мэдээ
Дэд профессор Д.Агиймаа: Шээс, өтгөнтэй холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ авахаасаа ичиж болохгүй

Админ
2025 оны 3 сарын 29

53

АШУҮИС-ийн АУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Монгол[1]Япон эмнэлгийн хүүхдийн эмч, АУ-ны доктор, дэд профессор, хүүхдийн зөвлөх эмч Д.Агиймаатай хүүхэд шээсээ тэвчих нь ямар хор хөнөөлтэй талаар ярилцлаа.
–Шээс бол хүний биеэс заавал гадагшилж байх ёстой илүүдэл шингэн. Тэгвэл юуны улмаас сургуулийн насны хүүхдүүд давсгаа чинэртэл шээсээ тэвчиж байна вэ?
-Үүнд янз бүрийн шалтгаан бий. Ихэвчлэн хүүхдүүд зургаан наснаасаа сургуульд ордог. Гэнэт хүүхэд өөрийн таатай орчноосоо гараад өөр орчинд шилжиж, шинэ багштай уулзахаараа биеэ барих гээд байдаг талтай нь үнэн. Сэтгэл зүйн хувьд ч орчин солигдох нь бага зэргийн дарамт үүсгэдэг. Мөн хүүхдүүд багш гэдэг хүний үгэнд заавал орох ёстой гэж боддог учраас ариун цэврийн өрөө ороод бие засмаар байгаагаа илэрхийлж чадахгүй тохиолдлууд ч бий. Арай том болсон хүүхдүүд ариун цэврийн өрөө бохир байгаагаас үүдэн шээсээ тэвчих нь цөөнгүй. Эдгээр тохиолдлыг элбэг гэж хэлэхгүй. Гэвч ийм тохиолдлууд байгаа. Мөн хүүхдүүдийн шингэний хэрэглээ маш бага. Өөрөөр хэлбэл, шингэн хэрэглэх, шээсээ гадагшлуулах хоёр салшгүй ойлголт юм. Хүүхдүүд хичээлийн дундуур шээс хүрнэ гээд физиологийн хэрэгцээндээ тохирсон хангалттай хэмжээний шингэн уухгүй байна.Би үзлэг хийж байх үедээ тухайн хүүхдийн биеийн жинд тохирсон шингэний хэмжээг зөвлөдөг. Эцэг эхчүүд ч усны саванд нь шингэн зүйл хийгээд хүүхдүүддээ сургуульд нь явуулдаг. Гэтэл хүүхдүүд гэртээ ирэхдээ усаа уулгүй ирдэг гэдэг.
– Яагаад шингэн уухгүй байгаа талаар та хүүхдүүдээс асуусан уу?
-Би үзлэгийнхээ үеэр хүүхдүүдээс яагаад хангалттай шингэн уухгүй байгаа талаар асуудаг юм. Тэд ихэвчлэн “Хичээлийн дундуур багш гаргадаггүй, загнана. Ус уухаар шээс хүрнэ. Тиймээс уудаггүй” гэх мэтчилэн янз бүрээр хариулдаг. Харин цэцэрлэгийн хүүхдүүд орой гэртээ ам нь цангасан ирээд унтахын өмнө ус уудаг. Үүнээс үүдэн орондоо шээх гэх мэт зовуурь илэрдэг. Уг нь шингэний хэрэгцээгээ унтахын өмнө бус үдээс өмнө хангах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар монгол хүүхдүүдийн 90 хувь нь шингэний хэрэгцээгээ хангалттай нөхөж чадахгүй байна. Үүнд миний санаа зовж байна.
–Шээсээ тэвчих нь эргээд тухайн хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг үр дагаврыг бий болгодог вэ?
-Шээс давсагт үүссэн л бол биеэс гадагшилж байх ёстой. Шээс хүрэх мэдрэмжийг аваад л давсгаа бүрэн суллах ёстой байдаг. Шээсээ бүрэн суллахгүй байна гэдэг голын усыг боохтой л адил. Урсгал ус хэчнээн тунгалаг байсан ч эхийг нь боовол булингартаж, бохирдоно биз дээ. Яг үүнтэй адил шээсээ тэвчсэний улмаас давсагны үрэвсэл үүсч болно. Бүр цаашлаад энэ үрэвсэл нь бөөр рүүгээ орно. Үүнийг шээсний замын халдвар гэж нэрлэдэг. Энэ бол нэгдүгээр асуудал шүү. Хоёрдугаарт, сан техникийн бөглөрөл үүсвэл яах вэ. Жишээ нь, бөөрнөөс гарч байгаа шээс нарийхан сувгаар ороод давсагт хуримтлагдаад, гадагшлах ёстой байдаг. Гэтэл давсагтаа баригдаад л байвал хөгжлийнхөө түвшинд явж байгаа бөөр тэлэгдээд, үүнээс үүдэн бүтцийн өөрчлөлттэй ч болно. Цэцэрлэгийн насны, дөнгөж төрсөн хүүхдүүдийн бөөр хөгжиж эхэлж байх үедээ бүтцийн өөрчлөлттэй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд эрүүл хооллоод, зөв амьдралын хэв маягтай байвал бүтцийн өөрчлөлт нь эдгэрээд, цаашаагаа хөгжчихдөг. Гэтэл хүүхэд насандаа зөв хооллохгүй, давсгаа суллахгүй, үрэвслүүлэхэд хөгжиж байгаа эрхтэн нь бүтцийн өөрчлөлтөд орох эрсдэлтэй. Ер нь бол нас, насанд тохирсон давсгийн хэмжээ гэж байдаг. Жишээ нь, долоон настай хүүхэд байлаа гэж бодоход, долоо дээр хоёрыг нэмээд, хариуг нь гурваар үржинэ. Тэгэхээр энэ хүүхэд 250мл-300мл шингэн хуримтлуулах хэмжээтэй давсагтай байна гэсэн үг.
-Шээсээ тэвчих нь ямар нэгэн архаг өвчний суурь болох боломжтой юу?
-Боломжтой. Гурван сар ба түүнээс дээш бөөрний үйл ажиллагаа алдагдах, шээсний шинжилгээ нь өөрчлөлттэй гарахыг бөөрний архаг өвчин гэдэг. Түрүүн хэлсэнчлэн шээсээ бариад байх нь шээсний замын халдварт өвчинд хүргэж болно. Мөн бүтцийн өөрчлөлттэй болбол энэ нь цаашид архаг өвчин, бөөрний дутагдал, хамгийн муугаар бодоход бөөрний өвчний эцсийн шатандаа орох ч эрсдэлтэй. Хамгийн гол нь дуртай цагтаа бие засаж чадахгүйгээс үүдээд шингэнээ хангалттай нөхөж чадахгүй, шингэний дутагдалд орох нь өөрөө архаг өвчний суурь болдог. Шингэн зүйл уухгүй байна гэдэг нь биедээ үүссэн хороо шээс болгон гадагшлуулж чадахгүй байна аа гэсэн үг. Хүн бол заавал шээж, бааж биеэсээ хороо гадагшлуулж байх ёстой.
–Манайхан шээс, өтгөний тухай сэдэвт их эмзэг ханддаг. Ер нь энэ сэдвийн хүрээнд үйлчилгээ авахдаа ичих тохиолдол анзаарагдаж байна уу?
-Анзаарагддаг. Бидний идэж байгаа хоолны зарим нь шим тэжээл болоод биед шингэж байдаг. Зарим нь илүүдэл болоод биеэс гадагшилдаг. Хуучин эсүүд үхжиж, шинэ эсүүд бий болно. Бидний идсэн хоолны зарим нь хэрэггүй болоод гадагшилж байхдаа ялзраад, хор үүсгэнэ. Тэгэхээр үүнийг баас шээсээрээ л гадагшлуулж байх ёстой. Манай монголчуудын хувьд шээс, баас гэхээр л хэвийн бус зүйл мэтээр харах нь олонтой. Гэтэл бусад орныхон маш өөр хандлагатай байдаг. Жишээ нь, үзлэг хийхэд гадаад хүүхдүүд “Өнөөдөр миний шээс ийм өнгөтэй байсан. Би хоёр удаа баасан” гэх мэтчилэн нээлттэй ярьдаг. Харин монгол хүүхдүүдээс “Шээс нь ямар өнгөтэй байсан бэ” гэж асуухад доошоо хараад, мэдэхгүй гээд ичих нь элбэг. Уг нь хүн бүр шээсээ ажиглаж, харж байх ёстой. Түүнээс ичих ямар ч шаардлага байхгүй.
–Шээсээ ажиглана гэхээр өнгийг нь ажиглах хэрэгтэй гэсэн үг үү?
-Шээс хэвийн үедээ сүрлэн шар өнгөтэй, өөрийн гэсэн өвөрмөц хурц үнэртэй байдаг. Шингэн бага уувал бүр илүү хурц үнэртэнэ. Хамгийн гол нь тунгалаг, булингаргүй байх ёстой. Хөөсөрч болно. Гэхдээ хөөс тодорхой хугацааны дараа арилах ёстой. Идэж байгаа зүйлээс шалтгаалаад цустай ч шээж болно. Бид эрүүл байна уу үгүй юу гэдгээ нүдээрээ харж байх ёстой. Үүний тулд иргэд өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ шээсийг байнга ажиглах хэрэгтэй. Өдөр бүр таны шээс тунгалаг, булингаргүй байна уу гэдгээ заавал харж бай. Ялангуяа булингартай, үмхий үнэртэх юм бол заавал шээсний шинжилгээ өгөх ёстой. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн шээсний шинжилгээг авч эхэлснээс хойш “цэцэрлэг, сургуульд явах гээд шинжилгээ өгөхөд өөрчлөлттэй гарлаа” гээд ирж үзүүлж байгаа хүүхдүүд олон болсон. Энэ бол манай улсын хүүхдийн эрүүл мэндэд хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж би хувьдаа харж байгаа.
-Бөөрний өвчин ямар нэгэн бусдаасаа өвөрмөц зовууриар илэрдэг үү?
-Харамсалтай нь бараг л үгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөр дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөөрний өвчтэй хүүхдүүдэд ч зовуурь илрэхгүй байдаг. Маш их үрэвссэн, эцсийн шатандаа очсон бөөр ч өвдөхгүй, ямар нэгэн зовуурьгүй байх магадлалтай. Цөөхөн хэдэн тохиолдолд өвддөг. Тэгэхээр бөөрний өвчин өвдөлтгүй байх магадлалтай. Түүнчлэн эмчид үзүүлсэн ч үзлэгээр илрэхгүй байж болдог. Уушги, зүрх шиг чагнагдахгүй, элэг, дэлүү шиг тэмтрэгдэхгүй. Заавал шинжилгээгээр илэрнэ. Энэ л хамгийн аюултай. Нийт ард иргэддээ хандаж зөвлөхөд, заавал шээсээ ажиглаж бай. Эрүүл хүн ч жилдээ нэг удаа шээсний шинжилгээ өгч хэвлийн эход харуулж байх хэрэгтэй. Мөн бөөрний өвчин гэхээр тарваганы бөөр идэх, янз бүрийн тан уух, эсвэл тийм ургамал сайн гээд дураараа эмчилгээ хийж ерөөсөө болохгүй. Энэ дур зоргоороо хийсэн алхам өвчнийг илүү хүндрүүлэх тохиолдол байдаг. Бөөр дотроо түүдгэнцэр, гогцоо, аяганцар гэх мэт олон эрхтэнтэй болохоор тэр болгон нь янз янзаар үрэвсдэг. Тэрийг мэргэжлийн эмч л үзсэн цагт ялган оношилж, үр дүнтэй эмчилгээ бичнэ. Тийм болохоор манай иргэд хамгийн гол нь мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе





Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ
ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...
18 минутын өмнө
Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
1 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
2 цагийн өмнө
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд