мэдээ
Д.Есөн-Эрдэнэ: Экспортод чиглэгдсэн таримлуудын тариалалт нэмэгдэж байна

Админ
2025 оны 6 сарын 06

193

ХХАААҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй хаврын тариалалтын талаар ярилцлаа.
-Монгол орон даяар “Атрын IV аян” эхлээд анхны тариалалтаа энэ хавар хийж байна. Энэ жил нийт хэдэн га талбайд тариалалт хийж, хэдэн тонн ургац хурааж авах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хаврын тариалалт тавдугаар сарын эхээр эхэлсэн. Энэ хавар нэлээн сэрүүвтэр байна, өвөлдөө ч хуурайшилттай байлаа. Тийм ч учраас тариалалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад долоо хоногоор хожуу эхэлсэн.Энэ сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна. Нийт 233 мянган га-д улаанбуудай тариалаад байна. Улаанбуудайн тариалалт үндсэндээ дүүрчихсэн гэсэн үг. Өнгөрсөн жил 300 мянга гаруй га талбайд улаанбуудай тариалсан. Тэр үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт бага зэрэг буурч байна. Гэхдээ дүн мэдээ энэ сарын 10 гэхэд нэгтгэгдэх учир тэр үед тодорхой болно. Тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, бусад үр тарианы тариалалт үргэлжилж байна. Одоогоор 65 мянган га-д тосны ургамал тариалсан гэдэг мэдээ ирсэн. Тэр ч утгаараа тосны ургамлын тариалалт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Одоогийн байдлаар тэжээлийн таримлыг 20 орчим мянган га-д тариалсан. Тариалалт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Энэ жилийн тариалалт түрүү жилээс өссөн үү, буурсан уу?
-Ургацын төлөв наймдугаар сард гардаг. Энэ жилийн тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.
-Малын тэжээлийн ургамлын тариалалт 12 хувьтай байгаа юм билээ. Яагаад ийм бага хувьтай байна вэ?
-Малын тэжээлийн ургамлын тухайд технологийн хугацаа нь арай болоогүй. Энэ төрлийн ургамлыг зургадугаар сарын 20 хүртэл тариалдаг. Харин энэ жил цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор тариалах хугацаа хойшилсон.
-Энэ жилийн тариалалт өмнөх жилүүдээс юугаараа онцлогтой вэ. Ямар нэгэн шинэ сортын ургамал тариалж байгаа юу?
-Энэ жил эрдэнэшиш, вандуй, гурвалжин будаа зэрэг сэлгээний шинэ таримлуудыг тариалж байна. Экспортод чиглэгдсэн таримлуудын тариалалт нэмэгдэж байна. Улаанбуудайн тариалалт буурсан хэдий ч бусад таримлуудын тариалалт нэмэгдэх, шинэ таримал орж ирэх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант суманд 550 га усалгаатай тариан талбайд эрдэнэшиш тарьж байна. Үүнээс 340 га-д нь дуслын усалгааны систем нэвтрүүлсэн байх жишээний. Түүнчлэн хүнсний ногооны тариалалтад услах арга технологи, үрсэлгээ бойжуулах технологи зэргийг ашиглаж байна.
-Тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй сүүлийн үеийн ажил, арга хэмжээнээс танилцуулахгүй юу?
-Тариалангийн үйлдвэрлэл, тариалалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ оны гуравдугаар сараас эхлэн хэд хэдэн ажил зохион байгууллаа. Тухайлбал, гуравдугаар сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд болсон “Технологийн долоо хоног” хэмээх нэгдсэн арга хэмжээний хүрээнд сэлгээний таримал болон холимог тариалангийн талаар мэдлэг, арга технологийг зааж зөвлөж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид, жимс жимсгэнэ тариаланчид, хүлэмжний аж ахуй эрхлэгчдэд үе шаттайгаар сургалт хийлээ. Энэ оноос Монгол орон даяар “Атрын IV аян”-ыг эхлүүллээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж, 1000 гаруй тариаланч оролцож, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иар дамжуулан таримал ургамлын үр нийлүүлэх, улаанбуудайн үрийг худалдаалах ажлуудыг зохион байгуулсан. Тус корпораци болон тариаланчид, бордоо, ургамал хамгааллын бодис, техник нийлүүлэгч ААН-тэй гурвалсан гэрээ байгуулах замаар орцын ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэгдсэн ажлуудыг хийлээ. Салбарын бодлогын хүрээнд арилжааны банкуудаар дамжуулж хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг олгож байна.Тариалалтыг соёололтоор нь үнэлэх, соёололтын үеэр нь талбайд хянан баталгаажуулалт хийх ажлуудыг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллана. Энэ жил гандуу, хуурай сэрүүн байгаа учир хортон шавж үүсэх нөхцөлүүд бий болох эрсдэлтэй. Үүнээс хамгаалахын тулд ургамал хамгааллын бодис цацах, шаардагдах хариу арга хэмжээ авахад зориулсан бэлтгэл ажлыг эртнээс төлөвлөх шаардлагатай.
-Ингэхэд улсын хэмжээнд бүртгэлтэй хэдэн тариаланч байдаг юм бол?
-Улсын хэмжээнд 17760 мянган өрх, 1600 гаруй ААН тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 1000 орчим ААН, 300 орчим иргэд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байна.
-Энэ хавар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болсон. Тухайн үед тариаланчдад тулгамдаж буй хамгийн гол асуудал юу байв?
-Хөрсний үржил шим, тариалангийн талбайд мал ордог асуудал хамгийн хүндрэлтэй байна. Хөрөнгө, хүчээ гаргаад зээл аваад технологийн ажлуудыг хийчихсэн байхад тариалангийн талбайд нь мал орж ирээд технологийн горимыг алдагдуулаад байна шүү дээ. Тиймээс тариаланчид “Хөрсний үржил шимийг хамгаалахад анхаарч өгөөч” гэдгийг нэн тэргүүнд хэлж байсан. Тиймээс тариалангийн талбайг хашаажуулах ажил их чухал байна. Хашаажуулахад шон хэрэгтэй байдаг. Тариаланчид тэрхүү шонг мод, төмөр, бидон зэргийг ашиглаж босгодог. Тийм учраас стандартад нийцсэн, урт хугацааны эдэлгээтэй хашааны бидонон шонг худалдан авч, хөдөө орон нутгуудад олгож, тариаланчдад ашиглуулах ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна. Тариалангийн талбайг хашиж хамгаалснаар талбайд мал орох нь хязгаарлагдана. Тариалангийн талбайгаа хашиж хамгаалахын тулд сүрлэн хучлага үүсгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд давхар хийгдэж байгаа. Жилийн турш тариалангийн талбай руугаа мал амьтан оруулахгүй байснаар сүрлэн хүчил үүсэх технологи бүрдэнэ. Мөн тариалангийн талбайд ойн зурвас байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ жил тариалангийн талбайд ойн зурвас байгуулах ажилд улсын төсвөөс хоёр орчим тэрбум төгрөгийг зарцуулж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таван байршилд 103 км ойн зурвас байгуулах ажлыг хийж байна. Ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл буурах, нэгжийн ургац нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна. Гэхдээ үр дүнгүүд нь дөрөв, таван жилийн дараа гардаг. Нэмж хэлэхэд, Тариалангийн тухай хуульд “Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал эрхэлнэ” гэсэн заалт бий. Тиймээс цаашдаа малын үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах гарцыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай. Мөн тариаланчдад эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн мах, сүүний үйлдвэрлэл эрхлэх боломж бий. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн төгс хослолыг бий болгон, каластераар хөгжүүлэх хандлага гарч ирж байгаа нь тариалангийн салбарт давуу тал болж байна.
Ө.АНХЗАЯА





“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
8 цагийн дараа
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх а...
7 цагийн дараа
Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ
2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд болж, айма...
6 цагийн дараа
“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ
“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубий...
6 цагийн дараа
ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаа...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

ЁяыөёчажгЯүеа. Сём.

Иргэн
Өөрсдийн хөрөнгөөр хашаа бариад 5 жил болж бна.Малчид тариан талбайд өвөлжөөгөө тулгаж бариад дураараа хаалга гаргаад малаа оруулж бна.Мөн Мянгат малчины 1000 гаран адуу,үхэр хашааг шөргөөж эзэн нь малаа хариулаггүй байдагаас олон жил ургац алддагаа.Энэ бол маш их хүндрэл болоод бнаа.