Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Г.Ёндонгомбо: Эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлж, техник, технологийг шинэчлэх ёстой DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 26

img

35

news-img

Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Олон улсын шинэ эрчим хүчний чуулган” энэ жил “Just transition” буюу “Эрчим хүчний шилжилт” сэдвийн хүрээнд болж байна. Энэ удаагийн чуулганы онцлог, ямар хүлээлттэй байгаа талаараа ярихгүй юу?

-Энэ чуулган жил бүр зохион байгуулагддаг. Саяхан эрчим хүчний үнэ тарифын асуудал тодорхой байдлаар шийдэгдсэн. Энэхүү үед болж байгаагаараа энэ удаагийн чуулган онцлогтой. Оролцогчдыг ажиглаж байхад гадаадынхан, түүн дотроо хөрөнгө оруулагчдын төлөөлөл нэгдүгээрт танилцуулга хийж байна. Хоёрдугаарт, оролцогчид олон байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэйг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ түүнийг бүрэн дүүрэн ашиглах асуудал бас дутмаг байсаар ирсэн. Энэ баялгийг ашиглах бодит бололцоо нээгдэж байгаа учраас өнөөдрийн чуулганы гол ач холбогдол болов уу гэж бодож байна. Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлтэй холбоотойгоор энэ хурал хөрөнгө оруулалтад тодорхой үр дүн өгөх байх аа.

-Эрчим хүчний үнэ тарифыг цагаа олж нэмсэнгүй гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Салбарын мэргэжилтнүүд “Одоо л нэмэхгүй бол гал алдана” гэж тайлбарлаж буй. Бид өнөөдрийг хүртэл энэ салбарын бодлогоо зөв тодорхойлж чадсангүй юу. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Би олон удаа ярьсан. Үе үеийн Засгийн газрууд буруутай. Яагаад вэ гэвэл, бид ардчиллыг хөгжүүлээд 30 жил болж байна гэж ярьдаг. Энэний бараг эхнээс авахуулаад эрчим хүчний үнэ тарифын асуудлыг улс төрийн, түүн дотроо улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгоод явсан. Та санаж байгаа бол сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрт цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй, хөдөлгөхгүй гэсэн өгүүлбэрүүд их олон жил явж ирсэн. Энэ утгаараа салбарын эдийн засгийн байдлыг маш их доройтуулсан.

-Ямар байдлаар доройтуулсан бэ?

-Нэгдүгээрт, салбарт хөрөнгө оруулалт ерөөсөө хийгдээгүй. Хөрөнгө оруулалт хийх сонирхол ер нь байхгүй болсон. Цахилгаан, эрчим хүч, дулааны салбар техникийн хувьд үргэлж хөгжиж, үргэлж шинэ техник технологи нэвтэрч байдаг салбар. 1993 онд IV цахилгаан станцын анхны трубин ашиглалтад орж, цахилгаанаа өгч эхэлсэн. Энэ хүртэл байгуулагдсан бүх цахилгаан станцын шугам сүлжээ тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын техник технологиор баригдсан юм шүү дээ.

 

Тэр үеэс хойш аваад үзвэл цахилгаан, эрчим хүчний салбар дахь техник технологийн хөгжил маш хурдацтай, маш өндөр түвшинд хүрсэн. Өнөөдрийн хурал дээр ч энэ талаар илтгэлүүд тавигдаж байна. Зарим нь гайхамшигтай өндөр түвшинд хүрсэн байна. Тийм учраас техник технологийн дэвшлийг Монгол Улс ойрын үед гүйцэх ёстой. Яагаад вэ гэвэл баялаг нь манайд бий. Баялгаа бүрэн дүүрэн ашиглаж, зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй хажууд байгаа маш том зах зээл БНХАУ-ын хэрэглээ огт буурахгүй, улам нэмэгдэх төлөвтэй байна. Энэ хэрэглээг хангах замаар оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар маань эдийн засгийн хувьд улс орондоо томоохон үр өгөөж өгдөг салбар болж хувирах ёстой.

-Таны бодлоор бид тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд хэр ойр байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш эрчим хүчний реформ хийх асуудал яригдаад, Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна. Сая эрчим хүчний үнэ тариф нэмсэн асуудал бол энэ реформын зөвхөн нэг хэсэг нь. Гарааны чанартай асуудал. Үүний дараа ямар асуудал шийдэх вэ гэхээр, манай эрчим хүчний салбарын бараг бүх компани төрийн өмчийн хэлбэртэй. Эрчим хүчний салбарт цөөнгүй удаа хэл ам гарч байсан. Хөрөнгө мөнгийг нь үр ашиггүй зарцуулж байна, авлигын асуудал тодорхой хэмжээгээр яригддаг байсан. Энэнээс гарах гол арга хэмжээ бол олон нийтийн компанийн хэлбэрт шилжүүлэх. Энэ хэлбэрт шилжүүлэхэд тариф доогуур байвал энд сонирхогч этгээд олох их хэцүү. Тийм учраас дараагийн шатны ажил бол эрчим хүчний компанидаа бүтцийн өөрчлөлт хийж, олон нийтийн компани болгох асуудал байх гэж би хувьдаа бодож байна. Олон нийтийн компани болсны дараа мэдээжийн хэрэг IPO гаргах, хөрөнгө босгох, техник технологио шинэчлэх, цахилгаан эрчим хүчний болон дулааны эх үүсвэр барих, сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжид яаж ашиглах талаар яригдах байх. Өнөөдөр нэлээн олон илтгэл яригдлаа. Олон хэлэлцүүлэг явагдлаа. Энэ чиглэлийн ажлуудаа цаашид үргэлжлүүлээд явах байх.

-Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилт хийхэд багагүй хугацаа зарцуулагдах болов уу?

-Ер нь эрчим хүчний шилжилт гэж яриад байгаа асуудал маань нэг, хоёр жилийн асуудал биш. Нэгдүгээрт, манай салбар үндсэндээ нэлээн хоцорчихсон. Хоёрдугаарт, дэлхийн түвшинд хүрэх ёстой. Дэлхий маань өнөөдөр эрчим хүчний шилжилтэд яаж шилжсэн бэ. Монгол Улс хэдийгээр даруухан байгаа ч гэсэн транзишн гэж ярьж байгаа нь маш зөв зүйтэй юм. Хамгийн гол нь энэ салбарыг зах зээлийн горимд шилжүүлэх, техник технологийг шинэ түвшинд аваачих ёстой. Олон жил үргэлжлэх байх.

-Монгол Улсын өнөөдрийн эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг та юутай зүйрлэх вэ?

-Анагаах ухаанд ярьдаг даа, “ком”-ын байдалд байна гээд. Тийм байдал орсон л гэж хэлье дээ.

-Төр эрчим хүч үйлдвэрлэж, иргэддээ зарах бус, хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд, төр худалдаж авдаг тогтолцоо оновчтой юу?

-Сүүлийн үед нэлээн тренд болоод байгаа, тархмал эх үүсвэр гэж. Тархмал эх үүсвэр гэдэг нь үндсэндээ жижиг хэрэглэгчид, жижиг эх үүсвэрүүдийг олноор төрүүлэх гэсэн бодлого. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үнэ маш хурдтайгаар бууж байна. Монгол Улсын хэрэглэгчид өөртөө тохирсон хэрэглээг хангахын тулд нарны тоног төхөөрөмж худалдан авч, өөрсдөө хэрэглэх боломжтой. Мэдээжийн хэрэг, айл өрхийн хэрэглээг аваад үзвэл 24 цагийн турш тэгшхэн, тогтмол байна гэж байхгүй. Зарим үед тоног төхөөрөмжийн чадал хүрэхгүй сүлжээнээс авна. Зарим үед хэтрээд, сүлжээ рүү өгөх боломж гарна. Хэрэглэгч болгон үйлдвэрлэгч байх ёстой гэсэн уриалга байдаг. Энэ уриалга хэрэгжих боломж бүрдэнэ л гэсэн үг.

-Та мэргэжлийн хүний хувьд эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчны талаар юу хэлэх вэ. Бодлогын түвшинд анхаарах ямар асуудал байна вэ?

-2001 онд батлагдсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Цахилгаан, эрчим хүчний тухай хууль тодорхой үүргээ гүйцэтгэсэн. 2001 оноос хойш эрчим хүчний салбар бүхэлдээ босоо буюу социализмын үеийн тогтолцоотой байсан. Энэ хууль батлагдсаны үндсэн дээр арилжааны хэлбэрт тодорхой байдлаар шилжсэн. Өөрөөр хэлбэл, босоо тогтолцоог устгаад, бүгдийг нь хэвтээ тогтолцоонд оруулаад, хоорондоо гэрээтэй. Нэг худалдан авагчтай загвар буюу эрчим хүчний төлбөр нэг цэг рүү хийгдээд, тэр цэгээсээ хэний ч оролцоогүйгээр, ямар нэг даргын гарын үсэг зурагдахгүйгээр автоматаар үйлдвэрлэсэн цахилгаан станцууд руугаа шилждэг болсон. Орлого хуримтлагдаж байгаа тэр цэг хуучнаар төвийн бүсийн дамжуулах сүлжээ байсан, одоо Диспетчерийн үндэсний төв болсон. Мэдээжийн хэрэг тэр байгууллага өөрийнхөө зардлыг тодорхой хэмжээгээр аваад, бусад орлогууд нь яг үйлдвэрлэсэн хэмжээнд тохирохоор шилжиж байгаа юм. Байдал их аятайхан болчихож байгаа л даа. Гэтэл тариф доогуур учраас буцаж очиж байгаа мөнгө нь нөгөө байгууллагын үйл ажиллагаа явуулах, техник технологио шинэчлэхэд ерөөсөө хүрдэггүй. Очиж байгаа мөнгөнд нь тааруулсан, урсгал засвар хийгддэг. Өвлийн ачаалал даах ямар ч найдваргүй болчихож байгаа юм. Илүүдэл хүчин чадал байхгүй, дандаа хүчин чадлын дутагдалтай явж байна. Ноднин өвөл ОХУ мэдэгдэл хийсэн. Бид нийлүүлж буй цахилгаанаа бууруулах шаардлагатай боллоо гэж. Тэр үед маш их том хэмжээний сандрал үүссэн. Бид тийм байдалд орчихсон байхгүй юу.

Д.ЭРДЭНЭТУЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөө өглөөний байдлаар 128.5 тонн давс, 5 тонн бодис цацаад байна DNN.mn

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар ХУД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын 218 ажилтан, тусгай зориулалтын 38 т...

img

8 цагийн дараа

Ц.Агиймаа: Хүний мэдрэмж, дурсамж насан туршийн амраг хайрт нь юм DNN.mn

Сайн нь үгүй бол мууг нь хэрхэн мэдэх билээ. Хар нь үгүй бол цагааныг хэрхэн таних билээ. Өнгө будаг алаглаж, сайн муу хосолсон энэ ...

img

7 цагийн дараа

Хөшигийн хөндий- Улаанбаатар чиглэлд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ DNN.mn

Хөшигийн хөндий- Улаанбаатар чиглэлийн тууш замд 0-15км-т хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Жолооч зорчи...

img

7 цагийн дараа

П.Пүрэвдорж: Манай улсын хууль эрх зүйн орчин машины хулгайг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг бүрдүүлдэггүй DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс нь Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чигл...

img

7 цагийн дараа

Г.Баттулга: Монголд мэргэжлийн морь унаач буюу Jockey бэлдэх хэрэгтэй гэж боддог DNN.mn

Одоогоос 10 гаруй жилийн өмнө АНУ-ын баруун Виржиниа дахь “Чарльз таун” цогцолборын морин тойруулгын уралдаанд монгол уяачийн уясан ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд