Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

О.Номинчимэг: Тамхин дээр зохицуулалт хийх гэхээр ЭМЯ, Сангийн яам “манай асуудал биш” гээд хаячихдаг DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 30

img

41

news-img

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.


-Та УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй. Энэ хууль хангалттай хэрэгжиж байна уу гэдгээс ярилцъя?

-Тамхины тухай хууль 2005 онд батлагдсанаас хойш 2015 онд томоохон нэмэлт өөрчлөлтүүд орсон. Түүнээс хойш нэлээд чамбай хэрэгжиж ирсэн боловч сүүлийн жилүүдэд шинэ тутам харилцаа, бүтээгдэхүүнүүд гарч ирээд, хуулийн цар хүрээг дахин эргэж харах шаардлагатай гэж үзсэн. Бид нэлээд дэвшилтэт заалтууд оруулсан боловч зарим тохиолдолд хэрэгжихгүй болсон байна. Жишээлбэл, сургууль орчмын 500 метрт тамхи, тамхин бүтээгдэхүүн зарахгүй гэсэн заалтын хэрэгжилт маш муу байна. Улаанбаатар хотод шинэ тутам суурин хорооллууд бий болж байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тавигдаад, “Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг шиг “Бид эхлээд зөвшөөрөл авсан байсан” гэсэн асуудал гарч байна.

-Тамхины тухай хуулийн ачаар албан газар, үйлчилгээний газруудад тамхидалт багассан сайн үр дүнтэй. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэдээс санал гомдол ирж байна уу?

-Намайг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар хариуцсан орлогчоор ажиллаж байхад хүүхэд, залуучуудын хэрэглээтэй холбоотойгоор “Тамхины хууль хэрэгжихгүй байна”, “Тамхи ширхэглэн зарж байна”, “Зөвшөөрөлгүй газруудаар зарж байна”, “Тамхины хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд хэтэрхий хурдацтай өсч байна” гэсэн асуудлууд их тавигдаж байсан. Энэ чиглэлээр бид илүү сайн мониторинг хийх асуудлыг дахин харж байна. ДЭМБ-аас манай улсыг хууль эрх зүй сайн, реформ хийж чадсан ч мониторинг буюу хэрэгжилтийг хангах асуудал сул байгааг хэлсэн. Энэ дээр бид салбар хоорондын уялдааг илүү сайн зохицуулах шаардлагатай байна.

-Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хяналт шалгалт хийгдэж байгаа болов уу?

-Яг үнэнийг хэлэхэд, урьд нь зөвшөөрөлгүй газар тамхи зарж байна уу, стандарт хангаж байна уу, үгүй юү гэдэг дээр хяналт шалгалт хийдэг байсан. Одоо энэ асуудал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хооронд хаягдчихсан. ЭМЯ нийгмийн эрүүл мэнд талаасаа л харна гээд, ХХААХҮЯ болохоор “Тамхины асуудал манай асуудал биш. Эрүүл мэндийн яамны л асуудал гээд шидчихдэг. Үүнийг зохицуулсан, хамтарсан хяналт шалгалт хийдэг тогтолцоо байхгүй болсон. Нөгөө талаар тамхитай холбоотой шинэ бүтээгдэхүүнүүд, жишээлбэл никотин, вэп гэх мэт олон бүтээгдэхүүн орж ирж байна. Энийгээ зохицуулъя, татвар авдаг болъё гэхээр ЭМЯ “Татварын асуудал Сангийн яамны асуудал” гээд хаячихдаг. Сангийн яам болохоор “Тамхины татвар бол манай татварын бодлогын асуудал биш. Энэ чинь Татвараа бодлогоор дэмжих гэж байгаа асуудал болохоос биш эрүүл мэндийн л асуудал болохоор ЭМЯ мэднэ” гээд бие бие рүүгээ шидчихдэг. Үр дүнд нь хууль явдаггүй.

-Бие бие рүүгээ асуудлыг түлхдэг энэ байдлыг яаралтай өөрчлөх шаардлагатай юм байна?

-Хамгийн гол нь, энэ хооронд манай хүүхэд, залуучуудын эрүүл мэнд хохирч байна. Никотинд донтож, буруу зуршилд автаж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндэд маш их хохиролтой. Төрийн үндсэн чиг үүрэг бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал. Яг энэ үүргийнхээ дагуу сүүлийн жилүүдэд хангалттай ажиллаагүй учраас энэ асуудлыг илүү бодитой, тооцоо судалгаатай гаргаж ирээд, хуулиа шинэчилье гэсэн зорилго тавьж байгаа юм.

-Дэлхийн зарим улсууд электрон тамхи хэрэглэхийг хуулиар хорьсон. Манай урд хөрш ч хорьсон тухай мэдээлэл гарсан. Ажлын хэсэг энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Манайд орж ирж байгаа вэпийн ихэнх нь урд хөршөөс орж ирдэг. Урд хөрш дотооддоо зөвхөн тамхины амттай электрон тамхи худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Хүүхдүүд илүү уруу татагдан орж байгаа, жимсний зэрэг янз бүрийн үнэр, амттай электрон тамхийг дотооддоо хэрэглэх, худалдан борлуулахыг хориглосон ч бусад улсад экспортолж байна. Баруун Европын зарим улсуудад вэп хэрэглэхийг хориглосон. Яагаад гэхээр, энэ электрон тамхи зах зээлд нэвтрээд арваад жил болсон шиг байна. Шинэ бүтээгдэхүүн болохоор улс орнууд анх яаж зохицуулахаа мэдэхгүй байж байгаад, сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд эрчимтэй зохицуулалтууд оруулж ирж байна.

-Тэд юун дээр үндэслэж зохицуулалт хийж байна вэ?

-Электрон тамхи гэдэг өөрөө амт, үнэртэй, харахад гоё бүтээгдэхүүн, угж шиг хэд ч сорох боломжтой. Нэг янжуур тамхийг хэд сороод дуусчихдаг бол электрон тамхи байнга байж байдаг болохоор никотинд илүү донтуулж байна гэсэн судалгаан дээр үндэслэн, үүнийг сайжруулах шаардлагатай гэж үзээд, улсууд аливаа зохицуулалт хийж байна. Хориглосон улс бий. Манай улсад нэлээд замбараагүй орж ирсэн. Бид тэрийгээ ерөөсөө зохицуулж чадахгүй, янз бүрийн “лобби бүлэг”-ийн асуудал гэж орхисоор байгаад ер нь хяналтаа алдаад байгаа юм.

-Монголд хэдээс хэдэн насныхан түлхүү хэрэглэж байгаа талаар тодорхой судалгаа хийгдсэн байдаг болов уу?

-Бий. Сэтгэл эмзэглүүлсэн судалгаа бол, 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь электрон тамхи хэрэглэдэг болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш нар “Та нар судалгаагаа зөвхөн 13 наснаас хийсэн байна. Одоо 10 наснаас хийгээч ээ. 10 настай хүүхдийн пиналь, цүнхэнд нь үзэг шиг, элдэв зурагтай электрон тамхиуд байна. Ялангуяа охидод. Охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах тал дээр анхаарахгүй бол ерөнхий боловсролын сургуульд электрон тамхины хэрэглээ хэтэрлээ” гэсэн асуудал тавьж байна. Тэгэхээр бид энэ дээр зохицуулалт хийнэ. -Хэрэглээг нь хорих уу. Ямар зохицуулалт хийх боломжтой гэж бодож байна вэ? -Ажлын хэсэг дээр хэлэлцээд явна. Миний үзэж байгаагаар, бусад улс шиг импортыг нь хориглоно гэхээр нийгэм хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал. Энд улс төрийн үйл процесс байх ёстой. Хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах үзэл баримтлалаар бид энэ хуулиа хийе гэж байгаа юм. Тухайлбал, хүүхэд, залуучуудын хамгийн их татагдаад байгаа зар сурталчилгааг хорих, тамхин бүтээгдэхүүнд тооцож, татвар авдаг болох, дээр нь янз бүрийн жимсний үнэр, амтыг нь хориглох гэсэн асуудлуудыг бид цогцоор шийдэж байж залуу үеийнхнээ электрон тамхи, бусад төрлийн никотинд донтолтоос сэргийлж чадах болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хуулиар тамхин бүтээгдэхүүний ангилалд оруулаад, тамхинд ногддог бүх л зохицуулалтаар явдаг болгоно гэсэн үг.

-Хэлэлцүүлэг дээр шинэ тутамд үүссэн никотин тамхины бүтээгдэхүүн орж ирсэн талаар ярьж байна. Монголд ямар төрлийн бүтээгдэхүүн шинээр орж ирээд байна вэ?

-Электрон тамхи никотинтой, янз бүрийн химийн бодистой, хортойг олон нийт мэдэж байгаа байх. Хүний тархи 25 нас хүртэл хөгждөг байна. Энэ үед никотин хэрэглэх нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг, дээр нь никотинд нэмээд донтчихвол дараа дараагийн никотины хэмжээ өндөр бөгөөд янжуур тамхи, утаат тамхи зэрэгт ороход маш амархан болдог гэсэн судалгаа байдаг. Түүнээс гадна шинэ тутамд “никотин пауч” гээд гарсан байна. Тамхин бүтээгдэхүүний зах зээл дэлхий дахинд тархсан. Монгол Улс үйлдвэрлэгч улс биш. Үйлдвэрлэгч улсуудыг харахаар шинэ тутамд янз бүрийн байдлаар бусад улсуудын зохицуулалтуудаас яаж гарч, бүтээгдэхүүн хийх вэ гэдэг дээр толгой нь их инновацилаг ажилладаг юм шиг байна. Бидний хувьд дандаа хойноос нь малтаж, хуулиар зохицуулахыг оролдож байна. Тиймээс янз бүрийн инновацилаг бүтээгдэхүүн гарч магадгүй гэдэг үүднээс тамхин бүтээгдэхүүний тодорхойлолтоо харж үзээд, өргөн хүрээнд томьёолох нь зүйтэй гэж бодож байна.

-Монгол Улсад электрон тамхи ямар ч тусгай зөвшөөрөлгүй, татварын зохицуулалтгүй байна. Үүнийг бас өөрчлөх үү?

-Тийм ээ, тусгай зөвшөөрөлгүй. Хувь иргэн хүртэл худалдан авч оруулж ирээд, дуртай газраа зардаг боллоо.

-Тамхины татварын бодлогыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байх. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Ажлын хэсэг тамхины татварын асуудлыг бас судалсан. Янжуур тамхины татвар сүүлийн хэдэн жил олигтой нэмэгдээгүй, маш бага хэвээр байна. ДЭМБ-ын судалгаагаар, манай уламжлалт янжуур тамхинд ногдох татвар маш бага гэж гарсан байсан. Ялангуяа мөнгөний ханш, инфляцитай харьцуулахад ерөөсөө хөдөлдөггүй татвар учраас маш бага болсон. Түүн дээр зайлшгүй нийтийн болон хүүхэд залуучуудын эутгаараа тамхины бодлого бас тийш чиглэдэг. Тэгэхээр уламжлалт тамхины татварыг нэлээд сайн харж тооцоолж, нэмэх шаардлагатай байгаа юм. Манайд тамхины үнэ хямд. Гэхдээ манай улс тийм баян улс биш. Дундаж орлоготой улсуудын тоонд орж байна. Нөгөө талаасаа бид тамхи үнэтэй болно гэхээсээ илүү энэ нь эргээд нийтийн эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүхэл эдийн засаг, хүн амаар нь харвал нийтийн эрүүл мэнд угаасаа улсын төсөв дээр явж байдаг. Төр түүнийг хамгаалах үүрэгтэй. Ингээд харвал уламжлалт тамхины татварыг ч ихэсгэх шаардлагатай. Шинэ тутамд гарч буй бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.

-Тамхины хяналт чиглэлээр олон улсын туршлага судлав уу. Тэд хяналт, шалгалт, хариуцлагыг хэрхэн тооцож байна вэ?

-Австрали улс нэлээд прогрессив улс юм билээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн бидэнтэй өөрийн улсын туршлагыг хуваалцсан. Тэд 2030 оноос хойш төрөх хүүхдүүддээ насан туршид нь тамхи зарж борлуулахгүй байх хууль хийсэн байна. Тамхины хайрцгийг ямар ч гоё, брэнд зураггүй болгосон байна. Электрон тамхийг хориглосон байна. Нийтийн эрүүл мэнд чиглэлээр нэлээд арга хэмжээ авдаг, үүгээрээ дэлхийд манлайлж байгаа улсуудын нэг юм. Бусад орнууд ч өөрийн улс орны түвшинд энэ талын бүтээгдэхүүнүүдэд өөр өөр зохицуулалт хийж байна. Манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад давуу тал ч байна, хаягдсан тал ч байна.

-Давуу тал гэв үү?

-Манай улс 2015 онд дотор орчны тамхидалтыг зогсоосон. Баар, ресторан зэрэг олон нийтийн газар тамхи татаж болохгүй, зориулалтын цэгт татах зохицуулалтыг нэлээд эрт оруулж чадсан. Үүнийгээ гол нь сайн хэрэгжүүлэх шаардлагатай. Асуудал бол ерөөсөө татварын бодлого, шинэ тутам бүтээгдэхүүний асуудал байна. Дэлхийн засаглал сул орнууд электрон тамхины асуудлыг зохицуулаагүй байна. Ер нь Африкийн хэдэн орнууд багтаж байна. Газрын зураг дээр манай Монгол Улс улайгаад байж байгааг хараад бид хийх ёстой юмаа хийж чадахгүй байна, яаралтай шийдэх асуудал гэж бодож байна.

-Хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналт сулаас болж элдэв гэмт хэрэг, муу зуршлын хохирогч болж байна. Бид хүүхдүүдээ электрон тамхи зэрэг шинэ тутам бүтээгдэхүүнүүдээс хэрхэн хамгаалах вэ. Таны хувийн бодлыг сонсъё?

-Бид бүгд хүүхэд байсан. Жаахан байхдаа хүүхдүүд сонирхоод тамхи татаж үздэг. Тамхи их муухай үнэртэй, татсан үед үнэртээд шууд мэдэгдэнэ. Аав, ээж нь хүүгээ үнэрлээд, үсэнд нь шингэснийг мэдэж, тамхи татуулахгүй, хяналтаа тавьж чаддаг. Электрон тамхин дээр тэр боломж үнэхээр хязгаарлагдмал. Түүнээс болж хүүхэд, залуучууд маш их хэрэглэдэг болоод байна. Алим, жимсний гоё үнэртэй болохоор хүүхдээ үнсэхэд аав, ээжүүдэд тамхи үнэртэхгүй, анзаарахгүй байна. Дээр нь цүнхийг нь уудлаад үзэхээр бал ч юм шиг зүйл болохоор ээж, аавууд мэдэхгүй, “Өө бал, үзэг нь юм байлгүй” гээд мэдэхгүй, хараад хяналт тавихад хэцүү болчихсон байна. Тиймээс хүүхдүүдээсээ илүү аав, ээж нь энэ чинь ийм юм байна, никотинд донтуулдаг юм байна гэдгийг ойлгож, мэдлэгээ сайжруулаад, хүүхдээ хайхарч, залж явахгүй хэрэгтэй. Төр хууль гаргаад, хяналт шалгалтаар зохицуулаад, бүгдийг шийднэ гэдэг боломжгүй. Төр зохистой зохицуулалт, хөшүүрэг хийж өгнө. Ялангуяа хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндийн асуудалд эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Улаанбаатар” өвлийн наадам “Скайрезорт” цанын баазад болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар” өвлийн наадмыг “Скайрезорт” цанын баазад  хоёрдугаар ...

img

1 цагийн дараа

Нийт 1.3 сая иргэн 104 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчээ DNN.mn

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн оны 10-12-р сарын хооро...

img

12 минутын дараа

“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн ши...

img

3 минутын өмнө

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн...

img

1 цагийн өмнө

29 дэх удаагийн лигийн аваргаар “Хасу Мегастарс”, Улаанбаатар Финикс баг тодорлоо DNN.mn

 Монголын волейбол холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 29 дэх  удаагийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, аваргууда...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд