мэдээ
Б.Анар: ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн зохицуулалтуудыг дотоодын ААН-үүдэд сөрөг нөлөө бага байхаар хийсэн

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 3 сарын 28

20

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Анартай ярилцлаа.
-Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Москвад ажиллаж, түр хэлэлцээр байгуулах гурав дахь шатны хэлэлцээг хийгээд ирсэн. Энэ хүрээнд ямар, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, эргээд ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авахаар тохирсон бэ?
-Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард хэлэлцээрийг батлах тухай асуудлыг ярьж байгаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ дахин сайн зөвшилцье гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Тэр хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдсан. Ялангуяа дотоодын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд, дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бараа, бүтээгдэхүүнүүдийг, зарим салбарын бүтээгдэхүүнүүдийг Евразиас Монгол руу импортоор орж ирэх жагсаалтаас хасуулах ажлын хэсэг ажилласан. Үүний үр дүнд нийт 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгаалах ёстой, энэ чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж хийгээч ээ гэсэн санал гаргасан. Тэр дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээс эхлээд хэлэлцээр үргэлжлээд явсан. 23 бараанаас найман нэр төрлийн барааг жагсаалтаас хасуулсан. 11 бараан дээр айлын талтай харилцан ойлголцож буулт хийлгүүлсэн ажлууд хийгдсэн. Ялангуяа дотоодын аж ахуйн нэгжүүдийн яриад байгаа цөөн хэдэн бараа байна. Өндөг, улаанбуудай, сүү, хуурай сүү, архи, пиво зэрэг багтаж байгаа юм.
-Евразиас Монгол руу орж ирэх, өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан ямар найман төрлийн бараа байгаа вэ?
-Бид ярьж байгаад шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн цөцгий, даршилсан өргөст хэмх, сонгино, төмс, шар лууван, манжин гэсэн найман нэр төрлийн барааг хасуулсан. Эдгээр бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байна.
-Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй импортын 11 барааны хувьд?
-Сахартай болон сахаргүй хуурай сүү 5 хувийн татвартай байгааг хэлэлцээрийн үр дүнд бүрэн тэглэнэ. Хайлмал бяслаг, цөцгийн тос, бяслаг, бусад төрлийн бяслаг бүгд 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно. Өндөг 15 хувийн татвартай байгаа юм. Манай улсын өндөгний жилийн хэрэглээ 300-400 сая байдаг. Импортоор 90-120 сая ширхэг өндөг авдаг гэсэн тоон мэдээлэл байна. Тэгвэл 90 сая ширхэг өндөг хүлээн авна гэсэн квот тогтоож өгч байна гэсэн үг.
Өндөгний экспортын татвар 15 хувь байгаа бол 90 сая хүртлээ 7.5 хувь, түүнээс дээш байвал ямар нэг тарифын хөнгөлөлт байхгүй гэдгээр тохирсон. Хатуу улаанбуудай 5 хувийн татвартай байгааг 3.75 хувь, зөөлөн улаанбуудай 5 хувийн татвартай байгааг 3.75 хувь болгоно.
-Улаанбуудай дээр?
-Жилдээ авах хэмжээний квотыг бас зааж өгсөн. Жилдээ ойролцоогоор 150-90 мянган тонн гээд янз янзаар авдаг юм билээ. Өнгөрсөн жил 80 орчим мянган тонн улаанбуудайг авсан байсан. Тэгэхээр энэ тоонуудаа харж байгаад бид 50 мянган тонны квот тогтоосон. Одоо улаанбуудай 5 хувийн гаалийн татвартай байна шүү дээ. Тэр гаалийн татвар 50 мянган тонн нь 3.75 хувь байна гээд, түүнээс дээш байвал ямар нэг тариф тогтоохгүй, адилхан орж ирдэг бараанууд. Дээрээс нь Монгол Улс улаанбуудай авахгүй гэвэл орж ирэхгүй гэж шууд ойлгож болно.
-Архи, согтууруулах ундааны төрлийн импортын бараа бүтээгдэхүүн дээр татварыг хэрхэн бууруулахаар тохиролцсон бэ?
-Түр хэлэлцээрийн үр дүнд шар айраг 25 хувийн татвартай байгааг 18.75 хувь, цагаан архи 40 хувийн татвартай байгааг 30 хувь болгоно. Харин йогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан.
-ЕЭЗХ-ны орнуудад экспортлох мах, махан бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлж байгаа ч тухайн бүтээгдэхүүнд 38 төрлийн шаардлага тавьдаг хэвээр байна. Энэ хэлэлцээрт нэгдэх нь “Монголд ашиггүй” гэсэн судалгааны дүн гарчээ. ЭЗХЯ-наас түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсад ямар үр ашиг авчирна гэж тооцсон бэ?
-Хэлэлцээрийн явцад манай талаас гаргадаг гол нэр төрлийн бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулаагүй, бүрэн тэглэхээр авч үлдсэн. Евразийн таван улсын зах зээл гэдэг нь 220 сая хүн амтай. 366 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр жилд 10 тэрбум ам.долларын зах зээл байна. 50-15 хувиар зардлыг нь бууруулж өгч байна. Бидний хүсч байгаа уул уурхайн бус түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх гол гарц болно гэж бодож байна. Айлын талтай хэлэлцээрээ эцсийн байдлаар тохиролцсон. Одоо Засгийн газарт өргөн бариад, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцсөний эцэст УИХ соёрхон батална.
-Аж ахуйн нэгжүүд энэ түр хэлэлцээр байгуулагдвал дөнгөж сэхэл авч буй дотоодын үйлдвэрлэлээ үүд хаалгаа барихад хүргэнэ гэж нэлээд эсэргүүцсэн. Тэдний болгоомжлол, санал хүсэлт нааштайгаар шийдэгджээ гэж ойлгож болох уу?
-Болно. Мөн хуурай сүүн дээр ялгаагүй 1500 тонн гэх хэмжээгээр квот тогтоогоод, түүнээс дээш ямар нэгэн тарифын хөнгөлөлт байхгүй гэж оруулсан. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгээс өгч буй мэдээллээр, хуурай сүүг жил бүр импортоор авах хэрэгцээ байдаг гэж байна. Тэгэхээр тэр хэмжээгээр орж ирнэ. Түүнээс дээшээ хямд үнээр орж ирэхгүй.
-Иргэдэд ЕАЭЗХ-ны таван улсаас хямд бараа орж ирээд, дотоодын зах зээлийг эзлэх нь гэсэн болгоомжлол бий. Та юу хэлэх вэ?
-Бүх бүтээгдэхүүн биш л дээ. Хэлэлцээр ерөөсөө 366 нэр төрлийн бүтээгдэхүүнээр л хязгаарлагдаж байгаа юм. Бүх бүтээгдэхүүн гэвэл монголчууд ойролцоогоор 6000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг байх. Би сая хэлсэн, бүгдийг нь тэглээд байгаа асуудал биш. Зарим бараануудын хувьд тодорхой биет хэмжээнд хязгаартай, татварыг бүтэн хувиар тэглэхгүйгээр 10, 15 хувиар хөнгөлдөг ч юм уу. Жишээлбэл, 5 хувийн татварыг 25 хувиар хөнгөлөхөд 3.75 хувийн татвар болно гэдэг ч юм уу. Ийм байдлаар л хөнгөлөлт хийж байгаа юм. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө аль болох л бага байхаар, дотоодын үйлдвэрлэлээ илүү сайн хамгаалсан байдлаар энэ хэлэлцээрийн зохицуулалтуудыг хийсэн.
-Монгол Улс энэ түр хэлэлцээрийг байгуулах гэж арав гаруй жил хөөцөлдсөн гэдэг. Яагаад энэ хэлэлцээрийг байгуулж болдоггүй байсан юм бэ. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Өмнөх арван жилд болсон, болоогүй гэдэг нарийн шалтгааны талаар хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Евразийн эдийн засгийн холбооны Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргизистан гэсэн таван улсаас авах бүх бүтээгдэхүүн, мөн 6000 бүтээгдэхүүний татварыг тэглэвэл мэдээж Монгол Улсад ашиггүй. Тодорхой хэмжээний, цөөн тооны бараа бүтээгдэхүүн дээр тохиролцож чадвал энэ нь Монгол Улсад илүү ашигтай. Нэмээд хэлэхэд, Монголын талаас нийт 366 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр ЕАЭЗХ-ны орнуудад нийлүү лэхээр тохирсон. Салбараар нь задалбал, мах махан бүтээгдэхүүний 29 төрлийн бараа, арьс, ширэн бүтээгдэхүүний 60 төрлийн бараа, ноос, ноолууран бүтээгдэхүүний 204 төрлийн бараа, ХАА бусад бүтээгдэхүүний 73 төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохирсон. Ингэснээр Монгол Улсын экспортлогч ААН байгууллагууд жилд багадаа 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж ажлын хэсэг үзсэн.
Д.Эрдэнэтуяа





Эрхэмсэг орших учиртай хүн юм сан…
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ. Баттулга УИХ-ын чуулганы хуралдааныг олон тасалса...
8 цагийн дараа
Иргэдийн эрмэлзэл, зоригийг мохоох үйл явц өнөөдөр хүчээ авч байна
Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь “Иргэд өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ нийгэмд чөлөөтэй илэрхийлдэг байх эрх чөлө...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
Хур тунадас: 29, 30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн ...
7 цагийн дараа
ТОЙМ: “Одоогийн байдлаар шарк Д.Энхтүвшин хамгийн олон гахай аваад байгаа… ” хэмээн өгүүллээ
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын 25 дахь Ер...
6 цагийн дараа
3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүлэв
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Сингапурт үргэлжилж байна. Өчигдөр/2025.03.29/ хэсгийн шат өндөрлөж, өнөөдөр хасагдах шатанд өрсөл...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд