мэдээ
Монголчууд давааны цаана хоцрох гэж зүтгэдэг нь ямар учиртай байна вэ DNN.mn
МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 2 сарын 03
25
Дэлхийн улсууд хөгжлөөрөө үнэхээр тасарч байна. Технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг улс орон болгон хэрэглээндээ нэвтрүүллээ. Сая Хятадын цагаан сарын хүндэтгэлийн тоглолтод гэхэд хиймэл оюун ухаан, робот техникийн гайхамшигт үзүүлбэрүүд олон байлаа. Тэнд роботууд хүнтэй хамт бүжиглэж байгааг та бүхэн харсан байх. Энэ бол технологи, программ хангамж, хиймэл оюун ухаан ямар түвшинд хөгжсөний тод жишээ юм. Үүгээрээ хятадын ард түмэн жигтэйхэн их бахархаж, гайхуулж байна шүү дээ. Дэлхий нийтээрээ хүртэл Хятад улсыг шагшин магтаж ярьцгааж байна. Дэлхийн бүх оронд технологийн хөгжил ингэж л явж байна. Яагаад гэвэл энэ цаг үед улс орнууд хиймэл оюун ухаан, технологийн шийдлээрээ өрсөлдөж байгаа. Нэг ёсондоо тухайн улсын хөгжлийн бас нэг хэмжүүр ч гэж хэлж болох юм. Эдийн засаг, улс төр, боловсрол, эрүүл мэнд гээд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил хүрээгүй салбар ч гэж алга.
Тэгвэл бид ямар байна вэ, монголчууд аа. Ахуйтайгаа зууралдаж, тулга тойрсон хэрүүл хийхээс өөр гавьж байгаа юм байна уу. Сүүлийн хэдэн өдрийн байдлыг харахад өвөл морь уралдана, уралдахгүй гээд нийгэм даяараа талцаад хэрэлдэж байх жишээтэй. Тэрнээс өмнө халуун намраас авахуулаад цагаан сарын баярыг гуравдугаар сард хийнэ, хийхгүй гэж баахан зурхай ярьж маргацгаасан. Улаанбаатарчуудын хамгийн том асуудал болох утаа, түгжрэл дээр хүртэл хоёр тал болж байгаад үзэлцэх юм. Нийтээрээ “Утаандаа бөглөрч үхлээ” гэхээр улстөрчид, шийдвэр гаргагчид нь “Үхэхгүй ээ” гээд зөрнө. Зам дээр гарангуутаа “Түгжрэлд тэсэрлээ” гэхээр “Тэсрэхгүй” гэх сөрөгчид босоод ирнэ. Улс орны эдийн засгийг авч яваа нүүрс маань бас л маргааны цөм байсаар байгаа. Нүүрсээ нэг гаргана гээд, нэг гаргахгүй л гэх юм. Монголчуудын энэ хуваагдалд хамрахгүй сэдэв гэж алга. Бичиг үсгийн хэрэглээндээ хүртэл дундад зуунд хаясан уйгаржин бичгийг оруулна, оруулахгүй гэж хэрэлдсээр байгаад хойшоо харсаар оруулаад ирлээ.
Яаж хойшоо ухрах вэ гэхээс арга нь барагдаж байгаа бололтой эзгүй хээрт өмнө нийслэл хот байсан гэсэн домог ярианд үнэмшээд Хархорин хот байгуулж тийшээ нийслэлийг нүүлгэнэ ч гэж байх шиг. Энэ асуудал дээр тогтож ярихад, Монгол Улсын нийслэлийг Хархорин руу нүүлгэвэл олон сөрөг үр дагавартайг захын эрдэмтэн судлаачид хэлнэ. Том зургаараа улсын эдийн засагт асар хортой. Хамгийн түрүүнд Улаанбаатарын иргэдийн өмч үнэгүйднэ. Ядаж л хотын А зэрэглэлийн газрыг авах гэж улсууд ямар их мөнгө зарж, тэнд барилга багууламж барьж хөрөнгө орууллаа даа Хэрэв Хархорин улсын нийслэл болчихвол энэ бүх хөрөнгийн үнэ цэнэ үгүй болно. Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. Энд улс төр, эдийн засаг, аж үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, сургууль соёл, бизнесүүд гээд бүгд бий. Нийслэл хотыг нүүлгэснээр эдгээр салбаруудын үйл ажиллагаа зогсож, улсын эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг эрхбиш мэдмээр дээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл хүртэл унана. Цаашлаад тээвэр, логистикийн асуудал, нийгмийн сэтгэл зүйн хямралууд үүсэх зэрэг олон эрсдэл дагуулна. Ингэн байж, өнөөдрийн Улаанбаатарыг бүтээсэн, бүтээж байгаа олон хүний хөрөнгийг шороо болгоод нүүнэ гэж сэтгэх нь өөрөө аймар санагдах юм. Энэ улсууд чинь бариад идчихдэггүй юм уу. За энэ ч яахав, тусдаа сэдэв.
Дэлхийн улсуудыг хараад байхад хөгжил дэвшлийн төлөө бүх хүчээрээ тэмүүлж байна. Жишээлбэл, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны асуудлуудаа системтэй бодлогоор хөгжүүлж байна шүү дээ. Зарим нь байгалийн баялгаа зөв ашиглаж байхад зарим нь инноваци, технологи, боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан болон робот, технологийн дэвшил хөгжилд тэмүүлэх гол түлхүүр боллоо. Дэлхийн толгой компаниудын нэг “Тесла” гэхэд энэ жилээс хүн дүрст робот үйлдвэрлэж, худалдаанд гаргана гэж байсан. Хүн төрөлхтний өдөр тутмын үйл ажиллагаанд роботууд оролцдог болно гэсэн үг. Гэтэл бид яаж байна. Өөрсдийгөө нэг хар даа. Яагаад давааны цаана үлдэж хоцрох гээд ингэж их үхэлдэн зүтгээд байгаа юм бэ. Энэ бүгд зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн тэнэг хүслээс үүдэлтэй. Монголчуудын үндэсний бахархал болсон өв соёл дээр дөрөөлсөн хийрхэл биднийг хөгжлөөс хойш зулгааж байна. Нум сум, сур, шагай харваа, туйл хайлах, бий биелгээ, хөөмий зэрэг ондоошлоороо дэлхийд түүчээлнэ гэцгээх юм. Энэ бүгдийгээ хийдэг улсуудыг өв соёл тээгч гээд жигтэйхэн их мандуулдаг. Бай шагнал, цол хэргэм ч олгоно. Амар хялбар байдлаар алдар нэрд гардаг болохоор бүгд өв тээгч болох гэж зүтгэнэ. Уран, нүүрс эсэргүүцвэл мөнгө өгнө. Барууны уурхай хаавал мөнгө өгнө. Морь уралдсан ч татваргүй бөөн мөнгө эргэлдэнэ. Уйгаржин бичиг нь ч тухайн үедээ гадаадын мөнгөөр орж ирсэн төсөл гээд хэвлэл мэдээллээр бишгүй гарч үүнд оролцсон хүмүүс нь гадаадын тагнуул гээд шоронд хүртэл байгаа. Бүгд зүгээр суугаад олз олох гэсэн хүслээс үүдэлтэй. Харин хэн тэдэнд мөнгө төлөөд байдгийг мэддэг амьтан үгүй. Ингээд бичихээр бусдын авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэлээ гэх л байх. Тэгвэл нум сум харвах, бий биелгээ хийх нь их сургуульд сураад физик, математик, химийн томьёо нухахаас хамаагүй амархан биз дээ. Тоо бодож толгойгоо эргүүлж зовно гэхгүй. Тэгээд ч олж байгаа мөнгө нь илүү болохоор бүгд л хөөмийчин, туйл хайлаач, нум сум харваач болох гээд зүтгээд байгаа юм биш үү. Үнэт зүйлээ хэдэн сохор зоосноос арилжсан монголчууд тэгээд яах вэ. Эцсийн дүндээ уулын мухарт хэдэн солиорсон хөлдүү бүдүүлэг монголчууд л үлдэх гээд байна.
Тэгвэл өнөөх бидний бахдан яриад байдаг үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, тусгаар тогтнол чинь үлгэр болно. Үнэндээ энэ бүх өв соёл, эх оронч хүмүүн гэсэн хийрхэлээс чинь болж монголчууд дэлхийн хөгжлөөс давааны цаана хоцроод байна. Одоо хэдүүлээ шинжлэх ухаан, технологийн шийдлийг шүтэж, хөгжилд хүрмээр байна.
М.МӨНХЦЭЦЭГ
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тус...
8 цагийн дараа
Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн ...
7 цагийн дараа
Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ DNN.mn
Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-ны 11:32:44 цагт газар хөдө...
7 цагийн дараа
С.Бямбахорлоо: Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Таван толгой”-оос харж болохоор байна DNN.mn
СЭЗИС-ийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа. -Энэ онд Монгол Улсын эдийн засаг ямар байхаар байна вэ? -Манай улсын хувьд а...
7 цагийн дараа
Монгол сонгины үнэ буурчээ DNN.mn
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд