мэдээ
Таван “МӨНХ”-тэй айлын хотонд төлийн дуу цангинаж байна

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 4 сарын 13

80

“Хайлан сэмжрэх цасаа дагаад
Хаврын өнгө нь цоохор билээ
Хашир малчдын алдрыг өргөөд
Хангинах төл нь дуучин билээ” хэмээх П.Адарсүрэн гуайн сайхан дуу бий. Үнэхээр ч хяр, бэлийн цас хайлан судгаа даган урсаж, хангай дэлхий хаврын аашинд өнгөө тохируулан цоохорджээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, урин цагийн элчээр хүний сэтгэл баясаж байгаа энэ үеэр бид Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Б.Мөнх-Эрдэнийн хотонд очиж, нялх төлийн сурвалжилга бэлтгэлээ. Биднийг очиход гэрийн эзэн хониндоо явсан, эхнэр нь хүүхдүүдтэйгээ байв. Б.Мөнх-Эрдэнэ өдгөө 30 дөнгөж гарч яваа залуу ч таван сайхан хүүтэй юм. Таван хүүгийнх нь ууган нь одоо дөрөвдүгээр ангид сурдаг бол бага нь бор хоолонд хараахан орж амжаагүй “том” залуу ажээ. Эднийх арван жилийн өмнө Ховдоос малаа туугаад энэ нутагт шилжин ирсэн байна. Анх 100 гаруй богтой, 6-7 адуутай ирсэн гэдгээ Б.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Хонгорзул ярьж суулаа.
Тэрээр “Хаваржилт гайгүй байна. Өнгөрсөн жилийн өвөл цас их дарсан. Энэ их цас хэзээ хайлж дулаарна даа гэж бодож байтал гуравдугаар сарын сүүлчээс ханзарч эхэлж билээ. Ингээд нөгөө их цас нэг л өглөө юу ч үгүй хайлж, өнжсөн өвс намраараа шахуу гарч ирсэн нь хаврын малд их тамир болсон шүү. Энэ сарын эхээр манай анхны төл гурван ихэр хурга байсан. Залгаад хоёр ихэр төл хэд, хэд авлаа. Одоо мал төллөлт дундаа орж байна” гэв. Ойр зуур хаваржилтын талаар ийнхүү ярьж суутал орон дээр түрүүнээс хойш унтаж байсан “том” залуу сэрж, уйлагналаа. Айлын эзэгтэй бага залуугийнхаа уйлахыг тоосон шинжгүй ирсэн зочдод цай, хоол бэлтгэн, гал тогооныхоо ажилдаа анхаарч байв. Уйлсан тэр залуугийн дээр дахиад дөрвөн хүү өсгөсөн болохоор ч тэр үү тав дахь залууг тоож байгаа шинж харагдсангүй. Мөнөөх залуу ч ах нарынхаа дууг сонсоод саатав. Бид цай амсчихаад хотонд үлдсэн төл малын цангинасан дууг сонсохоор гарлаа. Эднийх хаваржаагаа хашаалж, хашаан дотроо худаг гаргасан байна. Хангай газрын айл гэсэндээ малын хашаа хороог бүгдийг нь дүнзэн урт модоор жимбийтэл засч барьсан нь ажилсаг залуу өрх гэдгийг нь илтгэнэ. Хашаанд нь мотоцикл, портер, ойр зуур уначих жижиг тэрэг харагдав. Залуу өрх гэхэд дутах зүйлгүй л амьдарч байгаа нь хэдэн малаа өсгөж хөдөлмөрлөснийх нь үр шим гэлтэй. Биднийг хашаа, хороогоор алхахтай зэрэгцэн дөрвөн хүү нь даган гарч, хоёр том нь хойд уулын модтой энгэрт хонио хариулан яваа аавынхаа зүг мордлоо. Харин хоёр бага хүү бидэнтэй хамт ишиг, хурга хөөцөлдөн тоглож байв. Эдний хаваржаанаас баруун зүгт Баянбуурал амралтын газар харагдана. Наагуур нь төмөр зам явж, Хараа голын хөндий уужуу харагдах аж. Бид “Танай зуслан хаана вэ” гэж гэрийн эзэгтэйгээс асуухад “Голын наана харагдаж байгаа тэр ганц байшин чинь манай зуслан. Тэр хажууханд нь байгаа торлочихсон газар бол манай төмсний талбай. Удахгүй төмсөө тарина даа” гэв.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ХАВАР ШУУРАХ НЬ БАГА БАЙВАЛ ГАРСАН ХЭДЭН ТӨЛ АЯСААРАА МАЛ БОЛЧИХДОГ ДОО
Хараа гол зах хэсгээрээ урсаж, голын мөсөө хоёр талаас нь долооно. Усны шувууд төрөл төрлөөрөө, хос хосоороо ганганана. Хун, галуу, нугас, ангир тэргүүтэй усны шувууд хараа голын тохой хэсгээр багтаж ядан нисэлдэнэ. Уулын хормойг ороон гарч ирсэн галт тэрэгний хүнгэнэсэн дуунд үргэсэн шувуудын ганганаатай зэрэгцэн нялх төлийн майлалдах чимээ хаврын их найрал хөгжим гэлтэй сонсогдоно. Хавар цаг ч хүний сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж, догдлуулдаг бололтой. Тэр дундаа малчны хотонд өнжих шиг жаргал байхгүй гэлтэй. Ирсэн бидэнд хэдий сайхан байгаа ч хавар цаг малчдаас чамгүй хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг шаарддаг онцлогтой улирал билээ. Анхны төл гурван ихэр хургыг өхөөрдөн харж, хачин ааштай хар халзан ишигтэй тоглон байтал гэрийн эзэн уяан дээр ирлээ. Бидэнтэй уулзахаасаа өмнө тэрээр энгэрээсээ дөнгөж саяхан төрсөн бололтой нялх ишиг гарган ирж, “он жавууд”-тай нь хамт үлдээчихээд, хүрэмтэй дээлээ дайлан тоосоо гөвлөө. Түрүүн явсан хоёр залуу аав дээрээ очиж, хонио харж хоцорсон нь тодорхой. Хэдий хүүхдүүд нь жаахан ч эхнээсээ ийнхүү тусад орж байгаа нь сайхан. Удахгүй энэ таван залуу аав, ээжийгээ юунд ч хөдөлгөхгүй жаргаана биз ээ.
Гэрийн эзэнтэй мэндлээд, хаваржилт ямар байгаа хөөрөлдлөө.
-Мал төллөлт ид дундаа байх шиг байна, тийм үү?
-Хаваржилт давгүй сайхан шүү. Ойрын хэд хоног дулаахан, салхи шуурга багатай, их л аятайхан байна. Гэхдээ хаврын тэнгэр “хааш яаш” гэдэг дээ. Нэг өглөө босоод ирэхэд цас дарчихсан байдаг. Манай нутагт хавар цаг шуурчихгүй бол болдог доо. Нэг шуураад эхэлчихвэл ч цаг хүндэрч, мал, малчингүй л тамиргүй болтлоо ядардаг. Ойрын үеийн цаг агаарын мэдээ сонсож байхад шуурахгүй л гэж байсан. Битгий шуураасай л гэж залбирах юм.
-Мал төллөлт хэдийд шувтрахаар байна?
-Болоогүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж төллөсөн. Талдаа ч ороогүй байна даа.
-Танайх энэ жил хэчнээн төл авах вэ. Мал ер нь жилбэтэй төрж байна уу?
-Цас эрт хайлж, намраараа шахуу байсан өвс гарч ирсэн нь хэдэн малд маань сайн юм боллоо. Тэр утгаараа энэ жилийн мал их жилбэтэй сайхан төрж байна. Шуурахгүй яг энэ хэвээрээ шинэ ногоотой залгачихвал ч хэдэн жил тохиогоогүй сайхан хавар болох шинжтэй байна шүү. Манайх 700 орчим богтой. Үүнээс өнгөрсөн намар, өвөл эр хонинуудаа бүгдийг нь борлуулчихсан. Дандаа эм хонио авч үлдсэн. Энэ хавар 400 богоос төл авах учиртай. Одоогийн байдлаар 200 гаруй төл авчихаад байна. Дахиад 100 гаруй төл авчихвал ч хаврын ажил дуусах дөхөж л байна даа.
-Хаваржилт гайгүй болж байна гэлээ. Энэ утгаараа төл малын хорогдолт бага байна уу?
-Өмнөх жилүүдийг бодоход өнчин ишиг ч дутаагаагүй л байна. Гэхдээ цагийн байдал ямар байхаас хамаарна. Хавар шуурах нь бага байвал гарсан хэдэн төл аясаараа мал болчихдог доо. Манай энд төл малын хорогдолт нөлөөлдөг нэг аюул бий. Тэр нь шувуу. Яг энэ мал төллөх үеэр хониныхоо дэргэдээс алхам ч холдож болдоггүй. Гэрийнхээ гадаа дөхүүлчихээд, цай уух зуур хэд хэдэн хурга, ишиг шүүрчихдэг. Өчигдөр би хониныхоо толгойг гэрээдээ зүглүүлчихээд хойд арыг давж, саахалтынхаасаа нэг юм авчихаад ирэх хооронд л хоёр хурга шүүрчихсэн. Болдог бол энд байгаа том шувуудыг бүгдийг нь буудчих юмсан гэж бодогддог.
-Чоно, нохой гайгүй байна уу?
-Чоно гайгүй ээ, бас аргатай л байна. Энэ муу шувуу л хэцүү байна даа.
ЗЭЭЛ АВЧ ХУДАГ ГАРГУУЛСАН. ДАХИАД ЗЭЭЛ АВААД ЗУСЛАН ДЭЭРЭЭ БАЙШИН БАРИХ САНААТАЙ БАЙНА
Биднийг ийн ярилцаж байтал гэрийн эзэгтэй хоол ид гэж гэртээ урилаа. Цагаан сарын бууз, ууцны мах чанажээ. Хүүхдүүд нь хотод сургууль, цэцэрлэгт явдаг байна. Ингэхдээ аав нь бүтэн сайнд хүргэж өгөөд тав дахь өдөр очиж авдаг гэнэ. “Иддэг ам цөөрчихөөр хоол, хүнс ч хорогдох нь бага болчихдог. Тиймээс цагаан сарынхаа бууз, ууцны махыг, одоо болтол бараагүй байна” гэлээ. Эдний ууган хүүг М.Мөнхзул, удаахийг нь М.Мөнхсайхан, дундахыг нь М.Мөнх-Ирээдүй, М.Мөнхбаяр гэдэг бол багыг нь М.Мөнхтулга гэнэ. Таван Мөнхтэй айл гэхээр нутгийнхан нь андахгүй мэддэг гэж байлаа. Гэрийн эзнээс “Танайх хашаандаа худагтай юм уу. Худаг гаргахад өртөг ямар байдаг вэ” хэмээхэд “Өнгөрсөн намар худаг гаргуулсан. Ус нь их сайхан шүү. Ойр хавьд байгаа айлууд манайхаас усаа зөөдөг. Өнгөрсөн намар хоршоонд нэгдээд 17 сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ худаг гаргуулж, үлдсэнээр нь хаваржаагаа томсгож, тохижуулан зассан. Улмаар өвөл хэдэн мал нядлаад зарсан орлогоороо зээлийнхээ ихэнхийг дарсан. Одоо хаврын ноолуураараа бүтэн төлөөд дуусгачихна. Тэгээд дахиад 40 сая төгрөгийн зээл авч, зусландаа шинэ байшин барина даа. Манайд зун хүмүүс их ирнэ. Бас олон хүүхэдтэй учраас гэрт багтаж шингэдэггүй. Тиймээс дөрвөн өрөөтэй саруулхан байшин барьчих санаатай байна. Мөнгө байхад ч хангай газар байшин барих шиг амархан ажил алга” гэлээ. Эдний хоршоонд есөн айл нэгдсэн байна. Энэ айлууд тус бүрдээ 20-40 сая төгрөгийн зээл авчээ. Зарим нь ч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, автомашин зэрэгт зарцуулсан бол зарим нь худаг гаргуулах, байшин барих, ногооны талбай, хаваржаа, өвөлжөөгөө тохижуулан янзлахад зарцуулжээ. Зээл хөөцөлдөх амархан гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Зарим нь гар утаснаасаа зээлийн материалаа бүрдүүлээд авчихдаг болсон гэж байв.
ТҮРҮҮ ЖИЛ НООЛУУР 165 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН. ЭНЭ ЖИЛ 150 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ ДУУЛДСАН
“…Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана даа” гэсээр гэрийн эзэн яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр “Өнгөрсөн жил ноолуурын үнэ 165 мянган төгрөг гэж байсан. Манайх ч түрүү жил цаг хүндэрч олон богоо үхүүлсэн болохоор хавар ноолуур гарах ямаа цөөхөн байсан. Харин энэ жил 200 орчим ямаа самнана. Саяхан сумын төв ороод ирсэн хүнээс ноолуурын үнэ асуутал 150 мянган төгрөг гэж дуулдсан. Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана. Энэ долоо хоногтоо төл малын ажил шувтарчих байх. Тэгэхээр ирэх долоо хоногийн эхээр ямаагаа самнана. Эртхэн самнаад тушаахгүй бол хоног хоногоор ноолуурын үнэ уначихдаг” гэв. Нэг ямаанаас дунджаар 300-400 орчим грамм ноолуур гарна гэж бодохоор 60-80 кг ноолуур авахаар байна. Үүнийг 180 мянган төгрөгөөр тооцвол 9-12 сая төгрөгийн орлоготой болохоор байна. Д.Мөнх-Эрдэнийнх шиг залуу малчин өрхөд энэхүү орлого асар дэмтэй гэдэг нь тодорхой.
Э.МӨНХТҮВШИН





Гэр шатаж 5 хүн амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр (2025.06.05) 01:36 цагт ...
8 цагийн дараа
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш
Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит уртын дууны уралдаан Сүхбаатар аймагт болсон. Энэ үеэр дуучин маань төрсөн газ...
8 цагийн дараа
Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран (2025.06.04) “Хаягдал үнсний...
7 цагийн дараа
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан б...
7 цагийн дараа
Г.Очирбат: Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох бололцоо нь нээгдчихээд байхад үүнийг хаагаад байна
УИХын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа. -Таны хувьд айл өрхүүдийг жижиг оврын сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэдэг асуудлыг яр...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд