мэдээ
Дэлхийн улсууд биднээс тэс өөр хөгжлийн шийдэл ярьж байна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 23
52
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Саудын Араб гэхээр яагаад ч юм бэ аагим халуун, элсэн цөл, тэмээ л бодогддог байв. Тус улсын нийслэл Рияд хотноо болсон “Future Minerals Forum-2025” арга хэмжээг сурвалжлахаар Монгол Улсаас анх удаа бидний хэдэн сэтгүүлч албаны зарим хүмүүсийн хамт Баруун Азийн “үл мэдэх” тус орныг зорин нисэв.
Есөн цагийн турш “ Туркиш Эйрланс”-ын онгоцоор зорчиж, агаарт нэг унтаж, нэг сэрж явсаар Турк улсын нийслэл Стамбул хотод газардлаа. Тэнд нэг хонож, маргааш нь таван цаг ниссээр Ойрхи Дорнодын хамгийн том орнуудын нэг болох Саудын Арабын хаант улсын нийслэл Рияд хотод хүрэлцэн ирсэн юм. Цүнх, чемодануудаа биднийг тоссон машинд хийж аваад, гурван өдрийн турш байрлах “Novo” зочид буудалд хүргүүллээ.
Замын турш машины цонхоор харж, орчноо сонирхон явсан бидэнд Рияд хотын зам яг л хурдны зам шиг санагдаж, явган хүний гарц барагтай харагдсангүй. “Охид, бүсгүйчүүдээ хаана нуучихсан хот вэ” гэж дуу алдуулсан бөгөөд энд тэнд зөвхөн үндэсний хувцсаа өмссөн эрчүүд л явж харагдсан нь сонирхол эрхгүй татсан юм.
Нийт 2.2 их наяд ам.доллар бүхий хүчирхэг эдийн засагтай энэ оронд гадаадын 14 сая ажилчин ажиллаж, голдуу хар бор ажлыг нь нугалдаг юм билээ. Иргэд нь шашиндаа хэт үнэнч санагдсан. Саудын Араб гадны иргэнд өөрийн улсын иргэншил бараг олгодоггүй гэнэ лээ.
Саудын Арабад Монгол Улсын 10 орчим иргэн ажиллаж амьдардаг бөгөөд зарим нь тус улсын иргэдтэй гэр бүл болжээ. Хамгийн олзуурхан уулзсан зочин маань Саудын Арабын ханхүүгийн багт ажилладаг, цахим спортын “Savvy Games Group”-ийн ахлах менежер Б.Амар байлаа. Тус группийг дэлхийн цахим спортын салбарынхан андахгүй.
Тоглоомын салбарт 25 жил ажиллан, “Microsoft” болон “Electronic Arts” зэрэг томоохон компаниудыг удирдсан туршлагатай Брайан Уорд энэ компанийг тэргүүлэн ажиллаж, дэлхийн 22 улсын 66 хотод 3500 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компанид Б.Амарын адил дэлхийн өнцөг булан бүрээс цугласан чадварлаг залуус цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулахаар зүтгэж байгаа аж.
Б.Амар МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны ангийн дөрөвдүгээр курс төгсдөг жилээ манай “Өдрийн сонин” дээрээс “Оюу толгой” компанийн нээлттэй ажлын байрны зар олж харжээ. Орон нутгийн ажилтны орон тоо зарлагдсан байсан тул өргөдлөө явуулахаар шийдсэн нь буруудаагүй бөгөөд тун удалгүй тэнцсэн хариу хүлээн авсан аж.
Оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Юта мужийн их сургуульд суралцсан түүнд “Оюу толгой”-д ажилласан он жилүүд чухал нөлөө үзүүлжээ. Зургаан сарын хугацаатай гэрээгээр, амаржсан хүний оронд түр хугацаанд орсон ч үргэлжлүүлээд Орон нутгийн харилцаанаас Медиа хэлтэст шилжин, Оюу толгойгоос Австралийн Брисбэнд төвтэй Рио Тинто группт Харилцаа холбооны мэргэжилтнээр томилогдон Квинсландын нүүрсний дөрвөн уурхайн 2500 гаруй ажилтны өдөр тутмын харилцаа холбоог удирдан ажиллажээ.
Жил гаруйн дараа Баруун Австралийн их сургуульд бизнесийн удирдлагаар дээд боловсрол хамгаалж, дэлхийн хамгийн том алмаазны ордын нэг гэгддэг “Argyle” алмаазны уурхайд Харилцааны ахлах зөвлөх болсон байна.
Зэсийн уурхайгаас нүүрсний уурхайд ажиллах, алмаазны уурхайн ажлуудыг хариуцах, Засгийн газрын яриа хэлэлцээрт орох гэх мэтээр стратегийн чухал ач холбогдолтой, өргөн цар хүрээтэй удирдлагын түвшний ажлуудыг гүйцэтгэж байсан нь залуу хүнд сорилт болохын хэрээр улам бүр хурцалж өгсөн аж.
“Австралиас Монголдоо ирээд, Монгол дахь “Рио Тинто”-д Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны хэлтсийн удирдах албанд томилогдон ажиллажээ. Баруун Австралид ажиллаж байхдаа “Savvy Games Group”-ээс ажлын санал ирснээр гэргий, хүүгийн хамт Саудын Арабад ажиллах болжээ. Түүний гэргий Золоо мөн тус группт ажиллах хүсэлтээ өгч, шууд тэнцсэн байна. Саудын арабад охин нь мэндэлсэн бөгөөд тус улсад төрсөн анхны монгол хүүхэд болсонд тэд ихэд бэлгэшээдгээ ярьж байв.
Бид түүнтэй хамт оройн хоол идэхдээ юу эсийг “байцааж” амжсан гэх вэ. Саудын Араб хүнтэй ажиллах хэцүү эсэх, хэт халуунд хэрхэн дасан зохицож ажилладаг вэ гэх зэрэг асуултууд ар араасаа хөвөрсөн. Түүний хэлснээр, Рияд явган хүнд зориулагдсан хот биш болж таарсан. Учир нь, ид халууны улиралд 5 минут гадаа зогсоход бэрх байдаг аж. Бид хэт халуунд нь шарагдаагүй. Харин өглөө, оройн цагаар Саудын Арабад даарсан гэвэл хүн итгэхгүй байж мэдэх юм.
Энэ орны иргэд нэлээд тайван хүмүүс. Тэрэн шигээ бусдад итгэл хүлээлгэхдээ удаан, худал хэлсэн хүнд хагас жил орчим “ажиж сонжиж” байж дотносдог гэнэ. Эцгийн эрхт ёс ноёлдог бөгөөд хууль нь хатуу чанга учраас гэмт хэрэг зам тээврийн жижиг ослоос нэг их хэтэрдэггүй аж.
Зөвхөн нүдээ ил гаргаад, тас хар хувцас өмссөн хүүхнүүд дунд ганцаараа зогсох ч таатай санагддаггүй юм билээ. Нэг тийм айдастай. Саудын араб хүмүүсийн дийлэнх нь өөртөө их итгэлтэй, дээгүүр харцтай.
Гэхдээ 30 гаруй сая хүн амтай улсад сайн, муу холилдон байх нь ойлгомжтой. Бусад улс орнуудын нэгэн адил амьдралын боломж тааруу хүн ч харагдана лээ. Зарим хэсгээрээ хог хаягдал хөглөрөөстэй байсан.
Үндэсний өв уламжлал, шашин соёлоо дээдлэн, хамгаалж үлдсэн нь Үндэсний музей, “Нажд виллаж” зоогийн газар зэрэг бидний үзэж харж, үйлчлүүлсэн газар бүхнээс илт мэдрэгдэж байлаа.
САУДЫН АРАБ ХҮНЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВИНА
Саудын Арабын Хаант улс 2.149.790 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Арабын хойгт байрладаг. Хэмжээгээрээ дэлхийд 12, Ази тивд тaв, Арабын орнууд дундаа хоёрдугаар байрт жагсдаг ажээ. Энэ улс Персийн булан болон Улаан тэнгистэй хиллэдэг цор ганц орон. Хойд талаараа Йордан, Ирак, Кувейт, зүүн талаараа Катар, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Йемен зэрэг улсуудтай хуурай газраар хиллэдэг.
Ихэвчлэн хуурай цөл, нам дор газар, тал хээр болон уулсаас тогтсон тус улсын нийслэл Эр-Рияд бөгөөд исламын шашны хамгийн ариун гэгддэг Медина, Мекка хотууд тэнд бий.
Нийт хүн ам нь 34.3 сая бөгөөд тэдний 93 хувь нь исламын шашинтай. Тус улсын албан ёсны хэл нь араб. Исламын шашин Саудын Араб улсад VII зууны эхэн үеэс нэвтэрчээ. Исламын зөнч Мухаммед Арабын хүн амыг нэгтгэж, тус шашны нэгдсэн улс төрийг анх байгуулжээ.
Орчин үеийн Саудын Арабын газар нутаг Хежаз, Нажд, Зүүн Араб, Баруун араб гэсэн дөрвөн өөр түүхэн бүс нутагт хуваагддаг. Саудын Арабын анхны хаан Абдулазиз бин Абдул Рахман Аль Сауд 1902 оноос тус дөрвөн бүс нутгийг нэгтгэж, 1932 онд Саудын Арабын Хаант улсыг байгуулжээ. Түүнээс үеэс хойш Саудын Араб улс Бүрэн эрхт хаант засаглалтай байсаар ирсэн бөгөөд хаан ширээг хааны удмынхан үе дамжин өвлөн авдаг аж.
Саудын Арабад 1938 оны гуравдугаар сарын 3-нд газрын тос анх олдож, дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч орон болжээ. Байгалийн асар их баялаг нөөцтэй тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт, байгалийн хийн нөөцөөрөө зургадугаарт бичигдэж байна. Мөн Ойрхи Дорнодод эдийн засгаараа тэргүүлдэг тус орон “Их-20”-ын гишүүн юм.
Саудын Араб дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг зэвсэгт хүчний салбартаа зарцуулдаг бөгөөд энэ хэмжээгээрээ дэлхийд АНУ, БНХАУ-ын араас жагсдаг байна.
Өдгөө газрын тосны олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлж буй Саудын Арабын Хаант улс ирээдүйн эрдэс баялгийн эрэлд гарч, дэлхийн уул уурхайн шилжилтэд гол тоглогч болохыг зорьж буй аж.
Эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, зэр зэвсэг зэрэг геополитикийн өндөр технологид хэрэглэдэг түүхий эд ирээдүйн эрдэс баялагт багтаж буй. Тэдгээрт ашиглах металлыг critical minerals буюу чухал ашигт малтмал хэмээн тодорхойлж, Олон улсын энергийн агентлагаас зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг энэ ангилалд хамруулсан байна.
Рияд хотод болсон “Future Minerals Forum-2025”-д оролцогчдын тэмдэглэснээр, өсөн нэмэгдэж буй чухал ашигт малтмалын эрэлтийг нөхөх хэмжээний ханган нийлүүлэлтийн сүлжээ дэлхий дахинд бүрдээгүй. Тиймээс эл чиглэлд эрэл хайгуул, олборлолт үйлдвэрлэлийг идэвхжүүлэх боломжууд бийг онцолж байв.
Дэлхий газрын тос, нүүрс суурьтай эдийн засгаас металл суурьтай эдийн засагт шилжих нь хэдийнэ тодорхой болсон. Тиймээс дэлхий даяарх эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины үйлд вэрлэлийг дагаад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэхээр байна. Ялангуяа өндөр технологи, АI, батерейн үйлдвэрлэлээс зэс, литийн эрэлт хэрэгцээ ойрын ирээдүйд хоёр дахин нэмэгдэх нь.
Дэлхийн уул уурхайн металлын салбарын орлогын 80 хувийг төмрийн хүдэр, ган, коксжих нүүрс, дулаан нүүрс, алт, зэс, хөн гөн цагаан гэсэн долоон бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Зэсийн үнэ одоогийнхоосоо өсч 15 мянган ам.долларт хүрч байж эрчтэй нэмэгдэх буюу өөр том төслүүд хэрэгжихэд түлхэц болох төлөвтэй. Уул уурхай, металлын салбарын өөрчлөлтөд дундаж давхаргын өсөлт, нэтзэро шилжилт, геополитикийн тодорхойгүй байдал гэсэн гурван гол хүчин зүйл нөлөөлсөөр байна.
Тэмдэглэлийнхээ төгсгөлд өгүүлэхэд, Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү бөгөөд ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль Сауд орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах бодлого түлхүү барьж буй бөгөөд 20, 30 жилийн дараа улсаа дэлхийд танигдахын аргагүй нээлттэй, хөгжилтэй болгон өөрчилж чадна гэдэгт уул уурхайн салбарынхан итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Future Minerals Forum-2025”-д илтгэл тавихдаа Саудын Араб улсын үнэт капитал бол хүн. Бид хүнээ нэгдүгээрт тавина. Залуусаа дэмжинэ. Боломж олгож, хамтран улс орноо хөгжүүлнэ” гэсэн үгсийг давтан хэлж байсныг онцлон дурдъя.
Биднийг утаа, агаарын бохирдол, түгжрэлдээ боогдон, аргаа барж байхад дэлхий улсууд Саудын Арабад чуулж, дараагийн хөгжлийн шийдлээ ярилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Д.Эрдэнэтуяа
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.23) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 09 цаг 27 минутад эхэл...
8 цагийн дараа
П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо DNN.mn
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, про...
7 цагийн дараа
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.01.23/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...
7 цагийн дараа
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах туха...
7 цагийн дараа
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд