Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Д.Очирхуяг: Монгол Улс гадаад худалдааны яам, уул уурхайн банктай болох шаардлагатай DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 16

img

51

news-img
Манай улс шатахуун хангамжийн эх үүсвэрээ хэрхэн төрөлжүүлж болох талаар бизнесийн салбарын төлөөлөл “Чингис шар айраг” ХХК-ийн захирал Д.Очирхуягтай ярилцлаа.


-Манай улс нийт шатахууныхаа 90 орчим хувийг ОХУ-аас авч байна. Шатахуун хангамжийн эх үүсвэрээ хэрхэн төрөлжүүлж болох вэ?

-Төрөлжүүлэх шаардлага байгаа. Одоо манай улсын шатахуун импортлох зөвшөөрөлтэй хэдэн хувийн компани л ОХУ-аас шатахуун импортолж байна. Миний бодлоор манай улс гадаад худалдааны яамтай байх ёстой. Энэ яам хаанаас, юу авбал бидэнд ашигтай байна, дэлхийн биржийн ханш ямар байна, гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүний үнийг яаж тогтвортой, хямд байлгах вэ, өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ яаж гадагшаа үнэтэй зарах вэ гэдэг бодлогыг гаргадаг байх ёстой. Бензиний тухайд, ОХУ-аас авах уу, БНХАУ-аас авах уу, энэ хоёр улсад үнэтэй байвал гурав дахь эс үүсвэрээс давж авах вэ гэдгийг яам шийднэ. Өнөөдөр бидэнд ямар яам хэрэгтэй байна вэ гэдгээ Засгийн газрын бүтцийг төлөвлөхдөө бодох ёстой байсан юм. Бид их хэмжээний нүүрс зараад мөнгөтэй болсон. Миний бодлоор энэ мөнгөөрөө эхний ээлжинд цахилгаан станц, дараа нь нефть боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Яагаад гэвэл цахилгаан, шатахууны үнэ бол бүх хувийн хэвшлийн суурь үнэ юм. Суурь үнийг хямдруулахын тулд хямд цахилгаан, нефть л хэрэгтэй.

-Суурь үнийг хямд, тогтвортой байлгахын тулд манай улс цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэртэй байх нь чухал гэсэн үг үү?

-Саяхан цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдлээ. Бид цахилгааны үнийг юун 30 хувиар нэмэх, харин ч цахилгаан станц барьж үнийг нь бууруулах ёстой байсан. Реформ гэдэг үнэ нэмнэ гэсэн үг биш. Реформ хийнэ гэдэг шинэ технологи, ноу-хау оруулж ирээд, хямд өртгөөр цахилгаан үйлдвэрлэхийг хэлдэг. Гэтэл реформ хийнэ гэж ярьж байгаад Т.Доржханд, Б.Чойжилсүрэн хоёр цахилгааны үнийг нэмчихэж байгаа юм. Энэ реформ биш. Харин төсвийн мөнгөний хулгай. Тэр мөнгөөрөө нүүрсний аман дээр цахилгаан станц бариад, улс орон даяар байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамаар цахилгаан нийлүүлэх хэрэгтэй. Заавал нүүрс тээвэрлэж цахилгаан станц барих шаардлагагагүй.

Хоёр дахь чухал асуудал бол нефть. Яагаад бид Дорнод аймагт бага оврын нефть боловсруулах үйлдвэр барьж болохгүй гэж. Заавал том үйлдвэр барь гэж хэн хэлсэн юм. Дорнодын нефтиэрээ зүүн гурван аймгийг шатахуунаар хангах үйлдвэр барьж болж байна, Дорноговьд байгаа нефтиэрээ Дорноговь, Өмнөговийг хангах үйлдвэр барих хэрэгтэй. Ингээд эхэлбэл үйлдвэр барихад оруулсан хөрөнгөө ядах юмгүй олоод авна. Тэр үйлдвэрээ борлуулалтын орлогоосоо томсгоод явах боломжтой. Үүнийг хийх зөвшөөрлийг хувийн хэвшилд өгөх ёстой болохоос улс хийгээд байдаг юм биш. Гэхдээ улсад тодорхой хувь нь заавал байх ёстой. Яагаад гэвэл цахилгаан, нефть стратегийн бүтээгдэхүүн учраас хувийн хэвшилд 100 хувь өгчихвөл дампуурах эрсдэлтэй. Эсвэл гадны хүн аваад үнийг нь нэмчихвэл асуудал үүснэ. Суурь үнийг дураараа тогтоодог байхгүйн тулд үүнд улсын оролцоо байх ёстой. Энэ нь гох дэгээ болно гэсэн үг биш.

-Манай улс 2018 онд анхны нефть боловсруулах үйлдвэрээ Дорноговь аймагт барьж эхэлсэн. Энэ үйлдвэр рүү Дорнодоос хоолойгоор нефть татна гэж байгаа. Оновчтой шийдэл мөн үү?

-Юуны өмнө Дорнодоос маш их хэмжээний нефть БНХАУ руу экспортолж байгааг хэлэх хэрэгтэй. Хилийн цаана Хятадын жижигхэн компани шатахуун хийж байгаа. Дорноговийн газрын тосны үйлдвэрийг Энэтхэгээс хэдэн тэрбум ам.долларын зээл авч барьж эхлээд хэдэн жил болж байна, хэдэн жилийн дараа ашиглалтад орохыг нь бурхан л мэднэ. Ашиглалтад орлоо гэхэд Дорнодоос нефтиэ том хоолойгоор татна гэж байгаа юм. Яагаад анхнаасаа Дорнодод барьчихаж болоогүй юм. Эсвэл хоёр таслаад Дорнод, Дорноговьд барьчихаж болоогүй юм. Нэг газар том үйлдвэр барих биш, хоёр газар 50/50 хувиар нь барьж болно шүү дээ. Дорноговьд барьж байгаа нефть боловсруулах үйлдвэр маш өндөр өртөгтэй учраас бүтээгдэхүүн нь гарах гээд байгаа. Үнийг хямд байлгахын тулд яг нефтийн орд дээр нь үйлдвэр барих ёстой байсан. Нефтийн орд хаана байна, тэнд нефть боловсруулах үйлдвэр байх ёстой.

-Та шатахуун импортлох зөвшөөрлийг хувийн хэвшилд өгөх ёстой гэлээ. Ямар шийдэл байж болох вэ?

-Улс хувийн хэвшлийг дэмжих ёстой. Тэдэнд бага хүүтэй, удаан хугацааны зээл өгөх хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр барих төсөл боловсруулаад, хувийн хэвшилд өгөөд, улс өөрөө тодорхой хувийг нь авч, түүгээрээ хувийн хэвшлийг дэмжээд явбал бид дотооддоо үйлдвэртэй, мөн Гадаад худалдааны яам аль улсаас шатахуун импортлох талаар зохицуулалт хийж, бодлогоо зангидах ёстой. Үүнээс гадна Сэлэнгэ, Баян-Өлгий зэрэг хойд хилтэй залгаа оршдог аймгуудын тухайд орон нутгийн компанид зөвшөөрлийг нь өгөөд ОХУ-аас хямдхан нефть оруулж ирж яагаад болохгүй гэж. Яагаад бүх шатахуунаа Улаанбаатарт буулгаад, тэндээсээ аймгууд руу зөөж, үнийг нь өсгөдөг юм бэ. Ер нь шатахуун импортлох компанийг сонгохдоо тендер зарлах ёстой.

-Хувийн хэвшлийнхний импортолж байгаа шатахуун ямар стандарт, шаардлагуудыг хангавал зохих вэ?

-Нэгдүгээрт, чанарын стандарттай, хоёрдугаарт, үнэ нь хямд бөгөөд тогтвортой байх ёстой. Гадаад худалдааны яам гадаад дотоод худалдааны балансыг барьж байх үүрэгтэй. Гэтэл манай улсад баланс барьдаггүй. Өнөөдөр ОХУ, БНХАУ шатахууныхаа экспортыг хаахад л манай улс тэг зогсоно. Гадаад худалдааны яам улсынхаа шатахууны хэрэгцээгээ хэрхэн яаж хангах вэ гэсэн хэд хэдэн хувилбартай байх ёстой. Хэрэглэгч маш чанартай барааг, хямд үнээр, дуртай үедээ авахыг хүсдэг. Үүний төлөө үйлдвэрлэгч ажиллах учиртай. Энэ харьцаан дээр л зах зээл тогтдог. Манай улсад шатахууны үнийг дураараа нэмж байна. Үүнийг нь эсэргүүцэж байгаа хүн ч байхгүй, бид идэшний хонь шиг болчихсон байна. Идэшний хонийг эзэн нь төхөөрөх гэж байхад юугаа ч мэдэхгүй хэвтэж байдаг. Бид тийм л номхон болчихсон байна. Нэг ухаангүй даргын буруу шийдвэрээс болж бүх барааны үнэ хөдөлж байна. Сонгуулийн өмнө их л гоё юм ярьж байсан. Гэтэл сонгогдсоныхоо дараа хийж байгаа ажлыг нь хар л даа. Хамаг барааны үнийг хөөргөчихлөө. Мөн гадаад худалдааны яам гэж байхаас гадна уул уурхайн банк гэж байх ёстой. Монголоос гарч байгаа нүүрс, нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын төлбөрийг аль банкаар яаж хийж байгааг, ер нь төлбөр хийгдэж байгаа эсэхийг нь ч иргэд мэддэггүй биз дээ.

-Тэгэхээр уул уурхайн бүх бүтээгдэхүүнийг худалдан авсан төлбөр энэ банкаар дамжина гэж үү?

-Тийм ээ. Манай улсын арилжааны банкууд мөнгө багатай байдаг. Хүмүүс банкинд мөнгөө богино хугацаанд хадгалуулдаг учраас банк зээлээ ч мөн богинохон хугацаатайгаар олгодог. Улс орон хөгжихөд жирийн иргэд авдаг урт удаан хугацааны хүү богинотой зээл хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд уул уурхайн банк гэж байгуулаад, Монголоос гарч буй байгалийн бүх баялгийн төлбөрийг тэр банкаар дамжуулж, төлбөр хийсэн хуудсаа үзүүлж байж хилээр гарах ёстой. Өөрөөр хэлбэл, маш баян банк болно биз. Тэгэхээр энэ банкинд өдөр болгон мөнгө орж, эргэлтийн хөрөнгө нь нэмэгдэж байгаа учраас иргэдэд жилийн нэг хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээл өгсөн ч болно шүү дээ. БНХАУ-ын “Хөдөө аж ахуйн банк” гэж маш том банк байдаг. Дэлхийн бүх оронд ийм жишиг бий. Миний бодлоор “Уул уурхайн банк” байгуулаад, нефтийн импорт, хэрэглээнд чөлөөтэй реформ хийгээд, ганц хоёрхон дарга нар биш бүх хүн адил тэгш эрхтэйгээр оролцоод, жижиг үйлдвэрүүд барих юм бол шатах, тослох материалын улсын хэрэгцээг хямдхан хангаад байж болно.Үүнийг хэлж байгаа нь би боловч маш олон хүн ингэж бодож байгаа шүү. Уул уурхайн банкнаас орж ирсэн мөнгөөр ААН-үүдэд чөлөөтэй зээл өгөөд, ганц нефтийн ч биш улс орны хөгжилд нэмэр болох үйлдвэрүүд барих ёстой. Ер нь Монгол Улс гадаад худалдааны яам, уул уурхайн банктай болох шаардлагатай.

-Ингэвэл манайх үйлдвэрлэгч орон болж чадах уу?

-Манай улсын хоёр талд том зах зээл байна. Үүн рүү чиглэсэн арвын боолт хийгээд байж болно шүү дээ. Хийсэн арвын боолтоо БНХАУ-д нийлүүлдэг байх хэрэгтэй. Арвын боолт хийгээд сурчихвал бид дараа нь халбага сэрээгээ хийгээд сурчихна. Өнөөдөр бид халбага, сэрээгээ ч хийж чадахгүй байна. Гэтэл Дарханд маш том төмөрлөгийн үйлдвэр байгаад байдаг. Шууд л машин тоног төхөөрөмжийн үнэтэй деталь хийхээ больё л доо. Эхний ээлжинд боолт, гайк, шайб, эсвэл лист төмөр хийе. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийхээ төлбөрийг хагас бэлэн бүтээгдэхүүнээр хийгээд явбал бид 10 жилийн дараа халбага, сэрээгээ дотооддоо хийдэг болно. 20 жилийн дараа нарийн деталь хийх хэмжээнд очно. Харин төр татварын бодлого явуулах ёстой болохоос өөрөө бизнес хийгээд, улс эх орныхоо төлөө зүтгэж байсан бизнесүүдийг унагааж болохгүй. Хэдий чинээ их бараа бүтээгдэхүүн зарна төр төдий чинээ татвар аваад түүгээрээ амьдарна биз дээ. Тэгэхгүйгээр хувийн хэвшлээ татаж унагаад, татвар, цахилгааны үнээ нэмдэг байж болохгүй. Бид “Урагшгүй ноёны ухаангүй албатуут” шиг л байна. 126 гишүүн бүгд хоорондоо хэрэлдэж байна шүү дээ. Ямар муухай эв найрамдалгүй юм бэ, бүгд хоноцын сэтгэлээр аливаад хандана. Ийм байж яаж улс орноо хөгжүүлэх юм. Миний бодлоор бид одоо бизнес эрхлэхэд хамгийн гол нөлөөлдөг цахилгаан, шатах тослох материал дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Үүний төлөө бүх бололцоогооо дайчлах хэрэгтэй. Яаралтай гадаад бодлогын яамаа байгуулж, булангийн орнуудаас яагаад махаараа бензин бартерлан авч болохгүй гэж. Үүнийг хувийн хэвшил хийх ёстой. Энэ мэт ажлуудыг хийж, цахилгаан, бензиний үнийг буулгах хэрэгтэй. Юун үнэ нэмэх. Энэ бол маш буруу.

-Хэрэв Хятадаас шатахуунаа бид авдаг болбол цаашид хоёр хөрштэй харилцах харилцаанд өөрчлөлт орох уу?

-Яах ч үгүй. Харилцааг зөв байлгах үүргийг гадаад худалдааны яам хариуцах ёстой. Дэлхийн бүх орны хооронд дипломат маягаар, эв түнжинтэй амьдрахын тулд гадаад худалдааны яам байгаа юм. Энэ яам нь хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн дамжуулах талаар ярьдаг. Үүний хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч, яамны сайд нар уулзахдаа худалдааны гэрээ хийх ёстой. Тэрнээс мөнгө гуйж очиж болохгүй.

-Хэрэв Хятадаас шатахуун импортлохоор болбол аль боомтоор авах боломжтой вэ?

-Бүх боомтоор шатахуун оруулж ирж болохгүй. Үүнийг төр бодлогоороо зохицуулж, энэ боомтоор ийм хэмжээний шатахуун оруулж ирнэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас заавал төрийн оролцоо байх ёстой. Хэрэгтэй гэвэл Засгийн газрын шийдвэрээр зарим боомтыг нэмж, бас хааж болно. Гэхдээ хувийн хэвшлээ хохироож, ард иргэдийнхээ хэрэглээг тасалж болохгүй.

-Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх тухай асуудал яригдаж байгаа шүү дээ. Энэ боомтыг нээх нь шатахуун тээвэрт ач холбогдолтой болов уу?

-Аль болох боомт нээгдэж, бараа таваар эргэлдэж байвал сайн. Гэхдээ яаж нээх вэ гэдэг нь чухал. Монголтой Монголгүй дэлхий хөгждөгөөрөө хөгжинө. Харин Монгол дэлхийгүйгээр нэг ч алхам явж чадахгүй. Би Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж байгаа эрдэмтдийн яриаг сонссон. Гэхдээ талаар дүүрэн машинууд давхиад байхгүй, нэг л замаар явах юм билээ. Хятадын удирдагч асан Дэн Сяопин бүх боомтоо нээснээр тус улс хөгжилд хүрч чадсан. Боомт нээхээсээ өмнө Хятад хөгжлөөрөө хэдэн зуунаар хоцорсон нь түүх болон үлдсэн.

Гэтэл өнөөдөр Хятад эдийн засгаараа Азидаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Нээлттэй хаалганы бодлого гэж ийм л зүйл байдаг. Хэрэв Хятад бүх боомтоо нээгээгүй байсан бол өдийд 30 жилийн өмнөхтэйгөө адилхан бүгд цэнхэр цамцтайгаа л явж байгаа. Яг л Хойд Солонгос шиг. Бид “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн гээд хэнийг ч оруулахгүй, өөрсдөө ч гарахгүй, морь малаа унаад байж байх юм уу. Ирээдүй хойчдоо газар нутгаа үлдээнэ гэж ярьдаг. Гэтэл тэд “Та улс эх орноо хөгжүүлчихгүй яасан юм, энэ хар шороогоор яах юм” гэж биднийг буруутгавал яах юм. Өндөр хөгжилтэй улс л үр хүүхдүүдэд маань хэрэгтэй болохоос ямар ч хөгжилгүй хоосон газар шороогоор бидний үр хойч юу хийх юм бэ.

-Хятадын бензиний үнэ, чанар нь Оросынхтой харьцуулахад ямар бол?

-Сайн шүү дээ. Оросын бензинтэй ер нь адилхан. Монголчууд Хятадаас чанаргүй хямд, чанаргүй бараа оруулж ирээд байгаа болохоос Хятадын үнэтэй, чанартай бараа бүтээгдэхүүнийг Европ, АНУ даяараа хэрэглэж байна. Монголчууд ихэвчлэн зах дээрээс нь очоод хамгийн хямд барааг нь авч ирээд зарж байгаа. Тийм ч учраас хүмүүс хятад бараа чанаргүй гэж боддог. Гэтэл үгүй. Хятадад өнөөдөр маш чанартай юм хийдэг болчихсон. Мөн шатахууны үнэ нь ч боломжийн байдаг.

-Монгол Улсын хөгжлийн тушааг та юу гэж бодож байна вэ?

-Хамгийн гол нь бүх хувийн хэвшлийн байгууллагуудын төлсөн татвараар төр засаг маань үр ашигтай зүйл хийж байна уу, үгүй юу гэдэгт л эмзэглэж явдаг. Сонгуулиас өмнө их гоё юм ярьчихаад, сонгуулийн дараа ингэж төсвийн мөнгөөр гараа угааж болохгүй л дээ. Монгол Улсад ерөөсөө эдийн засгийн хямрал болоогүй. Монгол Улсад төсвийн мөнгөний хулгайн хямрал л болоод байгаа юм. Төсвийн хулгай бүх шатанд байна. УИХ 76 гишүүнтэй байхдаа ч ийм байсан, 126 гишүүнтэй болсон ч иймээрээ л байх юм байна. Одоогийн УИХ-д бүх салбарын төлөөлөл байна. Гэвч тэр хүмүүсийн дуу хоолой хаана байна вэ. Яагаад 2025 оны төсөв хэлэлцэхэд дуугарахгүй байгаа юм бэ. Яах гэж гишүүн болсон юм. Төсвийн мөнгөнөөс гараа угаалцах гэж гишүүн болоогүй шүү дээ. Үүнээс гарах гарц бол төсвийн мөнгөний хөндлөнгийн хяналтыг МҮХАҮТ, эсвэл Монголын үйлдвэрчний эвлэл тавих хэрэгтэй. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Өндөр хөгжилтэй орнууд татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн улсын төсвийг хэлэлцэхэд нь, батлахад нь, мөн төсвийн мөнгөний зарцуулалтад хөндлөнгийн х яналтыг тавьдаг. Скандинавын орнууд бүр хуульчилчихсан байдаг. “Хэрэв таны төлсөн татварын мөнгөөр улстөрчид гараа угаагаад, илүү цалин пүнлүү аваад, гадаад дотоод дахь албан томилолтын зардал нь ихсээд байвал тухайн яамны үйл ажиллагааг зогсоох эрхтэй”. Манай улсад ийм зүйл байхгүй шүү дээ. Энэ бусармаг бүхний тухай МҮХАҮТ дуугарах ёстой. Төр, татвар төлөгчийн хооронд гүүр болно гэж МҮХАҮТ байгаа юм. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ бүх татвар төлөгчийн өмнөөс төртэй харьцаж, эрх ашгийг нь хамгаалах ёстой. Гэтэл ийм зүйл манай улсад байдаггүй.

Ө.Анхзаяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо DNN.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн авто тээврийн бүртгэ...

img

7 цагийн дараа

Баялаг ундраа болон Баянзүрх худалдааны төвд хяналт шалгалт хийв DNN.mn

Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий г...

img

7 цагийн дараа

“Бичлэгийг нь цацна” хэмээн найман сая төгрөг нэхсэн сурагч охиныг шалгаж эхэлжээ DNN.mn

Нийслэлийн нэгэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн охид нэгнийхээ зураг бичлэгээр заналхийлж, мөнгө нэхсэн хэргийг цагдаагийн байг...

img

6 цагийн дараа

Ногоон автобусны шүүх хурал дахин хойшлов DNN.mn

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2024.12.16/ товлосон боловч дахин хойшилжээ. ...

img

6 цагийн дараа

Цас орж, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд