мэдээ
Ц.Туваан: Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа газрын ховор элементийг улстөржүүлбэл бид энэ салбараас хоцрогдоно DNN.mn

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 3 сарын 12

78

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа
–Уул уурхай хүнд үйлдвэрийн яам яам нэрээ солиод Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам боллоо. Мөн хамтарсан Засгийнгазар байгуулагдаж, тус салбарыг сөрөг хүчин буюу АН-д хариуцуулсан. Том зургаараа бодлого, удирдлага шинэчлэгдлээ гэж ойлгож байна. Таны хувьд энэ салбарыг ха- риуцаад бодлогын ямар ажлууд хийж байна вэ ?
– Аж үйлдвэр гэдэг үг урднь байгаагаас энэ салбарт нэн түрүүнд ямар бодлого барьж, аль чиглэлээ эхэлж хөгжүүлэх вэ гэдэг нь тодорхой харагдах байх. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарт хийгдэх хамгийн эхний ажлууд эрх зүйн орчныг өөрчлөх, шинэчлэх. Өөрөөр хэлбэл Үйлдвэр технологийн паркийн тухай хууль буюу уул уурхайн түүхий эдийг баяжуулаад, эсвэл хүдэр хэлбэрээр нь гаргадаг биш, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бодлого барьж ажиллаж байна гэсэн үг.Тухайлбал, катодын зэсийгхийлээ үүнээс аж ахуйн нэгжүүд авч, зэс халбага, аяга, цахилгааны утас, цэвэр усны зэс хоолойгоо хийчихдэг байх. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго руу бодлого чиглэж байна. Төмөр дээр жишээ хэлье. Бидэнд өнөөдөр төмрийн хүдэр нь байна. Коксжих нүүрс нь ч бий. Гэтэл яагаад монголчууд ган хийж болдоггүй юм бэ. Яагаад бид гаргасан баяжмалаа буцааж авахдаа асар өндөр үнээр авах ёстой гэж. Өөрөөр хэлбэл бидний гаргасан баяжмал халбага, утас гэх зэрэг бүтээгдэхүүн болж буцаж ирэхдээ арав дахин илүү үнэтэй байна. Үүнийг энэ үнээр нь авах тоолонд Монголын валют гадагшаа урсаж байдаг. Тэгэхээр бид үүнийг багасгая, энэ үйлдвэрлэлээ дотооддоо хөгжүүлье гэдэг том бодлогыг нэн тэргүүнд барьж ажиллаж байна. Энэ ч утгаараа салбар яамны нэршил солигдсон гэж ойлгох хэрэгтэй.
–Сүүлийн үед дэлхий дахинд газрын ховор элементийг ашиглах,импортоор худалдан авах эрэлт хэрэгцээ хурдтай өсөж байна. Манайд энэ төрлийн ашигт малтмалын орд газрууд нэлээд бий. Салбарын сайдын хувьд дэлхийн анхаарлын төвд орсон энэхүү баялгийг Монгол Улс яаж ашиглах ёстой гэж үзэж байгаа вэ?
– Сайдын ажлыг аваад долоон сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон улсад болсон уул уурхайн томоохон арга хэмжээнд оролцлоо. Нэг зүйл маш тодорхой харагдлаа. Дэлхий дахинд том шилжилт өрнөсөөр байна. Ямар гэхээр эрчим хүчний ногоон шилжилт. Өөрөөр хэлбэл эрчим хүчийг дан ганц нүүрснээс гаргадаг биш, сэргээгдэх эрчим хүч, үүнээс гаргасан энергиэ баттерейнд хуримтлуулан ашиглаж байна.Үүний хажугаар цахим технологи асар хурдтай хөгжиж байна. Эдгээр шилжилтүүд дотор яригдаж байгаа гол анхаарах зүйл нь критикал минерал гэдэг ойлголт байгаа юм. Манайхан зарим үед үүнийг чухал ашигт малтмал гэж ярьдаг.
–Критикал минерал дотроо газрын ховор элемент нь багтаж явдаг биз дээ…?
-Тийм. Нэг жишээ хэлэхэд Австрали улс 26 критикал минералыг баталдаг. Үүн дотор найман газрын ховор элементийг оруулсан байх жишээтэй. Мэдээж газрын ховор элемент дотроо дахиад задраад явна. Саяхан миний хувьд Канадад болсон олон улсын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнд буюу “PDAC”-д оролцоод ирлээ. Энэхүү хурлын үеэр яригдаж байгаа сэдвийн 60 гаруй хувь нь ерөөсөө критикал минерал. Тэр дотроо газрын ховор элементийг ярьж байна. Энэ утгаараа Монгол Улс өмнөх том төслүүд шигээ энэ асуудлаар улс төржөөд, талцаад маргаад байвал дэлхийн шилжилт, хөгжлөөс хэдэн арван жилээр хоцрох эрсдэлтэй байгааг нуулгүй хэлье. Хоцрохгүйн тулд бидэнд ердөө 3-4 жил л байна. Сая хэллээ дахиад энэ асуудал дээр өмнөх шигээ улс төржөөд явбал энэ салбарыг бүрмөсөн мартах аюул Монголд байгаа шүү. Сая “элдэв эрдэнэт” хэмээх могой жил гарлаа. Би хувьдаа “критикал минерал, тэр дундаа газрын ховор элементээ ашиглах, асуудал нь шийдэгдсэн жил болоосой гэж хүсэж байна.
–Газрын ховор элементээ ашиглах, олон нийтэд танигдсан орд газар нь Халзанбүрэгтэй. Гэтэл тус орд газрын асуудал орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ажил явахад тодорхой бэрхшээлүүд гарч байна. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд анхаарч байгаа тасуудлыг манайх дотооддоо эсэргүүцэж байна. Зарим иргэдийн энэхүү эсэргүүцэл, буруу ойлголтыг яаж засах ёстой вэ. Салбарын сайдын хувьд үүнд ямар чиглэл өгч ажиллахаар байна вэ?
-Нэршлээсээ эхлээд л зөв ойлголт өгөх хэрэгтэй. Критикал минералыг бид орчуулахдаа чухал ашигт малтмал гэж байгаа. Нөгөөтэйгүүр газрын ховор элемент гэж нэрлэчихсэн. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Энэ утгаараа чухал, ховор, нандин гэсэн зүйлээ бид хайрлаж хамгаалах ёстой гэсэн өгөгдөлтэй ард түмэн. Ийм ойлголт, сэтгэхүйтэй ард түмэн газрын ховор гэдэг нэршилтэй зүйлээ хайрлаж, хамгаалах нь ойлгомжтой биз дээ. Энэ утгаараа орон нутгийн иргэд тухайн асуудлыг эсэргүүцэж, газар, нутгаа хамгаалж байгааг би буруутгахгүй. Тиймээс бид асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, юун түрүүнд нэршлийн асуудлыг ярих ёстой. Нөгөөтэйгүүр критикалм и н е р а л ы н з а х з э э л и й н үйлдвэрлэл, нөөц, экспортын 90 хувийг манай өмнөд хөрш дангаараа бүрдүүлж байна. Урд хөрш нэмээд олон орд газар илрүүлчихлээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд ч энэ чиглэлээр хайгуулын ажлыг эрчимжүүлэх, орд газруудаа нээх хэрэгтэй. Харамсалтай нь манайд өнөөдөр гарын арван хуруунаас хэтрэхгүй хайгуулын лиценз байна. Түүний нэг нь Халзан бүрэгтэй.
–Газрын ховор элементээ хайгуулж хийж, ордгазрыг нь олж тогтоогоод, олборлолт явуулж, гаргасан бүтээгдэхүүнээ экспортлоход тодорхой хугацаа шаардагдах байх. Тэр болтол бид гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсээ анхаарах ёстой. Ерөнхий сайд Хятад улсад олон удаагийн айчлал хийж, эцэст нь хилхолболтын төмөр зам болон нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх том гэрээндгарын үсэг зурж, шийдлээ. Уг том төслийн ач холбогдлыг та салбарын сайдын хувьд ямар байдлаар ойлгож байгаа вэ?
-Канад улс бол уул уурхайн магнат, том хүчирхэг орон. Канад Монгол хоёр улсад адил төстэй нэг зүйл байна. Тэр нь цөөхөн том гүрнүүдтэй хил залгаа оршдог газар зүйн онцлогтой. Энэ утгаараа том хөршүүдтэйгээ харилцах харилцаанд тодорхой асуудал үүсдэг байдлаараа бид адилхан. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлт дэлхийн зах зээл дээр өндөр байсан өнгөрсөн хугацаанд монголчууд бид утгагүй улс төржилт, талцал, шийдэлгүй байдлаасаа болоод асар том боломжуудаа алдсан. Үүний нэг тод жишээ бол хил холболтын төмөр замын асуудал буюу Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалт байна. Монголчууд бид салхин доорх айлтайгаа мууддаггүй гэж ярьдаг. Бид ямар ч тохиолдолд салхин доор байгаа саахалт улс орноо муулах угтаа шаардлагагүй байгаа юм. Муудах гэхээс илүү мөнхийн хөршийн бодлогоо зөв явуулж чаддаггүй. Байнгын хардалттай, үл итгэсэн, үл хүндэтгэсэн хандлагаар харилцаж ирсэн нь бидний алдаа. Үүнээс болоод салхин доор байгаа айлдаа өөрсдийгөө итгэлгүй, найдваргүй гэсэн имижийг бүрдүүлсэн. Том төслүүд гацсан гол шалтгаан нь энэ. Энэ утгаараа нэгэнт алдарсан итгэлийг дахин сэргээж авахад гадаад харилцааны хувьд бодлогын чамгүй хүчин чармайлт шаардагдах нь тодорхой. Үүнийг батлах нэг тодорхой ажил нь энэхүү Ганцмод- Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын ажил. Айлчлал, хэлэлцээрүүдийн гол ач холбогдол нь ерөөсөө энэ. Итгэлцэл биетэй болсноороо мэдээж харилцаа сайжирна. Харилцаа сайжирснаараа томоохон төсөл, хөтөлбөрүүд бодитой урагшлах нь мэдээж хэрэг.
–Хил холболтын төмөр зам гэхээр дан ганц төмөр замынхолболт хийгдэх мэтээр өнгөц ойлгож болохгүй байх. Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноороо ямар давуу тал, боломж бий болох вэ. Нөгөөтэйгүүр бүтээн байгуулалтын ажил энэ хавар манай талаас баттай эхлэх үү?
-Дан ганц хил холболтын төмөр замын гэрээ хийчихээд ирсэн юм биш. Энэ гэрээ дотроо гурван том агуулгатай. Юуны түрүүнд бид энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хоёр улсын Засгийн газар хоорондоо шууд хэлэлцээр хийх замыг сонгосон. Тун удахгүй энэхүү хэлэлцээр УИХ-аар орж соёрхонбатлагдах байх. Ингэснээр хууль, эрх зүй талаас хийгдэх ажил үндсэндээ бүрэн дуусна гэж ойлгож болно. Цаашдаа түрүүн миний хэлсэн гурван цогц ажил болох хил холболтын төмөр замын ажил эхэлнэ. Ер нь холболт гэдэг үгэн дээр ч гэсэн манайхан буруу ойлголттой явдаг.
–Буруу ойлголт нь юу гэж…?
-Ерөөсөө л шууд хоёр төмөр замыг хооронд нь холбочих юм шиг ойлгодог. Жинхэнэ утгаараа өргөн царигаар явж байгаа Монголын төмөр зам Хятадын хилийг давж ороод, айлын талд өргөн царигийн терминал буюу ачаа буулгах төв нь баригдана. Олон улсын төмөр замын гэрээний дагуу импортлогч орны талаас экспортлогч орон руу өөрийн царигийн төмөр замаа оруулна гэж тусгасан байдаг. Нөгөөтэйгүүр Хятадын талын нарийн царигийн төмөр зам мөн адил Монголын тал руу орж ирж ачаа буулгах хэсэг буюу терминал дээр тулна гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа хоёр улсын төмөр зам холбогдож байгаа мэт ойлгогдож байгаа боловч нөгөө талаараа олон нийтийн ойлгосон шиг шууд холбогдохгүй байхаар энэхүү ажил хийгдэнэ.
–Таны ярьсан гурван том цогц агуулгын нэг нь мэдээж нүүрс худалдан авах, нөөцтэй холбоотой байх, тийм үү?
-Тийм. Уул уурхайн асуудал хариуцаж байгаа салбарын сайдын хувьд нэг зүйлд нэлээн санаа зовж байгаа.Тэр нь нүүрсний үнэ. Сүүлийн үед нүүрсний үнэ бодитой унаж байна. Трамп тариф гэж яригдаж байгаа АНУ-ын бодлоготой холбоотойгоор уг асуудал үүсэж байгаа. Нөгөөтэйгүүр биржийн маш олон арилжаа худалдан авагч оролцсонгүй фэйлдлээ. Тэгэхээр гурван цогц агуулгын нэг болох үнийн асуудал дээр хэлэлцээр явагдах үед маш олон хүн саналаа хэлж байсан. Миний хувьд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги илүү гэдэг зарчимтай. Тэгэхээр хэлэлцээрийн үеэр нүүрсээ маш хямд үнээр өгөх гэж байна гэдгийг ярьж байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсийг биржээр арилжаалдаг нэг ч улс орон байхгүй. Юуг арилжаалдаг вэ гэхээр нүүрс олборлож байгаа компанийн хувьцааг.
-Тэгэхээр нүүрсээ хямд өгөх асуудлыг та бүхэн яаж шийдсэн юм бэ?
-Юуны түрүүнд олон улсад энэхүү асуудлыг яаж шийддэг вэ гэхээр эцсийн хэрэглэгчидтэй удаан хугацааны тогтвортой гэрээ хийж ажилладаг. Энэ утгаараа бид өмнө тогтвортой гэрээ хэлэлцээр хийчихсэн байсан бол өнөөдөр унаж байгаа нүүрсний үнээс шалтгаалах эрсдэл арай хөнгөн тусах байсан болов уу. Үнэ дээр ийм байна. Гурав дахь асуудал бол нүүрсний нөөц. Их хэмжээгээр урт хугацаанд нүүрсээ экспортлохын тулд бид зайлшгүй шинэ нөөц, шинэ ам гаргах шаардлагатай. Энэ бол гурав дахь гол хэлэлцээр.
–Төмөр замын асуудлыг түрүүн ярьсан. Ер нь манай улсын төмөр замын тээврийн хурд цагт 40-50 км байгаа. Үүнийг нэмэгдүүлэх, бүр төмөр замаа цахилгаанжуулах, шинэчлэх боломж бидэнд бий юу. Та энэ талаар УИХ- ын гишүүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Улаанбаатар, Тавантолгой, Монголын төмөр зам гэсэн гурван төмөр зам байна. Үүнээс хамгийн урт нь Улаанбаатар төмөр зам. Уг төмөр замаар дизель хөдөлгүүртэй зүтгүүр явдаг. Таны хэлсэн шиг дундаж хурд маш бага. Мөн цахилгаан хэрэглэх боломжгүй төмөр зам. Нөгөөтэйгүүр уг төмөр замыг бид хойд хөрштэйгөө эн тэнцүү эзэмшдэг. Энэ утгаараа асуудлыг ярих гэхээр ойлголцдоггүй, гацаадаг асуудал гарч ирдэг. Гэхдээ асуудлыг орхиогүй. Сүүлийн үед уг асуудлаар нэлээд хэлэлцээрүүд яригдаж байгаа. Тодорхой ажлууд ч хийгдэж байна. Миний хувьд уг асуудлаар анхаарч ажиллана. Шийдэхийн төлөө явна. Асуудлууд шийдэгдсэнээр төмөр замын ачаа эргэлт болон дундаж хурд нэмэгдэх, мөн цахилгаан зүтгүүр ашиглах асуудал давхар шийдэгдэх болов уу.
–Стратегийн орд газруудын 34 хувийг эзэмших асуудал нийгэмд шуугиан болж байна. Улс төржилт ч нэлээд байх шиг. Салбарын сайдын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Уул уурхайг хэн ч, юу гэж хэлж байсан Монголыг тэжээж байгаа салбар. Энэ салбарт өдөр шөнө ээлжлэн, цаг наргүй ажиллаж байгаа залуучуудаас эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд гээд олон хүн байгаа. Монгол Улсынхаа эдийн засгийг тэтгэж байгаа эдгээр уурхайчдадаа бид талархаж явах ёстой. 34 хувийг төр эзэмшихтэй холбоотой асуудал цэвэр хуулийн асуудал. Монгол Улс хууль засагладаг орон. Түүнээс биш хэн нэгэн дарга засагладаг орон огт биш. Энэ утгаараа хуульд яаж заасан байна, асуудал түүгээр шийдэгдэх ёстой.
–Хавар цаг ирсэн. Бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын нөр их ажил эхэллээ. Үүнийг дагаад мэдээж шатахуун, түлшний эрэлт нэмэгдэнэ. Гэтэл манайх ганцхан улсаас хараат. Энэ жилийн тухайд түлш, шатахууны нөөц хэвийн байх баталгаа бий юу?
– Тунгалаг нефть бүтээгдэхүүнийхээ 96 хувийг ОХУ-аас авдаг. Ойролцоогоор 2 . 6 с а я т о н н н е ф т и й н бүтээгдэхүүнийг 1.9 тэрбум ам.доллар зарцуулж авдаг гэсэн тоон үзүүлэлт байна. Үүнийг хараад валютыг зовж олж оруулж ирдэг хүмүүсийн гол нь харладаг байх. Юу гэхээр зовж зовж хэдэн ам.доллар Монголд оруулаад ирдэг. Нөгөөхийг нь юу ч болоогүй юм шиг буцаагаад гаргачихдаг. Гаргахдаа ганцхан нефтийн бүтээгдэхүүнд л зарцуулчихдаг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны баланс дээр эдийн засагчдын толгойны өвчин болсон асуудал бол энэ. Үүнийг тодорхой хэмжээгээр шийдэхийн тулд бид дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Ядаж гарч байгаа ам.долларын урсгалын тал хувийг дотооддоо шингээхийн тулд энэхүү үйлдвэрийг барьж байгаа. Өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр нефт бүтээгдэхүүний импортыг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, үнийн хувьд боломжийн байх асуудлаар тохиролцож чадсан. Тиймээс энэ жилийн хувьд түлш, шатахууны нөөц хэвийн байна.
–Хил холболтын төмөр зам ашиглалтад орлоо гэж бодъё. Мэдээж дан ганц нүүрс зөөхгүй байх. Урд хөршөөсөө бид уг төмөр замаа ашиглаж түлш, шатахуун импортоор авах боломжтой юу?
-Гол хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ ганцхан дэлгүүрээс авах нь эрсдэлтэй. Ямар эрсдэл байна вэ гэхээр тухайн дэлгүүр ямар нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүнээ өгөхөө больчихвол гол хэрэгцээгээ бид яаж хангах вэ гэдэг асуудал үүснэ.Тиймээс өөр дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ авах нь уг эрсдэлийг бууруулахаас гадна зардлын хувьд илүү хямд байх боломж бүрдүүлдэг. Энэ утгаараа хойноос орж ирсэн түлш, шатахуун урагшаа 1000 гаруй км явж байж иргэдийн хэрэгцээг хангаж байгаа. Зам урт байх тусам тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хэмжээгээр урд хөршөөсөө нефтийн бүтээг- дэхүүн авах асуудлыг судалж үзэж байна. Тодорхой ажил, хэлэлцээрүүд ойрын хугацаанд хийгдэнэ гэж ойлгож болно.
Э.МӨНХТҮВШИН





Буруутай этгээдүүдээр 13 сая 276 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ DNN.mn
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...
7 цагийн дараа
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамты...
7 цагийн дараа
Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна DNN.mn
Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбог...
7 цагийн дараа
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын өнөөд...
7 цагийн дараа
Нийт баг, хороодын 141 нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл маш их байна DNN.mn
Улсын хэмжээнд ой, хээрийн түймэрт өртөх байдлыг Улаанбаатар хотын нийт 171 хороо, 21 аймгийн 1638 багийн түвшинд тодорхойллоо. Үнэл...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

сонгогч
эх оронч дүр эсгэсэн , хоосон цээжээ дэлдсэн, мэдээлэл муутай иргэд улсын хөгжилд саад хийж байна. Төр хийх ажлаа өөрөө мэдээд хийдэг байх ёстой. Бүх зүйлээ иргэдээс асууна гэдэг нь утгагүй.