мэдээ
Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан… DNN.mn
НОРОВЫН ГАНТУЛГА
2024 оны 12 сарын 22
41
Одоогоос нэгэн жарны тэртээд буюу 1962 оны шинэ жилээр “Сүлд модны наадмын дуу” төрсөн түүхтэй. Үгийг нь Монголын урлагийн алтан үеийн нэрт төлөөлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа бичиж, аяыг нь төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаа хийсэн байдаг. Эдүгээгийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад дуулжээ. Уг дууны түүхийг Зангад гуай үндэсний телевизийн нэвтрүүлэгт орохдоо нэгэнтээ ярьж билээ. 2005 билүү, 2006 оны өвөл “Шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцоно уу. Залуу найрагчийн хувьд шинэ жилийн тухай, өвлийн тухай, цасны тухай, хайрын тухай шүлгүүдээ уншина” гэж зохиолч найрагчдын “Ноёны бөхийн охин” хэмээн сүрддэг телевизийн Сараа эгч (Жигмэддоржийн Сарантуяа) гэж үүрэгдлээ. Дөнгөж хорин хэдтэй бага залуу би урилгыг бөөн баяр хүлээн аваад цайны ганц костьюмаа өмсөн гүйгээд очсон сон.
Үндэсний телевизийн 600-гийн стутид Зангад, Монголын дуурийн хатан хаан Батаагийн Жавзандулам гээд аваргууд ирчихсэн сууна. “Сүлд модны наадмын дуу” эгшиглэж, “Хундаганы дуу” цангинах нь тэр. Надад мөрөөдлийн шинэ жилдээ оролцсон мэт нэг л гоё сэтгэгдэл төрж “цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Зангад дуулахуйд баярын шампаанск хөөсрөн оргилж, түүнийг дагаад хүмүүний сэтгэл цалгилан долгилж, хөгжмийн торгомсог аялгуунд цагаахан даашинзтай бүсгүйчүүдийн бүжих нь үлгэрийн юм шиг санагдаж билээ л.
Баяр баясгаланд умбасан надад энэ дуу шинэ жилийн эрдэнийн титэм, эгшиг аялгуу нь юм даа гэж эрхгүй бодогдож байсан сан.
Тийм ээ, “Сүлд модны наадмын дуу” Зангадын хоолойгоор эшиглэхэд шинэ жилийн баяр тэр чигтээ сэтгэлд буудаг. “Сүрлэг Монгол орныхоо өлчир жавхааг бадраасан, сүлд модныхоо наадмаар өвлийн эрчийг хариулцгаая” хэмээн дуулахад “Сайн байна уу, хүүхдүүд ээ. Өвлийн өвгөн аав нь цас мөснийхөө орноос цан хүүрэг савсуулсаар…” хэмээн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Гомбосүрэн гуайн танил дуу хоолой хүнгэнэх шиг, цасан охид нь тойрон бүжих шиг гэгээн гэрэлт дурсамж сэргэж ирдэг. Харшийн сүлд модны наадам энэ л дуугаар эхэлж Монгол даяараа баярлах шиг болдог. “Зангад гуайн сүлд модны дуу явахад мандарины үнэр ханхийх шиг болдог” гэж аав минь хэлж билээ. Ийнхүү Зангадын дуу 62 жилийнхээ шинэ жилтэй золголоо.
Үндэсний телевизийн тэрхүү нэвтрүүлгийн үеэр Зангад гуай дууны түүхээ ийн ярьсан юм. “Жаран хоёр оны өвөл. Шинэ жилийн баяр болох гээд хүн бүхэн догдолж байсан үе. Бадраа гуай, Гончигсумлаа багш хоёр ярьсан байгаа юм. Шинэ жилийн дуутай болох хэрэгтэй байна гэж бодож л дээ. Тэгээд Бадраа гуай шүлэг бичжээ. Түүнийгээ Гончигсумлаа багшид утсаар сонсгосон байна. Шүлгийг нь утсаар сонсох үед л хөгжим нь шууд ороод ирсэн гэж багш хэлдэг. Ингэж л энэ дуу төрсөн юм. Гончигсумлаа гуай над руу яриад “Би шинэ жилийн дуу хийсэн. Ирж дуулаарай” гэдэг юм. Дууг нь дуулахад яг л миний хоолойд таарч байна. Ингээд 12 дугаар сарын 28-ны өдөр Монголын радиод очиж бичүүлсэн. Миний ард Дуурийн театрын эмэгтэй дуучид хоолой хийсэн. Найрал хөгжимгүйгээр дан төгөлдөр хуураар хөгжимдөж бичүүлсэн. Гавьяат жүжигчин Бандийн гэргий Маргарита Григорьевна багш төгөлдөр хуураар хөгжимдөж найрал дуучидтай дуулж байхад Гончигсумлаа гуай цонхны цаанаас хараад зогсож байсан нь одоо хэрнээ надад харагдаад байдаг” хэмээн дурссан.
Дууны түүх товчхондоо ийм. Эл дууны шүлэг нь ч, хөгжим нь ч сонссон хэн бүхнийг баярын хөл хөөр дунд аваачиж цалин мөнгөн тэнгэрийн ид шидийн ертөнцөд умбуулдгаараа онцгой. Гончигсумлаа гуайн ч тэр, Бадраа гуайн ч тэр жинхэнэ авьяас билэг нь асгарч байсан он жилүүд байж дээ. Жараад он бол Монголын урлагийн алтан үе. Энэхүү алтан үеийг бүтээлцсэн эрхмүүд нь Гончигсумлаа, Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Жамъянгийн Чулуун, Дагвын Лувсаншарав, Эрэгзэнгийн Чойдог, Гончигийн Бирваа тэргүүт хөгжмийн бурхад. Яруу найрагч нь мэдээж Жамцын Бадраа. Жаран нэгэн онд “Халуун элгэн нутаг”, жаран хоёр нь “Сүлд модны наадмын дуу”, жаран гурван онд “Жаргаах зүрхэн”, жаран дөрвөн онд “Гоёхон ч чимэг юм уу даа” дуунууд дараалан төрсөн. Бүгдээрээ Бадраа гуайн шүлэг юм.
Мөн “Зандан шоо”, “Намрын шөнө”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай”, “Багшаа дуулъя” гээд олон дуу Бадраа гуай бичсэн. “Орь залуу нас”, “Чандмань эрдэнэ” дуунуудынх нь шүлгийн хэлбэр хийц, солонгорсон торгомсог өнгө, ая дан ч жараад оны алдарт бүтээлүүд шиг өнөө л тансаг хийцээр нь бичигдсэн байдаг. Ийнхүү Монголын дууны яруу найрагт эргэлт оруулсан он жилүүдэд нь “Сүлд модны наадмын дуу” төрсөн түүхтэй.
“Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу” хоёр бол мэдээж Гончигсумлаа гуайн хөгжим.“Авьяас билэгт дүү, нэрт дуучин Зангадын хоолойд зориулан бичсэн болно. Гончигсумлаа” гэж гарын үсгээ зурж дурсгасан байдаг.Тэгэхээр яалт ч үгүй Зангад гэж хүний хоолойд зориулагдсан агуу их Гончигсумлаагийн алтан тамгатай бүтээлүүд гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. “Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүний ёсны хувьд ойр дотно харилцаатай явснаа санах бүрийд надад бахархах сэтгэл аандаа төрдөг” гэж Зангад гуайн хэлдэг нь ч учиртай.
Н.Гантулга
Ирэх мягмар гаригт цас орно DNN.mn
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нийт нутгаар өнөөдөр цас орохгүй, Монгол-Алтайн уулархаг нутгаар маргааш цас орно. ...
6 цагийн дараа
Обьектын түймэр 3103 удаа бүртгэгджээ DNN.mn
Обьектын түймэр 2024 оны эхний 11 сарын байдлаар 3103 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын ба...
5 цагийн дараа
Агаарын бохирдлын сонсголын бэлтгэл ажлын хэсэг хуралдана DNN.mn
УИХ-ын чуулганаар ирэх 7 хоногт Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үү...
4 цагийн дараа
Гадаад худалдааны эргэлт 25.2 тэрбум долларт хүрчээ DNN.mn
Гадаад худалдааны статистикаар Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт ...
3 цагийн дараа
Өнөөдрөөс ес эхэлж байна DNN.mn
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22 буюу ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд