мэдээ
SPEAK OUT: “Төр Евразийн хэлэлцээрийг эргэн харж, үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй” DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 17
28
Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ-д энэ долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ. УИХ хүлээж авсан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо түр хэлэлцээр байгуулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дотоодын үйлдвэрлэгч нар энэхүү хэлэлцээр байгуулах асуудлыг эргэн харахыг хүсч буйгаа илэрхийлсээр байна. Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар өчигдөр (2024.12.16) “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж, төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ ээлтэй бодлого барих хэрэгтэйг онцоллоо. Тэдний байр суурийг хүргэе.
Б.МӨНХЗУЛ: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ЖАГСААЛТААС ХАСАХ ХЭРЭГТЭЙ
-Бид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг жагсаалтаас хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр үйлдвэрлэгчдийн эсрэг байгаа учраас нэлээд бодолтой хандаж, зарим зүйлийг засаж залруулаасай, илүү ул суурьтай хандаасай гэж бодож байна. Ковидын үед дэлхийн улсууд хэсэг хугацаанд тогоон дотроо амьдарлаа. Энэ үед үйлдвэрлэж чадаж байгаа улсууд өөрсдийн боломжоороо даваад гарсан.
Монголд дотоодын үйлдвэрлэгчид байгаагүй бол ямархуу байдлаар даван туулах байсан бол гэдэг асуудалтай тулгарах байлаа. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяныг хэрэгжүүлсэн байх. Хүнсний салбарынхан хичээгээрэй, бид боломжоороо дэмжье гэсэн. Бид ч гэсэн чадлаараа хичээж байна. Хийж бүтээнэ гэдэг бэлэн бараа импортлохоос хамаагүй хэцүү. Гэвч улс орон оршин тогтнож, илүү их хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх ёстой.
Л.ЭРХЭМБАЯР: ТАТВАРЫН ДАРАМТ ӨНДӨР УЧРААС ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХ ӨРТӨГ ИМПОРТЫН БАРААНААС ӨНДӨР ТУСДАГ
-Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж асууж байна. Тийм, үнэтэй байгаа нь үнэн. Манайх хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гадны бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад байна. Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог.
БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж, үйлдвэрлэлээ бойжуулсан. Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад, зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар 6-12 хувь, Монголынх 11-21 хувь байна. Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татварын хамгийн дээд хязгаар нь 6 хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар авдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ. Бодолцох хэрэгтэй. ОХУ үйлдвэрлэгчдээ тултал нь дэмжиж байна. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байна. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манайх эсрэгээрээ татварын дарамтад байна. Нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евразийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ шүү.
Ш.ШИНЭБАЯР: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛАХ БОДЛОГО БАРИХ ХЭРЭГТЭЙ
-Тариаланчдад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярья. Манай хойд хөрш ОХУ, Беларусь зэрэг улс жилдээ 100-150 сая тонн улаанбуудай үйлдвэрлэдэг, өргөн уудам зах зээл. Өнгөрсөн зургадугаар сараас гурилыг квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн улаанбуудай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сая тонноор улаанбуудай экспортолдог улс орнуудтай манай улсын жижиг зах зээл хийгээд хэдхэн үйлдвэрлэгч өрсөлдөхөд амаргүй. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн.
Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барих нь хамгийн чухал. Орц бордоо нийт зардлын 28 хувийг эзэлдэг учраас үнээ хямдруулж чаддаггүй. Төр засаг татвар, валютын зөрүүн дээр анхаарч өгмөөр байна. Хойд хөршөөс их хэмжээний улаанбуудай оруулж ирэхэд л үндэсний компаниудад хүнд цохилт болдог. Улаанбуудай чанаргүй, цавуулаггүй байна гэдэг нь бордоотой холбоотой. Иймд төр бордоог татваргүй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй байх.
Бид урд хөрш рүү гурил гаргах боломжгүй. Ер нь аль ч улс руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломж байхгүй. Зөвхөн дотоодын зах зээлээ хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэр бий. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 400 гаруй мянган тонн улаан буудай экспортолно гэсэн. Энэ ажил хэрэг болоогүй, одоо өнөөх улаанбуудай нь агуулахад л хэвтэж байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
Төрөлт 10.6 хувиар буурчээ DNN.mn
2024 оны эхний 11 сард 53.1 мянган хүүхэд мэндэлжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 мянга буюу 10.6 хувиар буурчээ. Х...
8 цагийн дараа
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулахаар боллоо DNN.mn
Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Ама...
7 цагийн дараа
Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
БНХАУ-ын иргэн Б нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэ...
7 цагийн дараа
Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгий...
6 цагийн дараа
ҮСХ: Төлбөрийн тэнцэл 257.4 сая ам долларын алдагдалтай гарав DNN.mn
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны ү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд