Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Д.Жаргалсайхан: Газрын хэвлийгээс ирээдүйгээ тэтгэх их аяны гараа 1997 оноос эхэлсэн

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 4 сарын 18

img

55

news-img

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу. Таныг тэтгэвэртээ гарсан гэж дуулсан. Өөрийнхөө мэргэжил, эрхэлж байсан ажил албаны түүхээс хуваалцахгүй юу. Ингэхэд та яг эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан уу?

-Би 1983 онд тэр үеийн ЗХУ-ын Москва хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа дүүргэж ирээд уул уурхайн үйлдвэрт металл хийцийн слесариас эхлээд эрдэм шинжилгээний ажилтан, яаманд мэргэжилтэн, тасгийн дарга, агентлагийн дарга гээд уул уурхайн салбартаа 30 гаруй жил ажиллажээ. Нөгөө туг барих, тугал хариулах гээд аль алийг нь хариуцаж явсан үе бий. Бас дундуур нь амжуулаад 1990-1991 онд АНУ-ын Колорадо-гийн Уул уурхайн сургуульд Уул уурхайн санхүү, эдийн засгийн чиглэлээр нэг жил суралцаж барууны санхүүгийн ертөнцтэй танилцсан. 1991 онд төгсөөд ирэхэд Монгол Улс маань “найман нэрийн картын бараа”-ны эдийн засгаасаа салж амжаагүй ядруухан байсан боловч арилжаа наймааны алтан боломж бүрдсэн байсан учраас нэн даруй л хувийнхаа бизнесийг эхлүүлж багагүй манаргаж л явлаа. Гадаадаас сонгино саримс, гурил будаа импортолж дотооддоо борлуулах, ОХУ-аас уул уурхайн бүтээгдэхүүн авч Хятад, Зүүн өмнөд Ази руу гаргах зэргээр идэвхтэй арилжаа наймаа эрхэлж байсан. Хажуугаар нь АНУ-д сурч мэдсэн зүйлээ бусдад зааж сургах, зөвлөгөө өгөх үйлчилгээг давхар эрхэлж байсан шүү.

-Яагаад уул уурхайн мэргэжлийг сонгов. Ер нь улс оронд ямар учраас уул уурхай хэрэгтэй байдаг вэ. Ач холбогдлыг товчхон тодорхойлбол?

-Тэр үед чинь дунд сургууль төгсөнгүүт уралдаант шалгалт өгдөг, тэр шалгалтад авсан дүнгээсээ хамаараад сурах сургуулиа сонгодог журамтай байлаа. Миний авсан дүнд дүйцэж таарсан сургууль нь уул уурхайн сургууль байсан юм. Тэгэхээр анх бол уул уурхайн сургуулийг нэг их амтархан сонирхож сонгоогүй л дээ. Харин суралцах явцдаа уг салбарын талаар илүү танин мэдэж, улс нийгэмд уул уурхайн үйлдвэрлэл их чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгосон. Ашиг орлого олохын тулд л уул уурхайн үйлдвэрлэлийг эрхэлдэг мэтээр ойлгох нь нэн өрөөсгөл ойлголт юм. Ер нь хүний амьдралыг уул уурхайн бүтээгдэхүүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн наад захын жишээ гэвэл бидний хэрэглэдэг эрчим хүч байна. Эрчим хүчийг уул уурхайн аргаар үйлдвэрлэдэг нүүрс, уран, газрын тосгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр бүү хэл манай бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бараа, ээмэг бөгж, бидний өдөр тутам хэрэглэдэг шүдний оо, угаалгын нунтгийг газрын хэвлийгээс л олборлосон бүтээгдэхүүнийг ашиглаж хийдэг. Хүн бүрийн хэрэглэдэг хутга, сэрээ, аяга шаазан гээд түм түмэн бүтээгдэхүүн бүгд уул уурхайн гаралтай. Уул уурхайн үйлдвэрлэлийг экспортын зориулалтаар эрхэлж болно. Өөрөө хэлбэл, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх зорилгоор эрхэлдэг гэсэн үг. Мөн үүний хажуугаар ажлын байр бий болгох, эрчим хүч, тээвэр, худалдаа зэрэг эдийн засгийн бусад салбараа дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор уул уурхайн салбарыг хөхиүлэн дэмждэг. Ийм чухал салбарт ажиллах боломжийг олгосон мэргэжил эзэмшсэндээ би их бахархдаг шүү.

-Ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас нийгэм, эдийн засагт ямар өгөөж бий болдог вэ. Тэрийг нь олон улсад яаж хэмждэг юм бол?

-Олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрсөн аргачлал хараахан гараагүй л байна. Харин сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж олон улс орнуудад ашигладаг, mulitplier effect гэдэг ойлголт дээр суурилсан, 20 гаруй шалгууртай аргачлал байдаг. Манайхан multiplier effect гэдэг үгийг янз бүрээр, “үржүүлэх өгөөж “гэх мэтээр Монгол хэл рүү хөрвүүлсэн байдаг. Миний хувьд “даялах өгөөж” гэж монгол хэл рүү хөрвүүлбэл оновчтой санагддаг. Энэхүү аргачлалаар янз бүрийн салбарын хөрөнгө оруулалтын төслөөс нийгэм, эдийн засагт үзүүлдэг өгөөжийг тооцдог. Тухайн төсөлд хийгдсэн хөрөнгө оруулалт болон түүний үр дүнд бий болсон тогтмол явагддаг үйл ажиллагаа нь нийгмийн бусад салбаруудад хэдий хэмжээний санхүүгийн үр өгөөж, ажлын байр зэрэг эерэг өөрчлөлтийг бий болгож байгааг хэмжих концепци дээр суурилсан аргачлал юм. Жишээлбэл, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэл явуулах хэрэгцээ шаардлагаар бараа үйлчилгээний худалдан авалт хийх, татвараа төлөхөд 100 төгрөг зарцууллаа гэж үзэхэд энэхүү зуун төгрөг нь төсөвт болон эдийн засгийн бусад салбарт орлого болж очно. Цаашилбал, тэдгээр салбар нь үйл ажиллагаагаа явуулахын тулд мөн л худалдан авалт хийж, татвараа төлнө. Үүнтэй төстэй аргачлалаар тооцож үзэхэд уул уурхайн салбарт бий болсон нэг шинэ ажлын байр нь нийгэм эдийн засгийн бусад салбарт 1.5- 2.2 шинэ ажлын байрыг, уул уурхайн салбарт зарцуулагдсан нэг төгрөг эдийн засагт 3-4 төгрөгийн орлогыг бий болгодог гэж үздэг. Манай улсын хувьд ийм өгөөж нь харьцангуй өндөр байх магадлалтай. Уул уурхайнхан төрийн байгууллагатай нийлж байгаад энэхүү аргачлалын концепци дээр суурилж Монголын нөхцөлд тохирсон аргачлалыг боловсруулан гаргах нь зүйтэй санагддаг. Ийм нэгдсэн аргачлалтай болчихвол Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан өгөөж гэдэг ойлголтын талаар нийгэмд нэгдмэл ойлголт бий болж уул уурхайн аливаа төслийн үр өгөөжийн талаар элдэв маргаан, зөрчилдөөн гарахгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Манай улс 1990 оноос хойш “Ашигт малтмалын тухай” гэдэг нэртэй гурван ч хуулийн нүүрийг үзлээ. Эдгээр хууль 1994, 1997, 2006 онд гарсан байдаг. Яагаад гуравхан жилийн настай, эсвэл есөн жилийн настай байсан хуулиуд гарав?

-1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуучин нийгмийн харилцааг зохицуулж байсан хуулиудыг шинэ Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлэн хурдан шуурхай өөрчлөх хэрэгцээ, шаардлага байсан. Гэтэл хуучныгаа өөрчлөх гэж хэлэхэд амархан ч шинэ хуулиудаа боловсруулах ажил нь яггүй даваа байсан болов уу. Тэдгээр хуулийн нэгэн адил Ашигт малтмалын хуулийг боловсруулах ажил нь нэлээд их мэдлэг, туршлага, цаг хугацаа шаардсан ажил байсан. Ядаж байхад улсын төсөвт мөнгөгүй, компаниуд мөнгөгүй, эдийн засаг маань давжаа, картын найман нэрийн бараанаас хамааралтай байсан үе шүү дээ. 1996 онд улсын төсөв 270 гаруй тэрбум төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 412 ам.доллар байсан нь үүнийг гэрчилнэ. Тэгвэл энэ дүн өнөөдөр хэд дахин үржигдэж өссөнийг бүгд мэдэж байгаа. Улсын 2024 онд 27 их наяд төгрөг, ДНБ 6.898 ам.доллар болж өссөн байна. Тэгэхээр тухайн цаг үед эдийн засаг маань даржин, засаг төр ч мөнгөгүй, хувийн хэвшил бол бүр ямар ч хуримтлалгүй байсан учраас маш их хөрөнгө оруулалт шаарддаг ашигт малтмал хайх, ашиглах төслүүд дээр гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан. Үүнийг хаа хаанаа сайтар ойлгож байсан учраас хөгжлийн ганц найдлага нь болсон уул уурхайн төслүүдийг хөдөлгөхийн тулд 1994 онд батлагдсан Үндсэний аюулгүй байдлын үзэл баримтлал, 1996 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2000 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд уул уурхайн салбарт гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татах зорилтуудыг албан ёсны бодлого болгон тодорхойлсон байдаг. Ийм л хэцүү цаг үед баталж гаргасан хуулиуд харьцангуй богино настай хуулиуд байжээ.

-Та яаж яваад 1997 оны хуулийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд оролцох болчихов. Ямар үзэл баримтлал дээр суурилж уг хуулийг боловсруулсан юм бэ. 1994 оны хуулиас ялгарах гол онцлог нь юу байсан бэ?

-Би ч тэр үед төрийн албан хаагч ч биш, намын гишүүн ч биш байсан. 1997 оны хавар тэр үеийн ХААҮЯ-наас дуудаж “Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, идэвхжүүлэх зорилгоор 1994 оны Ашигт малтмалын хуулийг шинэчилж илүү нээлттэй, либерал хууль боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Та 1994 oны хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан тул энэ ажлын хэсэгт орж ажиллаач” гэдэг хүсэлтийг тавьсан юм. Тэр үеийн засаг төрийн бодлогын баримт бичгүүдээр уг хуулийг боловсруулж хэрэгжүүлэх зорилго, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг тодорхойлсон байсан учраас уг саналыг хүлээн авсан.

1997 оны хууль хэд хэдэн онцлогтой, түүгээрээ гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах чадвартай хууль болсон гэж үздэг. Тухайлбал, Монгол Улсын иргэн бүрд ашигт малтмал хайх, ашиглах эрхийг нээж өгсөн. Төр нь өөрийнхөө өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр тодорхой нөхцөл болзолтойгоор иргэн, хуулийн этгээдэд ашигт малтмалаа ашиглуулах оновчтой хэлбэрийг хуульчилж тогтоосон. 1994 оны хуулиар иргэн, хуулийн этгээдүүдээс шаарддаг, авлига хүнд суртал үүсгэдэг, үзэмжийн чанартай шалгууруудыг бүгдийг хасаж, зөвхөн цаг хугацаа гэдэг шалгуураар ашигт малтмал хайх эрхийг олгодог болсон. АМХЭГ болон түүний Кадастрын албыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад үйлчилдэг, хөрөнгө оруулалтыг дэмждэг, түүнийхээ төлөө төлбөр авдаг төрийн үйлчилгээний байгууллага байхаар хуульчилсан. Лицензтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхийг зөвхөн Кадастрын албанд төвлөрүүлж, шийдвэрлэх үйл ажиллагааны алхам бүрийг нь хуульчилснаар гадны хууль бус нөлөөллөөс сэргийлсэн. Энэ мэтчилэн өөр олон олон дэвшилтэт шийдлүүдийг агуулсан хууль байсан юм. Эрдэнэт болон төрийн өмчийн хэдэн нүүрсний уурхайг эс тооцвол манай уул уурхайн салбарын голлох үйлдвэрүүдийг бүтээн байгуулах үйл ажиллагаа 1997 оны хуулиар олгосон эрх дээр дөрөөлж бүтээн байгуулалт өрнөсөн байдаг. Тухайлбал, 1996 оны улсын нийт төсвийн орлоготой тэнцэх хэмжээний орлогыг буюу 270 гаруй тэрбум төгрөгийг 2004 онд уул уурхайн салбар дангаараа улсын төсөвт оруулсан байдаг.

-1997 оны хуулиар “Стратегийн орд газрын тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгосон” гэдэг шүүмжлэл сүүлийн үед нилээд сонсогдож байна. Үнэхээр тэгж дур мэдэн олгочихсон хэрэг үү?

-Стратегийн орд гэдэг ойлголт болон түүнд зориулсан тусгай зохицуулалт 1997 оны хуульд байдаггүй. Анх стратегийн орд гэдэг ойлголт болон түүнд зориулсан тусгай зохицуулалтыг 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар бий болгосон юм шүү дээ. Тэгэхээр тийм шүүмжлэл хэлж байгаа хүмүүс нэг бол он цаг хугацааны баримжаагаа алдчихсан, эсвэл иргэдийн санаа бодлыг булингартуулах зорилготой санаатай үйлдлийг хийж байгаа хүмүүс байх.

-Бас “Нэгэнт хайгуул хийчихсэн орд дээр дахиж хайгуулын лиценз олгосон” гэдэг шүүмжлэл гараад байгаа.

Ашигт малтмалын тухай хууль (1997)

5 дугаар зүйл.Ашигт малтмалыг өмчлөх

  1. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлий, байгалийн усанд айгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн.
  2. Төр Монгол Улсын ашигт малтмалыг өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.

10 дугаар зүйл.Лиценз эзэмших эрх бүхий этгээд

  1. Ашигт малтмалын хайгуулын лиценз /цаашид “хайгуулын лиценз” гэнэ/-ийг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмших эрхтэй.

14 дүгээр зүйл.Хайгуулын лиценз олгох

  1. Тухайн талбайд хайгуулын лиценз авах тухай энэ хуулиар тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргаж эхний ээлжинд бүртгүүлсэн этгээдэд хайгуулын лицензийг олгоно.

55 дугаар зүйл.Геологи, уул уурхайн кадастрын алба

  1. Геологи, уул уурхайн кадастрын алба дараахь бүрэн эрхтэй:

1/лиценз авах тухай өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх;

4/хайгуулын ба ашигт малтмал ашиглах лиценз олгох;

Тийм зүйл болсон юм уу?

-Хуучин социализмын үед хайгуул хийсэн боловч гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар тэр үедээ сонирхдоггүй, 1994 оны хуулийг баталж мөрдүүлээд ч хөрөнгө оруулалт татах гэж оролдоод бүтэлгүйтсэн хэд хэдэн талбайнууд байсан л даа. 1994 оны хуулиар тэдгээр талбайд сонирхсон бүх этгээдүүдэд лиценз авах боломж нь нээлттэй л байсан. Хэн ч лиценз авах хүсэлт гаргахгүй байсаар 1997 оны хуультай золгосон. 1997 оны хуулиар тийм урьд өмнө хайгуул хийсэн талбайд лиценз олгох ажиллагаа нь хайгуул хийгээгүй талбайд лиценз олгох ажиллагаатай адилхан байхаар буюу уг хуулийн 2 дугаар бүлэгт заасан журмаар зохицуулахаар тогтоосон байдаг. Харин урьд өмнө хайгуул хийсэн талбайд лиценз авсан этгээд нь тухайн талбайд нэгэнт хийгдсэн байсан хайгуулын ажилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төлөх үүргийг Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүлээдэг байсан. Иргэд, хуулийн этгээд нэгэнт хайгуул нь хийгдсэн талбайд дахин хайгуулын лиценз авахад хүргэдэг бас нэгэн хүчин зүйл байдаг нь 1997 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон нөөцийн хэмжээ, агууламж, тархацыг хуучин Зөвлөлтийн үеийн аргачлалаар тооцдог байсан. Тийм аргачлалаар тооцсон ашигт малтмалын нөөцийн үзүүлэлтүүдийг ихэнх олон улсын санхүүгийн байгууллагууд, зураг төсөл, судалгааны байгууллагууд шууд хүлээн зөвшөөрдөггүй, санхүүжилт олгодоггүй байсан. Санхүүгийн байгууллагууд нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг арга аргачлалаар дахин тооцохыг шаарддаг болохоор иргэд, хуулийн этгээд өөрийнх нь сонирхож буй талбайд урьд өмнө хайгуул хийсэн эсэхээс үл хамааран хайгуулын лиценз авч, нөөцийг дахин тооцоолох шаардлагатай болдог байсан.

-АМХЭГ-ын дарга ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ямар эрх, үүрэгтэй оролцдог байхаар хууль, тогтоомжоор тогтоосон байсан юм бэ?

-1997 оны хуулийн 55 дугаар зүйлээр ашигт малтмалын лиценз олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах гээд лицензтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх бүх эрх, үүргийг Кадастрын алба, түүний даргад олгоод, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны процесс, журмыг мөн хуулийн холбогдох заалтуудаар тодорхой заасан байдаг. Жишээлбэл, хайгуулын лиценз авах хүсэлтийг уг хуулийн 14 дүгээр зүйлд Кадастрын албаны гурван албан тушаалтны 21 харилцан хамааралтай үйлдлүүдийг гүйцэтгэх замаар шийдвэрлэхээр журамласан байдаг.

Агентлагийн дарга бол Кадастрын албаны үйл ажиллагаа тогтоосон журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг байсан. Энэ зохицуулалт 2006 оны хуулиар хэвээр үлдэж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

-“1997 оны хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэлд ойрхон байсан хүмүүс илүү давуу байдалтай байсан. Түүнийгээ хууль бусаар ашигладаг байсан” гэж шүүмжлэх хүмүүс таардаг. Мэдээллийг сонирхсон хүмүүст ил тод, хүртээмжтэй хүргэх талаар ямар арга хэмжээ авч байсан юм бэ?

-АМХЭГ-ын даргын албыг хашиж байх үед уг агентлагийн үйл ажиллагааны тухай мэдээллийг иргэн, хуулийн этгээдүүд, сонирхсон хөрөнгө оруулагч нарт бүрэн ижил тэнцүү нээлттэй байлгах бодлогыг баримталж байсан. Хуулиар ч тийм шаардлага тавигдсан байсан. Энэхүү бодлогын хүрээнд дөрвөн төрлийн мэдээллийн үйлчилгээг нийтэд ил тод нээлттэй болгосон. Нэгдүгээрт, Ашигт малтмал хайх, ашиглах лиценз авахыг хүссэн өргөдлийн бүртгэлтэй танилцах боломжийг хангах, үүний тулд уг бүртгэлийг хөтлөх, баяжуулах, хадгалах, хамгаалах, бүртгэлээс мэдээлэл өгөх, өргөдөл гаргахад анхаарах зүйлүүдийг зөвлөх үйлчилгээг эрхлэх асуудал. Хоёрдугаарт, Ашигт малтмал хайх, ашиглах лицензийн зураг зүйн бүртгэлтэй танилцах боломжийг хангах, үүний тулд уг бүртгэлийг хөтлөх, баяжуулах, хадгалах, хамгаалах , бүртгэлээс мэдээлэл өгөх, талбайн байршлыг хэрхэн тодорхойлох зөвлөлгөө өгөх үйлчилгээ. Гуравдугаарт, Ашигт малтмалын лицензийн бүртгэлтэй танилцах боломжийг хангах, үүний тулд бүртгэлийг хөтлөх, баяжуулах, хадгалах, хамгаалах, бүртгэлээс мэдээлэл өгөх. Дөрөвдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр урьд өмнө хийгдсэн геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, мэдээлэлтэй танилцах боломжийг хангах, энэ зорилгоор Геологийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг шуурхай, нээлттэй, ил тод ажиллуулах, мэдээллээр үйлчлэх.

Миний алба хашиж байх хугацаанд ашигт малтмал хайх, ашиглахыг сонирхсон хэн ч байсан дээрх үйлчилгээг ил тод нээлттэй авах ижил тэнцүү боломжоор бүрэн хангагдсан байсан. Үүний нэг жишээ нь лицензийг олгосон, цуцалсан, шилжүүлсэн хүчингүй болгосон талаарх мэдээллүүдийг тэр үедээ хамгийн олон уншигчтай Ардын эрх, Засгийн газрын мэдээ зэрэг сонинд ил тод нийтэлж байсан нь олон нийтийг бодитой мэдээллээр хангах чухал алхам болсон.

“Мэдээлэлтэй ойр байх” гэдэг ойлголт нь янз бүрийн шалтгаан, шалтгаар тухайн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үүссэн мэдээллийг албан ёсоор нууцад хамруулдаг байгууллагад илүү тохирдог ойлголт байх. Тэрхүү нууц мэдээлэлтэй танилцах эрхтэй хүмүүсээ “мэдээлэлд ойр байдаг” гэж хэлээд байдаг. Гэтэл миний ажиллаж байх үед ашигт малтмалын нөөц болон лицензтэй холбоотой, улсын эсвэл АМХЭГ-ийн хэмжээнд нууцалсан нэг ч мэдээлэл байгаагүй шүү дээ. Нөгөө талаар мэдээллийн биш мэдлэгийн зөрүүг “мэдээлэлийн хол, ойр” гэдэг хардлагаар тайлбарлах хандлага бас сүүлийн үед гараад байх юм. Тухайлбал, багш эсвэл инженер мэрэгжилтэй хүнийг геологийн мэрэгжилтэй хүнтэй харьцуулах юм бол  мэдээж геологи мэрэгжилтэй хүн ашигт малтмалын талаар илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй байж таарна. Гэтэл геологи хүн ашигт малтмалын лиценз авбал түүнийг мэдээлэлд ойрхон байсан гээд буруутгаж болохгүй биз дээ. Учир нь тэр хүн өөрийнхөө ухамсарт хөдөлмөрөөр тэрхүү мэдээлэл, мэдлэгийг өөрөө өөртөө бүтээсэн байгаа. Тэгэхээр “мэдээлэлд ойр байх” гэдэг ойлголтоо бид нэг цэгцэлж нэгдмэл ойлголттой болмоор байгаа юм.

-Таван толгойн орд, Төмөртийн овооны цайрын орд, Бороогийн алтны орд, Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын лицензийг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар олгосон, шалгуулна гэж Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Батзандан нийгмийн сүлжээгээр зарласан. Таныг шалгаж байгаа юу ?

-Зохих байгууллагууд нь асууж шалгаж байгаа. Үнэн мөн нь тогтоогдоно гэсэн итгэл, хүлээлттэй байгаа.

-1997 оны хуулиар ашигт малтмалын ордыг “хувьд өгчихсөн”, “төр өмчөө дээрэмдүүлчихсэн” гэсэн явган яриа нилээд явдаг. Энэ хуулиар төр өмчөө “хувьд алдчихсан” юм уу?

-Харин тийм ээ. Тийм буруу зөрүү мэдээллийг зориуд зохиож тараагаад байх шиг. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар нэг ч орд газрыг төрийн өмчөөс гаргаж хувийн хэвшилд өмчлүүлээгүй. 1994 оны, 2006 оны хуулиудаар ч хувийн хэвшлийн өмчид шилжүүлээгүй. Харин эдгээр гурван хуульд байгаа нийтлэг нэг үзэл баримтлал бол төр ашигт малтмалыг өмчлөгчийнхөө хувьд тодорхой нөхцөл болзолтойгоор бусад иргэн, хуулийн этгээдэд ашиглуулна гэдэг санаа. Энгийн жишээн дээр авч тайлбарлая. Хэн нэгэн хүн байшин өмчилдөг боловч өөрөө янз бүрийн шалтгаанаар ашигладаггүй бол тэрхүү байшингаа бүхэлд нь эсвэл нэг хэсгийг нь тодорхой нөхцөл болзолтойгоор бусдад ашиглуулдаг, эсвэл түрээслүүлдэг. Яг үүнтэй ижил санаа. Харин тэр нөхцөл болзол гэдэг нь байрны өмчлөгч тухайн түрээслэгчийг тохирсон хугацаандаа хөөж гаргахгүй байх, бусад хүмүүст давхардуулан ашиглуулахгүй байх мэт үүргийг хүлээдэг бол ашиглагч тал түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх, эд хөрөнгийг ариг гамтай ашиглах, аюулгүй байдлын стандартыг хангах, орчныг бохирдуулахгүй байх зэрэг үүргийг харилцан хүлээдэг. Үүнтэй нэгэн адилаар 1997 оны хуулиар төр нь хайгуулын эдэлбэр газрыг ашигт малтмал хайх зориулалтаар

иргэн, хуулийн этгээдэд олгох, уг эдэлбэр газарт ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн тохиолдолд уг нөөцийг ашиглах онцгой эрхийг лиценз эзэмшигчид олгох үүргийг хүлээдэг бол ашигт малтмал хайх, ашиглах лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг төлөх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн стандартуудыг хангаж ажиллах, бусад татвар төлбөрөө төлөх зэрэг 7 нийтлэг үүргийг хүлээдэг. Эдгээр үүргүүдийг харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төр өмчлөгчийнхөө хувьд ашигт малтмалыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулж байгаа хэрэг. Түүнээс биш ашигт малтмалын ордыг хувийн өмчид шилжүүлсэн гэсэн үг биш.

Тэгээд ч төрийн өмчийн харилцааны асуудлыг 1997 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг байсан юм шүү дээ. Энэ хууль өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр байгаа шүү. Төрийн өмч алдагдсан, хулгайлагдсан бол тэр хуулийг хэрэгжүүлж байсан, төрийн өмчийн “манаанд зогсож байсан” хүмүүс, байгууллагууд л наад асуултад чинь хариулах байх.

-Үндэсний баялгийн сангийн талаар та ямар санаа бодолтой байдаг вэ?

-Үзэл санааг нь бүрэн дэмжиж байгаа. Миний судалж үзсэнээр олон улсад байдаг практик юм билээ. Манайд ч амжилттай хэрэгжих боломжтой. Үндэсний баялгийн санг байгуулж ажиллуулах нь төр өөрийн өмч болох ашигт малтмалыг ашиглуулснаас бий болж байгаа орлогоо өнөө маргаашийнхаа хэрэгцээнд зарцуулах биш, харин ирээдүй үедээ зориулж хуримтлал үүсгэж арвижуулах санааг бодит ажил болгодог арга зам гэж би ойлгосон. Хамгийн гол нь ийм чухал, сайхан санааг Үндсэн хуулиар тодорхойлсон нэгдсэн зорилго, зарчим, хэм хэмжээнд нийцсэн арга хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн сангийнхаа үйл ажиллагааны засаглалыг дээд түвшинд хүргэж нээлттэй, ил тод болгох арга хэмжээг эхнээс нь тууштай авч хэрэгжүүлэх замаар хэл ам таталсан төрийн бусад сангуудад тохиосон бүтэлгүйтлүүд давтагдан гарахаас сэргийлэх шаардлагатай.

-Газрын хэвлийд агуулагдаж буй байгалийн нөөцийг ашиглаж нийгэмд үнэ цэнийг бүтээхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах боломжтой юу?

-Боломжтой төдийгүй тэгж хамтран ажиллах шаардлагатай. Хамтран ажиллаж байж л газрын хэвлийн нөөцийг нийгмийн, иргэдийн ирээдүйн сайн сайхныг бүтээх үйлсэд хүчирхэг хөшүүрэг болгож чадна. Ийм аяны эхлэл 1997 оны хуулиар тавигдсан. Хэрүүлтэй, уруултай ч гэсэн 2024 онд л гэхэд уул уурхайн салбараас улсын төсөвт 10 гаруй их наяд төгрөгийн буюу нэг хүнд тооцвол 2.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний орлогыг төвлөрүүлсэн тоо баримт байна.

Хувийн хэвшил ба төрийн хамтын ажиллагааны тулгуур зарчмуудыг Үндсэн хуулийн үзэл баримтлалаар тодорхойлсон. Зарим хүмүүс Үндсэн хуульд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой ганцхан заалт байгаа мэтээр ойлгож, тайлбарлаад байх юм. Үндсэн хуульд уул уурхайн үйл ажиллагаатай холбоогүй эсвэл хамаагүй нэг ч заалт, үг үсэг, цэг, таслал байхгүй. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилго, зарчмууд нь байгалийн нөөцийг нийгэмд өгөөжтэй баялаг болгон хувиргах хамтын ажиллагааны баттай суурь нь болж чадна.

-Таны эрхэлж байсан ажил үүрэгтэй холбоогүй нэг асуулт байна. Таныг зарим хүмүүс “хятад, хужаа” гэх мэтээр дайрч давшилсан тохиолдол гарсныг санаж байна. Та өөрийнхөө гарал үүслийн талаар талаар товчхон танилцуулж болох уу?

-Юун түрүүн бидний цөөхөн монголчууд нэгнийгээ хужаа гэж дайрч давшилсаар сүүлдээ хужаагүй хүн үлдэхгүй болж байх шиг байна. Харамсалтай нь энэ амны уншлага шиг үгэндээ дасал болж байгаа нь тоогүй санагддаг. Удам судраа яривал миний өвөө Бадамцэрэн гэдэг хүн бол Буриадын Хорь аймгийн Гушад овогийн хүн. 1920-иад оны дунд үеэр Монголд ирж амьдарч байгаад хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж цаазлуулсан, улмаар 1958 онд цагаатгагдсан хүн. Миний эцэг Дугар гэдэг хүн улс, нийгмийн олон салбарт хариуцлагатай алба хашиж байгаад 1962 онд нас барсан. Ээж маань Хэнтийн буриад гаралтай хүн.

 

М.МӨНХЦЭЦЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Т...

img

7 цагийн дараа

Ибаримт цахим төлбөрийн баримтын систем хэвийн ажиллаж эхэлжээ

Ebarimt цахим төлбөрийн баримтын систем өнөөдрөөс /2025.04.19/ хэвийн ажиллаж эхэлжээ. Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь ...

img

6 цагийн дараа

Б.Жаргалмааг БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилогджээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 12-н...

img

5 цагийн дараа

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилго...

img

3 цагийн дараа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд аж...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд