Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш

trend

Админ

img

2025 оны 6 сарын 05

img

73

news-img

Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит уртын дууны уралдаан Сүхбаатар аймагт болсон. Энэ үеэр дуучин маань төрсөн газраа ээждээ зориулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуун суваргыг босгосон юм. Уралдааны үеэр дуучны өмсгөл зүүсгэл, мөн гэрэл зургийн он жилийн хэлхээс болсон хоёр үзэсгэлэн гарчээ.


-Ээжийгээ гэх асар их хайр Танаас асгарч байдаг. Ээжийгээ та дуундаа мөнхөлсөн бол сая нутагтаа дуун суварга босголоо. Энэ таны хэдэн жилийн хүсэл мөрөөдөл вэ?

-Энэтхэгт явж байхдаа нарны энергиэр асдаг панельтай, дуу яваад л байдаг тийм зүйлийг хараад ээждээ нэг ийм хөшөө босгох сон гэж бодож байсан юм. Тэгээд сая Дарьгангын уртын дууны олон улсын уралдаан Сүхбаатар аймагт болоход хүслээ гүйцээлээ.

Энэ олон улсын уралдаанд олон орны эрдэмтэд ирж, илтгэл тавьсан. Тэд миний тухай, уртын дууны тухай, өв соёлын талаар ч илтгэл тавьлаа.

-Энэ уралдаанд 99 уртын дууч оролцох гэж байгаа талаар мэдээлэл гарч байсан?

-Нийт зургаан орноос дуучинтайгаа ирж оролцсон. Дуучдын тухайд бүр 100 гарсан шүү. Миний хувьд тэр олон сайхан уртын дуучдаар ээждээ зориулсан дуун суваргыг нээлгэчихвэл тэнгэрт байгаа ээжийн минь авшигт ч хэрэгтэй, дуучдын авшигт ч хэрэгтэй зүйл болох юм болов уу гэж бодсон. Хоолой гэдэг газар төрсөн юм, би. Тэгээд аль алинд нь авшиг нь шингэх юм болов уу гэж зориод үүнийг хийлгэлээ. “Үүдэн чулуу” гэж чулууны урлал хийдэг манай нутгийн компанийн залуучууд ивээн тэтгэж хийж өгсөн. Зөөхийг нь манай сум хариуцаж зөөж аваачсан. (инээв) Тэр 100 гаруй хүн дотор хүүхдүүд ч байлаа, ардын жүжигчид ч байлаа. Гавьяатууд, залуу сайхан дуучид гээд зөндөө л хүн оролцлоо. Миний шавь нар “Увертюра” хамтлагийнхан маань “Тэнгэр ээж минь өршөө” дууг хамтарч дууллаа.

-“увертюра” хамтлагтай дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуу “солиот эх” киноны төгсгөлд эгшиглэдэг. тэр киног үзсэн, дууг сонссон үзэгчид кинотеатрын танхимаас нулимстай гарахыг харж байлаа. Таны шүлгийг нь бичсэн энэ дуу үнэхээр тэр киног амилуулсан. “солиот эх”-ийн дүрээрээ мугж и.одончимэг азийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байлаа. энэ бүхнээс харахад та үнэхээр ээждээ ачлалтай охин нь байж гэж санагддаг?

-Ээждээ хайргүй хүн гэж хаана байх вэ. “Тэнгэр ээж минь өршөө” дууны шүлгийг би ээждээ зориулан бичиж, Батсайхан гэж надтай хамт ажилладаг байсан залуу аялгууг нь хийсэн. Одоо тэр маань МУУГЗ, би Ардын жүжигчин болоод байна даа. Ээжийгээ амьд сэрүүн байхад нь дуулж өгч байлаа. Тэгэхэд ээж минь маш их баярласан. Тэгээд “Миний хүүхэн, ээжийнхээ бүхий л өндийж хөхүүлсний ачийг хариулсан гэж бодоорой” гэж хэлсэн. Энэ удаа ч би зорьж очиж хийлээ. Хүн нэг сумаар хоёр туулай бууддаг бол би гурвыг буудах гэж зорьсон хэрэг. (инээв) Ачаалал маш их байсан. Гэхдээ мөнгө төгрөг дахин дахин зарцуулж чадахгүй учраас хүний хийж өгсөн юмыг энэ л явалтаараа гүйцээчих санаатай зүтгэлээ. Миний төрсөн Хоолой гэдэг газрыг их авшигтай гэж би өөрөө ойлгодог хүн. Энэ дуун суваргаа би ээждээ, 30 гаруй жил дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуундаа, төрсөн газартаа зориулж босгоод ирлээ.

-Ээжийг тань их сайхан дуулдаг байсан гэж сонссон юм. таны анхны багш ер нь хэн байсан бэ?

-Ээж минь. Ээж маань хонь сайхан тойглоно, үнээ сайхан өөвлөдөг, дүү нарыг сайхан бүүвэйлдэг хүн байсан. Миний ээж 10 гаруй хүүхэд гаргасан хүн болохоор нэгдэл нийгмийн малаас илүү гарахгүй, тайз энэ тэр дээр гарч үзээгүй л дээ. Аргалд явахад нь би их дагаж явдаг байлаа. Аргалд явах нь л ээжийн минь дуулах цаг байж. Тэгэхэд “Цомбон туурайтай хүрэн”, “Алигэрмаа” гээд дуунуудыг их сайхан дуулна. Тийм болохоор дуучин болох анхны А үсгийг ээж минь тавьж өгсөн. Миний өссөн ахуй бас нөлөөлсөн. Би чинь хар багаасаа хурдан морь унаж, гийнгоолж, урамзийлж явлаа. Ээжийгээ дуурайгаад тав, зургаан наснаасаа хонь тойглоно, олуулаа болохоор дүү нараа бүүвэйлнэ. Ингэхээр ахуй, ээж хоёр миний анхны багш гэж ойлгодог.

-За, тэгээд урлагийн замд гараад ирлээ. Чиг хандлагыг чинь зааж өгсөн багш нар гэвэл?

-Дуучин хүнийг шинжих шинжээ гэж байдаг. Тэр нь хонь тойглох, үнээ өөвлөх, ямаа чийглэх болоход тэр малыг эх үр болоход ивлүүлж авахуулах амархан байх юм бол, аялгуу нь аргадаж чадаж байвал тэр хүнийг дуучин болох магадлалтай гэдэг шинжээ юм. Би тэр шинжээнд орсон хүн. 1974 оны хавар манайх Хайлантай гэдэг газар хаваржиж байлаа. Тэр өвөл их хатуу өвөл болсон юм. Тиймдээ ч олон хонь тойглосон доо. Бүр хаваржингаа тойглосон. Хоёр, гурав тойглоод л хурга, ишгийг нь авхуулдаг байсан. Манай ээж бол их сүрхий. Нэг тойглоод л эх үр болгоно шүү дээ. Тийм сайхан хоолойтой хүн байсан. Тэр үед айл саахалтын хүмүүс ярьсан юм байна. “Шарын бүсгүй дуучин болох янзтай даа. Хонь тойглоход 2-3-аас илүү тойглуулахгүй цаадах нь эх үр болчихоод байна” гэлцэж. Миний шинжээ сумын улаанбулангийн эрхлэгч Дандар гэдэг хүний чихэнд хүрчээ.

Юм гэдэг их учиртай шүү. Тэр хавар нь урлагийн үзлэг болсон юм. Урлагийн үзлэгт оролцоод би шалгарч, Улаанбаатарт ирээд алтан медаль авч байлаа. Энэ хооронд бүх аймгуудаас мэргэжлийн дуучин биш, харин дуучин болох магадлалтай залуучуудыг нийслэлд авчирч курст сургана гэсэн захирамж гарсан байдаг. Урлагийн үзлэгийн дүн гарахаас арай өмнөхөн нийслэлд би тэр захирамжийн дагуу одоо энэ Ардын жүжигчин А.Нэргүй, Хэнтий аймгийн уртын дуучин Нансалмаа, Говь-Алтайн гавьяат жүжигчин Тэрбиш, Завханы Гэрэлтогтох гээд арван хэдтэй хэдэн жаахан хүүхэд дуучин болох магадлалтай гэдэг сонголтод ороод курст суухаар Улаанбаатарт ирж байгаа юм. Тэр үед курсын захирал нь алдарт Н.Норовбанзад багш байлаа. Ж.Дорждагва багш хүлээж авсан. Дорждагва багш бол багшийн багш, өөрөөр хэлбэл, гавьяат Сүглэгмаа, “Жаахан шарга”-ын Лхамжав, Н.Норовбанзад багш гэсэн гурван хүний багш нь байсан юм. Ингээд л дөрвөн сайхан алт шиг багшаар багшлуулж мэргэжлийн дуучин болсон доо.

-Тэр үед Сүхбаатараас уртын дуучин Ш.Чимэдцэеэ гэж их сайн дуучин, сайхан ч хүүхэн гарлаа шүү гэж ярьдаг байсан. та одоо ч сайхнаараа байна. яалт ч үгүй байгалийн өгөгдөл юм даа?

-Иш, одоо горьгүй болж. Тэгээд ч би сайхан хүүхэн биш. Миний ээж бол харин үнэхээр сайхан хүүхэн байсан гэдгийг би бардам хэлнэ. Ээж минь хүүхний шинжийг бүрдүүлсэн бүсгүй байсан юм. Хүүхний шинж чинь их өөр. Над шиг палайсан газрын бэтэг шиг юм сайхан хүүхэнд орохгүй шүү дээ. Манай ээжийн нүд шүд, хөмсөг, тэр бие хаа гэж янзтай. Манай ээжийг ташаа өргөнтэй гэж ярьдаг байсан. Бэлхүүс нарийн болохоор тэр. Хуучин бол бэлхүүс мэлхүүс гэж нэг их ярьж байгаагүй юм шүү дээ. Ташаа өргөнтэй л гэж ярина. Тэр нь бэлхүүс нарийн л гэсэн үг. Би ээжийнхээ дэргэд хүүхэн ч биш, дуучин ч биш юм билээ. Одоо би “Алигэрмаа”-г тун хичээж дуулдаг шүү. Сайхан дууллаа гэж хүмүүс хэлж байдаг ч одоо бодоход би ээжийнхээ чинээнд хүрч дуулаагүй гэж боддог юм.

-“хүмүүний нэгэн урсгал” гэдэг дуу гарч олны хүртээл болсон. Түүнийг сонссон хүмүүс таны хоолойг яг хэвээрээ байна гэх сэтгэгдлийг их бичсэн байна лээ. ер нь нас дагаж хоолой сууна гэж байдаг уу?

-Хоолой суух нь сууна шүү. Гэхдээ хоолойгоо суулгахгүй гэдгийг эртнээс мэдэж, гамнах хэрэгтэй. Савлагаатай болгочилгүй анхнаасаа хоолойгоо сайн додомдож авч явах нь чухал. Миний хоолой одоо гайгүй хэвээрээ шүү. Сайхнаараа л байж байна. Би өөрөө ч бас урт насалж магадгүй. Манайхан ер нь их өндөр насалдаг юм. Аавын тал их урт насалдаг, 100 гарна шүү. Би бас тэгж магадгүй гээд хоолойгоо эрт болиулчихгүй санаатай. /инээв/

-Одоо уртын дуу дуулж байгаа дуучдыг харахаар чамлах зүйл гарах уу?

-Хүн гэдэг амьтан чинь өөрийнхөө амьдарч байсан үе болоод дээд талын үеэ л тоодог юм биш үү. Доошоо үеийг болохоор одооны хүүхдүүд л гэж ярих юм. Миний үед уртын дууны сургууль гэж байсангүй би чинь курсын дуучин. Гэтэл одоо гурван сургуульд албан ёсоор уртын дуучин бэлдэж байна. Олон дуучин төрж гарч байна. Гэхдээ “Олдохлоор өлдөнө” гэж үг бий. Их олон хүн төгсөөд ирэхээр намагтай нь ч байна, намаггүй нь ч бас байна. Саяны уралдаан дээрээс харж суухад хүний хичээл зүтгэл харагдаж байна. Сайхан гавьяат дуучид зарим нь дуулахаар очоогүй. Дууг нь сураагүй байдаг юм уу, өөрийгөө дайчлаагүй байдаг юм уу, үнэндээ миний хоолой хүрэхгүй эн дутна даа гэж бодсон байж ч магад. Аливаа дуучин хоолойгоо урт наслуулъя гэвэл хоолойныхоо энг хэлбэж байх ёстой юм.

-Таны нэрэмжит уралдааныг босго өндөртэй байсан гэж сонссон?

-Тийм ээ. Сүүлийн 2-3 шат бол нэг хүн гурван дуутай, түүнээс хоёр нь дарьганга, үлдсэн нэг нь өөрийнхөө сонголтоор гэж тусгасан. Гэхдээ мартагдсан дуу байвал сайн гэсэн удирдамжтай байлаа. Дарьганга хоёр дуугаа гурван түрлэгээс нааш зогсохгүй дуулахаар заасан. Жишээ нь, “Жаахан шарга” гэж байхад зарим хүн эхний мөрийг аялаад л тайзнаас бууж байна. Энэ чинь бадаг нэг түрлэг биш шүү дээ. Тэр дундаа айзам дуу, бэсрэг дуу ч орж байна. Хоёр дууг гурван түрлэгээр буюу гурван бадгаар дуулна гэхээр үнэхээр босго өндөр гэсэн үг. Өөрийн сонгосон дуугаар хоёр октаваас дээш гэж заасан. Ойлгомжтой болгохын тулд би октавыг алд гэж нэрлэе. Богино дуу чинь нэг алд гарантай л байгаа. Бүр бэсрэг уртын дуу нэг алд байх нь ч бий.

-Босго өндөртэй энэ уралдаанд чинь хэн түрүүлэв?

-“Улаанбаатар” чуулгын дуучин н.Анхчимэг түрүүллээ.

-Н.Норовбанзадын нэрэмжит уртын дууны уралдаан гэж зохиогдож байсан. өөрийн тань нэрэмжит уралдаан олон улсын гэх тодотголтой зохиогдоход яг ямар сэтгэгдэл төрдөг юм байна вэ?

-Багшийг амьд сэрүүн байхад нь нэрэмжит уралдаан нь зохиогдож байгаагүй. Багшаас хойш хийж байсан. Ер нь хүн өөрөө байгаа дээрээ уралдаан зохион байгуулахад тухайн дуучин хүний босго оноо, ямар хэмжээнд байж байна, хоолойны дефазон, мэргэжлийн хүрээ ямар байна вэ гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Би бол өдий насанд ёстой яг таг мэднэ. Тийм болохоор өөрөө байх үедээ ийм босго өндөртэй уралдааныг зохиох нь зүйтэй гэж санагдсан. Ер нь бол уртын дуучид гэхээр “Уяхан замбуутивийн нар”, “Эр бор харцага” гээд л дууны сан нь дуусч байх жишээтэй. Тэгвэл миний нэрэмжит уралдаанд оролцохын тулд хэний ч мэдэхгүй Дарьгангын таван уртын дууг сурах ёстой. Тэгж байж гуравдугаар шатанд орно. Өөрийнхөө дуутай нийлээд найман дуу дуулж байж гуравдугаар шат руу зүтгэнэ шүү.

-Бэрийнхээ төлөө бас их зүтгэл гаргасан эмээ шүү дээ?

-Өөрөө ганцаараа бэрийнхээ өвчнийг дийлэхгүй болчихсон. Солонгост эмчлүүлээд 400 гаруй сая төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр би яагаад ч дийлэхгүй. Тэгээд л нийтэд хандсан даа. Хандахаас өөр арга байгаагүй. Би өөрөө тэр үед нуруугаа гурав хугалчихсан байсан юм. Тэгж байгаад би азтай хүн шүү. Одоо зүв зүгээр тов товхийгээд л явж байдаг. Тэр үед би ганцаараа бас нэлээд хичээсэн. Өөрийгөө ч нууж байсан, бэрээ ч нууж л байсан. Тэгээд л дийлэхгүй боллоо гэдгээ мэдээд зарласан даа. Бэр минь босч ирээд дахиад өвдөөд өнгөрсөн. Одоо гурван өнчин хүүхэд байна. Гэхдээ би сөхрөөгүй. Хэзээ ч сөхрөхгүй гэж боддог.

-Өөрийн тань гарын шавь нараас нэрэмжит уралдаанд ямар амжилт үзүүлэв?

-Тэд их сүрхий. Би чинь хүн харахад зөөлхөн хүн юм шиг боловч шавь нартаа нүгэлтэй чанга. Манай Норовоо багш тийм хүн байсан юм. Часхийсэн чанга хүн байсан, би багшийгаа дуурайсан юм шиг байгаа юм. 10,20 жил дуулчихсан миний шавь нар одоо ч надаас айна гэж жигтэйхэн. Эд нартаа би “За, нэр баастав” гэж нэлээн сайн захисан. Сүүлдээ өөрөө сургалт явуулсан. Ингээд миний шавь нараас А зэрэглэлд гранприг нь тэр Анхчимэг авсан. Дэд байрыг нь “Түмэн эх” чуулгын дуучин Эрдэнэсувд гэж шавь минь авсан. Гутгаар байрыг Баасансүрэн минь авлаа. Ингэхээр шавь нар минь сайн оролцлоо. Заримыг нь ч бас няслаад авсан шүү (инээв) Би чинь шавь нараа дандаа голж загнаж байдаг хүн. Их ажлын хажуугаар хоёрынх нь дуулахыг зрителийн араас сонсоод “Болж байна шүү” гэж бодлоо шүү дээ. (инээв).

-Дарьганга өмсгөлтэй их сайхан зураг тань байдаг. Түүнийг харахаар бэлтэй айлын удам юм даа гэж бодогддог юм?

-Социализмын үед бэлтэй айлын хүүхэд ч, бэлгүй айлын хүүхэд ч адилхан байсан шүү дээ. Гэхдээ би орлойн баян Совд гэдэг хүний ач. Цагтаа 10 мянган мал тоолуулж явсан гэдэг юм. Орлойн хурдыг бий болгосон хүн чинь миний өвөг эцэг. Тэр хүний юмнаас бурхан тахил гээд нууж хааж байсан зүйл бий л дээ. Алтан бурхан хүртэл байсан. Тэр хүний жинхэнэ дарьганга хийцийн эмээл, хазаар, ташуур байсан. Манайх гэрээсээ хулгайд алдсан. Одоо болтол олоогүй л байна.

Надад шунал энэ тэр байхгүй. Их юм хэрэглэе гэж ч боддоггүй. Үнэтэй хувцсыг тайзан дээр өмсөхөд болно гэж л боддог хүн.

Ярилцсан Н.Саранчимэг

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...

img

2 цагийн өмнө

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...

img

2 цагийн өмнө

Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив

Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...

img

3 цагийн өмнө

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...

img

4 цагийн өмнө

Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт

Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд