мэдээ
Ж.Оджаргал уу, Л.Оюун-Эрдэнэ үү? DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 21

41

Монголын улс төрд мөнгө, эрх мэдэл хоёр мөргөлдөж байна. Хүнээр нь яривал Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ хоёр үзэлцэж байна. Үзэлцээд байгаа үндэс нь Л.Оюун-Эрдэнэ “Ухаа худагийг Баялгийн санд авна” гээд Ж.Оджаргал үг хэлээгүй ч үзэлцээд байгаагаас үзэхэд “Өгөхгүй” гэж гүрийгээд байгаа бололтой.
Харин энэ хүртэл Ж.Оджаргал ч, Л.Оюун-Эрдэнэ ч бие биедээ хандаж шулуухнаар нэг ч үг хэлээгүй байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийнхэн тэднийг “Их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэргүй тасдаад авчихсан” гээд байгаа. Энэ дээр Ж.Оджаргал өөрөө юм дуугараагүй ч “Ухаа худагийг хүчиндээд авчихвал хувь эзэмшигчид маань арбитрт хандаад Монгол Улс дааж давшгүй өрөнд унана шүү” гэсэн дохиог дам байдлаар өгч байна. Мөргөлдөөн бүр гүнзгийрч Ж.Оджаргалын Хамгаалалтын албаныхан тагнаж чагнадаг гүйцэтгэх ажлыг хууль бусаар хийснийг Л.Оюун-Эрдэнийн Тагнуулын газар тагнаж чагнаад илрүүлжээ.
Ж.Оджаргалынхны зүгээс 2025 оны хоёрдугаар сарын19-нд “Бид хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай хуулийн хүрээнд үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байна. Бидний зүгээс хариуцлагатай, ил тод, хууль журмыг чанд мөрдөн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоогоор хуулийн хүрээнд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгаж байгаа асуудлыг гуйвуулан гарчиглаж тайлбарлахгүй байхыг хүсье” гэж мэдэгдэл хийв.
2025 оны нэгдүгээр сарын 3-нд “Ойрын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийн зүгээс биднийг Засгийн газрын үйл ажиллагаа, Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг улстөрчдөөр дамжуулан эсэргүүцэж байна” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түгээж буйд харамсаж байна. Бид Засгийн газрын хэрэгжүүлж буй экспортын орлогыг нэмэгдүүлэх, нүүрс экспортлогч бүх аж ахуйн нэгжийн нүүрс тээврийн зардлыг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно. Түүнчлэн Их хурлын гишүүн Т.Энхтүвшингийн үйл ажиллагаа, хэлж буй үг, үйлдэл нь бидэнд огт хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн.
2025 оны нэгдүгээр сарын 10-нд “Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд биднийг маргааш болох жагсаалыг санхүүжүүлж, Засгийг огцруулахаар оролдож байна” гэх ор үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж, бидний нэр хүндэд улс төрийн зорилготой, үндэслэлгүй халдаж буйг эсэргүүцэж байна. Бид тус мэдээлэлд дурдсан шиг жагсаал, цуглааныг санхүүжүүлсэн, бусдыг болон ажиллагсдаа зохион байгуулалттайгаар жагсаалд оролцуулах гэж байгаа гэдэг нь огт үндэслэлгүй худал мэдээлэл төдийгүй урьд өмнө нь ч жагсаал, цуглаанд уриалж байсан тохиолдол огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бизнесийн байгууллагыг улс төрийн асуудалд санаатайгаар хутган оролцуулахаар “жагсаал санхүүжүүлдэг” гэх зэргээр удаа дараа худал мэдээллийг түгээхээр оролдож буйд харамсаж, энэхүү илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараан нийтэлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг залруулга хийхийг шаардаж байна” гэсэн юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ 2025 оны хоёрдугаар сарын 19-нд “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ.
2025 оны нэгдүгээр сарын 7-нд “Энэ асуудал Гашуунсухайт-Ганцмодны хэлцэлтэй холбоотой, улс төрд ойр хүмүүст энэ асуудал их тодорхой. Энэ хэлцлийг хийхдээ хоёр улсын Засгийн газар гурав дахь талыг оролцуулахгүй байхаар гэрээ хийсэн. Их хурал энэ хэлцлийн эхний баримт бичгийг баталсан. 2013 оноос эхлэн Тавантолгойн ордыг авахыг хүссэн хүмүүсийн эрх ашгийг хил холбох төмөр зам маш их зөрчиж байна. Тавантолгой компанийг өөрийнхөө өрсөлдөгч гэж үздэг 2-3 компани бий. Тэдний эрх ашгийг ч хөндлөө” гэсэн юм.
2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл. Сая Их хурал дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс Их хурал дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон” хэмээв.
Ийм байдлаар харилцсаар ирлээ.
Үйл явцыг ажихад уг гарвал нь Тавантолгойтой холбоотой болох нь тодорхой болов. Энэ том орд уг нь Монголын баялаг. Монголд баялгийн ерөөл авчрах учиртай. Харамсалтай нь Тавантолгойг тойроод “Баялгийн хараал болох вий” гэтэл үзэж байна. Гэхдээ Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ хоёрын мөргөлдөөнд гайхаад байх хэрэггүй байхгүй. Хавтгай дэлхийн хамаг улс ийм баялгаа тойроод мөргөлддөг. Бүх орны амьдрал баялгаа л дагадаг. Тэр дотроо улс төр нь илүү баялгийг мөнгөн ус шиг дагаж урсдаг.
Хамгийн чухал нь “Ж.Оджаргал дийлэх, Л.Оюун-Эрдэнэ ялахын аль нь Монголд хэрэгтэй юм бэ” гэдэг байгаа юм. Энэ дээр төөрөгдөл их байгаад байна. Оджаргал уу, Оюун-Эрдэнэ үү?
Ажиглагч А.Батболд





Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...
4 цагийн өмнө
Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn
Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...
5 цагийн өмнө
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...
5 цагийн өмнө
Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn
Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...
6 цагийн өмнө
Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn
Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд