Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

О.Батнайрамдал: Монголд төмөр зам барихыг дэмжихгүй байна гэдэг хамгийн эх оронч бус үйлдэл DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 27

img

43

news-img

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийг хэлэлцлээ. Энэ төслийн эдийн засгийн үр өгөөж юу байх вэ?

-Ер нь төмөр зам бол маш их улстөржсөн сэдэв. Монголд нэг асуудалтай зүйл нь, тэрбум ам.долларын бизнес, потенциалтай зүйл гарч ирэхээр хэтэрхий том улстөржилт явагддаг. Дандаа ард нь мөнгөний ашиг сонирхол яригддаг байсан. Сүүлийн 40 жилд Монгол Улсыг ганцхан уурхай тэжээж ирлээ, тэр бол Эрдэнэт. Яаж улстөрждөг билээ. Түүний дараа Эрдэнэс Таван толгой, түүнийг дагасан далд эдийн засгийн асуудлыг цэгцлэх гэж бид ямар их улстөржиж бөөн юм боллоо.

Өнөөдөр Эрдэнэс Таван толгойг цэгцэлж чадсаны үр дүнд бид нүүрсний экспортоо бараг 80 сая тоннд хүргэж байна. Ингэснээрээ өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6800 давж, бид хүүхдийн 100 мянгаас гадна дараагийн мега төслүүдээ яриад явж байна.

Одоо үлдсэн буюу олон хүний ашиг сонирхлыг хөндсөн том сэдэв бол төмөр зам. Олон улстөржилт гарч байна, тэр нь төмөр замтай л холбоотой байна.

-Яагаад энэ төмөр зам Монгол Улсад ашигтай вэ гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Энэ бол маш энгийн, ойлгомжтой зүйл. Бид машинаар 80 сая тонн нүүрс гарга л даа. Түүнээс цааш ахиулъя гэвэл төмөр замаа түлхүү ашиглах хэрэгтэй. Төмөр зам ямар давуу талтай вэ гэхээр, нүүрс маш том хэмжээгээр тээвэрлэгддэг бүтээгдэхүүн. Түүнийг хамгийн оновчтой, үр ашигтай тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь төмөр зам юм.

Энэ төмөр замыг бид ашиглалтад оруулж, холбож чадсанаараа машинаар дор хаяж 40-50 ам.доллараар зөөж байсныг төмөр замаар магадгүй 10 хүртэлх ам.доллараар тээвэрлэнэ. Нэг ёсондоо машинаар гаргаж буй нүүрсний тээврийн зардлыг 4-5 дахин бууруулах боломж нь төмөр зам байхгүй юу. Монгол Улсын өрсөлдөх чадвар дээр хамгийн сул тал юун дээр гарч ирдэг вэ гэхээр дэд бүтэц. Дэд бүтэц хөгжиж байж бусад салбар хөгжих боломж нөхцөл бүрдэх юм. Тэр дэд бүтцийг хангадаг хамгийн сонгодог жишээ төмөр зам. Уул нь улстөржих ёсгүй, хэнд ч ойлгомжтой, зайлшгүй явах ёстой зүйл бол төмөр зам. Тэр царигийн асуудал ерөөсөө чухал биш юм.

-Үнэндээ 16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох эцсийн тохироо эцэслэн хийгдсэн. Одоо дэмжиж байж эдийн засгаа тэлэх боломжтой болов уу?

-Тийм ээ. Өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын тогтоол УИХ-д орж ирж байна. Яг үнэндээ бидний он удаан жил хүлээсэн тогтоол одоо л орж ирж байна. Бид дэмжих ёстой. Дэмжихгүй байх нь эх оронч биш байна гэсэн үг. Монголд төмөр зам барихыг дэмжихгүй байна гэдэг бол хамгийн эх оронч бус үйлдэл. Монгол Улс экспорт хийж, доллар оруулж ирж байж л хөгжинө. Бидний доллар оруулж ирэх боломж бол уул уурхай. Салбарыг өрсөлдөх давуу тал болгож буй. Энэ салбарыг дараагийн түвшинд гаргах, өнөөгийн хэмжээнээс хоёр, гурав, бүр тав дахин тэлэх ганцхан боломж бол ерөөсөө төмөр зам. Төмөр зам явуулахгүй байна гэдэг Монгол Улсын эдийн засгийг томруулахгүй байх гэсэн санаа байх, мэдэхгүй. Төмөр зам өөрөө дараагийн хэдэн тэрбумын зах зээл, бизнес байхгүй юу. Тухайн бизнесийн барих барьц нь төмөр зам учраас энэ дээр орох ашиг сонирхол маш их байж таараа. Бид түүнээс болоод 3.5 саяулаа хохирсон.

-Дээрх хугацааны алдагдсан боломжийг та тооцоолж үзэж байв уу?

-Ц.Туваан сайд алдагдсан боломж нь 3-5 тэрбум доллар гэж хэлсэн. Миний тооцоогоор түүнээс ч илүү алдагдсан боломж гарсан байх. Одоо энийг эцэслэх ёстой. Төмөр замыг ашиглалтад оруулж, нүүрсээ зөөх ёстой. Бидний төсөөлснөөс ч илүү олон боломжийг гаргаж ирэх гогцоо нь төмөр зам. Төмөр замын асуудлаа шийдсэний дараа улстөржөөд шийдэж чадаагүй удсан асуудал бараг үлдэхгүй шүү. “Эрдэнэт”-ээ бид цэгцлээд, Г.Ёндон захирал түүхэн хэмжээнд нь ашигтай ажиллуулж чадаж байна. “Эрдэнэс Таван толгой”-гоо бас цэгцлээд, дараагийн шатанд нь оруулах ёстой. Үлдсэн хамгийн том цэгцэлж чадаагүй сэдэв бол төмөр зам. Энийг дагасан улс төр маш их явсан. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-г цэгцлэх гэж бид ямар их асуудал боллоо. Нүүрсний хулгай гээд дэлхий даяар цоллуулаад, залуучууд талбай дээр гараад жагсаж байлаа шүү дээ.

-Нэгэнт ашиг, өгөөжөө өгөх нь тодорхой байхад одоо улс орны эдийн засаг, хөгжлөө бодоод, шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг гацаах хүн гарахгүй байх?

-Төмөр замын асуудал ногоон гэрлээр шийдэгдэнэ гэдэгт итгэхгүй байна. Янз бүрийн улстөржилт яваад, элдэв янзын юм болох байх. Яагаад вэ гэвэл маш их ашиг сонирхол хөндөгдөнө. Ийшээ орчихъё гэсэн ашиг сонирхол зөндөө л байлаа шүү дээ.

-“Хятадын тал манайхаас өөрсдийн хүссэн үнээр нүүрс авна гэж тулгасан” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ улстөржилт үү, эсвэл үнэхээр бодитоор ийм санал тавьсан юм уу?

-Нэлээн дээр Хятадын талтай Си Жиньпиний хүрээнд тохиролцсон байна. Хятадын талаас Гашуунсухайт боомт руу дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хийчихсэн. Гэтэл Монголын талд улстөржилт, ашиг сонирхлын зөрчилдөөн болоод гацсан. Хөрөнгө оруулалт талаас нь харвал Хятадын талд ч маш том алдагдсан боломж гарсан. Хөрөнгө оруулалтаа хийчихээд байтал гацаад, яваагүй орхигдсон. Энэ төслийг цааш явуулахад мэдээж маш их зардал гарна. Одоо УИХ-ын тогтоолын хүрээнд энэ бүтээн байгуулалтыг эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг харилцан уялдаатай, цогц байдлаар хамтад нь шийдүүлэхээр орж ирж байна. Энэ нь эдийн засаг талаасаа ч зөв л дөө. Бидний хувьд энэ том бүтээн байгуулатыг явуулахын тулд уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс өөр гарцгүй. “Эрдэнэс Таван толгой” уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд дараагийнхаа зэргэлдээ ордуудаа ашиглах зүй ёсны шаардлага нь зөв. Тэгж байж томруулах ёстой, тэгж байж илүү олборлоно. Нүүрс худалдах, худалдан авах гэрээг цаашид хийж л таарна. Тэр асуудал УИХ-ын тогтоолын хүрээнд, Засгийн газар хооронд хэлэлцээр хийхдээ орж ирэх байх. Нүүрсээ хэдээр зарах вэ, хэдээр тохиролцох вэ гэдэг л асуудал.

-Ирэх оны төсөвт нүүрсний үнийг нэлээд өндрөөр тооцсон. Олон Улсын байгууллагууд хэт өөдрөгөөр төсөөлж байна гэсэн шүүмжлэл хэлж буйтай та санал нийлж байна уу?

-Би өөдрөгөөр төсөөлсөн гэж ерөөсөө тооцохгүй байна. Бид дараа жил 83 сая тонн нүүрс гаргана гэсэн. Одоо бид бараг 83 сая тонндоо хүрч байна. Тэгэхээр өөдрөг төсөөлөл гэж би бодохгүй байгаа юм. Ирэх онд төлөвлөгөөндөө хангалттай хүрэх боломжтой. Дэлхий жилд найм орчим тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Түүний 50 хувийг Хятад дангаараа хэрэглэдэг. Бид Хятадын нүүрсний хэрэглээний 83 сая тонныг нь л гаргаж байгаа. Энэ нь нэг хувьд нь ч хүрэхгүй гэсэн үг. Бидний гаргаж байгаа нүүрс илүү коксжих чанарын нүүрс. Тэр дөрвөн тэрбумын 10 орчим хувь нь коксжих нүүрс. Хятад 10-15 хувиа гаднаас импортолдог. Гэхдээ гаднаас импортолж байгаа зах зээлийн хамгийн том худалдааны түнш нь Монгол болж байна. Бид Австралитай сүүлийн бараг арваад жил өрсөлдөж байна. Тэгэхээр бид Австралийн түвшинд явж байгаа юм. Нэг талаасаа энэ нь сайн хэрэг л дээ. Монголын коксжих нүүрсийг Австралитай харьцуулбал өрсөлдөх чадвар сайтай. Зөвхөн дэд бүтцийн асуудлаа шийдчихвэл бидэнд илүү томоор өрсөлдөх зах зээл байна гэсэн үг. Бид 100 сая тонн нүүрс гаргасан ч Хятадын зах зээл хангалттай шингээх бүрэн чадвартай маш том зах зээл. Хятадын эдийн засаг, нэг ёсондоо гангийн хэрэглээ байх тусмаа л хангалттай. Урт хугацаанд аваад үзвэл, өнөөдөр Хятадын зах зээл чинээлэг, дундаж давхаргаа нэлээд томруулж байна. Энэ хүрээнд Хятадад маш том хотжилтын бүтээн байгуулалт явагдаж байна. Дундаж давхарга нь томрох тусам дэд бүтцийн бүтээн байгуулалт маш ихээр шаардана гэсэн үг. Тэр чинээгээр гангийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Ган хэрэглэж байгаа бол коксжих нүүрс хэрэглэнэ л гэсэн үг.

-Монгол Улс болон Франц улсын хооронд байгуулах “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг УИХ-аар ойрын өдрүүдэд хэлэлцэх товтой байна. Энэ гэрээний онцлог юу вэ?

-Уул уурхайн салбар экспортын 95 хувийг дангаараа бүрдүүлж байна. Бид эдийн засаг төрөлжих ёстой гэж ярьдаг. Уул уурхайн салбар өөрөө ч төрөлжих ёстой. Одоо нүүрс, зэс уул уурхайн салбарын орлогын бараг 80 хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ дээр уран нэмэгдэх боломж нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг. Ураны хувьд гуравдагч орон буюу Францын хөрөнгө оруулалтыг оруулж ирж байгаа гэдгээрээ маш их онцлогтой. Ер нь энэ салбар руугаа аль болох гуравдагч орны хөрөнгө оруулалт, зах зээлийг татсанаар Монгол Улсад ашигтай. “Орано” Монголд 1997 оноос хойш хөрөнгө оруулалт хийсэн. Маш урт хугацаанд тогтвортой явсан хөрөнгө оруулагч юм. Энэ хөрөнгө оруулалт одоо биеллээ олоод явж байгаа нь маш сайшаалтай юм. Ураны зах зээлийг аваад үзвэл дэлхий дээр 10-15 орон л уран олборлох чадалтай байна.

-Аль юм болгон бид “амандаа орсон шар тос”-ыг түлхэх вэ дээ, тийм ээ?

-Яг тийм. Одоо уранаа ашиглалтад оруулах цаг мөн. Бас л их улстөржлөө. Олборлооогүй уран дээр хэчнээн их юм болов оо. Энэ улстөржилтөөс хэн хохиров гэхээр яг үнэндээ бид өөрсдөө л хохироод, эдийн засгийн боломжоо л алдаад байна гэсэн үг. Бид Цөмийн энергийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Засгийн газар хоорондын гэрээ байгуулж, бид Оюу толгойн дараахь олон улсын хэмжээний томоохон гэрээ байгуулах гэж байна. Оюу толгойн гэрээн дээр алдаа гарсан уу гарсан. Мэдээж төгс төгөлдөр гэрээ гэж байхгүй. Тэгэхээр тэрнээсээ суралцаад, алдаагаа дахиж гаргахгүй урагшлах л ёстой. Ураны хувьд нэг ёсондоо стратегийн ач холбогдол бүхий орд болчихож байгаа юм. Стратегийн ач холбогдол бүхий ордын үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчмын дагуу Үндсэн хуулийнхаа зарчмыг л бид биелүүлж энэ гэрээг байгуулах ёстой. Монгол Улсад үр өгөөжийн дийлэнх буюу 50-иас илүү хувь нь л ногдох хэмжээний, тэрийгээ хоёр талаасаа маш ойлгомжтой, тооцоололтой тохирсон ийм л гэрээ байгуулаад явах ёстой. Мөн байгаль орчинд нөлөөтэй эсэх талаар ард түмнийг мэдэх эрхээр хангах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Гэрээн дээрээ ч энэ талаар тусгаж байгаа байх гэж бодож байна. Бид олон улсын Атомын энергийн агентлагаар аудит хийлгэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд хор нөлөө байна уу гэдгийг мэргэжлийн олон улсын байгууллагаар дүгнэлт хийлгээд, цааш явах ёстой.

-Зөөвч-Овоо төсөл дээр Монголын тал АМНАТ-ийг харьцангуй боломжийн тогтоочих шиг боллоо?

-Үнэтэй нь уяж орж ирж байгаа нь зөв л дөө. Ард түмэн эзэмшинэ гэхээр л хувьцаагаар эзэмшдэг юм шиг санхүүгийн маш энгийн ойлголтоор олон жил явжээ. Мэргэжлийн санхүүчийн зүгээс аваад үзвэл, маш олон ойлголт байж болдог. Энгийн бус давуу эрхийн хувьцаа гээд олон төрөл байж болдог. Тэгэхээр Монгол Улсад аль нь илүү зөв, ашигтай хувилбар байна тэрийг л сонгох ёстой. Давуу эрхийн хувьцаагаар шилжүүлж байгаа нь олон давуу тал үүсгэх боломжтой. Нэг ёсондоо Монгол Улсын талаас санхүүжилт гаргахгүйгээр, гэхдээ ногдол ашгаа алдахгүйгээр аваад явах боломжтой.

-Ногдол ашгийг Монголын талын өгөөж гэж урьд нь тооцоолдог байсан. Энэ зөв үү?

-Буруу. Монгол Улсад олон талаар өгөөж нь ирж болно. Тэрийг ашиглах ёстой. Оюу толгой дээр гарсан, тухайн үедээ их улстөржсөн нэг зүйл бол Монголын тал 34 хувь эзэмшинэ, ногдол ашиг авна гэсэн. Гэтэл ногдол ашиг нь 34 хувь, энгийн хувьцааны хувь эзэмшихээр хөрөнгө оруулалт шаардах тусам бид 34 хувийн хөрөнгө оруулалтаа зайлшгүй гаргах ёстой болсон. Гаргаж чадахгүй зээл аваад, тэр нь томорсоор, зээлийн өрөнд орсон шүү дээ, Оюу толгой төсөл. “Орано” дээр тийм асуудал гарахгүй байх ёстой. Тэрийг давуу эрхийн хувьцаагаар нэг ёсондоо орлуулж байна гэсэн үг.

-Та Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт хэчнээн стандарт хэрэгжиж байна вэ?

-Нийт 6689 стандарт байдгаас социализмын үед батлагдсан, шинэчлэгдэж амжаагүй маш олон стандарт байна. Ялангуяа эрүүл хүнс, барилга, хот байгуулалт гэх мэтчилэн бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх стандартууд хуучирсан, эсвэл хэрэгжихгүй байна. Жишээлбэл, нэг хүн зам дээр халтираад уначихлаа гэхэд тэр замыг стандартад нийцүүлж барьсан уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Үүнийг цогцоор нь, эко системээр нь авч үзье гэсэн, УИХ дээр байгуулагдсан 60 гаруй ажлын хэсгийн нэг юм. Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Стандарт гээд аваад үзэхээр гол зохицуулагч хууль нь Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль юм. Институт хоорондын уялдааг хангасан энэ хууль 2017 онд багтлагдсан. Түүнээс хойш Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө оруулаад, Шадар сайд стандартыг хариуцдаг болсон.

-Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар салбарын эрдэмтэн, мэргэдийн санал зөвлөмжийг авч байна уу?

-Засгийн газар сүүлийн хоёр жил нэлээд судлаад, энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болсон байна. Ажлын хэсгийн ажил энэ төсөлтэй бас уялдана гэсэн үг. Ажлын хэсгийн хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгыг сонссон. Бас өөрсдийн санал бодлоо өгөөд, удахгүй УИХ-д орж ирнэ гэсэн хүлээлттэй байна. Ажлын хэсэг эрүүл мэнд, хүнс, барилгын стандартууд гэх мэтчилэн тусгайлсан салбаруудын стандартуудыг авч үзье гэж бодож байгаа юм. Бид салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Стандартуудын өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хэмждэг лабораториудын хүрэлцээ, хангамж, шинэчлэл гээд тулгамдсан асуудлууд их байдаг юм билээ. Тухайлбал, импортоор орж ирсэн хүнсийг лабораторийн хэмжээнд хянаж чадаж байгаа юу гэх мэтчилэн асуудал байна. Мэдээж бид УИХ дээр орж ирэнгүүт салбаруудын санал дүгнэлтийг тусгах дээр заавал ажиллах ёстой. Нэг талаасаа стандарт, нөгөө талаасаа зөвшөөрөл гээд хоорондроо уялдах хэрэгтэй. Стандарт хангаж байвал зөвшөөрөл шаардлагатай юу, зөвшөөрөл нэхэж байгаа бол стандарт хангасан уу гэдгийг л харж байгаа шүү дээ. Тэрийг хооронд нь зайлшгүй уях ёстой гэж бодож байгаа юм. Нөгөө талаасаа хэрвээ стандарт хангаж байвал төрөөс бизнес эрхлэгчдээс илүү олон зүйлийг шаарддаггүй, илүү хялбар байх ёстой. Тэр байгууллага өөрөө стандартаа хангаж чадаж байгаа бол татвараас өөр дарамт байх ёсгүй гэдэг өнцгөөс нь харах ёстой гэж бодож байна. Бид Мэргэжлийн хяналт гэдэг байгууллагыг татан буулгасан. Одоо татан буулгасан нь зөв үү гэдгийг эргэж харах л хэрэгтэй.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан “Лексус-450” машинтай иргэдийг татаж гаргажээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ ...

img

1 цагийн өмнө

Биеийн халууныг бууруулдаг нарны тос бүтээжээ DNN.mn

Хятадын судлаачид хүний биеийн халууныг Цельсийн 6 хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South C...

img

2 цагийн өмнө

ХӨСҮТ: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна DNN.mn

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч ...

img

2 цагийн өмнө

Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл ...

img

3 цагийн өмнө

10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буц...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд