилгаан нийлүүлэх гэрээ нь 25 жилээс урт. Дээр нь ашиглалтад орсон нар салхины станцууд бий. Үнэ нь нүүрснээсээ үнэтэй. Арван жилийн дараахь эрчим хүчний хувьд тусгаар тогтносон Монгол Улсыг төсөөлцгөөе. 1КВт/ц цахилгааны бөөнөөр нийлүүлэх үнэ нь найман центээс буухгүй нь. Энэ үнэ өнөөдөр Хятадад дөрвөн цент, АНУ-д дунджаар таван цент. Цахилгаан бол үйлдвэрлэл, үйлчилгээ гээд ер нь амьдралд хэрэгтэй бүхний өртөгт ордог, аж үйлдвэрийн салбарын суурь зардал болдог бүтээгдэхүүн. Бид ийм үнэтэй цахилгаантайгаар ямар ч бүтээгдэхүүнээр өрсөлдөж чадахгүй. Аж үйлдвэрийн салбар хөгжихгүй. Тиймээс би хөгжил дэвшлээ цахилгааны үнээр боомилох лоббиг эрчим хүчний реформ гэж нэрлэж болохгүй гээд байгаа юм.
-Тэгвэл эрчим хүчний салбартаа бид юу хийх ёстой вэ?
-Бид аварга том зах зээлийн дэргэд байгаа эрчим хүчний далай шиг нөөц дээр сууж байгаа ядуу ард түмэн. Өнөөдөр зарж байгаа нүүрснийхээ орлого дээр овоорч, улс төр болж тоглож, хоорондоо хэмлэлдэж, хуйвалдах бол бодлого биш. Ядуу ч гэсэн ухаантай байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарын технологи хөгжиж, үнээрээ нүүрстэй өрсөлдөх түвшинд ирлээ. Дэргэд нь зах зээл, ашгийг нь олоод харчихсан бизнес, хөрөнгө оруулагчид байна. Эрчим хүчний шинэ эрин рүү дэлхий нүүж байна. Улс орныхоо аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой хөгжлөө бодоод эрчим хүчний салбарын өсч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт нүүрсний станц шиг урт хугацаа шаарддаггүй. Орчин нөхцөл нь тодорхой, Засгийн газар нь амласнаа биелүүлэх итгэл үнэмшил төрүүлж байвал 2-3 жилийн дотор бүтээн байгуулалтаа хийчихнэ. Бид дотроо хэмлэлдэх биш, гадагшаа гарах хэрэгтэй байна. Алсын зорилгогүй бол ойрын бэрхшээлдээ түүртэхээс цааш гарахгүй.
-Улс төрийн намын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн мөрдөгдөх ёстой. Танай нам бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэхээр заасан. Энэ хуулийг батлагдах үед нь сонгуулийн дараа хэрэгжүүлэх нь зөв гэж үзээд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргасан. Хуулийн хугацаандаа багтаж шинэчлэл өөрчлөлтөө хийх ёстой. Одоо хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Улс төрийн намууд хөрөнгө мөнгөний нөлөөнөөс ангид, дотоод ардчилалтай институци болох энэ чухал өөрчлөлтөө яаралтай хийх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө улс төрийн намын тухай хууль бол авлигаас ангижрах, төр цэвэрших чухал өөрлөлтийг цаг алдалгүй хийлээ гэж мэдэгдэж байсан. Үүнээсээ ухрахгүй гэж найдаж байна.
-Ковидын үеэр түр хугацаатай батлагдсан Төрийн хэмнэлтийн хууль яагаад өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна вэ. Ингэхэд энэ хуулийг цуцлах болоогүй юу. Хэрэв цуцлахгүй бол дэд сайдуудаа тавьж чадахгүй биз дээ. Тэгээд ч төсөв тэлж байгаа нь хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа юм биш үү?
-Өмнө нь батлагдсан төрийн хэмнэлтийн хууль гэдэг нь ч өөрөө утга агуулга муутай. Засгийн газар ерөөсөө л аль болох хэмнэж байх ёстой. Нийслэл таван дэд даргатай, төрийн өмчийн компаниуд таван дэд захиралтай, агентлагуудын дарга нар орлогчтой, хоёр жил тутамд төмөр хүлгээ сольж, таван жил тутамд оффисстоо засвар хийгээд байж болохгүй. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны суурь зарчим. Ингэж чадахгүй, албан тушаалтнууд нь дураараа дургиад байгаа учраас түр хууль гаргаж хязгаарласан санаатай. Төрийн үрэлгэн байдлаа засч залруулаагүй, төсвийн төлөвлөлтөө сайжруулаагүй байж Төрийн хэмнэлтийн хуулиа хүчингүй болгоё гэж байгаа бол одоо тарган төсөвтэй, гар татах шаардлагагүй боллоо гэж үзэж байгаа хэрэг. Хэлэлцэж буй төсвөөс үзвэл эрх баригчид хэмнэх талаар огт бодохгүй байгаа нь илэрхий. Харин ч үрэн таран хийе гэсэн төсөв баталж байгаа улс хэмнэлтийн хуулиа цуцалъя гэх биз. Цаана нь дэд сайд, төрийн өмчийн компаниудын дэд даргыг томилох, томилогдсон дарга нарын өрөө тасалгааг тохижуулж, унаа машинтай болгох их хэрэгцээ ундарч байгаа нь тодорхой. УИХ-ын зарим гишүүний шогшроод байгаа урсгал зардлын өсөлтөөс харахад хэмнэлтийн хуулиа хүчингүй болгохоос ирэх жилийн төсвийн зарцуулалт эхэлнэ.
-Хэмнэлтийн хууль сонин хэвлэлд хамгийн их нөлөөлж байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн түшээд сонин захиалж уншихаа байсан. Сонин уншихгүй улс яаж хууль гаргах юм бэ?
-Сонин захиалах мөнгө хэмнээд хэмнэлт болно гэж үү. Ёстой тэрэг ноосонд нэг хялгас гэдэг шиг сонсогдож байна. Хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад 1.7 тэрбум төгрөгөөр хоршоолох хөдөлгөөнийг сурталчилна гээд хэдхэн телевиз, сайтад хуваагаад өгчихсөн байна билээ. Энэ чинь бүтэн телевиз байгуулах мөнгө биз дээ. Өнөөгийн эрх баригчид чөлөөт хэвлэлд халтай, өөрийгөө магтдаг хэдэн хэвлэлтэй болохыг л мөрөөддөг, тэрнийгээ л санхүүжүүлдэг болчихсон. Харин өдөр тутам бодит мэдээллийг хүргэж байдаг, төр засгаас ил тод байдлыг нь нэхэж байдаг, алдаа дутагдлыг нь шүүмжилсэн дуу хоолойг дамжуулж байдаг чөлөөт хэвлэл, хүчирхэг редакц бол ардчиллын, чөлөөт нийгмийн бат тулгуур. Тийм учраас өдөр тутмын хэвлэлээ захиалж уншдаг, болж буй үйл явдлын талаар мэдээлэл авдаг байх хэрэгтэй. Төр, хувь гэлгүй нийтийн сүлжээний сенсаци дагаж хуйларцгаагаад байвал цаг ороо бусгаа, тогтсон шийдвэргүй, олсон гарцгүй дороо мунгинасаар л байх болно. Унших хэрэгтэй, ялангуяа “Өдрийн сонин” шиг хэвлэлийг захиалж уншиж байх хэрэгтэй.
М.МӨНХЦЭЦЭГ
“Автобусны камераар зөрчил илрүүлэх нь” сургалт зохион байгууллаа DNN.mn
Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн 11.10-д заасан “Чиглэлийн тээврий...
6 цагийн дараа
Жүдогийн ахмадын ДАШТ-ээс манай жүдочид 17 медаль авчээ DNN.mn
АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн буюу дөрөв дэх эр...
5 цагийн дараа
АИ-92 автобензин 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn
Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогду...
5 цагийн дараа
2024 оны өвлийн шалгалтын бүртгэл энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна DNN.mn
2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ. Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн...
4 цагийн дараа
Энэ оны эхний 10 сард 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn
Монгол Улс энэ оны эхний 10 сард ммпортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 с...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд