Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Ц.Лут-Очир: Америк, Хятадын худалдааны дайн хурцадсанаар Монголд нийлүүлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний үнэ өснө DNN.mn

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 3 сарын 09

img

234

news-img

Эдийн засагч Т.Лут-Очиртой ярилцлаа.


-Трампын Азитай харилцах бодлого Хятадыг тогтоон барих, хумих чиглэлд үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ нь хоёр орны хоорондын “худалдааны дайн”-ыг улам гааруулах нь ойлгомжтой. Эндээс ярилцаж эхлэх үү?

-Трамп 2017-2021 онд анх Ерөнхийлөгч болонгуутаа Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн. Энэ нь Хятад, Америкийн худалдааны алдагдлыг бууруулах бодлого байсан. Хятадын бараанд өндөр хэмжээний тариф тогтоосноор хариу хориг арга хэмжээнд орсон. Яг үнэндээ Америкт худалдааны дайнаас хожсон зүйл бага. Энэ удаа Трамп “Америкийг дахин агуу гүрэн болгоно” гэж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мэдээж хэрэг хүмүүст популист уриа сайхан санагдсан байх. Яагаад гэхээр Америк улс дэлхийн II дайны дараахь шиг олон улсад нөлөөтэй, хүчирхэг байна гэсэн нь хүмүүст их таалагдсан учраас сонгосон байх. Ер нь Трамп гарч ирээд, маш хурдацтай өөрчлөлтүүд хийж байна.

-Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тухайлбал, Засгийн газарт нь сонгогдож буй хүмүүсийг харвал мэдлэг, ур чадвар, туршлага гэхээсээ илүү Трампад хэр их үнэнч вэ гэдэг шалгуураар хүмүүсээ сонгосон. Төрийн нарийн бичгийн дарга нь байна.

Хамгийн их хэл ам дагуулсан нь Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет өөрөө цэргийн стратегич цэрэг дайны туршлага гэхээсээ илүү “Fox news”-ийн сэтгүүлч байсан гэдэг намтартай хүн. Цэрэгт алба хааж байсан болохоос цэргийн тактик боловсруулах, удирдах ур чадвар байхгүй. Яг тэрэн шиг Трамп өөрт нь итгэдэг, өөрийнх нь санаачилсан үйл хэргийг үг дуугүй биелүүлдэг хүмүүсийг л өндөр албанд томилж байна. Трампын энэ бодлого дэлхийн II дайны дараахь шиг Америкийг хүчирхэг болгоно гэсэн зорилго руу чиглээд байна. Ерөөсөө Америк дотроо бүгдийг үйлдвэрлэдэг болох ёстой. Өөрөөр хэлбэл, Америкт дотроо үйлдвэрлэсэн, тухайлбал америк автомашиныг хэрэглэдэг байхыг хүсээд байх шиг байна.

-Түрүүн та дэлхийн II дайны дараахь үе гэлээ. Одоо улс орнуудын эдийн засаг, худалдааг тэр үетэй харьцуулбал тэс өөр түвшинд хүрсэн шүү дээ?

-Тийм ээ. Тэрнээс хойш олон улсын харилцаа, эдийн засаг болон худалдааны харилцаа маш их өөрчлөгдсөн. Глобальчлал дэлхийн хэмжээнд сүүлийн 30-аад жил маш эрчимтэй явсан. Одоо Мексик, Канад, БНХАУ Америкийн худалдааны 50 хувийг эзэлдэг, ер нь чөлөөт худалдаа шахуу явж байсан. Трамп түрүүнд Ерөнхийлөгч байх үедээ Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээ NAFTA-г өөрчилсөн. Түүнд Америкийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг хамгаалах заалтууд орж ирсэн. Энийгээ дагаад шинэчлэх гээд байна л даа. Мөн маш өндөр хувийн татвар ногдуулахаар яриад байна. Мексик, Канад улс Америкт эрчим хүч, бараа, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин техник нийлүүлдэг. Гэтэл түүнд 25 хувийн татвар ногдуулахаар болсон. Мөн Хятад улсын бараанд 10 хувийн татвар гэдэг маш том нөлөө болно.

-Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг харвал ямар байдалтай байна вэ?

-Чөлөөт худалдаагаар маш их бараа материал нааш цааш нь солилцдог болсон. Жишээлбэл, Америкийн машины үйлдвэр Мексик рүү нүүсэн гэдэг боловч Америкт үйлдвэрлэсэн мотор, дамжуулах эд ангийг Мексик рүү гаргаад, Мексик тэндээ угсраад, буцаагаад Америк руу гаргадаг. Энэ харилцаа өөрөө дэлхийн худалдаанд маш их комплекс болчихсон. Өөрөөр хэлбэл, Калифорнид барааны дизайныг гаргаад, түүнийг нь Хятадад захиалж хийлгээд, дараа нь бүр гуравдагч, дөрөвдөгч оронд худалддаг. Түүний дараа зургаадагч орны иргэд тэнд очиж худалдаа хийж, гэр лүүгээ авч явдаг гээд манай дэлхийн худалдаа маш их комплекс болчихсон үед ХХ зууны эхэн үеийн протекционист бодлого явуулж, түүнийхээ хүчээр Америк буцаад аж үйлдвэрлэгч орон болно гэдэг бүтэлгүй санагдаад байгаа юм.

-Яагаад. Боломжгүй гэж үү?

-Америк өөрөө эдийн засгийн бүтээмж талаасаа, түүхий эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ талаасаа олноор нь, бөөнөөр нь үйлдвэрлэх давуу талаа алдчихсан. Одоо хамгийн сайн, бүхнийг үйлдвэрлэж чадаж байгаа улс бол БНХАУ болсон. Хятад бол ямар ч бараа бүтээгдэхүүнийг бусдаас хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэж чаддаг. Хамгийн гол нь бүтээмжээ нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, Хятадад үйлдвэрлэж байгаа улс бараа бүтээгдэхүүн бусдаас хамаагүй хямд, хамгийн бага өртгөөр, хүний хүчин зүйлийн бага нөлөөтэй байна. Нэг ойлголтын алдаа байгаад байдаг. Одоо Хятад улс хэдийнэ хямд ажиллах хүчний, бага цалинтай газар биш болсон. Гэтэл Хятад бараа бүтээгдэхүүнийг бусдаас илүү хямд үйлдвэрлэж чадаад байгаа юм. Яагаад чадаж байна вэ гэхээр ерөөсөө бүтээмжээ нэмэгдүүлсэн. Робот машиныг ажиллуулсан. Нэг хүний гаргаж байгаа бүтээгдэхүүн, чадвар дээшилсэн. Гэтэл Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнууд хүний хүчээр, хямд цалингаар бөөнөөр нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс Хятадыг Энэтхэгтэй зүйрлэх аргагүй өөр болчихсон байна.

-Хятад, Америкийн худалдааны дайны нөлөө Монгол Улсад ямар байдлаар нөлөөлнө гэж та бодож байна вэ?

-Америк, Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулчихаар Мексик, Канад зэрэг орнууд бусад оронтой худалдаа хийх, худалдааны түнш болох чиглэл рүү орж байна. Мөн хариу арга хэмжээ авч байна. Тэгэхээр Америк болон эдгээр орнуудын хоорондын худалдаа мэдээж хэрэг буурах нь. Барааны үнэ өсч таарна. Бидний хувьд үйлдвэрлэгч орон биш, худалдан авагч орон. Тэгэхээр бидэнд ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ мэдээж хэрэг өсөх нь ойлгомжтой. Мөн Хятад улсын үйлдвэрлэлийн хэмжээ буураад эхэлбэл нөлөөлнө. Жишээлбэл, Хятадын гангийн үйлдвэрлэлд маш өндөр татвар ногдуулж байгаа шүү дээ. Гангийн, машины үйлдвэрлэл хамгийн эмзэг асуудал болж байна. Европын холбоо, Америк Хятадын машины үйлдвэрлэлд өндөр татвар ногдуулах нь ойлгомжтой, ногдуулж ч байна. Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ буураад ирэхээр манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн коксжих нүүрсний хэрэглээ дагаад буурна. Тэгэхээр бидний гаргаж байгаа хэмжээ буурна гэхээр бидэнд л хүнд тусна.

-Нүүрсний үнэ, биржийн борлуулалт буурсан үзүүлэлттэй. Хятадын тал ямар үнэ хэлнэ түүгээр нүүрсээ худалдан борлуулна гэж сайд нар хэлж байна. Тэгэхээр улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна уу?

-Мэдээж хэрэг. Бид 2025 оныхоо төсвийг батлахдаа маш өөдрөг төсөөлсөн. 130 ам.доллараар 83 сая тонн гаргана гэж тооцоолсон. 2024 онд гаргасан хэмжээнд гаргана, үнэ буурахгүй гэж үзсэн. Гэтэл нүүрсний үнэ хэдийнэ буурчихсан. Хятадын талаас нүүрс худалдаж авах хэмжээ хоёр дахин буурсан байна. Тэгэхээр улсын төсөвт татвараар ордог болон Эрдэнэс Таван толгойн борлуулалтын орлогоор ордог дүн буурна. Тэгэхээр яалт ч үгүй төсвийн тодотголоо ярьж л таарах байх. Улсын төсөв сүүлийн гурван жилд хоёр дахин тэлсэн. Энэ бол дандаа өөдрөг төсөөлсний үр дүн.

Д.ЭРДЭНЭТУЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийх...

img

8 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна… DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. -Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байн...

img

7 цагийн дараа

М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ DNN.mn

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 ор...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

7 цагийн дараа

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртжээ DNN.mn

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэца...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд