Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Н.Эрдэнэхүү: Төр өөрөө чухал шаардлагатай эмүүдээ чанар, брэндээр нь ангилаад бүртгэх хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 4 сарын 22

img

43

news-img

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй хавдрын эм тариа тасалдаж буй талаар ярилцлаа.


-Иргэд Хавдар судлалын үндэсний төвд эм тариа тасарснаас болж эмчилгээ тасалдсан гэж ярьж байна. Энэ үнэн үү?

-Эм тариа тасарч байгаа тохиолдлууд бий. Жишээлбэл элэг бөглөгч байна. Элэгний хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөдөг энэ бүтээгдэхүүн манайд сүүлийн нэг жилийн хугацаанд асуудалтай байгаа. Он гараад асуудал бүр даамжирсан. Элэг бөглөгч нийлүүлж байсан компани нийлүүлэхээ больсон юм. Яагаад нийлүүлэлтээ зогсоосон вэ гэхээр гааль дээр гацчихсан. Тэр эмчилгээний бүтээгдэхүүн өөр эмийн бүлэгт багтдаг учраас гааль оруулахгүй татвар авна гэж. Зөвхөн тухайн эмийн бүлэгтээ л багтах ёстой юм байх. Энэ бүтээгдэхүүний хувьд хүний элгэн дотор ороод тодорхой бөглөлт үүсгээд өөрөө уусаад алга болдог эмийн нэг төрөл. Нэг ёсондоо хэрэгсэл маягтай зүйл. Түүгээр бид хатуу зүйлийг бөглөж байгаад аажимдаа уусгаж үгүй болгодог. Гэтэл үүнийг гааль хүний биед суулгадаг материал гэж үзээд татвар авах гэсэн юм шиг байна лээ. Анх энэ асуудал хоёр компани хоорондын маргаанаас үүссэн. Энэ бүтээгдэхүүнийг монголд хоёрхон компани нийлүүлдэг. Манайд бол арай хямдхан компани нь нийлүүлдэг байсан юм. Нөгөө компанийн хувьд арай өөр төрлийг нь оруулж ирдэг.

-Анх харилцаж байсан компани нийлүүлэлтээ зогсоосны дараа нөгөө компанитай нь гэрээ хийсэн үү?

-Мэдээж. Бид хуулийн хүрээнд нөгөө компанитай нь харилцаж байгаа юм. Өмнө нь энэ компаниас худалдан авалт хийх гэхээр нэгдүгээрт, үнэтэй нийлүүлдэг байсан.

Тухайн эмчилгээний бүтээгдэхүүнийг 300 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 400 мянга байх жишээтэй. Бид худалдаж авахаас өөр сонголтгүй болоод энэ өртгөөр нь авъя гэсэн чинь 430 мянган төгрөгийн үнэтэй болсон байлаа. Дахиад л ямар ч сонголтгүй болоод энэ үнээр нь ч болтугай худалдаж авъя гэтэл дуусчихсан. Ингээд нэг хэсэгтээ энэ эмчилгээний бүтээгдэхүүн тасарч байгаа юм. Хэсэг хугацааны дараа удахгүй ирнэ гэх хариу өгсөн. Бид тэр компаниас худалдаж авахын тулд тендер зарлах ёстой. Тендер зарлахаар сар гаруйн ажил болно. Энэ мэт жижиг шалтгаануудын улмаас үнэхээр их цаг хугацаа алддаг. Бид хуулийн дагуу ажлаа хийх ёстой.

Гэтэл энэ бүхний ард өвчтөнүүд байдаг. Түүгээр бид элэг нь задрах гээд байгаа өвчтөнүүдийнхээ судсыг боож барьдаг байхгүй юу. Яг энэ үйл ажиллагаа дутагдсанаас болж олон хүний эмчилгээ хойшлогдоод байна. Эсвэл өөр эмнэлэг рүү явуулдаг. Зарим өвчтөнүүд бол ХСҮТ-дөө чанартай эмчилгээ хийлгэмээр байна гээд хүлээдэг. Иймэрхүү асуудлаас болоод өвчтөнүүд хүлээгээд л байдаг. Бид эмчилгээний бүтээгдэхүүнээ аль болох хурдан хугацаанд авахын тулд ажлын хэсгээ шуурхай хуралдуулж байгаа.

-Ямар ч зах зээл үнийн сонголттой байх ёстой. Гэтэл хоёрхон компанийн үнэ болон маргаанаас эмнэлгийн салбарын үйл ажиллагаа хамаарна гэдэг ойлгомжгүй биш үү?

-Ойлгомжгүй зүйлс их бий. Би дахин нэг зүйлийг хэлье. Манайд одоо нэг компани зүү нийлүүлж байгаа. Өнгөрсөн жил тендерт ялсан компани нь сайн чанарын зүү нийлүүлдэг байсан юм. Энэ зүүг бид өөр компаниас үнэтэй авч байхад ноднин жил тэр компани тендерт орж ирээд арай хямдаар нийлүүлсэн. Үүнд нь бид үнэхээр баярласан. Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ буурч байвал сайн шүү дээ. Ингээд явж байсан чинь энэ хоёр компани бас маргалдсан. Арай хямдхан нийлүүлдэг компани хэлэхдээ “Манайх танайд зүү нийлүүлж чадахаа болилоо” гэсэн. Тэгээд бид нөгөө маргаан үүсгээд ялсан компаниас худалдаж авахаас өөр аргагүй болсон. Худалдаж авахдаа өмнөхөөсөө илүү өндөр үнээр авсан. Жишээ нь, өмнөх компаниасаа 100 төгрөгөөр худалдаж авч байсан бол 200 төгрөгөөр худалдаж авах ёстой болсон. Үнэтэй нийлүүлдэг том компани нь арай хямд нийлүүлж байсан компаниа “Дистрьбютер” эрх аваагүй байж нийлүүлэлт хийлээ гэх байдлаар зах зээлээс шахаж гаргадаг. Өөрөөр хэлбэл, монополчилж, өөрс дийн хүссэн үнээ тогтоох сонирхолтой юм билээ.

-Ийм шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн өртөг өндөр болдог уу?

-Тийм. Нөгөө даатгалын жаахан мөнгөө эм, эмнэлгийн хэрэгслийн компаниуд руу өгнө. Гэтэл яг үнэндээ компаниуд хоорондоо үнэ, чанараараа өрсөлдөж байх ёстой шүү дээ. Яг адилхан эм, эмнэлгийн хэрэгслийг нэг компани өөр улсаас илүү хямд оруулаад ирэхээр бусад нь шахаанд оруулдаг. Зах зээлээс шахаж гаргаад өөрсдийн оруулж ирсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр зардаг. Нэг л компани зах зээл дээр тоглолт хийж байх үед ялангуяа эмнэлгийн байгууллагад сонголт байдаггүй. Өвчтөнүүдээ хүлээлгэж болохгүй шүү дээ. Ядаж хоёр компани нийлүүлэлт хийвэл арай хямдаас нь авч болно. Гэтэл том компани, жижиг компани шууд хааж, боогоод бидний сонголтыг барьдаг гэх мэт асуудлууд бий. Химийн бүтээгдэхүүн дээр ч тээвэрлэлтийн асуудлаас болоод тасарч байгаа тохиолдол байгаа.

Зарим компани оны эхэнд “Та нар өрөө өгөхгүй байгаа учраас эм чинь хүлээгдэж байгаа шүү” гэж хэлж байсан. Энэ бол олон жил дамнаж үүссэн өрнүүд шүү дээ. Үүнийг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Бид компаниудад өрөө өгч чадахгүй байдлаас үүдээд мөнгөө өгөхгүй бол эмээ өгөхгүй гэх нөхцөл ч үүссэн. Компаниуд ч гэсэн эмээ авахдаа гадаадын компаниуддаа мөнгөө төлсөн байх ёстой ийм л сүлжээ үүсчихсэн байлаа. Аз болоход бид энэ жил бүх өрөө төлж дууссан.

-Эм тариа тасарсан үед эмч нарт хамгийн хүнд байдаг уу?

-Ерөөсөө л эмч загнуулна. Тэр байгууллага буруутан болно. Цаана нь ямар шалтгаан байх нь хамаагүй. Бид эмчилгээгээ хийх ёстой. Юу болоод байгааг хэн ч мэдэхгүй. Тийм учраас бид бүх зүйлийг асуудал үүсгэхгүйгээр төлөвлөх ёстой ч биднээс үл хамаарсан байдал үнэхээр үүсдэг. Тэр бүү хэл тухайн эм нийлүүлж байгаа компаниас ч үл хамаарсан байдал үүсэх боломжтой.

-Ер нь эм, эмнэлгийн хэрэгслийн савлагааг барих арга бий юу?

-Нэгдүгээрт, санхүүжилтээ тогтвортой байлгах хэрэгтэй. Жил тутам эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг багасгаад байж болохгүй. Энэ жил төсөв буурсан. Жишээ нь, өмнө жил 1000 төгрөгөөр гэрээ хийж байсан бол энэ жил 800 төгрөгөөр гэрээ хийхээр 200 төгрөг дутна биз дээ. Энэ хэмжээгээр бидний авах эмийн тоо, цалингийн хэмжээ буурна. Тэгвэл бидэнд эмийн тоогоо багасгах уу, ажилчдынхаа цалинг бууруулах уу гэх асуудал үүсдэг. Эмээ багасгахаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо багасаж хүртээмж буурна. Энэ мэтчилэн санхүүжилтийн тогтолцоо тогтвортой болохгүй бол сүүлийн хэдэн жил байнгын стресстэй, хөдөлгөөнтэй, урвуу цикльтэй боллоо. Өр тавьсан, хассан, боосон чиглэлтэй. Энийг засахгүй бол болохгүй.

Хоёрдугаарт, эмийн бодлого дээр анхаарах ёстой. Дэлхийд хэрэглэгдэж байгаа эмүүдийг хэн нэг нийг бүртгүүл гэж хүлээхийн оронд төр өөрөө чухал шаардлагатай эмүүдээ чанар, брэндээр нь ангилаад бүртгэх хэрэгтэй. Ингэсэн цагт эмийг хувь болон хувьсгалаар оруулж ирэхэд зах зээл нь нээлттэй болно. Компаниуд оруулж ирэх гэж байгаа эмээ бүртгүүлэхийн тулд зургаан сар хүлээдэг. Эм бүртгүүлэх үйл ажиллагаа хувийн компанийн хувьд цаг хугацаа их алддаг. Олон шат дамжлага дунд асар их мөнгө үрэгддэг.

Тийм болохоор нийтлэг бус эмүүд хувийн компаниудад чухал байдаггүй. Одоо бид зарим антибиотикийг Монгол улс даяар хайхад олдохгүй. Нийтлэг хэрэглэгддэггүй учраас компаниуд их хэмжээгээр оруулж ирдэггүй, бүртгүүлэх гэж цаг алдахыг хүсдэггүй юм байна. Харин нийтлэг хэрэглэгддэг эмүүд сайн бүртгэгдээд байдаг. Нийтлэг хэрэглэгддэггүй ч маш чухал, зайлшгүй шаардалагатай буюу хүний амь аврах хэмжээний үнэ цэнэтэй эмүүд бүртгэгдэхгүй байна. Ер нь нийтлэг хэрэглэгдэхгүй ч гэсэн хэрэглэгдэх ёстой эмүүдийг улс өөрөө бүртгэх хэрэгтэй. Саяхан эмийн агентлагаас бидэнд бүртгүүлэх эмийн саналаа өг гэсэн бичиг ирсэн. Одоо бид саналаа өгөх гээд сууж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тойм: Нэрт нийтлэлч Баабарын “”2006 он-Эргэлтийн цэг “” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт Монгол Улсын Хүний эрх...

img

7 цагийн дараа

Төв болон Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Бургастай” гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээ...

img

6 цагийн өмнө

Таван богдын хажуу талын цайны газарт гарсан галыг бүрэн унтраажээ

ХУД-ийн 5-р хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр 15:23 цагт Онцгой байдлын байгуулагад ирсэн байна. Ду...

img

7 цагийн өмнө

БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч асуудалд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Б...

img

7 цагийн өмнө

Нийтлэлч А.Баатархуяг: Үйлдвэрүүд хулгайгаар ч хамаагүй махаа экспортлоход бэлэн байна

Засгийн газрын шийдвэрээр зургаадугаар сарын 1 хүртэл махны экспортод квот тогтоосон талаар нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа. -Та м...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд