мэдээ
Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд DNN.mn

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 3 сарын 19

60

Сая хаврын чуулган эхэллээ. Анхны 126 гишүүнтэй парламентаас ард түмэн, аж ахуйн нэгжүүд ганцхан зүйлийг л хүсч, шаардаж байна. Тэр нь татварын зөв бодлого. Аж ахуйн нэгж, компаниуд татварын дарамтаас болж сөхрөх битгий хэл сэхэх боломжгүйгээр сөнөцгөөсөөр. Үнэндээ аж ахуйн нэгжүүдэд Монгол төрийн татвар цөмийн бөмбөг шиг л нөлөөлж байна. Монголын төр татвар гэх цөмийн бөмбөгтэй. Түүгээрээ зогсоо зайгүй иргэн, аж ахуйн нэгжүүдээ бөмбөгдсөөр. Өмнөх бөмбөгдөлтийнх нь хор уршиг арилаагүй байхад өмнөхөөсөө бүр хүчтэйгээр бөмбөгдөнө.
Ийм байхад яаж ч улс орон нь цэцэглэн хөгжих билээ. Эсрэгээрээ өмнөх татварын нөлөөллөөс нь ч гарч чадаагүй байхад дахиад нэмэгдсэн татварын дарамт иргэн, аж ахуйн нэгжүүдийг туйлд нь хүртэл ядрааж байна. Монгол Улсад яг өнөөгийн байдлаар иргэн аж ахуйн нэгжид нийт есөн төрлийн татвар, 10 төрлийн төлбөр, гурван төрлийн хураамж авч байна. Бүгдийг нь татвар гэж ойлговол төр иргэн, аж ахуйн нэгжээс нийт 22-25 төрлөөр мөнгө суутган авч байна гэсэн үг. Яг юу юунаас хэдэн төгрөг авч байна вэ гэдгийг энд бичвэл хэдэн арван хуудас дүүрнэ.
Хамгийн өндөр байгаа татвар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвар тус бүр 10-40 хувь хүртэл байна. Тоогоор хэлбэл, нэг сая төгрөгт оногдох татвар 100-400 мянган төгрөг байхаар байна. Жишээ нь, сарын 10 сая төгрөгийн орлоготой иргэн байлаа гэж бодъё. Тухайн иргэн хувиараа бизнес эрхэлдэг. Бизнес эрхэлж байгаа газар нь түрээсийнх. Мөн өөрөө зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Банкны зээл авч бизнесээ эхлүүлсэн. Хувьдаа ганцхан автомашинтай ч тэр нь банк бусын нэр дээр.
Ингээд тооцоход сарын 10 сая төгрөгийн орлогоосоо хувь ХХОАТ-т нэг сая төгрөгийг нь төлнө. Түрээсэндээ хоёр сая төгрөг. Банкны зээлд 500 мянган төгрөг. Банк бусад 1.2 сая төгрөг төлнө. Унасан автомашиндаа тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны хураамж гээд нийт 500 орчим мянган төгрөг төлнө. Ингээд бодоход сарын 10 сая төгрөгийн орлогынх нь 50-иас илүү хувь буюу 5.2 сая төгрөг цэвэр татвар нэрээр суутгагдаж байна. Үлдсэн 4.8 сая төгрөгөөрөө ар гэрээ тэжээхээс эхлээд хувцас хунар, амьдралын наад захын хэрэгцээгээ хангана гэхэд хүнд тусаж байгаа юм. Энэ бол энгийн нэг жишээ. Ихэнх улс оронд тухайн иргэн, аж ахуйн нэгжийн орлогын 20 хүрэхгүй хувь нь татвар, хураамж, даатгал, төлбөртөө суутгагддаг. Харин манайд энэ хувь хэмжээ 50-иас их байгаа учраас л иргэдийн болон бизнес эрхлэгчдийн орлого, үйл ажиллагаа тэлдэггүй. Харин ч эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд хаалгаа барих, ажилгүй, орлогогүй иргэд олшрох, ажлын байр, ажиллах хүчний хомсдол гээд хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа суурь шалтгаанууд төрийн бодлого, өндөр татвараас эхлэлтэй байна. Тиймээс төр татварын бодлого, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай. Татвараа багасгаж улсын хөгжлийн гол суурь болсон аж ахуйн нэгжүүдээ өндийлгөх хэрэгтэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж, төлөх эсэх эрхийг нь хувь хүнд нь олго. Аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байгаа НДШ-ийг тухайн аж ахуйн нэгж төлдөг системээ зогсоо.
Үүнээс болоод ажил олгогчид ажилчдынхаа цалин, хөлсийг хүссэнээрээ нэмэгдүүлж чадахгүй байна. Олон улсад ажил олгогч нь ажилчдынхаа өмнөөс НДШ төлдөг татварын жишиг нэгж байхгүй. Дэлхийд байхгүй татварын энэ бодлогоо зогсоо. Татвар нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдээ сөхрүүлж байж улстөрчид нь манай улс хөгжинө гэж боломжгүй зүйл ярьдгаа болих хэрэгтэй. Ийм олон төрлийн өндөр татвартай оронд зах зээлийн зарчмаараа аж ахуйн нэгж, иргэд нь өдөр ирэх тусам дампуурч, ядуурсаар байна. Одоо үүнийг иргэд мэддэг болсон. Тиймээс сонгуулиар хэн нь, аль нам нь ард түмэнд илүү их мөнгө тараасан, хаана ямар зам, бүтээн байгуулалт хийсэн чинь сонин биш. Харин хэн нь татвар хөнгөлсөн, бууруулсан, аль нам нь иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ бизнес хийх боломжийг хангаж өгснийг нь үнэлж, дахин дахин сонгодог болсон.
Ард түмэн сайхан амьдрахын тулд төр засгаа байгуулдаг. Түүнээс төр засагтай байлгах гэж ард түмэн амьдардаггүй. Төр оршихуй дор татвар буй гэх үг бол хоосон, худлаа, популист үг гэж дэлхий дахинд ойлгодог болсон. Төр байгаагийн гол зорилго нь ард түмнийг л сайхан амьдруулах. Түүнээс биш төр гэх байгууллага хөгжиж, мөнгөтэй болж түүгээр нь төрд ажиллаж байгаа хэсэг хүмүүсийг сайхан амьдруулах тухай ойлголт огт биш ээ. Улс хөгжье гэвэл аж ахуйн нэгжүүддээ л боломж олго. Татварын буруу бодлого, тогтолцооны гажуудлаасаа болоод улс орон мөхсөн орчин цагийн туршлага, жишээ дэлхийд олон бий.
Бид заавал тэдний алдааг давтаж, сөнөж, буурсан мөр жимээр нь явах шаардлага байхгүй. Ард түмэн өнөөгийн төр засгаас том төсөл хэрэгжүүлээд өг гэж гуйгаагүй. Та нараас иргэдийнхээ аятай тухтай амьдрах, ашигтай, орлого ажиллах боломжийг бүрэн чөлөөтэй нээгээд өгөөд ч, энэ орчныг нь эрх зүйн хувьд төгс бүрдүүлээд өгөөч л гэж хүсч байгаа.
Харамсалтай нь Монголын төр иргэдийнхээ хүсэл, шаардлагын эсрэг л ажиллаж чадаж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татвар тэдний тансаглал, буруу бодлого, шийдвэрийнх нь нөхөөс болсоор. Татвар нь нэмэгдэх тусам төр данхайсаар. Данхайсан төр нь татвар, хураамж, торгуулиар Монгол Улсаа торлосоор байна.
Э.МӨНХТҮВШИН





“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...
3 цагийн дараа
ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...
3 цагийн дараа
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...
2 цагийн дараа
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...
2 цагийн дараа
“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...
33 минутын дараа
Сэтгэгдлүүд