Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Г.Батзориг: Тэрбум гаруй ам.доллар гадагшаа урссан нь валютын нөөцөд нөлөөлөх нь дамжиггүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 07

img

22

news-img

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Гадаад валютын албан нөөц нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар ярихгүй юу?

-Нэгдүгээр сар гараад валютын нөөц оны эцэст таван тэрбум ам.доллар давж байгаад 4.8 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь импорт хэр байхаас хамаараад 5-6 сарын хэрэгцээг хангалттай хангах түвшинд байна гэсэн үг. Өмнө нь нэлээн бага байдаг байсан. Сүүлийн жилүүдэд өндөр байна. Оны эцсээс буурсан гол шалтгаан нь 2025 он гараад төлбөрийн тэнцэл дээр нэлээд ачаалал ирсэнтэй холбоотой. Бид гадаад улсуудтай худалдаа хийх, үйлчилгээ авахтай холбоотойгоор харьцаж байна.

Төлбөрийн тэнцэл дээр гол нөлөө үзүүлсэн зүйл бол утааны үеэр хүмүүс нэлээд их аялсан, бараг тэрбум гаруй ам.доллар гадагшаа урссан. Түүний нөлөө валютын нөөц дээр тусах нь дамжиггүй байх аа.

-Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг 2024 онд 55 хувиар буурчээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төлбөрийн тэнцэл 2024 оноос эхлээд муудсан. Төлбөрийн тэнцэл валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулдаг. Манай улс хэр их валют гаднаас оруулж ирж байна хэдийг зарцуулж байна вэ гэдгийг. Энэ тэнцэл хасах болно гэдэг нь валютын гадагшлах урсгал нь эргээд валютын нөөц дээр ирэх дарамт, цаашлаад ханшид үзүүлэх дарамт өндөр болж байна гэсэн санааг хэлж байгаа юм. Муудаж буйн эхний гол шалтгаан бараа худалдааны тэнцэл дээр ажиглагдаж байна. Экспорт жилийн бараг 6 орчим хувиар өссөн байхад импорт жилийн 25-30 орчим хувиар өссөн байна. Өмнө нь төлбөрийн тэнцлийн өндөр алдагдлыг худалдааны тэнцлээр, экспортоороо голчлон нөхөөд явдаг байсан бол одоо импорт нь илүү хурдтай өснө. Энэ нөлөө худалдааны тэнцлийн ашгийг бууруулаад байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, мэдээж үйлчилгээний тэнцэл бий. Урсгал дансаар худалдаа, үйлчилгээ хоёрыг нийлүүлж авч үздэг л дээ. Урсгал дансны алдагдал нэмэгдсэн болохоор гаднаас авч буй бидний үйлчилгээ их болсон. Энэ нь эдийн засаг идэвхжээд ирэхээр бид гадагшаа үйлчилгээ үзүүлэх замаар ам.долларын орлого олж чаддаггүй. Гаднаас үйлчилгээ авах замаар ам.доллараа гадагшлуулдаг. Урсгал дансны алдагдал нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжилтэй илүү холбоотой. Бид үйлдвэржсэн эдийн засаг биш, худалдааны эдийн засаг, импортын хамааралтай орон гэдгээрээ дарамт өндөр болдог. Үүнээс шалтгаалж төлбөрийн тэнцэл дээр нэлээд дарамт ирсэн болов уу. Хоёр дахь дарамтыг төсвийн бодлоготой уялдуулж ярьж болно. Төсөв өөрөө валютын том хэрэглэгч агент шүү дээ. Тендер, төсвийн ажилчдын цалингийн өсөлт импортыг тодорхой хувиар дэмжиж байгаа юм.

-Монголчууд хүйтний улиралд дэлгэр цагаас илүүтэйгээр Тайвань, Вьетнам руу гэх мэтчилэн аялж, амардаг болсон. Тэр хэрээр гадагшилж буй мөнгөний их урсгалыг хэрхэн дотооддоо шингээж үлдээх боломж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жилийн утааны асуудал маш их хурц тавигдлаа. Өмнө нь хүмүүс богино хугацаанд буюу 14өөс нэг сарын хооронд явдаг байсан бол энэ удаа бүр хоёр, гурван сараар гадны улсыг зорьж очиж, ид утааны үеийг давчихаад ирж байна. Үүнтэй холбоотойгоор бараг тэрбум гаруй ам.доллар гадагшлах урсгал бий болсон байна. Мэдээж ийм хэмжээний мөнгө гадагшилж байна гээд бид тэдгээр хүмүүсийн хэрэглээг танах юм уу, хянах боломжгүй. Ингэх нь ч утгагүй. Бид дотооддоо валютаа авч үлдэх гол боломж нь монгол хүн, Монголын иргэнд өвлийн улиралд ч, хаврын улиралд ч амьдрах бололцоог нь хангаж өгч байгаа юу гэдэг асуудлыг тавих ёстой болж байгаа юм.

-Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг л дээ?

-Энэ утгаараа утаа, түгжрэл бага байх ёстой болж байна. Дээрээс нь эмнэлгийн ачааллууд байна. Энэ мэт эрүүл мэндийн суурь асуудлуудаа бид шийдчихвэл энэ хүмүүс заавал хоёр, гурван сараар хүүхдүүдээ аваад гадны орнуудаар яваад байхгүй. Энэ жилийн тэр утаа, хүүхдийн ханиад, түүнийг тойрсон асуудлууд, нийгмийн стресс нэлээд их байсан учраас валютын урсгалын гол гарах шалтгаан болсон. Нийгмийн ая тухтай, амар тайван байдал бага, нийгмийн стресс ихтэйгээ холбоотой гэж тайлбарлаж болохоор байна. Бид ийм суурь асуудлуудаа шийдэж гэмээнэ иргэдийн гадагшаа явж, янз бүрийн зүйл худалдаж авдаг боломж хязгаарлагдмал болно гэж ойлгож болно. Нөгөө талд, мэдээж монголчуудын амьжиргаа сайжраад, гадагшаа аялал жуулчлалаар мөнгө зарна шүү дээ. Эсрэгээрээ бид бас гадаадаас аялал жуулчлалыг татаж байж энэ орлогоо нөхөгдөх ёстой. Экспорт, импорт гэдэгтэй адилхан аялал жуулчлалын экспорт, импорт гэдэг валют үрдэг, валют олдог хоёр данс хоорондоо харьцах замаар валютын ханшид үзүүлэх дарамтыг бууруулна. Түүнийг бид бас бодолцож үзэх ёстой болов уу.

-Ам.долларын ханш 3493 төгрөгт хүрлээ. Цаашид өсөх төлөв ажиглагдаж байна уу?

-Ер нь гадны хөрөнгө оруулагчдын ажигладаг хэд хэдэн зүйл байдаг. Нүүрсний тээвэр зогссон уу, зогсоогүй байна уу, нүүрсний машин нь тогтвортой явж байна уу, үгүй юу. Хоёр дахь нь, валютын нөөц нь хангалттай байна уу, импортын хэдэн сарын нөөцийг хангах боломжтой байна вэ. Гурав дахь нь, Монгол руу бизнесийн зорилгоор аялж байгаа хүмүүсийн тоо буурч байна уу, үгүй юү гэсэн хэдхэн үзүүлэлтээр валютын ханшийг хэмждэг. Нэг их макро эдийн засгийн онол гэхээсээ илүүтэй хүлээлтэд илүү суурилдаг. Тэгэхээр төлбөрийн тэнцэл дээр ирж буй дарамт бол сая миний ярьсан экспортоос илүү импорт нь хурдтай өсч байгаа явдал. Урсгал дансны алдагдал цаашид төсвийн бодлоготой холбоотойгоор нэмэгдэхээр байна. Төсөв нэлээд тэлсэн, зарлага нь нэлээд их байна шүү дээ. Энийг нь хаагаад, мөнгөний хатуу бодлого барьж, бодлогын хүү буурахгүй байна. Тэгэхээр төсвийн бодлогын нөлөөгөөр төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ нь эргээд ханшид дарамт учруулна гэдэг эхний сөрөг хүчин зүйл байна.

-Эерэг тал нь?

-Ханш 10-аас дээш хувиар огцом савлахгүй гээд, эерэг хэд хэдэн хүчин зүйл дурдаж болохоор байна. Эхнийх нь, энэ жил гадаад бондын төлбөр байхгүй. Бид дор хаяж жилд 500-600 сая ам.долларыг бондын төлбөрт төлөх ёстой байдаг. Энэ жил тэр нь байхгүй болохоор валютын ханш дээр ирэх дарамт энэ удаад бага. Хоёр дахь нь, нүүрсний үнэ 2024 онд 30 орчим хувиар унаад, ерөнхийдөө тэр үед нөлөө нь орчихлоо. Одоо нүүрсний үнэ хэвээрээ, 2025 ондоо тоо хэмжээний өсөлт хийх нь чухал байгаа юм. Сая Америк, Хятад бие биедээ худалдааны татвар тавьсантай холбоотойгоор манай коксжих нүүрсний тоо хэмжээ буурахгүй байх боломж бололцоог харуулж байна. Энэ бол бас хоёр дахь эерэг мэдээ. Гурав дахь нь, валютын нөөц. Сая Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн бараг талыг нь төлсөн. Энэ нь валютын нөөцөд бүртгэгдээд яваад байдаг байсан. Тэгэхээр одоогийн валютын нөөц маань илүү бодитой тоо, бодитой валют гэж хэлэхэд болно. Импортын 5-6 сарын хэрэгцээг хангалттай хангахуйц нөөц байгаа нь тодорхой хэмжээгээр ханш огцом савлахгүй, тогтвортой байх болов уу гэсэн итгэл найдвар өгч байна.

-Нэг хэсэг хоёр тэрбум ам.доллараас бага, яг цэвэр нөөцөөр яривал тэрбум ам.долларын цэвэр нөөцтэй явсан?

-Тэр үед ханш дээр нэлээн их хэмжээний сигналь үүсч байсан. Одоо 4.8 тэрбум ам.доллар гэдэг бас хангалттай байна гэж үзэх гээд байна. Гуравдугаарт, өмнө нь ханшийг явуулдаг хүчин зүйл юу байсан бэ гэхээр сонгуулийн нөлөө байсан. Төр засаг нэг намаас нөгөө нам руу шилжсэн, эсвэл нам дотроо удирдлагууд өөрчлөгдсөн, Засгийн газар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ханш ер нь хөдөлдөг байсан. Яагаад вэ гэхээр өмнөх Засгийн газартаа тодорхой хэмжээгээр бурууг нь үүрүүлэх гээд, ханшийг т одорхой хэмжээнд барьсан байсныг сул тавьж харуулдаг үзэгдлүүд байсан. Энэ жилийн хувд өмнө нь засаглаж байсан Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж яваа учраас өнгөрсөн жилийн бодлогоо өнөөдөр өөрчилбөл утгагүй. Тийм учраас аль болох ханшийг илүү тогтвортой байлгах дээр фокуслаад явж байна уу даа гэж харагдаж байна. Улс төр талаасаа ханш 4000 хүрнэ гэдэг “аймшигтай тоо” шүү дээ. Ингэж давуулахгүй, 4000 гэдэг тоонд хүрэхийн тулд дор хаяж 10 хувийн үсрэлт, төгрөгийн ханшийн 10 хувийн уналтыг бид хэлж болохоор байна. Гэтэл энэ байж боломгүй учраас мэдээж үүнд хүргэхгүйн тулд улс төрийн хувьд ямар нэгэн арга хэмжээ авна л даа. Алтаа илүү гаргах уу, хятадуудтай нүүрсээ илүү их гаргах талаар яриа хэлэлцээ хийх гэдэг ч юм уу, эсвэл импорт дээр янз бүрийн бодлогын арга хэмжээ авах уу гэдэг арга хэмжээ цагаа тулахаар авна л даа. Тэгэхээр энэ жил ханш огцом савлахгүй гэж хэлэхээр байна.

-БНХАУ АНУ-ын нүүрсэнд 15 хувийн тариф тогтоосноор Монголын экспортын хэмжээ өсөх орон зай гарч байна гэж зарим шинжээчид үзэж байна. Тэдний зөрчилдөөн Монгол Улсад хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ. Бид юуг анхаарах ёстой вэ?

-Америк татвараа нэмлээ гэхэд Хятад дор дор нь хариу арга хэмжээ авч байна. Дайвар нөлөөнүүд гарч ирж байна. Жишээлбэл, Америкийн экспорт хийж буй коксжих нүүрсэн дээр 15 хувийн татвар ногдуулсан. Америк, Орос, Монгол, Австрали дөрөв нийлээд коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлдэг байлаа. Энэ дундаа 60 орчим хувийг өнгөрсөн жил Монгол Улс нийлүүлсэн. Америкийн хэмжээ бол 3 орчим сая тонн, нэг их өндөр дүнтэй биш л дээ. Дээрх татварын нөлөөгөөр энэ хувийг авбал Монголд нүүрсний экспорт тасалдахгүй байх давуу талтай юм болов уу. Нөгөө талаар Хятад худалдааны дайнд олон жилийн өмнөөс бэлдэж ирсэн. Дээрээс нь Америкийн эспортод 30 орчим хувийг эзэлдэг байж байгаад буураад 20 орчим хувь руу орчихсон үе дээрээ яваа учраас Хятад нэг их огцом хамааралд нь өртөөд, эдийн засаг нь муудаад, янз бүрийн юм болохгүй байх.

-Шинжээчид энэ худалдааны дайны сөрөг нөлөө түүхий эдийн зах зээлд түлхүү нөлөөлнө гэж үзэж байна. Тэдний таамаглал хэр бодитой байх бол?

-Энэ худалдааны дайны сөрөг нөлөө түүхий эдийн зах зээл тэр дундаа зэс, алтан дээр ямар байдлаар нөлөөлөх вэ, нүүрсэн дээр яаж нөлөөлөх вэ гэдгийг бид ажиглаж байх ёстой. Хятад өөрөө гангийн үйлдвэрлэлийн бараг 50 орчим хувь учраас бас зэс, нүүрсний үнийг тодорхойлогч гол улс болдог. Тэгэхээр худалдааны дайнд технологийн хувьд хязгаарлагдмал байдалд орох, хөрөнгө оруулалтын хувьд Америкийн хязгааралтаас болоод хөрөнгө оруулагч нар Хятадаас гарах ч юм уу нөхцөл байдлууд тулгарч, эдийн засагт нь дам бусаар нөлөөлбөл манай эдийн засагт импортоор дамжсан үнийн өсөлт, эргээд манай дотоодын бараан дээр орж ирж, инфляц бий болгох магадлал байна гэж бас харж болно. Гэхдээ үүний дам нөлөөг бид шууд тэд гэж хэлэх боломжгүй. Манайх ихэнх бараагаа урдаас авдаг. Тэр бараанууд суурь үнээрээ өсөөд ирвэл яах вэ л гэдэг асуудлыг ярьж байгаа гэсэн үг. Энэ нөлөө хараахан бий болоогүй байна.

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төви...

img

8 цагийн дараа

Ж.Чинбүрэн: 50000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барс...

img

7 цагийн дараа

Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно DNN.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай к...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Томуугийн өвчлөл буурсан үзүүлэлттэй байна DNN.mn

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “...

img

7 цагийн дараа

Кит Келлогг: Цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна DNN.mn

Энэ сарын 14-нөөс 16-нд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал болно. АНУ-ын ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд