мэдээ
Цагдаагийн хошууч М.Баавдай: Ажиллаж байгаад асуудалд холбогдвол шууд болих хэрэгтэй. Учир нь Монголын цагдаагийн нэр хүнд Монгол Улсын нэр хүнд байдаг

Админ
2025 оны 3 сарын 29

73

Сүүлийн үед нийгэмд цагдаатай холбоотой асуудлууд үүсэж буйтай холбогдуулан Монгол Улсын гавьяат эдийн засагч, цагдаагийн хошууч, ахмад ажилтан М.Баавдайтай ярилцлаа. Тэрээр 1970 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, Цагдаагийн ерөнхий газрын намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан бэ. Ямар хүмүүсийн удирдлагад ажилласан талаараа эхлээд ярихгүй юу?
-Би Ховд аймгийн Булган сумын уугуул, торгууд хүн. 1968 онд буюу 26 настайдаа Казахстан улсын нийслэл Алмата хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж, Шувуун фабрикт ажиллаад, дараа жил нь намд элссэн. 1970 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож байлаа. Дөнгөж төгсөж ирсэн надад депутат болчихоод, анхны чуулганд суусан мэдрэмж санаанаас гардаггүй юм.
Надад итгэсэн итгэл л гэж одоо боддог. Тухайн үед төгсөж ирсэн хүүхдүүдийн гол үзүүлэлт нь орос хэл байсан. Миний хувьд орос хэлийг таван жил сурч, синхрон орчуулга хийдэг байлаа. Ингээд МАХН-ын Төв хорооны боловсон хүчний бүртгэлд орсон байдаг. Тэндээ гурван жил ажилласан юм. 1971 онд намайг МАХН-ын Төв хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга Т.Рагчаа гуай дуудаад, Ховд аймгийн Булган суманд таваарлаг мах өөх, ноосны чиглэлийн хонин сүрэг бий болгох ажилд томилсон юм. Булган суманд энэ ажлаа эхлүүлээд жил болж байтал Намын төв хороон дээр дуудаж, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулж, Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилж байлаа
1978 онд хороон дээр дуудлаа гэхээр нь очтол Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын сэргийлэх хэлтэс буюу гадуур албыг хариуцсан даргаар томилсон юм. Улсын хэмжээний буу зэвсэг, тамга тэмдэг, Улаанбаатар хотын эрүүлжүүлэх, баривчлах газар, хаяг тогтоох гээд бүх хэв журмын алба хамаардаг байлаа. Тухайн үед би цэрэг цагдаагийн алба хаагаагүй байлаа. Гэтэл надад шууд “хошууч” цол өгч, энд 1980 он хүртэл ажилласан юм. Тэгээд намайг Москва руу Цагдаагийн академид явуулсан. Тэнд Оросын дээд тушаалтай офицеруудын лекц, сургалтад суухаас эхлээд олон газар үзэж, их л сонирхолтой санагддаг байсан. Гэхдээ надад өдрийн сургалтаас илүү албадуудын үйл ажиллагаатай танилцаж, өндөр тушаалтай офицеруудыг дагаж тоног төхөөрөмжтэй танилцах нь сонирхол татдаг байсан юм. Цагдаагийн академид суралцаад иртэл намайг Улс төрийн товчоогоор оруулаад Цагдаагийн ерөнхий газрын Намын төв хорооны нарийн бичгийн даргаар томилсон.
-Тэр үед нас залуу байсан байх. Дарга нар юу гэж захидаг байв?
-Их л залуухан байж. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга улс төрийн товчоог удирдаж байсан юм. Генерал Б.Дэжид гуай намайг даргын өрөөнд дагуулж оруулсан. Тэгээд Ю.Цэдэнбал дарга “Дэжид ээ, нөгөө Ховд аймгаас авчирсан хүүхэд чинь мөн үү. Манай Ховдынхон их ажилсаг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Чи өмнө нь юу хийж байв” гэхэд нь “Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хийж байсан” гэтэл “Манай эвлэлийн хорооныхон мундаг залуучууд байдаг юм. Хамгийн гол нь чи сайн ажиллана шүү. Доод тушаалын алба хаагчаас эхлээд цагдаа, замын хөдөлгөөний зохицуулагч, гал унтраагч гээд энэ хүмүүсийн ахуй амьдралтай ойртож ажиллах хэрэгтэй. Манай дээд тушаалын офицер, генералууд доод тушаалын хүмүүсийнхээ ажил руу гүн ордоггүй, амьдрал ахуйтай нь тодорхой танилцдаггүй юм. Миний сонссоноор хорооны зарим цагдаа тав хоног гэртээ ирээгүй гэж би сонсож байсан” гэж надад хэлж байсан юм. Ингээд л томилогдож байлаа.
-Энэ үед ямар хүмүүстэй хамт ажиллаж байсан тухайгаа дурсахгүй юу?
-Тэр үед Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал А.Думбарай гэж хүн байсан. Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хурал хийхэд нэгдүгээр хүн нь А.Думбарай генерал, хоёрдугаар хүн нь би байж дээ. Хошууч генерал С.Будрагчаа, Б.Пүрэв генерал, Ц.Жамьянсэнгээ хурандаа, З.Жанцан хурандаа, Гавьяат хуульч, хурандаа С.Дамдин гээд олон сайхан хурандаа нартай хамт ажиллаж байлаа.
Цагдаагийн ажил бол хэцүү, хүнд ажил. Бид нэг хэсэг яамны гурван давхарт амьдардаг байлаа. Манай дээд талд хурандаа, генерал Б.Дэжид даргынх, цаад талын жигүүрт Ж.Батмөнх даргынх байлаа. Хоёр автын станцтай байсан юм. Станцаар байнга мэдээ орж ирдэг болохоор гэртээ эртхэн ирээд амрах боломж бага. Яагаад гэвэл энд, тэнд тийм юм болж гэхээр л очдог. Цагдаа бол ажил нь хүнд боловч нэр хүндтэй бөгөөд гайхамшигтай, юутай ч зэрэгцүүлж болохгүй, авьяас, тэсвэр тэвчээр, овсгоо самбаа, ёс суртахуун гээд бүгдийг шаарддаг мэргэжил. Үүнийг нь ард түмэн үнэлж байдаг ийм л алба.
-Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй хариуцлагатай алба. Цагдаа нар өөрсдөө хэрээс хэтэрсэн хэрэг, зөрчил гаргачихсан мэдээлэл үе үе харагддаг. Үүн дээр та ямар бодолтой байна?
-Цагдаагийн алба хаагч бол хариуцлагатай, маш нямбай, сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Яагаад гэвэл цаана нь хүний амь нас яригддаг. Хэдийгээр хэрэг зөрчил гаргаж байгаа эрүүгийн элемент нь хүн мөн боловч хэрэгт холбогдож байгаа хүнээ хүртэл “хүн” гэдэг утгаар нь харьцах ёстой. Жишээ нь, би С.Будрагчаа генералын удирдлагад хамт ажиллаж байлаа. Тэр их тайван, өндөр боловсролтой, сайн удирдагч байсан. Цагдаагийн алба хаагч ийм л байх ёстой гэж тухайн үед боддог байлаа. Хэрэв ямар нэгэн хэрэг төвөгт холбогдсон бол тэр хэрээрээ Монголын цагдаагийн нэр хүндэд халдаж байна гэсэн үг.
Цагдаагийн алба хаагч өргөсөн тангаргаасаа няцаж, ёс зүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байгаагаа энэ албаны нэр хүндэд шууд халдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл цөөн хэдэн болчимгүй, хариуцлагагүй алба хаагчаас болж цагдаагийн нэр хүнд унаж байгаа бол байж болшгүй зүйл. Төрийн сүлд, төрийн соёмбо зүүсэн дүрэмт өмссөн үедээ төрийн нэрийн өмнөөс бэлтгэгдсэн гэдгээ анхаарах ёстой. Хэрэв ажиллаж байгаад ямар нэгэн асуудалд холбогдвол үтэр түргэн болих хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын цагдаагийн нэр хүнд бол Монгол Улсын нэр хүнд юм. Бидний амар тайван амьдрахын эхлэл нь үүнтэй холбоотой.
-Таныг Намын төв хороонд ажиллаж байсан үеийг одоо үетэй харьцуулахад цагдаагийн алба нэлээд төрөлжсөн байгаа байх?
-Тэр үед Цагдаагийн ерөнхий газар гэдэг нэг л том байгууллага бүгдийг нь зангидаж байсан. Одоо Монголын цагдаагийн алба нэлээд төрөлжсөн. Улсын мөрдөн байцаах газар тусдаа, Урьдчилан сэргийлэх алба тусдаа гээд мэргэшсэн олон албатай, техник хангамж сайн байна. Гэхдээ энэ боломжийг ашиглаж, мэргэшсэн албадуудыг удирдаж байгаа одоо үеийн удирдлагууд сайн ажиллаж, доод тушаалтнууддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Наад зах нь өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээ аль болохоор албан тушаалд авч ажиллуулахгүй байх хэрэгтэй. Хамаарал бүхий хүмүүс байна гэдэг бол тэр албаны нэр хүндэд л нөлөөлнө.
Г.БАЛГАРМАА





Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ
ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...
9 минутын өмнө
Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
44 минутын өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
1 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
2 цагийн өмнө
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд