Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Г.Ариунтуяа: Авто спортоос зодог тайлсны дараа сайн ээж байхыг л хүснэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 19

img

38

news-img

Монголын авто спортын УАЗ ангилалд хурд сорьдог нэг л эмэгтэй тамирчин бий. Түүнийг Г.Ариунтуяа гэдэг. Тэрбээр 84 дугаартай, ягаан өнгөтэй УАЗ-аар олонд танигдаж, ур чадвараа харуулсан. Хүн бүр энэ спорттой нөхөрлөхийг хүсдэг ч тууштай үргэлжлүүлсэн нь цөөн. Тэвчээр, мэдрэмж, ухаан, санхүү шаарддаг адал явдлын адармаатай ертөнцөд амжилт гаргах тийм ч амар биш. “Авто ралли”, “Мастер кросс”, “Баха 250”-д аваргуудтай мөр зэрэгцэн уралддаг түүний хүртсэн шагналуудыг нэгбүрчлэн дурдвал сонины нэгээхэн хуудас даанч багадна. Хүссэн бүхний зориглодоггүй уралдааны талбараас спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр удам дамжсан тамирчин. Аав Ц.Ганбат нь 1990-ээд оны дундуур УАЗ ангилалд тоос өргөсөн анхдагчдын нэг. Өөрийг нь дуурайж эл спортод хөл тавьсан охиндоо айдсаа давж, эрсдэлгүй уралдах зориг, сэтгэлийн хат, овсгоо самбаатай байхыг зөвлөдөг аж. Уралдаанаас уралдаанд туршлага хуримтлуулж, өдгөө шилдгүүдийн энд хүрсэн түүнтэй ярилцлаа.

-Авто спортод зөвхөн эрчүүд бус, эмэг­тэй­­чүүд ч амжилт гаргаж болдгийг харуул­сан тэр уралдаанаас хойш та 10 жилийг ардаа үдсэн байна. 
-Миний хувьд охид, бүсгүйчүүдэд урам өгөх зорилгоор уралдааны талбарт хурд сорьж бай­­лаа. Гараанаас гарсан тэр өдрөөс хойш цаг хуга­цаа хурдан өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд авар­гуудын ур чадвараас суралцан, туршлага хуримт­луулж, өөрийгөө хөгжүүлсэн. Тэр хэрээр олон саадтай тулгарсан ч даван туулаад ард нь гар­­сан­даа баярладаг.

-Уралдааны талбарт УАЗ-ын мөр гар­гас­наа одоо эргээд нэг харвал сонирхолтой дур­самж хуваалцах болов уу?
-Монголын бартаат замын авто спортын хол­­бооноос зохион байгуулдаг мөсөн замын ав­­­то уралдааны жийп ангилалд оролцож, тамир­чин болох гараагаа эхлүүлсэн. Тус тэмцээн хой­­­­шид уралдах итгэл, зориг төрүүлснээр Мон­гол-Хятадын олон улсын холын зайн “Говь рал­ли”-д өрсөлдсөн юм. Дараа нь “Baja Mongolia” өн­дөр ур чадвар шаарддаг тэмцээнд орол­цож, авар­­гын техникээс суралцсан. Гэх­дээ сэт­гэл­дээ бол “Мастер кросс”-ын УАЗ ан­гилалд урал­да­хыг нууц­хан мөрөөддөг байв. 2016 онд уг ан­ги­лалд анх уралдсан Ариунтуяаг өнөө­гийнх­тэй харил­цуу­лахад техникийн эд ангийн талаарх мэдлэг, урал­­дах арга барилаа хэрхэн сайжруулах туршлага чамгүй хуримтлуулжээ.

-Тамирчдад аз, амжилт дагуулдаг олон зүйл бий. Ягаан өнгөтэй УАЗ-ыг барианд орохыг харах гэж үзэгчид догдолж хүлээ­дэг болсон шүү дээ.
-Дархан-Уул аймагт болдог “Чингис мас­тер кросс”-оос цөөнгүй медаль хүртсэн, 02 дугаар­тай уралд­даг Б.Батзоригоос шар өнгөтэй УАЗ ава­хад “Чи ямар өнгөөр будмаар байна. Хүс­сэн өн­­гөөр чинь будаад өгье” гэхэд нь “Тас хар өн­гөөр будна” гэв. Гэтэл “Эмэгтэй хүний уралдах ма­­шинд хар өнгө зохихгүй. Чи өөр өнгө сонго” гэж зөвлөхөд нь ягаан өнгийг сон­гож, уралдаанд өм­сөх хувцсаа ч гэсэн ижил­сүү­лэхээр Гавьяат та­­мир­чин Д.Болдбаатар аваргын ээжээр оёулж би­лээ. 84 дугаар эзэндээ олон шагнал авчирсан. Урал­даанд оролцохоор дугаар сонгоход 14, 84 үлд­сэн байв. Түүнээс хойш энэ дугаартайгаа олон тэмцээнд оролцож байна.

-Спорт сонирхогчид таныг тамирчдаас хам­­гийн өндөр боловсролтой нь гэж ярихыг цөөнгүй сонссон. Уралдаж байхдаа гур­ван дээд сургуульд суралцаж, төгссөн юм билээ. 
-Удирдлагын академид төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалах хугацаандаа 10 гаруй урал­даанд өрсөлдлөө. Бэлтгэл хийж, тэмцээнд орол­цох гээд завгүй явсан ч бүхнийг амжуулж, сур­гуулиа ам­жилт­тай төгссөн. Магистрын зэрэг хам­­гаалах судалгааны ажлыг минь удирдсан доктор Л.От­гонтуяа багш “Чи хичээлдээ ч, уралдаандаа ч сайн байгаарай. Хүн завгүй байх тусмаа олон зүйл­ийг амжуулдаг юм шүү” гэж хурцалсан. Би өмнө нь Японд ахлах сургуульд суралцсан юм. Тэндээс эх орондоо ирж, МУИС-ийн Эдийн зас­гийн сургуульд элсэн төсөв, төрийн санхүүгийн чиглэлээр мэр­гэжил эзэмшсэн. Дараа нь тус сур­гуулийн Монгол хэл, соёлын сургуульд эч­нээ­гээр англи хэлний орчуулагч мэргэжлээр сур­сан. Эзэмш­сэн мэргэжил минь алхам тутамд хэрэг болдог. Мэргэжил, хэлний боловсролоо ашиг­лаад га­даадын судлаачидтай хамтран төсөл хэрэгжүүлсэн.

-“Дакар ралли” авто спортынхны сонирх­лыг хамгийн их татдаг. Хэдхэн хоногийн дараа өндөрлөх уг уралдааныг та ч гэсэн дурлаж үздэг байлгүй.  
-Миний сонирхож хардаг уралдааны нэг бол “Дакар ралли”. Саудын Арабын элсэн цөлд үр­гэл­жилж буй уг уралдаан Монголын цагаар шөнө голдуу эхэлдэг. Мотоциклын төрөлд оролцож буй ОУХМ П.Мөрөнгийн барианд орох мөчийг нойроо хугаслаад догдлон үзэж байгаа.

-Алдарт тэмцээний уудам талд уралдах сан гэх хүсэл мөрөөдөл төрдөг биз?
-Хүсэл мөрөөдлөө биелүүлж хэзээ нэгэн өдөр уралдана гэж боддог. Дээрх тэмцээний мо­то­цикл, автомашины төрөлд оролцож буй эмэгтэй та­мирч­­дын зориг, ур чадвараар их бахархдаг. Тэд­нээс Испанийн аварга Лайя Санз өмнө нь “Да­кар ралли”-д мотоциклын төрөлд уралддаг байв. Тэр­бээр мотоциклоос зодог тайлж, энэ удаа ав­то­­машины ангилалд өрсөлдөж бай­на. Авто спор­тоор олон жил хичээллэсэн ми­ний зорилго бол  эл уралдаанд оролцох. “Мас­тер кросс”-т уралд­даг маань нэг л өдөр зорил­гоо бие­лүү­лэхэд хэрэг болох тул  өөрийгөө хангалт­тай бэл­дэж байгаа.

-Хад, асга, элсэн манхан, бартаа нь Монголын замтай төстэй санагддаг. 
-“Baja Mongolia” бартаат замын холын зайн уралдаанд өрсөлддөг тамирчид “Дакар ралли”-д турш­лагаар дутахгүй. Монголын тамирчдаас за­рим нь элсэн манханд уралдах бэлтгэлээ Өм­нө­­говь аймагт очиж хийдэг. Саудын Арабын га­зар зүйн байрлал, цаг агаар, уур амьсгал Мон­голын намрын улиралтай төстэй. Энэ нь ма­най тамирчдад давуу тал болдог байх. Авто, мото спортын уралдаан нэр хүндтэй, өртөг өн­дөр­тэй. Гадаадын орнуудын та­мир­чид зөвхөн уралдаандаа анхаарал хан­дуулж, хө­рөнгө санхүү, зорилго тэмүүллээ зориулдаг. Тэг­вэл Монголын тамирчид хувиасаа зар­дал гар­гаж, уг уралдаанд оролцоход эдийн зас­гийн хувьд амаргүй. Үүнийг бодлогын хү­рээнд дэмждэг байгаасай.

-Спортын талбарт бэртэж, гэмтдэггүй тамирчин ховор. Та ч гэсэн ийм зүйлтэй тулгарч л байсан даа.
-Миний хувьд 2022 он бие, сэтгэл зүйн хувьд хүнд жил байлаа. Дараа жил нь “Baja Mongolia”-д уралдахдаа баруун гарынхаа сарвууг гэмтээсэн. Авто спортын тамирчин бэртэлгүй байж “Мастер кросс”-т уралдах УАЗ-ынхаа жолоог дийлнэ шүү дээ. Бэртлийн улмаас дэглэм сахиж, уралдаанд  оролцолгүй хэдэн сар өнжсөн. Тэр ху­га­цаанд намайг үгүйлж байгаа нь үзэгчдээс мэдрэгдсэн. Бэртсэн үедээ “Зүгээр нэг хэвтэхгүй шүү. Энэ хооронд санхүүгээ ч босгохын төлөө зүтгэе. Би одоохондоо жолоогоо дийлэхгүй ч үзгээ бол дийлнэ шүү” гэж бодоод өөрийгөө хурцалдаг байв.  Бэртлээ эдгээгээд уралдааны талбарт эр­гэн ирэхэд хөгжөөн дэмжигчид сэтгэл өндөр хү­лээж авсан.  “Мастер кросс”-т олон тамир­чин уралддаг тул өрсөлдөөн ихтэй. 70 гаруй тамир­чинтай ана мана өрсөлдөхөд маш их зориг, тэв­чээр, ур чадвар шаардана. Аваргуудтай мөр зэрэг­цэж уралдахад дэмжиж үздэг үнэнч фэ­нүү­дийн минь дуу хоолой их нөлөөлдөг. Тэр дундаа Дархан-Уул аймагт болдог “Чингис мас­тер кросс” үзэгч олонтой. Тэнд 100 гаруй мян­ган хүн цуглаж, уралдааныг сэтгэл догдлон үздэг. Эрсдэл ихтэй ч бэртэхгүйгээр уралдаж, үзэгч­дийг баясгах нь чухал.

-Тамирчид ихэнх мөнгөө техникийнхээ засварт зарцуулдаг гэдэг. Та тэр бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Миний уралддаг УАЗ жингийн хувьд хүнд, өн­дөр болохоор бусдын техникээс хоц­­рогд­сон. Тамирчид 92 мотороор уралдах дү­рэм­тэй. Гэ­тэл орос моторыг АНУ, БНХАУ-д ч үйлд­вэр­лэдэг. Тех­никийн шинэчлэл, хөгжлийг да­гаад сан­хүү­гийн асуудал яригдана. Уралдаанд орол­цо­хын тулд бүх зүйлээ эртнээс төлөвлөх шаард­лагатай бол­дог юм.

-Автомашин, мотоцикл эрсдэл ихтэй спорт. УАЗ ангилалд уралдах бүр ч хэцүү. Өндөр хурд гаргаж амжилтад хүрдэг гэлцдэг.
-Манай гэр бүлийнхэн авто спорттой ойр уч­раас ойл­гож дэмждэг. Намайг хөл тави­хад сэтгэл зовниж байгаа нь ан­заа­­­рагд­­сан. Одоо бол миний хамгийн үнэнч хөг­­­жөөн дэмжигч бол­сон шүү дээ. Аав авто спор­­­тын анхдагчдын нэг. 1996-2000 он хүртэл УАЗ ан­гиллын “Батхүлэг” уралдаанд оролцсон. Ба­­га­­даа аавынхаа машины кабинд нь сууж, урал­­даан болгоныг нь алгасахгүй үздэг хүүхэд бай­лаа. УАЗ-аар уралдахад надад гол тулгуур бол­сон хүн бол аав минь. Бие, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж, бэртэхгүй уралдахыг одоо ч зөвлөдөг. Би учиргүй сэтгэл догдолж хөөрдөг бус, аливаа зүйлийг тооцоолж, төлөвлөдөг на­сан­­даа тамирчин болсон. Тиймээс карьераа хэр­хэн үр­гэлж­лүүлэх, бас хэзээ зогсоохоо мэднэ. Ми­­ний хувьд хэзээ нэг өдөр зодог тайлна шүү дээ. Тэр үед сайн эзэгтэй, ээж байхыг л хүснэ.

-2025 онд хэрэгжүүлэхээр зорьж буй зүйлээсээ сонирхуулаач.
-Миний хувьд энэ онд болох цуврал тэм­цээнээс гадна “Мастер кросс”, “Baja Mongolia” олон төрөлт бартаат замын уралдаанд орол­­цоно. Та­мирчид “Дакар ралли”-д хоёр сар бэлт­гэл хий­гээд оролцдоггүй. Хоёр жилийн өмнөөс урал­дах техникээ бэлддэг. Мөрөөдөж бай­гаа зүйл ми­нь энэ ралли тул зорилгоо биелүүлэхийг хи­чээнэ. “Баха 250” тэмцээнд цөөн­гүй жил уралд­сан тул туршлага хуримт­луулсан. Эх­ний хэдэн жил шилд­гүүдээс суралцсан бол одоо хэрхэн урал­дах та­лаар бодож, техникийнхээ эд ангийг сайж­руу­лахад анхаарал хандуулж бай­гаа.

-Дотоод ертөнц рүү тань өнгиймөөр санагдлаа. Та яг ямар хүн бэ?
-Дайчин, нээлттэй, нийтэч зантай. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, гэхдээ хаана гаргахаа мэддэг. Хүнд худлаа хэлдэггүй, сэтгэл зүрхээ сонсоно. Би бусдад таалагдах гэж хичээдэггүй. Хэн нэг­ний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэл­дэг. Шу­луун, түс тас зан минь зарим хүний дур­гүйг хүр­­гэдэг л байх. Хүүхэд байхаасаа өдий хүр­тэл тө­лөвш­сөн зан болохоор одоо тэгтэл их өөрч­лөг­дөх­гүй биз. Манай гэрийн бүх зүйл эмх цэгц­тэй. Японд амьдрахдаа энэ бүхнийг ба­рим­талж сур­сан.

 -Аваргуудаас хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-36 дугаартай уралддаг Л.Ариунболд олон жил тууштай хичээллэж, амжилт гаргасан. Дунд үеийнхнээс Сэлэнгэ аймгийн 18 дугаар­тай та­мир­чин Н.Одсүрэн сайн уралдаж бай­на. Тэр­­­бээр хэдэн жил завсарлаад эргэж ирсэн. За­луу­чуудаас 107 дугаартай оролцдог Ч.Бат­чу­луун тэмцээнээс тэмцээний хооронд ур чад­вараа ахиулж байгаа тул ирээдүйд аварга бол­но гэж итгэдэг. Энэ ташрамд, намайг анх уралдсан цагаас өнөөг хүртэл тууштай дэмжсэн гэ­рийнхэн, найз нөхөд, авто спортын эрдмээс харамгүй зааж, зөвлөсөн ахмад тамирчид, урал­дааны талбар өрсөлдсөн ч зоригжуулж хур­цалдаг аваргуудад, жил бүр болдог “Мастер кросс” уралдааны эгзэгтэй мөч, гал гарсан, со­нирхолтой өрсөлдөөн, ховор агшныг дуран авайд буулгаж, олонд толилуулдаг Баку буюу Ж.Бат­баатар ахдаа баярлаж таларх­са­наа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: Unuudur.mn

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ҮСХ: Малын тоо өмнөх оноос 7 сая толгойгоор буурсан DNN.mn

2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмэ...

img

5 цагийн дараа

Орон нутгийн сурагчдын хичээл маргааш орно DNN.mn

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр т...

img

4 цагийн дараа

Д.Трамп койн гаргаснаа мэдэгджээ DNN.mn

$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. Хэрэглэгчид эхний өдөр 200 ...

img

3 цагийн дараа

Г.Ариунтуяа: Авто спортоос зодог тайлсны дараа сайн ээж байхыг л хүснэ DNN.mn

Монголын авто спортын УАЗ ангилалд хурд сорьдог нэг л эмэгтэй тамирчин бий. Түүнийг Г.Ариунтуяа гэдэг. Тэрбээр 84 дугаартай, ягаан ө...

img

2 цагийн дараа

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно DNN.mn

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ г...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд