мэдээ
Д.Эрдэнэцогт: Архи уух нь аажмаар амиа хорлож байгаа үйлдэл юм

Админ
2025 оны 10 сарын 02

56

“Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Би таныг архины хамаарал бүхий иргэдтэй олон жил ажиллаж байгаа гэж сонслоо?
-Анх 2005-2006 оны үеэс би энэ асуудлыг анзаарч харсан. Ингээд 2008 оноос олон улсын байгууллагатай хамтран энэ ажлаа хийж эхэлсэн дээ. Тэр үед маш олон эрчүүд орон гэргүй, орц, траншейн, гудамжинд бөөн бөөнөөрөө архи ууж эхэлсэн.
-Орц, траншейнаар амьдарч, архи ууж байсан хүмүүс хэдэн насны хүмүүс байв?
-Ихэвчлэн залуучууд байсан шүү. Тухайн үед 45-аас дээш насныхан маш ховор байсан. Ерөнхийдөө 25-35 насныхан байлаа. Ид хөдөлмөрийн насны хүмүүс хэрнээ ажил хийдэг хүн маш ховор. Дандаа энд тэнд очиж, хог түүдэг. Шуудай үүрээд л гарна. Түүгээрээ өдөр тутмынхаа амьжиргааг залгуулдаг хүмүүс байсан. Хоёрдогч түүхий эд авдаг газрууд дээр очиж зогсож байгаад л энэ хүмүүстэй уулздаг, ярилцдаг байлаа. Ихэнх нь ажилд ороод ч цалин мөнгө өгдөггүй, ер нь амьдралын баталгаа муу байна гэж ярьж байв. Дийлэнх нь гомдсон, гутарсан сэтгэлтэй явж байсан. Ингээд судлаад үзтэл зарим хүн бүр бага наснаасаа сэтгэлийн шархтай, гэр бүлийн хүчирхийлэлд өссөн. Зарим нь ерөөсөө ямар ч ажил хийж сураагүй, аав ээж нь дураар нь өсгөсөн айлын эрх хүүхдүүд байсан. Үүн дээр орон тооны цомхотголоор ажилгүй болсон хүмүүс нэмэгдсэн юм билээ.
-Энэ хүмүүстэй яаж ажилласан бэ?
-Энэ хүмүүсийг яавал ажилтай байлгаж, ажил хийх дур сонирхолтой болгох вэ гээд барилгын компаниуд, бараа таваар зөөж буулгадаг хүмүүстэй уулзаж, гэрээлээд энэ хүмүүсээ бага багаар ажил хийлгэж эхэлсэн. Гэтэл ихэнх нь ажил хийж чадахгүй байсан. Ямар хүмүүс ажилд сайн байсан гээч. Орон шоронд ороод гараад ирчихсэн, алдаж онож үзсэн хүмүүс нь ажил хийж чадаж байсан. Тэд ачаалал даахдаа сайн. Хүний үг авч, хэн нэгний захиргаанд орохдоо асуудалгүй. Энэ ажлыг ингэж хийнэ гэвэл ойлгоод яг л хэлснээр нь хийдэг. Гэтэл огт ажил хийж сураагүй, юу ч хийж чадахгүй хэсэг хүн ялгараад ирсэн. Судлаад үзтэл, тэр хүмүүс дотроо бас хотын төвийнх, хөдөөнийх гэж хуваагдаж байна. Хөдөө, орон нутгийн хүмүүс болохоор зөвхөн мал дээр байсан учраас өөр янз бүрийн ажил хийж мэдэхгүй. Хотын төвийнхөн болохоор бүр наад захын ахуйн ажил ч байхгүй, түлээгээ ч хагалж чадахгүй, идэх хоолныхоо гурилыг ч зуурч үзээгүй, тэр байтугай аягаа ч угаадаггүй хүмүүс байсан.
-Ийм хүмүүс байдаг гэхээр ажил хийх нь байтугай амь зогооход ч хэцүү сонсогдож байна шүү дээ?
-Хүүхдүүдээ амьдралын ухаанд сургаагүй эцэг эхчүүдэд бас их учир байна. Ажиглаад байтал, дийлэнх нь 1990-ээд онд амьдралын гараагаа эхэлж, аав болсон залуус. Тэдэнд хийх ажил олдоогүй. Тэгэхээр чинь амьдралд, ар гэрт асуудал үүсч эхэлнэ ээ дээ. Ингээд л гэрээсээ хөөгдөөд гардаг. Эсвэл орхиод зугтаасан байгаа юм. Амьдралд эдийн засаг, сэтгэл зүйн ямар ч бэлтгэлгүй орсон хүмүүс байсан л даа. Уг нь залуус танилцаад үерхэнэ. Тэгээд сүй тавина. Дараа нь хуримаа хийх учиртай. Гэтэл энэ бүх дараалал алдагдчихсан. Тэгэхээр чинь гэр бүлийн харилцаанд асуудал үүсч эхэлж байгаа юм. Залуус үерхэхдээ бие биеэ таньж мэднэ. Сүй тавихдаа хоёр талын ах дүүс, ахуй амьжиргаатай танилцаад, ирж очдог болно. Ингээд хуримын үеэр хоёр талын боломж нөхцөлдөө тааруулаад шинээр өрх гэр үүсгэж өгдөг. Гэтэл бэр гуйлт ч байхгүй.
Одоо ч гэсэн бэр гуйхаараа дандаа буруу хийдэг болчихоод байна шүү дээ. Ар тал, ахуй амьжиргаагаа тооцохгүйгээр өндөр зэрэглэлийн ресторан түрээслэнэ. Гэтэл айл гэр болно гэдэг чинь жүжиг тоглохтой адилгүй шүү дээ. Ирээдүйн бэрийнхээ гэрт очиж үзэхгүйгээр, хаана, ямар орчинд төрж өссөн бэ гэдгийг нь ч мэдэхгүйгээр яаж хүүхдүүдээ хамт амьдруулах гээд байгаа юм бэ. Энэ асуудал дээр өнгө мөнгө хөөж зиндаархахаас илүүтэйгээр хоёр талын аав ээжүүд манайх ийм айл, танайх тэгэх үү, эсвэл бүгдээрээ ингэх үү гээд үнэн үгээ ярилцах учиртай байхгүй юу. Дээрээс нь одоо дуртай үедээ, хаана ч хамаагүй хамтран амьдардаг болжээ. Тэгээд л хоёр тийшээ салаад явчихаж байна. Ингээд дундаас нь төрсөн хүүхдүүд хохироод үлддэг. Өөрийн гэсэн гэр бүл, амьдралын төлөвлөгөө, ер нь ямар ч эмх цэгцгүй яваа хүмүүс чинь дотроо бол маш их хямралтай “Би ер нь яасан дүүрчихсэн амьтан бэ”, “Тэр найз маань эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан л амьдарч байна”, “Харин тэр шинэ байранд орчихсон байна лээ”, “Харин тэр ёстой ганган машин авчээ” гэх мэтээр тэгш дүүрэн яваа бусад хүнтэй өөрийгөө харьцуулж, улам сэтгэл гутралд орчихдог. Тэгээд түүнийгээ дандаа буруу тайлдаг нэг хэлбэр нь архи ууж мансуурах болчихоод байгаа юм.
-Гэхдээ гэр бүл, ажил төрөлтэй эрчүүд ч архи уугаад байдаг шүү дээ?
-Манай зарим эрчүүд эхнэр хүүхдийнхээ дуу хоолойг биш, дуу чимээг л сонсдог болчихсон. Яршигтай юм, ядаргаатай юм гэдэг байдлаар хань ижил, үр хүүхэд, гэр бүл, ажил амьдралдаа хандаж байна. Судлаад үзэхээр анх амьдрал нь гоё л эхэлсэн байдаг. Гэтэл хүүхэдтэй болсон цагаасаа эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч бие биеэ төвөгшөөснөөс үүдэлтэй байдаг юм билээ. Зарим эмэгтэй хүн “Нөхөр гэж нэг согтуу хар юм байж л байна. Би энэ амьдралыг чирээд явж л байна даа” гэж ярьдаг. Гэтэл нөхөр нь болохоор “Би чадлаараа л зүтгээд байдаг. Эхнэр гэртээ зүгээр суугаад л мөнгө үрээд байх юм” гэдэг. Ерөөсөө бие биеэ хүндэтгэн чин сэтгэлээсээ ярилцаж ойлголцохоо больсон. Хоёр биенийхээ хэрэгцээг мэдрэхийг ч хүсэхээ байсантай энэ нь холбоотой. Эмэгтэйчүүдийн хувьд нэг давуу зүйл нь өөрт төрсөн мэдрэмж, янз бүрийн байдлаа найз хүүхнүүд, ээж, эгч гээд хэн нэгэнд ярьж тайвшраад, сэтгэлээ онгойлгоод байдаг. Харин эрчүүд ингэж хүнд дотоод сэтгэлээ нээж ярьж чаддаггүй. Ингээд сэтгэлээ буруу зүйлээр буюу архиар засдаг. Аажимдаа амьдрал айдас хүйдсээр дүүрч, асуудал хурцадмал хэлбэр рүүгээ шилжиж, эрүүл саруулаар хоорондоо ярилцаж ойлголцох чадваргүй болдог.
-Та эрчүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулж байсан учраас эрчүүд гэж яриад байна уу. Эсвэл тухайн үед эмэгтэйчүүд архи бага уудаг байсан юм уу?
-Тухайн үед архины хамааралтай эмэгтэйчүүд харьцангуй бага байсан юм. Харин сүүлийн үеийн судалгаагаар архины хамааралтай эмэгтэйчүүдийн тоо давамгайлж байна. Манайханд бас нэг буруу ойлголт бий. Жендер гэж ярихаар эмэгтэйчүүдийг л хамгаалаад эрчүүдийг хаячихсан гэдэг ойлголт яваад байдаг. Гэтэл жендер гэдэг маань зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш байхгүй юу. Ерөөсөө л хүйсийн тэгш эрхийг хамгаалдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан эрэгтэй хүмүүс л архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн ойлголттой. Үгүй шүү дээ, сүүлийн үеийн судалгаагаар архины хамааралтай эмэгтэйчүүд ч байна. Эмэгтэйчүүд ч хүчирхийлэл үйлдэж байна. Ингэж ярихаар үнэнийг сонсох дургүй, “Үгүй, эрчүүд л…“ гээд байдаг. Гэтэл архины хамаарал, донтолт хүйс ялгадаггүй. Архи ууна гэдэг чинь сэтгэл зүйн хувьд маш их асуудалтай хүмүүс л хиймэл сэтгэл хөөрөл дотор явж байгаа хэрэг. Тэгээд “Би архичин биш”, “Архийг хэзээ ч хаясан чадна” гэж ярьдаг. Үнэндээ аль хэдийнэ хамааралтай болчихсон, донтолтын хэлбэрт шилжчихсэн байгаагаа мэдэхгүй явж байдаг.
-Архины хамааралтай хүмүүсийн нас яагаад залуужиж байна вэ?
-Бид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын судалгаан дээр ажиллаж үзсэн. Судалгаанаас харахад, эрэгтэйчүүдийн дундаж наслалт богинохон байна. Яагаад, юунаас болов гээд дахиад судлаад үзэхээр хууч өвчнөөр өнгөрч байна. Энэ нь дотроо бас ялгаатай. Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь халдварт бус өвчнөөр өөд болоочид дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Халдварт бус өвчин гэдэгт нөгөө архины хамаарал жин дарж байх жишээтэй. Гэнэтийн осол, зуурдаар явчихлаа л гэдэг. Яав, юу болов гэхээр дандаа согтуугаар машин жолоодсон, мотоцикл унасан, морь малд чирэгдсэн, осгож хөлдсөн, усанд унасан, эсвэл ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд өртсөн, үгүй бол гэртээ угаартсан, гал түймэрт амиа алдсан гээд ахуйн ослуудын шалтгаан нь ч архи уусантай холбоотой байна. Гэнэт зүрх нь хаагдаад унтаагаараа явчихлаа, харвачихлаа гээд эрүүл мэндийн шалтгаан нь хүртэл архи ууснаас үүдэлтэй байдаг. Архи ууна гэдэг бол ерөөсөө аажмаар амиа хорлож байгаа үйлдэл болчихоод байгаа юм.
-Архи уудаг хүмүүс залуужсан биш ерөөсөө урт насалдаггүй юм байна шүү дээ?
-Тийм ээ. Бид 5000 орчим хүнд сургалт, зөвлөгөө өгсөн юм билээ. Хамгийн харамсалтай нь 5-10 жилийн өмнө аав ээжтэй нь ажиллаж байсан зарим хүний үр хүүхэд, ач зээ нь өнөөдөр архинаас гадна газ болон будаг шингэлэгч үнэртэх, хар тамхи хэрэглэх зэргээр мансуурах донтой болчихсон байна. Яагаад гэвэл, тэд аав ээжийнхээ архидан согтуурахыг л харж өссөн. Тэгээд тэд нь яагаа ч үгүй, эрт залуугаараа үр хүүхдээ өнчрүүлээд явчихсан. Хэрэв байсан бол өнөөдөр дөнгөж 45-50 насны л хүмүүс байхаар шүү дээ. Дөнгөж 17 настай, хоёр жил электрон тамхи татсан хүүхдийн уушги эрхий хуруун чинээ болчихсон байна, өнөөдөр. Тиймээс залуучууд мансууруулах зүйлээс татгалзаж, найз нөхдийнхөө хүрээллийг эрүүл саруул хүмүүсээр дүүргэж, хобби сонирхлоороо л нэгддэг байх хэрэгтэй. Ер нь залуучууд маань маш хямдхан, үнэ цэнэгүй зүйлтэй битгий хутгалдаасай. Тэр ах, энэ эгч гэдэг буруу хүрээллээсээ гараасай, хол байгаасай л гэж хүсдэг.
-Буруу хүрээлэл гэж ямар хүмүүсийг хэлээд байна вэ?
-Өнөөдөр нийгэмд нэг буруу хандлага байна. Тэр нь юу вэ гэвэл, залуус сургууль төгсөөд ажил хайдаг. Гэтэл таньдаг хүн асуугаад байх юм. Яах гэж байгаа юм бэ. Сургууль төгссөн үү, төгссөн. Дипломоо аваад л тухайн зар тавьсан байгууллага дээрээ очоод уулз л даа. Ажил гэдэг чинь зөвхөн цалин авдаг газар биш. Байгууллага болгон дандаа туршлагатай хүн хайдаг ч юм биш шүү дээ. Тэнд чамайг ажлын ур чадвар, нийгмийн харилцаанд сургана. Тэнд чи хааяа нэг загнуулна, магтуулна. Алдаа гаргана. Тэгж байж туршлагажина. Яваандаа сайхан хамт олонтой болно. Харин таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орвол чи тухайн хүндээ өрөнд орж, ямар нэгэн байдлаар хүсээгүй зүйлийнхээ хамааралд орж байдаг. Орой үдшийн цагаар энд тэнд хань татаж дуудна. Хамт явж архи дарс уухыг шаардана. Нэг л мэдэхэд янз бүрийн хүсээгүй харилцааныхаа хохирогч болчихсон, ямар ч гарцгүй байдалтай нүүр тулдаг. Энэ нь эрэгтэй ч, эмэгтэй ч хүнд ялгаагүй.
Аажмаар нөгөө л архины асуудал руу гулсаад орчихож байгаа олон жишээг үзлээ. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, анхнаасаа л эмх цэгцтэй, зөв хүрээлэлтэй яваарай. Манай улс ч гэр бүл, тэр дундаа эрчүүдэд зориулсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үнэндээ, 2021 оноос хойш хүүхэд, эмэгтэйчүүд л гээд яваад байгаа. Эрчүүдээ ерөөсөө орхичихсон. Эсвэл архитай л тэмцээд байдаг болохоос биш архи уух шалтгаан болж байгаа асуудалтайгаа ерөөсөө тулж ажилладаггүй.
Эсвэл энд тэндхийн хамаг хүмүүсийг цуглуулаад нэг арга хэмжээ зохион байгуулсан болоод л баахан зураг аваад, тайлан гаргаад байдаг. Би хэрэв шийдвэр гаргах эрхтэй байсан бол энэ хүмүүсээр хамгийн түрүүнд ажил хөдөлмөр хийлгэнэ.
Г.ГАНЧИМЭГ





“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...
43 минутын дараа
ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...
3 минутын дараа
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...
22 минутын өмнө
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...
1 цагийн өмнө
“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд