мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье

Админ
2025 оны 11 сарын 24

Сүүлийн үед сонсогдсон хамгийн сайн мэдээгээр энэ удаагийн нийтлэлээ эхэлье. Мэдээж урлаг спортын ертөнцөөс ирж буй сайхан мэдээнүүд Их хааны мэндэлсэн өдрийг хангалттай чимэн тал нутгаар дүүрэн цацагдаж байгаа тул энэ сэдвийг орхив. Уншигч абугай тунгаан бодно биз ээ.
Уг нь миний бичвэрээ эхлүүлж байгаа энэ мэдээ хэрүүл тэмцэлдээ живсэн монголчуудын хувьд хамгийн чухлаар хүлээж авах ёстой мэдээ юм. Гэвч нэг их тоосонгүй. Ерөөс бид өөрсдийнхөө хувьд юу чухлаа зөв эрэмбэлж мэддэггүй. Эсвэл угаасаа бидний ирээдүйн асуудал бидэнд л ганцхан хамаагүй байдаг ч юм уу гэмээр төөрөлдсөн. Эс бөгөөс үнэнээсээ манайхны байнга хэлдэг шалтгааны нэг болсон “Биднийг зориуд ийм байлгах хүч үйлчлээд” удаж байгаа ч юм уу. Бүү мэд ээ. Тийм ээ, бурхан бидэнд баян тансаг газар нутгийг харамгүй хайрласан билээ. Бид баялгаасаа болж л хэрэлдэж зодолддог. Амандаа алтан халбага зууж төрсөн гэмээр монголчуудын буян заяаг тэтгэж байгаль эх маань үүцээ дэлгэсээр л байна. Таван толгойн Цанхиас угаасан нүүрс гарсан тухай мэдээллийг ганц нэг эдийн засагч, төр засгийнхнаас бусад нь тэгтэл баярлан хүлээж авсангүй. Энэ ордыг ойролцоогоор 150 сая тонн нөөцтэй гэж одоохондоо мэдээлэгдэж байна. Ёстой алтан мэдээ юм аа. Саяхан л бид нүүрс угаах үйлдвэрээ 20 км-ийн цаана барьчихсан гээд л бөөн хэрүүл суусан. Гэтэл байгаль эх маань асар үнэтэй коксжих нүүрсний ордын үүдийг нээж өгчээ. Энэ намар Эрдэнэт уурхайн ойролцоо Оюут нэртэй бас нэгэн шинэ зэсийн орд илэрсэн. Энэ бүхнийг бурхан бидэнд сэтгэл харамгүй дэмжлэгээ илгээж байна гэж хэлж болно биз дээ.
Засгийн газрын шинэ тэргүүн Г.Занданшатар үндсэндээ монголчууддаа нэг л юм амласан. Тэр нь “Төрд нүүрлэсэн нүүрсний хулгайг үгүй болгох”. Үүнд нь бид итгэж байгаа. Засгийн газрын шинэ тэргүүн гэж бичиж байгааг минь эрхэм уншигч анзаарч байгаа биз. Үнэндээ өмнөх Засгийн газрын сайд нар л байгаа шүү дээ. Тиймээс молхи бичигч би шинэ Засгийн газар гэж үзэх боломжгүй гэж харж байгаа юм. Гол нь Ерөнхий сайд Г.Занданшатар төрд нүүрлэсэн хулгай зэлгийд цэг тавихын төлөө ажиллах нь гэх итгэл бидэнд өгсөн. Энэ л чухал. Дээр өгүүлсэн сайхан мэдээллүүд дээр, нүүрсний хулгайг зогсооход асар их юм өөрчлөгдөнө. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулан, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөөд ажлаа шуурхайлан эхлүүлээд явж байна.
Тиймээс улс орны эдийн засагт тодорхой сэргэлт гарна гэж харж байгаа юм. МАН-ын эрх мэдлийн хуваарилалтад гарсан саяны энэ өөрчлөлтийн шалтгааныг бүхэлдээ улс төрийн тэмцэл дээр суурилсан пропоганда гэж харах боломжгүй юм байна гэж нийгэм хүлээж авсан. Ийм ч учраас нүүрсэн дээр алдагдсан боломжийн өртөг гэж тодорхой хувь эдийн засаг руу орж ирнэ гэж найдаж байх шиг байна.
Бид дөрвөн сар ажиллаж байгаа Ерөнхий сайд руу элдэв хэтрүүлэгтэй нэхэл нисгэмээргүй байна. Харин юм хийлгэж авмаар байна. Жишээбэл, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл нэг намын, нэг фракцын, нэг цул ийм бүтэц байгаа дээр улс орны эдийн засагт ахиц дэвшил авчрах, хөгжлийг боомилж байгаа тээг тушаануудыг тас татах ганц хоёр том шийдвэрийг гаргаж авах ёстой болов уу. ҮАБЗ ийм “амин” бүтэцтэй байх их ховор шүү. ҮАБЗ Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын үед эв түнжингээ гайхуулж байсан үе бий. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын гурвал ч саяхныг болтол цул байв. Энэ үед сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн. Гэвч Л.Оюун-Эрдэнийг ганцааранг нь шаазгай болгон шонд өлгөснөөр энэ ҮАБЗ бут үсэрсэн. Одоо эрхбиш сонгуулийн ээлжит мөчлөг иртэл гайгүй биз хэмээн бодном. Тэгэхээр улс орны эдийн засагт хөшүүрэг болох том шийдвэрийг энэ үеийг ашиглан гаргаж авах хэрэгтэй.
Хэдхэн хоногийн өмнө бид арай гэж л ирэх оны төсвөө баталж авлаа. Энэ жилийн хувьд үнэндээ төсвийн хэлэлцүүлгүүд маш хангалтгүй хэмжээнд явагдлаа. УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулчихсан, парламент нь хоёр талцчихсан, гаднаа жагсаалтай хүндхэн байв. Хэмнэсэн, танасан гэх пи-ар урсгаж байгаа ч хэдэн төрийн албан хаагчийг цомхотгож, зарим лобби муутай төслийг татсанаар боогоод л гялс батлуулав. Үнэндээ нүүрсний үнийн уналт болон төсвийн орлого илт буурсан цаг үе гэхэд өмнөх Засгийн газраас мөн 30 их наядыг давсан байгааг нь харахад ялгаагүй л данхар төсөв. Төсвийн бодлогоо эрс шинэчлэхгүй бол энэ мэт урд хойд хормойн үлгэрээр л цааш дунгуйлдах нь. Гэтэл дэлхий дахины амьдрал дээшээ нисэж байна. Бид дөрвөн уулынхаа дунд өмд гутлын хэрүүлээ давахгүй суусаар. Энэ тэнэгэрлээ эргэцүүлж, илүү том зорилго дээрээ нэгдэж, улс орноо урагш алхуулахын төлөө ажилламаар байна.
Үүний тулд хамгийн эхлээд хийх зүйл Төрөөс эдийн засагт оролцдог буруу оролцоог хуйгаар нь зогсоомоор байна. Манай улсын эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Ийм улс оронд хувийн хэвшлийнх нь төртэй ойртсон хэсэг нь л амьд үлдэнэ. Бусдад нь боломж олддоггүй. Энэ урвуу байдлаа бүгд хардаг атлаа ярьдаггүй. Манай улс хэрэглэгч орон. Үйлдвэрлэгч орон биш. Тийм атлаа үе үеийн засгийн газрууд өр л өвлүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өр 40 тэрбум ам.долларт хүрч байх шиг байна. Өрийн хавханд орсон гэж зарим эдийн засагч тодорхойлж буй нь дэгсдүүлсэн дүгнэлт огтоос биш юм. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд өдөрт хэд хэдээрээ хаалгаа барьцгааж байна. Үр дүнд нь татварын орлого өнгөрсөн жилийн статистиктай харьцуулахад 2025 оны эхний 10 сарын байдлаар 21.4 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 895.5 тэрбум төгрөгөөр буурсан. Мэдээж шинэ Засгийн газарт энэ мэт нарийн ширийн зовлонгоо ярих цаг алга.
Сая төсвийн хэлэлцүүлгийн үеэр ДНБ- ий 75 хувийг төрийн өмч бүрдүүлж байна гээд яригдаад л өнгөрч байгаа юм. Бүр нэг ёсоороо яваа хэвийн сэдэв ярьж байгаа юм шиг. Гэтэл бидэнд өмнө нь ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг гэж ярьж байсан үе байсан юм шүү. Одоо харин бүх юм урвуугаараа эргэн ийм болтол газарджээ. Энэ бол буруу үзэгдэл. Ард түмэн нь хувхай хоосон болж, хийх ажилгүй ядуурч дуусч байгаагийн тод илрэл. Социализмын үед төр 100 хувь үйлдвэрлэл үйлчилгээг явуулдаг байсан. Хэдүүлхэнээ атлаа бүгд нэгэн хэвийн зэлмүүн амьдралтай. Хоньчин хүн эхнэрээ амаржихад шөлний төлөг гаргах мэдэлгүй. Бүгд дотооддоо үйлдвэрлэсэн ижилхэн хувцаснуудаа өмсөнө. Ерөөсөө тэр үе эргэж ирэх гэж байгаа юм биш үү. Ард түмэн нь хувхай хоосон, бүх аж амьдрал нь төрийн 100 хувийн хяналт дор амьдарч байсан тэр үе… Эргээд тэр үе рүүгээ орох гээгүй л юм бол дахин бодлогын шинэчлэл хийж орвонгоор нь өөрчлөх ёстой юм байна. Дахиад хувьчлал хийх хэрэгтэй. Өмч хувьчлалын хоёрдугаар үеийг эхлүүлэх хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн нэг том төлөөлөл, Монгол дахь хамгийн том хувийн сургуулийн эзний хүү УИХ-ын дарга боллоо. Түүнийг Монголын хувийн хэвшилд сэргэлт авчирсан өөрчлөлтийг манлайлан хийлцээсэй гэж хүсэж байна. Төрийн өмч их байгаа нь хулгай худлын эх уурхай болдог юм байна гэдгийг одооны 50-иас дээш насны бид амьдралаараа үзэж явна. Одоо бид хамаг итгэл найдвараа алдах гээд байна. Ийм учраас төрийн шошготой, ашиггүй ажилладаг уурхай, улсын үйлдвэрийн газруудыг хувийн хэвшилд өг. Аяндаа манай асуудлууд цэгцрээд явчихна.
Төрийн бодлогынх нь элгэнд ганц нэгхэн том бизнесүүд нь л багтдаг. Тэд нь өөрсдөдөө зориулан яам байгуулж тоглох хүртлээ эрхэлдэг, энэ улсын бүх хөгжмийг тэд л захиалж байдаг болтол даварчихсан. Өөдөөсөө цоролзвол огцруулж хашраадаг ийм урвуу Монголыг одоо өөрчлөх цаг болсон. Тэгэхээр өмч хувьчлалын хоёр дахь давлагааг хийцгээе.
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өсчээ
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний ...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр дараах хилийн боомтууд түр хаана
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боом...
7 цагийн дараа
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй там...
6 цагийн дараа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилго...
6 цагийн дараа
Энэ долоо хоногт ханиад томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногт хичээл цахимд шилжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныха...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


