Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Т.Мөнх-Очир: Арга хэмжээ зохион байгуулагч тал насанд хүрээгүй хүүхэд оролцох боломжтой орчныг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй

trend

Админ

img

2025 оны 6 сарын 07

img

6

news-img

Өнгөрсөн долоо хоногт болсон шоу тоглолтын үеэр насанд хүрээгүй хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийгээ гэмтээсэн бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах ёстой талаар өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Т.Мөнх-Очиртой ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон шоу тоглолтын үеэр нэлээд хэдэн хүн хутгалуулж, гэмтсэн асуудал үүсчээ. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Манай улсын Эрүүгийн хуулиар хүний амь нас, эрүүл мэнд болон олон нийтийн аюулгүй байдлын эсрэг үйлдэгдэх эрх зүйн зөрчлийг тодорхой төрлийн гэмт хэрэг болгон хуульчилсан байдаг. Харин олон нийтийг хамарсан тоглолт зохион байгуулагч нь хуульд зааснаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд зохион байгуулагч нартай хамтран ажиллахаар хуульчлагдсан байдаг.

-Насанд хүрээгүй хүүхдүүд уг асуудалд холбогдсон байсан. Энэ тохиолдолд зохион байгуулагчдад хариуцлага ногдуулах уу?

-Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт 18 болон түүнээс дээш насны этгээдийг насанд хүрсэн гэж үзэхээр хуульчлагдсан. Мөн хуульд зааснаар 14-өөс 18 хүртэлх насны этгээдийг иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж тооцдог.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 16 наснаас эхлэхээр хуульчилсан ба тодорхой төрлийн зарим гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны доод хязгаарыг 14 наснаас эхлэхээр хуульчилсан.

Тодруулбал, Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах, гэмтээх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах, террор үйлдэх гэсэн 12 төрлийн гэмт хэрэгт 14 нас болон түүнээс дээш насны этгээд хариуцлага хүлээхээр хуульчлагдсан.

Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх нь төр, эцэг эх, харьяа байгууллагуудын хамтарсан үүрэг гэж заасан байдаг. Арга хэмжээ зохион байгуулагч тал насанд хүрээгүй хүүхэд оролцох боломжтой орчныг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хэрвээ хүүхдүүд хутгалуулсан бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд мэдэгдээгүй, хамгаалалтыг нь хангалгүйгээр арга хэмжээ зохион байгуулсан бол зохион байгуулагч нь хүүхдийн эрх зөрчсөн, хүүхэд хамгааллын үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн шоу тоглолт, олон нийтийн арга хэмжээнд насанд хүрээгүй хүүхэд оролцох тохиолдолд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, шөнө дундаас хойш үргэлжлүүлэхгүй байх, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгах зэрэг үүргийг биелүүлэх шаардлагатай. Эдгээрийг зөрчсөн зохион байгуулагч нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээнэ.

-Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа аюулгүй байдлыг хангаагүй нь хуулийн зөрчил мөн үү?

-Дээр дурдсан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлөөс гадна Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

-Аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд дахин үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох эрх зүйн үндэс байдаг уу?

-Эрүүгийн хуульд эрх хасах ялыг тусгай ангид заасан тохиолдолд нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчилсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлд эрх хасах шийтгэлийг тусгай ангид заасан тохиолдолд торгох шийтгэл дээр нэмж оногдуулахаар хуульчилсан. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж хуульчилсан болохыг эрх бүхий албан тушаалтан, зөвшөөрөл олгосон этгээдүүд цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

-Дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хүргүүлэх ба хуулийн этгээд нь тэрхүү мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэг сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй болно.

Эрх зүйн зөрчилд хүлээлгэж буй аливаа хариуцлага нь нийгэмшүүлэхэд чиглэгдэх ёстой учраас дээр дурдсан харамсалтай үйл явдлыг дахин гаргахгүйн тулд хууль тогтоомжийн харилцан уялдааг хангах шаардлагатай. Мөн эрх зүйн хариуцлагыг чангатгахаас илүүтэйгээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна.

-Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахыг хууль эрх зүйн хувьд хэрхэн тайлбарладаг юм бол?

-Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.16 дугаар зүйлд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хуульчилсан. Тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулснаар төгсдөг. Тодруулбал, Заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр гэмт хэрэг болохоор хуульчлагдсан. Энэхүү гэмт хэргийн түүхэн уламжлал талаас нь авч үзвэл, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн нэршил болон үндсэн шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн танхайрах болон нийтийн эмх замбараагүй байдлыг бий болгох гэмт хэргийг агуулгын хувьд нэгтгэсэн мэт томьёолол нь онолын хувьд хууль хэрэглээний ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй.

Тодруулбал, Гүйцэтгэгч ганцаараа гүйцэтгэсэн бол хохирол, хор уршгийн хэмжээг харгалзахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан танхайрах зөрчил гэж үзэж, харин гүйцэтгэгч хоёр болон түүнээс дээш буюу бүлэглэн гүйцэтгэсэн бол Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үзэхээр хуульчлагдсаныг хууль тогтоогч эргэн харж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх лхагва гаригт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу ирэх лхагва гарагт тохиож байна. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15...

img

1 цагийн дараа

Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий...

img

13 минутын өмнө

Дараах байршилд халуун ус хязгаарлана

Зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын 4 дэх хуваарь гарлаа. Хугацаа: VI/10 – VI/22 /12 хоног/ Түр зогсолт засварын бүсэд хама...

img

1 цагийн өмнө

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өндөрлөлөө

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж, ө...

img

2 цагийн өмнө

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд