мэдээ
Бид анхны ардчилсан ерөнхийлөгчтэйгөө маш хулчгардуухан салах ёс хийж, эцсийн замд нь үдэв DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 28
96
Монгол хүний нандин, эрхэм чанарууд улам бүдгэрээд, бидний мөн чанарын үнэлэмж доройтсоор байгаа нь харамсалтай. Монголчууд бид өнгөрсөн баасан гаригт анхны ардчилсан ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс хийж, эцсийн замд нь үдсэн. Төрийн оршуулах ёс үйлдэв. Төрийн ордны дотор талын бүх толийг бүтээж, арц хүжийн үнэр түгжээ.
Монгол төрийг жолоодож явсан энэ эрхэм хүмүүнийг таалал төгссөнөөс эхлээд хөдөөлүүлэхээр хөдлөх хүртэл хоёр асуудал толгойд эргэлдсээр байлаа. Эхнийх нь, эрхэм хүндтэй энэ хүнтэйгээ монголчууд бид маш хулчгар байдлаар,юунаас ч юм айсан юм шиг салах ёс үйлдэж байгааг харах хүнд байлаа.
“Монгол Улсын Ерөнхийлөгч агсан П.Очирбат таалал төгсжээ” гэсэн харамсалтай мэдээ тарж эхэлсэн боловч төр засаг мэдсэн ч мэдээгүй мэт анир чимээгүй байв. Өөрөөр хэлбэл, төр засаг яахаа мэдэхгүй, дүлэгнэсэн байдал гаргасан. Юу болох нь ч мэдэгдэхгүй гурав хонолоо. Амралтын өдрүүд ч таарсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн албан ёсны мэдээ мэдээллийг хүлээгээд, бас харзнасан байдалтай, таг чимээгүй дүлэгнэсээр хэд хонов. Нэг үгээр энэ хар бараан өдрүүдэд юу хийхээ мэдэхгүй, удирдлага байхгүй, хаос үүсч, алдаа гаргасан гэсэн үг.
Хоёр дахь нь, “Муу хүн чөлөөнөөр” гэдэг үг бий. Энэ хооронд Монголын ардчилал, монгол төрийг гутаан доромжилсон үйл ажиллагаа ихээхэн явагдаж, нэр хаяггүй троллууд талийгаачийг хэлэх хэлэхгүй муу үгээр бахаа ханатал зүхлээ. Ийм байдалд хүргэсэнд төр засаг, хэвлэл мэдээлэл буруутай.
Төр засаг тэр дор нь арга хэмжээ авч, талийгаачийг элдвээр гутаан доромжилсон тролл хаягуудыг шууд хааж, ард түмэндээ үнэн зөв, баталгаатай мэдээлэл түргэн шуурхай өгч, гашуудлын комиссыг яаралтай байгуулсан бол ийм явдал болж, ардчиллын дайснуудын бах тавыг хангахгүй байсан юм.
Салах ёс маш хулчгар, дуужуур ард түмнээс айсан байдалтай болж өнгөрөв. Талийгаач ард түмний хүү байсан билээ. Гэвч ард түмний төлөөллийг танхимд чөлөөтэй оруулж, түүнтэй салах ёс хийлгэсэнгүй. Уг нь ард түмнийг чөлөөтөй оруулж, салах ёс хийлгэхэд айх юм байхгүй гэдгийг захын хүн мэднэ.
Хэнд ч түмний нүдэн дээр ард түмний хүүг гутаах зүрх зориг хүрэхгүй. Үүнээс сургамж авч, төрсөн нь үнэн, үхэх нь үнэн учир оршуулах, гашуудах салах ёс хийх төрийн хуулийг батлан гаргах хэрэгтэй байна.
Төр засгийн олон зуун жилийн түүхтэй улс орнуудад ийм хууль дүрэм байдаг юм билээ. Английн хатан хааныг оршуулах үйл явцыг бид зурагтаар харсан. Тэр ёслол бараг долоон удаа болсон гэж дам яриа дуулдаж байдаг. Тэгж бэлдэдэг юм гэсэн, тэр нь хууль журамтай байдаг гэсэн. Тиймээс төр засаг удирдаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн, өндөр албан тушаалтнуудыг оршуулах хууль гаргах хэрэгтэй юм байна гэж бодогдож байв.
Монгол төрд байгуулсан гавьяаг нь дурсахгүй, хүндэтгэн эцсийн замд нь үдэхгүй юм бол хэн энэ төрд зүтгэх билээ. Монголчууд бид нэгнээ зоригтой, хүндтэй, шулуун шударга эцсийн замд нь үдэж сурах хэрэгтэй болжээ. Ер нь тэгээд бид хэзээ ийм юмнаас шийрэгнэсэн, айсан хулчийсан ард түмэн байсан юм бэ. Бид хийвэл хийсэн шиг хийдэг, хэлбэл хэлсэн шиг хэлдэг түс тас ард түмэн байсаар ирснийг хүний нийгмийн буурал түүх гэрчилнэ. Өвгөд минь тийм байсан, өдгөө бид ч тийм байна, үр хойчис маань ч тийм л байх болно.
Хүний амьдрал алдаа, оноо дүүрэн ч бурхан болсон нэгнээ бидний аав ээж, өвөг дээдэс орчин үеийн бидэн шиг харааж зүхэж, элдвээр хэлэн, бах таваа хангаж байгаагүй сэн. Бид юуны учир уламжлалт ёс заншил, монгол хүний ариун нандин чанаруудаа харлуулах болов.
Бид мөнх бус. Нэг л өдөр бурхан болоочид шиг одох нь үнэн. Тэр цагт эрхэм дотны хүнээ үүрд алдсан хань ижил, үр хүүхдүүдийн чинь дэргэд хэн нэгэн өөрийг чинь элдвээр хэлээд, харааж зүхээд байвал сэтгэл санаа нь сайхан байх уу гэдгийг бодож, бурхан болоочдын хойноос буян хийхээ байг гэхэд буруу авирлахгүй байх хэрэгтэй юмсан. Үйлийн үр гэж бийг бас санахад илүүдэхгүй болов уу. Гэхдээ саяны үйл явдалд нэг юм анзаарагдсан нь дан нэр нүүрээ нуусан хуурамч нэртэй аккаунтуудаас явагдсан. Тэд нөгөө монголчуудыг хагалах зорилоготой габрид дайны гадаад гаралтай троллууд байсан байж магадгүй гэж бодогдсон. Яг монгол хүн яс юман дээр ямар зан заншил гаргадгийг мэддэггүй, дуулж мэдсэн ч одоо хамаагүй болоо биз гэж бодсон хэсэг бүлэг хүмүүс байх шиг байлаа. Үүгээрээ маш тод анзаарагдаж өөрсдийгөө илчилчих шиг болсон.
Талийгаач П.Очирбат гуай одоогоос 13 жилийн өмнө “Монгол хүний мөс чанар” лекц уншиж байжээ. Энэ үгээ одоо л залууст хүргээрэй гэж хэлэх шиг бодогдсон юм.
Түүнд “Гэрийн хүмүүжил бол хамгийн чухал хүмүүжил юм. Хүний ч бай, өөрийн ч бай, таньдаг ч таньдаггүй ч ах зах, ахмадыг хүндлэх ёс гэдэг хүмүүжлийн дээд илэрхийлэл, үзүүлэлт байх. Энэ тал дээр одоогийн залуучууд нэлээд анхаармаар харагдаад байгаа юм. Хүний сайхан чанараа хэр хадгалж байгаагаар нь хэр хүний мөстэй явааг нь шинжинэ гэж ойлгож болно” гэж өгүүлж байжээ.
Монголчууд бидний хувьд эрхэм хүмүүнээ үүрд үдэн, оршуулан ёслооно гэдэг хамгийн хүндтэй үйлийн нэгэн билээ. Тиймээс ч өөд болсон хүнийхээ ясыг өндөлзүүлдэггүй уламжлалтай.
Д.ЭРДЭНЭТУЯА
Жин нэмэх нь аз жаргалын түвшинд сөрөг нөлөө үзүүлдэггүйг эрдэмтэд тогтоожээ DNN.mn
Германы эрдэмтэд жин нэмэх нь аз жаргалын түвшинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүйг тогтоожээ. Үнэндээ жин нэмэгдэх нь аз жаргал нэ...
2 цагийн өмнө
“Эдүтэн” цахим системийн зөвлөх баг сургуулиудад ажиллаж байна DNN.mn
Финланд улсын “Эдүтэн” байгууллагын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен тэргүүтэй зөвлөх баг болон...
2 цагийн өмнө
Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ DNN.mn
Увс аймгийн төвөөс урд зүгт 140 км-т Малчин сумын төвөөс урд зүгт 20 км-т 1 дүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар ...
3 цагийн өмнө
“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно DNN.mn
Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бата...
3 цагийн өмнө
Украины дайны уяатай дрон DNN.mn
Өнөөдөр Украины дайнд цэгийн шинчжээчдийн анхаарлыг нарийн шилэн кабелаар удирдагдаж, танк, хуягтын нээлхий, байшингийн салхивч, маш...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
Ард
Албан ажлаа хийж байсан биш дээ харин ч сүржин л гаргасан ш дээ. Ер нь нохойд нохойн үхэл гэдэг юм даа.
Зохиолч
Манай ерөнхийлөгч нар дотроос П.Очирбат оюун ухаан, сэтгэх чадвар, эзэмшсэн боловсролоор илүү нь байсан юм. Ардчилалд тууштай итгэл үнэмшилтэй эрхэм байв. Түүнийг элдэв муухайгаар хараалаа гээд П.Очирбат улам үнэ орж,троллуудын ой гутам яс чанар улам зэвүүцэл төрүүлсэн. Ард түмэн түүнийг хүндэлдэг. Хараасан троллууд бол Ю.Цэдэнбалын академийн идэвхтэн гэгч хэдэн реваншист дөрвөдүүд бсан. Муухайгаар зүхэх тусам Очирбат ариусаж байлаа. Буянтай хүн тийм бдаг аж.