мэдээ
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 6 сарын 06

54

Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно. Авлига нь улс орнуудын хөгжлийг асар ихээр удаашруулж, институцийн чадавхыг сулруулж, иргэдийн амьжиргааг дордуулах гол шалтгаануудын нэг. Авлигын улмаас эдийн засгийн өсөлтөө сааруулж, ардчилал, хүний эрх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт цаашид дэвших ямар ч боломжгүй болтлоо зарим улсууд сөнөцгөөж байна. Харамсалтай нь энэхүү орнуудын араас шил даран Монгол Улс нэрлэгдэх болсон. Авлига, хүнд суртал, хээл хахууль гаарах тусам эдийн засаг нь агшиж, төрийн бүтэц нь данхайдаг. Бизнес хийх орчин нөхцөл нь хумигдаж, мөнгөний урсгал нэг цэг дээр буюу төсөвт төвлөрдөг.
Мэдээж төсвийг зарцуулах эрх мэдэл төрд оршино. Энэ утгаараа төрд төвлөрөх мөнгөний цор ганц урсгал дээр очих гэсэн улстөрчид алалцах тусам түүнийгээ дагаад авлига, хүнд суртал асар их нэмэгддэг. Эцсийн дүндээ данхайсан төрөө татвараар тэжээхийн тулд ард түмэн нь сөхөрч, улмаар тухайн улс хөгжлийн гацаанд орох, цаашлаад тусгаар тогтнолоо алддаг жишээ цөөнгүй байна. Яг энэ замаар Монгол Улс аажмаар бус хурдтай явж байгаа нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал боллоо. Улс орон нь хоосон, ядуу байгаагийн гол шалтгаан нь авлига, хүнд суртал. Тэгвэл манайд авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлж байгаагийн хамгийн тод жишээнүүдийн нэг бол цахилгааны үнийн нэмэгдэл юм. Төдийгөөс өдийг хүртэл хэрхэн яаж нэмэгдүүлж ирсэн бэ гэдгийг хэдхэн тооноос дүгнэж харвал Монгол Улсын ирээдүй хаашаа чиглэж байгааг бид тодорхой харж болно.
Социализмын үед буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад цахилгааны үнийн тариф нэг кВт цаг тутамдаа 0.08 төгрөг буюу найман мөнгө байсан тухай улсын төлөвлөгөөний комисст насаараа мэргэжилтэн хийсэн настан өгүүлж байна. Тэр үеэс өдийг хүртэл цахилгааны энэхүү тариф үнийн өсөлт төгрөгийн ханш уналтыг тооцоход барагцаагаар 1000 дахин нэмэгдсэн гэж үзвэл 80 төгрөг л болж байна. Өөрөөр хэлбэл, нэг кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдах өртөг нь 80 төгрөг гэсэн үг. Энэ нь нүүрс тээвэр, нүүрсний үнэ өртөг, ажилчдын цалин хөлс гэх зэрэг бүх зардал орсон өртөг байж таарна. Тэгвэл өнөөдөр хэрэглэгчдэд хүрч байгаа нэг кВт.ц цахилгааны үнэ 300 төгрөг болтлоо өссөн. Өртөг нь 80 төгрөг атлаа хэрэглэгчдэд 300 төгрөгөөр зарж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэхүү ашиг хаашаа урсаж байгааг мэдэхгүй ч авлига байгаа гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор харагдаж байна. Нөгөөтэйгүүр манайд эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцууд болон эрчим хүч түгээх сүлжээ, бодлого зохицуулалт явуулдаг төрийн өмчит компани, нэгжүүдийн конторлодог барилгуудыг харахад энэ салбарын хөрөнгө чинээ ямар их байгааг илтгэнэ.
Хамгийн тансаг хамгийн өндөр байшинд л конторлодог нь түмний нүдэнд илт байдаг. Эрчим хүчний салбар уналтад ороод үнэ, тарифаа нэмэхгүй юм бол энэ салбарт ажиллаж байгаа ажилчид, албан тушаалтнуудын цалин хөлс, ажлын орчин нөхцөл хэцүүдлээ, тэсэхээ байлаа гэж салбар хариуцсан өндөр албан тушаалтнууд гонгиносон. Ингэж гонгинож, эрчим хүчний реформ гэж ярьж байгаад л тарифаа огцом нэмэгдүүлсэн. Бодит байдал дээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилчдын дундаж цалин гурван сая төгрөг хавьцаа л дуулддаг. Энэ бол нэг их цалин биш. Харин албан тушаалтнуудын цалин нь бүр тасарчихаа биз. Мэдээж тэд муулж ярьдаг салбар шигээ навсайсан амбаарт суудаггүй. Орчин үеийн шийдэл бүхий тохитой, тухтай орд харш шиг барилга, байгууламжид ажиллаж байна. Тэгэхээр эрчим хүчний реформ гэх том малгай дор үнэ нэмсэн гол шалтгаан нь салбарын уналт, хоцрогдол огт биш юм биш үү.
Өөрөөр хэлбэл, ард түмний нуруунд үүрүүлсэн эрчим хүчний нэмэгдэл тэдний ярьсан шиг, бидний ойлгосон шиг бодит шалтгаанд тулгуурласан үнэ огт биш болж таарлаа. Ингэж ард түмэндээ шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил, сэргэлт нэрийн дор худлаа хэлж, өөрсдийнхөө тансаглал, тухтай ажлын байртай болгох, цалин, хөлсөө хэд дахин нэмэгдүүлэхийн тулд цахилгааны үнээ нэмжээ гэж ойлгогдохоор. Үнэхээр бодит нөхцөл байдалд нь дүгнэлт хийхэд л ийм дүр зураг нэвт харагдаж байна.
Тэгвэл эрчим хүчний үнэ нэмсэн бодит шалтгаантай адил автомашины татвар болон бусад татвар, хураамж, татаасуудыг нэмсэн болж таарлаа гэдэг хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Автомашины татвар 200-400 дахин нэмэгдсэн. Тэд ард түмний цалин хөлс, амьжиргааны түвшинд нь уялдуулж татвар нэмэх байв. Гэтэл шалтгаанаа түгжрэл бууруулах гэж аваад шийдлээ иргэдийг автомашин унуулахгүй байх гэж үзээд, зохицуулалт нь татварын бодлого болж байгаа нь дэндүү хайнга шийдвэр юм. Мэдээж энэхүү шийдвэрийн цаана авлига, хэн нэгний эрх ашиг явж л байгаа.
Салбар бүрийн эрх ашиг, тэнд ажилладаг дарга нарын тансаглалд монголчууд үнэндээ сөхөрч байна. Үүнд нь эсэргүүцэл илэрхийлсэн ард түмнийхээ шаардлагыг төр нь хоёр хуваагдаж бие бие рүүгээ чихэж байгааг хэвлэл мэдээллээс бид тодорхой харж байна. Засгийн газар УИХ нь болохоор бид мэдэхгүй, нийслэл мэднэ гээд нийслэл нь болохоор иргэдийн хурал мэднэ. Тэд аль ноднин ийм шийдвэр гаргасан, тэр хурлыг та нар сонгож гаргасан гэх мэтээр булзааруулж байна. Энэ бол бодит утгаараа хүнд суртал юм. Ингээд авлига, хүнд суртал нийлсэн төрийн бодлого ард түмнийг сөхрүүлж дуусгаж байна. Түүний ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэгдэл юм. Үнэндээ Монголын төр ард түмнээ бодсон нэг ч шийдвэр гаргадаггүй гэдэг үнэний ортой. Тэдний шийдвэр болгон эрх мэдлээ баталгаажуулах, эргэн эрх мэдэл авахад л зориулагдаж гардаг. Дарга ангийн сайн сайханд зориулж тэдний тав тухыг алдагдуулахгүйн төлөө л ард түмэн шилээ тасартал татвар төлж байна.
Э.МӨНХТҮВШИН





“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
8 цагийн дараа
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх а...
7 цагийн дараа
Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ
2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд болж, айма...
6 цагийн дараа
“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ
“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубий...
6 цагийн дараа
ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаа...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд