Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгчийн үг DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 25

img

40

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлснээс хойш анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэлсэн. Түүнээс хойш ихэвчлэн орон нутагт ажиллаж, хөл дээрээ босож ядан буй жижиг дунд үйлдвэрлэлүүдээр явж танилцах ажлаа үргэлжлүүлж байгаа билээ. Энэ нь жижиг дунд гэлтгүй төрөөс зарласан үйлдвэржилтийн бодлогод зориулсан хөнгөлөлттэй зээлүүд улс төр-бизнес дамнасан бүлэглэлүүдийн гараар орон замарч, жинхэнэ авах ёстой мачийж яваа хэсэг нь цар тахлын хөлд бүр ч сөхөрч, улс орон даяар авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүдийн үүр уурхай илчлэгдэн шуугиулснаас хойш төрийн тэргүүн нэг бүрчлэн шахам ингэж нэгжүүдээр явж буй бараг анхны тохиолдол болов уу.

Ийнхүү улс орныхоо олон арван жилээр тасалдсан үйлдвэржилтийн бодлого руу Төр эргэж, сүүлийн 20 жилд ганц нэгээрээ өндийх гэж үзэж байгаа, өрхөө дөнгөж татан буй, дэмжлэг тусламж гарцаагүй хэрэгтэй байгаа хэсэг дээр ажиллаж байгаа болохоор ч тэр үү өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэрбээр “ЦАГААН АЛТ” үндэсний хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохдоо нэлээн дэлгэрэнгүй үг хэлсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Ер нь Төрийн тэргүүн болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд, улс төрийн тоймчдын анхаарлаас гадуур зүйл байдаггүй. Энэ утгаараа өнгөрөгч долоо хоногийн онцлох эшлэлүүд төрийн тэргүүний хэлсэн үгэн дээр төвлөрлөө.

Хэлсэн үг болгон нь шуугиулж байдаг, ерөөсөө улстөрчийн амьдралынх нь ихэнх хувийг энэ нь эзэлдэг улстөрчид байдаг. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэрлэж болно. Түүний үг бүтцийн хувьд, хэл, цэц гээд бүх талаараа онцгой байдаг байв. Өөрөө сошиал платформууд дээр маш идэвхтэй улстөрч болохоор түүнийх нь сөрөг тал тусч, заримдаа иргэддээ хандаж хэлсэн төрийн тэргүүний үг тэр чигээрээ политаймент болж хувирдаг ч байв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ талаар сонирхож сонжих өв үлдээгээгүй. Угаасаа тэр гадагшаа дуугардаггүй, дотогшоо бүгшээд, дотоодын бүлэглэлүүдтэйгээ дайтаад байдаг сонирхолтой улстөрч. Одоо ч үргэлжлүүлсээр л яваа. Түүний энэ зовлон төрийн тэргүүний орон зайн дээр ч алга болоогүй билээ.

Ерөнхийлөгч хүн хэн нэгэнд хаяглаж, санаагаа өөхөнд өнхрүүлж, улс төрийн ашиг хонжоо тооцож хувь улстөрч шиг аашлах зохисгүй. Учир нь тэр ард түмнээс сонгогддог, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч учраас. Тийм ч учраас тэр төрийн хоймроос барагтай дуугардаггүй байсан болов уу. Ямартаа ч түүний олон жилийн өмнө хэлсэн “Ойлгогдох цаг ирнэ. Гэхдээ Д.Бодоо шиг 100 жилийн дараа биш” хэмээсэн үг бий. Лавтай хэлэхэд, одоогоор тэр ойлгогдоогүй л явна. Цаашид хэрхэхийг түүний хийх улс төр харуулах биз ээ.

Мэдээж У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тэднээс олон талаар тэс өөр хүн. Түүний тэсрэмтгий, омголон зан чанар Төрийн тэргүүний буулган дор ор тас алга болоогүй ч маш их өөрчлөгдсөн. Түүний дуугаралтуудыг ч улсын Ерөнхийлөгчийн дуугаралт гэх салаагүй утгаар иргэд хүлээж авдаг болжээ.

Саяны үг нь ч салхинд туугдаж, сэтгэлийн хөөрлөөр унагасан үгс биш байв. Биш учраас бизнесийн нэг зөвлөгөөн дээр хэлсэн үг нь бүх ард иргэддээ хандсан агуулгаар хүрч байна.

Цаг хугацааны хувьд гүйцэтгэх засаглалын зүгээс Монголын хамгийн том групптэй явуулж буй сүүлийн үеийн “дайн” нийт хувийн хэвшлийнхний анхааралд орж, тэд янз бүрээр хүлээн авч буй энэ үед татвар төлөгч нарт хаяглан илгээж буй Ерөнхийлөгчийн мессэж дулаанаар бууж байгааг зүгээр нэг тохиолдол гэж авч үзэх аргагүй юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа шүү. Та нар бол энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүний аж амьдралыг тэжээж тэтгэж яваа та бүхэндээ баярлалаа. Та бүхнээр би бахархаж байна. Төр баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Тэдэнд хүндрэл битгий учруул. Хүнд суртал бүү гарга. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээцгээе. Үндэсний эв нэгдэл гэдэг зүйлээ бид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж явах ёстой юм шүү. Улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмнийхээ эв нэгдлийг байнга бодож бай. Монгол орон хөгжиж дэвшиж байгаа юу гэвэл хөгжиж, дэвшиж байгаа. Бүх зүйл муу, муухай байгаа юм биш. Гучин жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулбал бидний амьдрал өдөр шөнө шиг ялгаатай болсон шүү. Өнгөрсөн 30 жилд бидний хийж бүтээсэн сайн сайхан зүйл олон бий. Бид зарим улсын 100 жил хийж чадаагүй амжилтыг богино хугацаанд хийсэн. Монгол хүн бид Монгол эх орноороо бахархаж сурах хэрэгтэй. Өөрийн эх орноо бүү муул. Өөрсдөдөө хайртай бай” гэж энэ удаа хоёргүй утгаар, ил шулуун хэллээ.

Үнэндээ дэлхийн эдийн засгийн прогнозууд тийм ч сайн биш гарч байгаа энэ үед бид хөрөнгө оруулалтын орчноо савлуулж болохгүй юм. Том төслүүдээ хөдөлгөж эхэлсэнтэйгээ зэрэгцээд л гадагшаа таагүй харагдах үйлдлүүдийг байн байн хиймээргүй байна. Өөрсдөө хилийн дээс алхаад л “Манайд хөрөнгө оруулаарай” хэмээн уриалдаг атлаа эндээ үндэсний баялаг бүтээгчдээ авлаад байдаг, хийсэн гэрээгээ цуцална, хэлсэн ярьснаасаа буцна гээд гадна дотны хөрөнгө оруулагчдадаа шанаа өгөөд байдаг Төртэй хэн ч хөтлөлцөхийг хүсэхгүй. Тиймээс том агуулгаараа өнөөдрийн өрнөж буй үйл явц таагүй үр дүнд хүрч болзошгүй юм. Энэ бол хуулин дээр гараад суучихсан, улсаасаа том улс болчихсон компаниудын бүх асуудлыг орхи гэсэн үг ч биш. Бид зарим улстөрчдийн хувийн өс хонзонг төрийн бодлогоороо тайлж хөнгөддөг баймааргүй байна гэсэн санаа гэдгийг эрхбиш уншигч абугай та ойлгож байгаа биз ээ. Бид жоомоо алах гэж яваад байшингаа нураамааргүй байна. Бүх зүйлээр нь харлуулж, бүтнээр нь үгүйсгэн дэвслэх хар хорын угаарт улсаа автуулмааргүй байна.

Үнэндээ зарим нэг дүрэмгүй тоглогчдын амнаас унаж буй болчимгүй мэдэгдлүүд гал дээр тос нэмж байна. Засгийн газрыг төлөөлсөн албан тушаалтан УИХ-ын гишүүдээ нэр цохон занаж, хураана булаана хэмээн бахирах нь төрийн нэр хүндийг сошиалын шүлстэй хутган унагаж байгаа зохисгүй явдал. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж үг бий. Бидний хэрүүл багадаагүй.

Тийм ч учраас Төрийн тэргүүн бизнесийн салбарынхандаа талархал илгээхийн ялдамд нийт ард иргэддээ эв эеэ сахин хамгаалах учиртайг үгэндээ зориуд тодотгон хэлэв. Битгий хоорондоо хагаралд, битгий бие биенээ харлуул, бид цөөхүүлээ шүү гэсэн түүний үг харьцангуй ахуйн шинжтэй ч энэ их хэрүүл хараал, атаа жөтөөнд нэвчсэн таагүй уур амьсгалаас нийгэм залхаж эхэлсэн нь хүмүүс түүний үгийг толгой дохин хүлээж авч байгаагаас харагдаж байна.

Ерөнхийлөгч энэ удаа эгэл боргил үгээр өөр нэг зүйлийг учирласан нь “Хүн бүхэн ажил хий. Одоо бид халамжаасаа салах ёстой. Халамж зорилтот хэсэгтээ л очиг. Иргэн бүр улс эх орондоо би яаж хүчээ өгөх вэ гэж бодох цаг ирлээ” гэсэн үгс байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан гэдэг. Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн түүхтэй.

Харин өнгөрсөн 30 гаруй жилд мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч малын түүхий эд-ноос, ноолуур, арьс шир зэрэг “ЦАГААН АЛТ”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна гэдгийг онцлон тэмдэглэж ,малын гаралтай түүхий эдийн аж үйлдвэрлэл 1980-аад оны сүүлд нийт аж үйлдвэрлэлийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 8-10 хувь хүртэл буурсан байна гэдгийг статистик эш татан сануулав.

Энэ үнэн. Өнөөдөр манайхан арьс ширээ зүгээр л өмхийрүүлээд хаяж байгаа. Малын гэдсээ нүх ухаад булж байгаа. Арьс ширний цөөхөн үндэсний үйлдвэр гарч ирж байгаа ч тэд маань чөмөг суух яагаа ч үгүй байна. Төрийн зүгээс дэмжлэг очих ёстой газраа очдоггүйн балгийг тэр эдгээр газруудаар орох тоолондоо мэдэрч байсан нь тодорхой. Ийм байхад ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт улсын нийт экспортын гурав хүрэхгүй хувийг эзлэхээс яах билээ.

Түүнчлэн цар тахлаас авч үлдсэн сургамжаа эргэн санахыг Ерөнхийлөгч анхааруулав. Саяхан бидний туулсан тэр хүнд үед хүн төрөлхтөн тээвэр логистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудалтай нүүр тулсан. Энэ бүхний эцэст улс орон бүр дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарч эхэлснийг тэр зориуд онцолж байв.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хөнгөн аж үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан Алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан, улс орон даяар өрнүүлж өөрөө манлайлал тээн ажиллаж байгаа биз ээ.

Жишээ нь, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жилийн хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилтийг төрийн зүгээс хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд олгоод явж байгаа. Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг гэж тэр онцолно лээ.

Түүнчлэн:

*Татварын шинэчлэлийн хүрээнд малчин, үйлдвэрлэгчдийн хоорондох нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд, бусад татаас, урамшуулал, аж ахуйн нэгжийн орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагууд сайтар судлан шийдвэрлэх,

*Борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх болон гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брэндинг хөгжүүлэх,

*Төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг Төрийн тэргүүн хатуу сануулав.

Одоо өөр зуураа нанчилдаж, үс гэзгээ зулгаалдаж суудгаа болих хэрэгтэй байна. Хаа хаанаа энэ таагүй байдлаа цэгнэмээр байна. Бидэн шиг ажил хийдэггүй, амаа цууртал бие биенээ хараан зүхэж, гүжир гүтгэлгээр булахаас өөрийг хийдэггүй улс орон гэж алга.

Тэд бие биенээ дэмжих юм. Хайрлах юм. Нэг нэгээрээ биш, нийтээрээ урагшилцгаах юм. Дээр нь тэд бие биенийхээ хөдсөн дээлийг тоолоод сууж байдаг цөөхүүлээ биш юм. Тэд олуулаа юм…

Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Чингис хаан” улсын үзэсгэлэн Чех улсын Прагад дэглэгдэнэ DNN.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үн...

img

8 цагийн дараа

ГИХГ: Өнгөрөгч онд 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргалаа DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч онд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын ...

img

7 цагийн дараа

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 2025 оны 02 сарын 25 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлд...

img

7 цагийн дараа

Гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээг зогсооно DNN.mn

Сард 25 мянган төгрөг төлж сунгалт хийлгэн, нэг сарын турш нийтийн тээврээр хязгааргүй зорчих боломжтой байсан. Тэгвэл уг үйлчилгээг...

img

7 цагийн дараа

Г.Ариунбаатар Францын Лион хотын Дуурийн театрт дуулна DNN.mn

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар  ирэх гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Ду...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд