мэдээ
Б.Сарантуяа: Уран зохиол бол миний ханасан бодлуудаа хүмүүст илэрхийлэх арга DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 13
![img](/images/view.png)
31
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/Capturefhdfdf.jpg?v=1739344597)
МУСГЗ Б.Сарантуяатай “Утгын чимэг” наадамд тэргүүн байр эзэлсэн бүтээл болон удахгүй гаргах гэж буй шинэ номынх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе.
-За, баярлалаа.
-“Утгын чимэг” наадамд тэргүүн байр эзэлсэн “Рэгдэндагва” өгүүллэгийг бичих болсон шалтгаан юу вэ?
-Өнөөдрийн монголчууд ёс уламжлал, зан заншлаас эхлээд аливаа зүйлд их шүүмжлэлтэй ханддаг болжээ. Тиймээс тэдгээр хүмүүсийн хувьд утга учиргүй гэж харж байгаа тэр зүйлсийнх нь ард ямар их үзэл санаа нуугдаж байдаг юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. Үүнд жишээ болгон их хотынхоо нэрийн тухай сонсож ирсэн зүйлээ нийлүүлж, эвлүүлээд өгүүллэг бичсэн юм. Миний “Утгын чимэг”-т оролцдог шалтгаан нь гэвэл энэ наадмын тайз өөрөө олон үзэгчтэй. Тиймээс энэхүү санаагаа олон хүнд хүргэчих юмсан гээд оролцсон. Бусад өгүүллэгүүдтэйгээ уралдаад тэргүүн байрыг эзэлсэн учраас сэтгэгдэл бол сайхан байна. Ер нь бол түүхэн дээр тулгуурлаж бичсэн. Санаанаасаа зохионо гэж байхгүй шүү дээ. Сонсож байсан аман домог, тухайн зураг ямар шалтгаантайгаар Монголд зурагдсан байх вэ гэж ургуулж бодсоны үндсэн дээр энэ өгүүллэг бүтсэн. Мэдээж уран зохиолын хэллэгээр бичсэн учраас уран сайхны дүр, хэв найруулга орсон.
-Наадамд оролцогчдын бүтээлээс танд таалагдсан өгүүллэг бий юу?
-Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч” өгүүллэг сайхан санагдсан. Энэ жилийн наадамд Т.БумЭрдэнэ бид хоёр хийморийн морь нэгтэй сундалдаж орлоо. Ө.Мөнгөнтулга бид хоёрын өгүүллэгийг уншиж, амилуулж үзэгчдэд хүргэсэн юм. Мөн энэ завшааныг ашиглаад Ө.Мөнгөнтулгадаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. “Утгын чимэг” наадмын Г.Равдан гэж гайхалтай хүүрнэн өгүүлэгчийн араас Ө.Мөнгөнтулга маань орж ирж байгаа. Үнэхээр дотортой уншдаг. Өөрийнхөө өгүүлж байгаа зүйлээ хүнд хүргэж чаддаг авьяаслаг залуу. Бас Ц.Ганболд, Г.Болормаагийн өгүүллэгүүд таалагдсан. Энэ хүмүүс л түрүү магнайг авах болов уу гэж үзэгчийн суудалд сууж байхдаа бодсон.
-Та ойрын хугацаанд шинэ номоо гаргах гэж байгаа юу?
-Тийм. Мартын 8-ны үеэр гаргах гээд төлөвлөсөн. Ерөнхийдөө номоо бол бичээд дуусчихсан. Одоогоор засвар, редакторын ажил хийгдээд явж байна. Энэ ном миний хамгийн сүүлд хэвлүүлсэн “Сондгой цагаан сувд”-тай жаахан төстэй. Буддын шашин, квант хими хоёрын уулзвар дээрээс өлгөж бичсэн юм. Үйл явдал нь цаг хугацаа, орон зайн хувьд нэг хавтгай дээр өрнөнө. Театрын жүжигчин бүсгүйн амьдрал, түүний өнгөрсөн хийгээд ирээдүйн олон төрлүүд нь яг нэг зорилгын төлөө, нэг агшинд өрнөх сонирхолтой сэдвийг барьж аваад ажиллаад дуусч байна.
-Яагаад ихэвчлэн эмэгтэй хүний мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлын тухай бичдэг вэ?
-Ханасан бодлуудаа хүнд илэрхийлэх арга гэж хүнд байдаг. Хүн бүр өөр өөрийн аргаараа үүнийгээ илэрхийлдэг. Миний хувьд телевизэд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа өөрийнхөө ханасан бодлуудаа телевизийн нэвтрүүлгээр дамжуулан илэрхийлдэг байсан. Миний үндсэн мэргэжил бол зохиолч, утга зохиолын ажилтан. Сүүлд үндсэн мэргэжлээрээ ажиллая гэж бодоод Сорхугтаниг бичиж байсан. Зохиол бүртээ энийг л нэг хүнд хэлчих юмсан гэдэг үзэл санаагаар ханддаг. 2012 оны үед олон нийтийн дунд эмэгтэй хүн яах гэж байдаг юм, ямар учиртай юм, эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ гэх асуултууд их яригдаж эхэлсэн. Тиймээс надад эмэгтэй хүнд зориулсан библи маягийн ном баймаар ч юм шиг санагдсан л даа. Өөрөө ч гэсэн 30 гаруй настай алдаж, онох гээд зөндөө л зүйлийг туулаад явж байлаа. Ер нь бол надад “Би энэ хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсөн, ингэж амьдрах ёстой юм байна, амьдралын утга учир ийм байдаг, энийг л ойлгох ёстой” гэх бодлууд төрж явсаар, тэр нь ханаж ирсэн. Тэгээд л үүнийгээ илэрхийлэх ямар нэгэн зүйл хэрэгтэй болсон. Тухайн үед хаан, хатдын тухай унших сонирхол хүмүүст багагүй байсан учраас түүн дээр нь дөрөөлөөд бичих бодол төрсөн.
Тэр дундаа дөрвөн хааныг төрүүлсэн Сорхугтани Бэхи хатны түүхээр мөн өөрийнхөө ойлгож байгаа ухаарлыг шингээгээд анх бичиж эхэлсэн. Одоо зарим уншигчид эмэгтэйчүүдийн библи гэж нэрлэдэг. Бараг тийм байх болов уу гэж бодож бичсэн л дээ. Түүнээс биш надад уран зохиолын гайхамшгийг бүтээх гэх мэт амбиц байдаггүй. Зохиолч хүн бол уншигчаа дагуулж явах ёстой. Би өөрөө бичиж байгаа зохиолоо даган судалгаа хийж, бодол, мэдрэмж дээрээ тулгуурлан оюун санааны түвшинд өсдөг. Тиймээс миний уншигчид ч гэсэн надтай хамт зэрэг өсөж яваа гэж ойлгодог. “Сондгой цагаан сувд” номоо бичиж байх үедээ үйлийн үр гэх арай хүнд зүйл рүү орсон л доо. Нас бараад 49 хоногийн дотор зуурдад дараа төрлөө олох гэж байгаа эмэгтэй, өөрийнхөө өнгөрсөн амьдралын 100 жилийн инээд, нулимсан дундаас олж байгаа ухаарал, ойлголтын талаар өгүүлдэг. Анх номоо гарахад хүмүүс бараг ойлгохгүй болов уу гэж дотроо бодож байсан. Гэтэл эсрэгээрээ олон хүн уншсан. Энэ нь надад маш их урам өгсөн.
-Таны шинээр гарах гэж буй ном квантын хими, Буддын шашны дунд бичигдсэнээрээ шинэ амьдрал, шинэ ертөнцийн тухай өгүүлэх үү?
-Одоо бид Бумбын эрин үед шилжин орж байна. Арга буюу бүх зүйлийг дайтах, байлдах, эзлэх, өөрийн болгох эрин зууныг туулсны эцэст Бумбын эринд шилжиж буйг хаа сайгүй ярьж байгаа. Манай нарны аймаг галактикийнхаа мананцар буюу тоосонцор руу орж байгаа.Гурван хэмжээст дэлхий ертөнц аажмаар таван хэмжээст рүү орж буй гэдгийг одон орон судлаачид ч ярьж байна. Таван хэмжээст орон зай, энэ эрин үед шилжин орохын тулд бидэнд юу хэрэгтэй юм. Бид сүнснийхээ түвшинд ухамсраа сэрээх ёстой гэдэг мессэжийг хүргэхийг бодсон юм.
Нэг хэсэг ер тоодоггүй байсан энэ сэдвүүдийг өнөөдөр хүмүүс маш их хүн сонирхож байна. Олон хүмүүс бясалгалд явахын зэрэгцээ би яах гэж төрсөн юм бэ гэх мэтчилэн өөрийнхөө үүрэг зорилгыг хайдаг болчихсон ийм эрин үе ирж байна. Иймээс урьдын эрин зуун шиг авах, олох, олзлох хүчээр явдаг энэ үе үндсэндээ дуусч байна. Бид зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрлах, ойлгох, уярах, зөвхөн би биш бид энэ хорвоо дээр амьдардаг гэдгийг ухаарч бие биедээ хайрыг түгээх… Мөн өөрийнхөө зүрхэн дотор гэрэл асаах ёстой юм байна аа гэдэг энэ мессэжүүдийг уншигчдад өгье гэж бодоод өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт өрнөж байгаа үйл явдлаар бичигдсэн зохиол юм. Энэхүү зохиол үндсэндээ хоёрхон дүртэй боловч үүнээс салаалсан дүрүүд байгаа учраас олон дүртэй болчихсон юм шиг санагдаж магадгүй.
А.Даваадулам
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
МИАТ: Гуанжоу руу нислэг үйлдэнэ DNN.mn
МИАТ ТӨХК БНХАУ-ын худалдааны томоохон бүс болох ГУАНЖОУ хот руу 2025 оны 4-р сарын 6-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв, Ням...
6 цагийн дараа
Үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийг мөргөжээ DNN.mn
Цагдаагийн байгууллагад өнөөдрийн (2025.02.13) 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж...
5 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний ...
5 цагийн дараа
Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна DNN.mn
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байда...
4 цагийн дараа
Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт Чех улсад болно DNN.mn
Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд
![trend](/images/guest.png)
Онигоо
Зүгээр л онигоо