мэдээ
Баруун хязгаар нутагт ардчиллын цэнхэр туг намиранхан байна

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 6 сарын 01

18

Улс төрийн намууд Үндсэн дүрэм, хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэх учиртай. Энэ хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг гурван сарын хугацаанд ажиллаж, төслөө боловсруулжээ.
АНын генсек Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсгүүд явж, энэ сарын 18наас 30ны өдрүүдэд баруун, зүүн, хойд, төвийн бүсүүд буюу 21 аймаг, есөн дүүрэгт ажиллан, нийт гишүүд дэмжигчдэдээ төслөө танилцуулж, санал бодлыг нь сонсон, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь өнөөдөр амжилттай өндөрлөж байна. Баруун хязгаарын томилолтын “Аяны богц”оо задалъя.
2025.05.18-ны бямба гаригийн 06.00 цаг. Баруун бүсэд ажиллах баг бүрэлдэхүүнд Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс, хуульч Ж.Гантуяа, улс төрийн ажилтан О.Нямсүрэн, оператор Т.Тэмүүлэн, сэтгүүлч Д.Эрдэнэтуяа, жолооч Ч.Мягмарнамсрай, Т.Мөнгөншагай нар багтсан.
Тус баг Ардчилсан намын төв байрны үүдэнд цуглаж, баруун таван аймгийг зорин хөдөлсөн бөгөөд нийт 1100 км зам туулан, олон ястны өлгий Ховд аймагт очив.
Ховд аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “УИХ, орон нутгийн сонгуульд Ховд аймгийн Ардчилсан нам ялалт байгуулсан. Намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн төслийн талаар гишүүдийн саналыг чөлөөтэй, нээлттэй, мөн хайрцгаар авна. Гишүүд, дэмжигчид хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцохыг хүсэж байна” гээд, Ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав.
М.Амарсанаа “Ардчилсан нам институт болох цаг болсон. Энэ хүрээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас нэлээд ажлууд хийж байна. Одоогийн дүрэмд Ардчилсан намын даргыг бүх гишүүдээсээ сонгохоор заасан. Үндэсний бодлогын хорооноос намын даргыг санал болгон оруулж ирдэг, мөн фракцчилагдсанаас болж бид ялагдал хүлээсэн тохиолдлууд бий. Намын даргыг буцаагаад бүх гишүүдээс сонгодог болох ёстой. Энэ дүрэм дээр анхаарч, өөрчлөлт оруулаасай гэж бодож байна. Ардчилсан намын дарга Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидер улс төрч л байх ёстой шүү” хэмээн хэлсэн юм.
Ховд аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Отгонтулгын хэлснээр, энэхүү хэлэлцүүлэгт тус аймгийн 16 сум, аймгийн төвийн 12 багийн нийт 200 гаруй гишүүн оролцов.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 2023 оноос ардчиллын өлгий Ховд нутагт ардчиллын цэнхэр туг хамгийн өндөрт мандсан. Монгол орны өнцөг булан бүрд ялалт байгуулсан сайхан амжилттай жилүүд. Ардчилсан нам хөтөлбөрөө илүү боловсронгуй болгож, дотоод ардчиллаа илүү бэхжүүлж, намынхаа үзэл санааг сайжруулах хэрэгцээ шаардлагууд байна.
Монгол орон хэдийгээр ардчилсан улс гэж нэрлэгдэж байгаа боловч ардчиллыг гажуудуулж буй зүйлс байна. Тиймээс Ардчилсан намд алдаа оноогоо засаад, энэ бүхэнд манлайлал үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий.
Ардчилсан намын дотор бүлэглэл, фракцууд хүчтэй байхаас илүүтэй олонх нь асуудлаа шийдэж чаддаг, нэг хоёрхон хүний саналаар санал олон болж болдог зэрэг асуудлыг хэлэлцэж шийдээд явдаг институтын зохион байгуулалттай болох ёстой.
Ардчилсан нам үндсэн язгуур эрх ашиг дээрээ нэгдэж, олонх нь асуудлаа шийдэж чаддаг инситутын сонгодог жишээ байх ёстой. Олон алдаа завхрал байна. Түүнийг бид халуун тогоон дотроо засаж залруулж, ирээдүйн хөгжлийн төлөө үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэж онцолсон юм.
Үүний дараа Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт Ховд нутгийн ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч намын эрхэм гишүүд ээ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч эрх чөлөөт иргэдийн төлөөллийн хувиар та бүхэнд энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Ардчилсан нам өнөөдөр шинэчлэлийнхээ дараагийн шатанд орж, эв нэгдлийг эрхэмлэж, цаашид институт болон төлөвшиж, илүү тунгалаг, илүү хариуцлагатай, иргэд төвтэй бодлогоор урагшилж байна.
Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн дотоод бүтцийн өөрчлөлт бус, харин Монголын улс төрийн соёлыг шинэ шатанд гаргах том зорилго юм” хэмээн хэлээд, Ардчилсан намын хөтөлбөрийн төслийн талаар танилцуулав.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийн талаар хуульч Ж.Гантуяа танилцуулсаны дараа хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын гишүүд санал, сэтгэгдлээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснээр энэ өдрийн үйл ажиллагаа.
2025.05.20-ны мягмар гаргийн үүрийн 04:00 цаг. Баруун бүсэд ажиллаж буй ажлын хэсэг Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу хөдөлж, 340 км зам туулан, Өлгий хотод очлоо.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга Алданышын Бегарыс хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн гол хүч Ардчилсан нам юм” хэмээн онцолсон. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдоод, Ардчилсан нам дүрэм, журмынхаа хүрээнд Үндсэн дүрмийн шинэчлэлийг эхлүүлэхээр энэ хавраас Ажлын хэсэг байгуулж, манай аймгийн 13 сум, аймгийн төвийн багуудыг оролцуулж, намын гишүүдийнхээ саналыг авч, Ардчилсан намын дараагийн хуралдаанаар батлуулах том ажил явагдаж байна. Баян-Өлгий аймаг Ардчиллын түүхэнд, 35 жилийн хугацаанд олон удаагийн сонгуульд ялалт байгуулсан. Манай намд хүн хүчний хувьд нөөц боломж байна. Хамгийн гол нь эв нэгдэл хамгийн чухал юм. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны бүх шатны сонгууль байна. Бид эв нэгдэлтэй байвал Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч Ардчилсан нам байна гэдгийг онцлон хэлмээр байна” хэмээв.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Есентай Зангар “Орон даяар намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг явж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Төсөлтэй сая танилцлаа. Маш сайн болсон нь харагдаж байна. Манай намын хувьд нэг сайн тал нь боловсон хүчний хувьд маш их залуужиж байна. Асуудлыг шийдэх арга барил, хандлага нь өөрчлөгдөж байгаад сэтгэл өндөр байна” хэмээн хэлсэн юм.
Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Тогтомуратин Амангалди энэхүү хэлэлцүүлэгт 13 сум, 13 багийн 200 гаруй төлөөлөгч оролцож байгааг дуулгасан.
Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс “Ардчиллын үнэ цэн бол зөвхөн эрх чөлөө бус, харин харилцан хүндлэл, үндэстэн ястнуудын эрх тэгш оролцоо. Та бүхний дуу хоолой, санал бодол Ардчилсан намын шинэчлэлийн чухал тулгуур юм.
Ардчилсан нам бол олон үндэстэн ястны нэгдлийг эрхэмлэж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг бодитой хамгаалагч нам байсаар ирсэн, цаашид ч байх болно. Та бүхний үнэтэй санал, шүүмж, дэмжлэг шинэ Монголыг хамтдаа бүтээх чухал түлхүүр гэдэгт бид итгэж байна. Эв нэгдлээс институт Рахмет!” хэмээн хэллээ.
Хөтөлбөр дагуу Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа хэлэлцүүлэгт оролцогчдод намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн талаар танилцуулсны дараа гишүүд төлөөлөгчид санал, сэтгэгдлээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
2025.05.21-ний лхагва гаргийн 02:00 цаг. Баг бүрэлдэхүүн Баян-Өлгий аймгаас Увс аймаг руу хөдөлж, 309 км замыг туулан, Улаангом хотод хүрэв. Увсын цэнхэр хязгаарт Ардчилсан намын хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болсон.
Увс аймгийн Ардчилсан намын дарга Б.Цэндсүрэн хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Ардчилсан нам Хамтарсан засгийн газраас хөөгдөж гарсан өглөөний мэнд хүргэе. Би Хамтарсан засгийн газрыг анхнаасаа л эсэргүүцэж байсан. Ардын нам бол хэзээ ч эв нэгдэлтэй байх, засаглах, улс орны төлөө ажиллах итгэлтэй нам биш. Эд нар хэзээ ч нөхөд биш гэж би мөн ч олон удаа үглэж хэлсэн дээ.
Ардчилсан нам өөрийн гэсэн үзэл санаатай, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг нам. Ардчилсан нам цаашдаа улам нэгдэж, улам эв найрамдалтай болж, улс орны эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын үнэ цэнийг хамгаалахын төлөө ажиллах хэрэгтэй” хэмээн хэлээд, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэв.
Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс хэлэлцүүлэгт оролцогчдод Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарын нэрийн өмнөөс мэндчилгээг уламжилж, “Увс бол түүхийн гүн гүнзгий улбаатай, төрийн ёсны залгамж халааг үргэлжлүүлж байгаа нэрт хүмүүсийг төрүүлсэн, ухаан, эрдэм, эв нэгдэл шингэсэн онцлог нутаг.
Ардчилсан нам өнөөдөр улс төрийн шинэчлэл, дотоод дүрэм, бодлогын агуулгаа шинэчилж, ард иргэдээ бодит амьдралд түшиглэсэн өөрчлөлтөд уриалан дуудаж байна.
Ардчилсан үзэл санаа бол зөвхөн өнгөрсөн түүх биш. Энэ бол маргаашийн итгэл, ил тод байдал, шударга ёсны амлалт юм. Энэ замд бид хамтдаа урагшилж, ард иргэдийн дуу хоолойг сонсдог, хүндэлдэг, бодлогод тусгадаг шинэ соёлыг төлөвшүүлнэ.
Увсын цэнхэр хязгаар нутагт Эв нэгдлийн Цэнхэр туг үргэлж мандан бадрах болтугай. Баярлалаа” хэмээн хэлээд, хуульч Ж.Гантуяагийн хамт намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.
2025.05.22-ны пүрэв гаргийн 17:00 цаг. Баг бүрэлдэхүүн Увс аймгаас хөдөлж, 541 км зам туулан, Завхан аймгийн төвд очив. Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт Завхан аймгийн сум, багийн 200 гаруй төлөөлөгч оролцлоо.
Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Ардчилсан нам улс төрийн намын хууль батлагдсантай холбоотойгоор намын дүрмийн төслөө гишүүддээ танилцуулж, санал авах ажлыг орон даяар зохион байгуулж байгаа нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.
Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс Завханчуудад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибалын мэндчилгээг дэвшүүлээд, Завхан нутгийн ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч гишүүдийн санал, шүүмж онцгой үнэ цэнтэйг хэлэв.
2025.05.24-ний бямба гаргийн 14:00 цаг. Баруун бүсийн баг Завхан аймгаас хөдөлж, 380 км зам туулан, Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэв. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дэд дарга Т.Эрхэмбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлсний дараа Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс, хуульч Ж.Гантуяа нар Говь-Алтайчуудад намын хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслөө танилцуулсан юм.
Орон даяар өрнөж буй “Эв нэгдлээс институт” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг нь гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлоход оршиж буй.
Баруун таван аймагт болсон хэлэлцүүлгүүдэд оролцсон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид маш олон санал, санаачлага гаргаж, төсөлд тусгах хэрэгтэйг онцолж байлаа. Тухайлбал, орон нутгийн гишүүдийн татварын асуудлыг хөндсөн. Тодруулбал, багт амьдардаг гишүүд сумын төвөөс хол мал аж ахуй эрхэлдэг тул татвараа хөнгөлүүлэх болон хуулийн хугацаан дээр анхаарах хэрэгтэй гэсэн санал илэрхийлэв.
Баруун хязгаарт ардчиллын залгамж халаа сайн бэлтгэгдэж буй нь анзаарагдсан бөгөөд анхан, дунд шатны залуучуудыг сургалт, сурталчилгаа, боловсролоор дэмжиж, лидер залуу үеийг бэлтгэхэд анхаарах нь чухлыг онцолсон юм. Мөн шинэ дүрэмд намын бүх шатны гишүүдийн оролцоог тэгш болгох, эрх, үүрэг, хариуцлага, хяналтыг тодорхой тусгаж, хариуцлага тооцох механизмыг нэвтрүүлэхийг чухалчилж байлаа. Ардчилсан намын хөтөлбөрийн төсөлд хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний талаарх зорилт тодорхой туссаныг орон нутгийн гишүүд, дэмжигчид сайшааж байсан юм. Мөн Үндсэн дүрэмд намын гишүүний хариуцлагын асуудлыг илүү чангаруулж, чанаржуулах шаардлагатай гэх зэрэг байр сууриуд илэрхийлж байсныг энд онцолъё. Хэлэлцүүлгүүд амжилттай болж, баруун таван аймагт ажилласан Ажлын хэсгийн гишүүд Говь-Алтай аймгаас 1030 км зам туулан, улсын нийслэлдээ эргэн ирэв.
Ямартаа ч улсын баруун хязгаарт ардчиллын үнэ цэн хэвээр, Ардчилсан намын цэнхэр туг өндөрт мандсаар байна.
Д.ЭРДЭНЭТУЯА





Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?
УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 ц...
7 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд бару...
6 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Алмасын цав”-д юу болов?” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Очирбат...
6 цагийн дараа
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа
Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ. Яг үнэндээ х...
4 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зу...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд