мэдээ
Х.Баасанжаргал: Хаврын морин уралдааныг сэргээх оролдлогуудыг дандаа Засгийн газрын цаг үеийн бодлогуудтай холбож гаргадаг DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 1 сарын 30
43
Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.
-Саяхан болж өнгөрсөн “Морьтой жагсаал” буюу хаврын морин уралдааныг сэргээх гэдэгтэй холбогдуулан та мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Хаврын морин уралдаан манай уламжлал биш” гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнийхээ талаар тайлбар өгөхгүй юу?
Би өөрөө түүхийн талын судалгааны хүн биш. Гэхдээ мэргэжлийн хүмүүс нь энэ талаар судлаад, шүүхэд энэ баримтууд нь авагдаад, шүүх түүнийг нь нотлох баримтаар үнэлээд шийдвэрээ гаргасан байдаг. Тийм болохоор эдгээр баримтуудыг би үндэслэл бүхий гэж яриад байгаа юм. Хаврын уралдаантай холбоотой асуудлаар Монголын хуульчдын холбооноос хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн талаар судалгаа хийж, Архивын ерөнхий газраас лавлагаа авч үзэхэд ахуйн шинжтэй хаврын уралдаан хийж байсан тухай баримтууд гарч ирсэн. Гэвч хошуу даяараа наадам, бүх нийтийг хамарсан хурдан морины уралдааныг хаврын цагт хийж байсан баримт гарч ирээгүй. Энэ дүгнэлтээ шүүхэд албан ёсоор хүргэсэн байдаг. Хоёрдугаарт, хаврын уралдаан тухайн үедээ Засгийн газрын тогтоолоор явагддаг байсан. Ингээд шүүх дээр бүх Засгийн газрын тогтоолын хуулбарыг авч үзэхэд хамгийн анх 2004 онд тогтоол гаргаж, хаврын уралдааныг зохион байгуулсан байдаг. Ингээд 2007, 2008 оноос Хүний эрхийн үндэсний комиссоос Засгийн газрын энэ тогтоол чинь хүүхдийн эрх зөрчөөд байна гэдэг сануулгыг өгч байсан. Засгийн газраас яагаад ийм тогтоол гаргаж байсан юм бэ гээд судлаад үзэхээр Үндэсний баяр наадмын тухай хуульд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулж байгаа уралдаанд айрагдаж, түрүүлсэн бол тэр уяачид цол, чимэг олгоно гэсэн заалт байдагтай холбоотой. Уяачид цол, чимгээ авахын тулд Засгийн газрын тогтоол гарсан байх ёстой. Ингээд Засгийн газар өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил бий болгодог уралдааныг албан ёсоор зохион байгуулдаг шийдвэрүүд гарч ирсэн.
Та шүүхэд авагдсан баримтуудын талаар дурдаж байна. Дүнжингарав уралдааныг хориглох үйл явцыг ярьж байна уу?
Хамгийн сүүлийн хаврын уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоол 2017 оны хоёр сард гарч, гуравдугаар сарын 5-ны өдөр Дүнжингарав уралдаан болж байсан.
-Нөгөө “Шөнөжингарав” боллоо гээд байдаг нь уу?
Тийм, тэр яагаад шөнө уралдсан юм гэхээр Дүнжингарав уралдаан болохоос өмнө шүүхээс энэ асуудлыг шийдэх хүртэл түдгэлзүүлчихсэн байсан. Гэтэл тэд нууцаар зохион байгуулж, шөнө уралдуулсан.
-Хаврын уралдаантай холбоотой асуудалд улстөрчдийн нөлөө их байдаг гэж та хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлж яриач?
Үүнийг би улс төрд орсон хойноо л маш сайн ажиглаж, харж байна. Энэ кейс дээр хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байх үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хаврын уралдааныг хориглосон тогтоол, шийдвэр гаргасан. Тухайн үедээ улс төрийн маш зоригтой шийдвэр гаргасан байгаа юм. Энэ байшин дотор чинь уяачид дүүрэн байдаг юм байна шүү дээ. Тухайн үедээ ч морин спортын холбоог тэргүүлдэг хүмүүс нь улс төрд байсан. Мөн сонгуулийн үеэр орон нутагт ажиллаж байхад уяачид ирж уулздаг. Тэгэхдээ та нар хаврын уралдааныг эргүүлэн сэргээх юм бол хөдөөгийн залуучууд та нарт саналаа өгнө. Энэ их чухал гэж нэг биш удаа хэлж байсан. Ноднин жил Зөрчлийн тухай хуулийн дагуу хэд хэдэн Засаг даргад хаврын морин уралдаанд хяналт тавьсангүй гэж арга хэмжээ авсан. Ингэхэд нөгөө Засаг дарга нар чинь эргээд нам руу та нар энэ хуулиа хүчингүй болго. Тэгэхгүй бол бид энэ сонгуульд чинь ажиллахгүй гэж байсан. Ингэхээр үүнд улс төр маш их холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм. Дээрээс нь манай орон нутагт сонгуульд өрсөлддөг хүмүүс тухайн нутагтаа нэр нөлөө бүхий уяачдын сүлжээг ашигладаг нь нууц биш. Үүнээс гадна үүнд улс төр холбоотой юм биш үү гэж миний хардаад байгаа нэг зүйл бий. Тэр нь хаврын морин уралдааныг эргүүлэн сэргээх оролдлогуудыг дандаа Засгийн газрын цаг үеийн бодлогуудтай холбож гаргадаг. Жуулчдыг татах хэрэгтэй гээд хэлэхээр л хаврын уралдаанаа сэргээвэл маш их жуулчин ирнэ гэдэг ч юм уу байдлаар оролдлогоо хийдэг. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд үүнийг анхаарч л таарна, Засгийн газраас хаврын уралдааныг эргэн сэргээнэ гэсэн яриаг уяачид дунд их тараасан байсан. Ингэж тэдний дунд эргэлзээтэй байдал үүсгэсэн.
-Таны хувьд өвөл, хаврын цагт хүүхдээр хурдан морь унуулах асуудлыг эсэргүүцэж, олон жил дагнан ажилласан хуульч хүн. Тийм болохоор хаврын морин уралдааныг сэргээх гэж хэсэг бүлэг хүмүүс ингэтлээ хүсч, тэмүүлээд, улс төр, Засгийн газрын түвшинд хүртэл энэ асуудлаа оруулж ирээд байгаагийн цаана ямар учир шалтгаан байдаг гэж боддог вэ?
Үүний цаана асар их мөнгө эргэлддэг зах зээл байгаад байна. Ялангуяа бүртгэлгүй, татвараас зайлсхийсэн. Хурдан морио зараад татвар төлж байсан тохиолдлыг харсан уу. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулж, авлигаас ангид байх гэсэн том механизм ажиллаад байхад тэдэн тооны хурдан удмын адуутай гэчихдэг. Хурдан морины үнэлгээг гаргах боломжгүй болохоор тэр нь үнэн, худлыг мэдэх боломжгүй. Нэг жолооч адуу дайрчихлаа гэхэд л наадах чинь тэдэн төгрөгийн үнэтэй хурдан удмынх байсан гээд асар их төлбөр нэхдэг наад захын жишээ байна. Ямар ч эдийн засгийн нотлогоо баримтгүйгээр асар их санхүүгийн зах зээл байна. Хоёрдугаарт, эрлийз адууны зах зээл байна. Монгол азарганыхаа тээрхийг огтлоод гүүг нь хураалгачихаад араб азарганд гишгүүлдэг болсон гэдгийг олон уяач хэлж байсан. Сэрвээний өндөр хэмждэг болсноос хойш зарим нь мориныхоо туурайг хөрөөддөг болсон гэж байгаа байхгүй юу. Энэ чинь тэгвэл монгол соёл юм уу. Ингэж монгол соёлоо авч үлддэг юм уу.
Ингэтлээ мөнгөнд улайрч байна. Дээрээс нь дөнгөж 2004 оноос зохион байгуулсан уралдааныг өв соёл гэтэл бидний тархийг угааж байна. Энэ асуудлыг нэгэнт шүүх шийдээд шийдвэрээ гаргачихсан учраас цэг тавьлаа, дууслаа даа л гэж бодож байсан. Харамсалтай нь огт дуусахгүй, дахин дахин гарч ирээд л байна.
-Энэ уралдааныг олон улсын жишгээр морин тойруулга байдлаар нь явуулж болдоггүй юм уу. Та ийм байдлаар уяачидтай, шийдвэр гаргах түвшинд санал бодлоо солилцож байв уу?
Ноднин жил ХЗДХЯ дээр морин тойруулгын тухай хуулийн төслийн ажил явсан. Гэтэл уяачид дахиад л эсэргүүцэж байсан. Ингээд батлагдаж чадалгүй сонгуультай залгасан. Би сонгогдсоныхоо дараа тус яамнаас энэ талаар асуусан. Хамтарч болно гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд П.Сайнзориг гишүүн тухайн үед энэ хуулийн төсөл дээр ажиллаж байсан учраас өөрөө өргөн бариад явахаар ажиллаж байгаа юм билээ. Үүн дээр нь миний бие хамтраад ажиллахад татгалзах зүйл байхгүй. Ер нь ямар ч байдлаар цааш нь явуулдаг, хөгжүүлдэг байлаа гэхэд хүүхдийн эрх л зөрчихгүй бол миний хувьд дэмжих, хамтрахад бэлэн.
-Таны мэдээлэл хийсний дараа П.Энхмөнх гэж уяач таныг мэтгэлцээнд дуудсан байх шиг байсан. Энэ ер нь мэтгэлцээн хийх хэмжээний асуудал мөн үү?
Мэтгэлцээн гэдэг чинь соёл, тодорхой дүрмийн дагуу болдог. Олон улсын стандарт нь ийм юм. Тийм болохоор яг тэр арга аргачлалаар нь, соёлтойгоор зохион байгуулна гэвэл би очиход бэлэн. Гэвч энэ чинь өв соёл мөн, биш гэж мэтгэлцэх утгагүй зүйл. Угаасаа шүүхээр тогтоогоод шийдвэрээ гаргачих зүйлийг шүүх буруу шийдсэн гэх юм уу. Үндэсний архивын газар архивын буруу баримт гаргасан гэх үү. Хүүхдийн эрхийн зөрчил мөн, биш гээд маргах юм уу. Үүнийг чинь хүүхдийн эрхийн зөрчил биш гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Нөгөө талаас бодлогын санал гаргах боломжгүй сэдэв юм. Тэгэхээр мэтгэлцээний стандартад нийцсэн мэтгэлцээн болохгүй. Сүүлдээ хэрүүлийн шинжтэй болоод л дуусах магадлалтай. Одоо сүүлдээ хаврын цагт хүүхдээр морь унуулахгүй байх тухай ярьж байхад моринд хайртай, хайргүй. Өв соёлдоо дуртай, дургүй гэсэн байдал руу л оруулж мушгиад байна. Үүгээрээ ард түмнийг талцуулж байгаа нь маш их хортой.
“Улаанбаатар” өвлийн наадам “Скайрезорт” цанын баазад болно DNN.mn
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар” өвлийн наадмыг “Скайрезорт” цанын баазад хоёрдугаар ...
1 цагийн дараа
Нийт 1.3 сая иргэн 104 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчээ DNN.mn
2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн оны 10-12-р сарын хооро...
20 минутын дараа
“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг боллоо DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн ши...
6 минутын дараа
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн...
41 минутын өмнө
29 дэх удаагийн лигийн аваргаар “Хасу Мегастарс”, Улаанбаатар Финикс баг тодорлоо DNN.mn
Монголын волейбол холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 29 дэх удаагийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, аваргууда...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд