мэдээ
Ч.Өнөржаргал: Тагнуулын байгууллага иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй атлаа мөрдөн шалгах чиг үүрэгтэйгээр оролцдог нь учир дутагдалтай

Админ
2025 оны 5 сарын 14

67

Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд тагнуулын хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо огцом өссөн харагдаж байна. Энэ нь юутай холбоотой байна вэ?
-Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх судалгааг хуулийн байгууллагын мэдээ тайланг ил тавьдаггүй болохоор нарийвчлан мэдэхгүй байна. Гэхдээ сүүлийн үед уг гэмт хэрэгт холбогдсон этгээдийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа учраас өссөн байхыг үгүйсгэхгүй.
-Монгол Улсын Эрүүгийн хуулиар тагнуулын гэмт хэргийг хэрхэн тодорхойлдог вэ?
-Эрүүгийн хуулийн Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг хамаардаг. Уг гэмт хэрэгт Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг тооцдог.
Эдгээр үйлдлийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан хүн үйлдсэн бол 12-25 жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Мөн Эрүүгийн хуульд “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хуульчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтыг нарийвчлан тодорхой зохицуулах шаардлагатай гэж үздэг. Ер нь аль ч улсын тагнуулын байгууллага өөрсдийн бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн, байгууллагатай нууц нэрээр, ямар нэг үйл ажиллагаагаар халхавчлан харилцах, улмаар ямар нэг байдлаар хамтран ажиллах санал тавих тохиолдолд Монгол Улсын иргэний хувьд уг гадаад улсын иргэн, байгууллагыг тагнуулын чиглэлээр хамтран ажиллах санаа зорилготой байгаа талаар мэдэх бололцоо ховор байдаг. Харин Монгол Улсын иргэний хувьд гадаад улсын тагнуулын албаны ажилтан, байгууллага гэдгийг мэдсэн атлаа эсвэл мэдсээр байж хамтран ажилласан, тохиролцсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулах нь оновчтой юм болов уу гэж боддог. Мөн “хамтран ажилласан, тохиролцсон” гэх агуулга нь хэт ерөнхий учраас нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үздэг.
Мөн авлига авсан, авлига өгсөн хүнийг олж тогтоон хамт хариуцлага тооцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэх гадаад улсын болон харьяалалгүй хүнийг олж тогтоон эрүүгийн хариуцлага ногдуулддаггүй. Тэгсэн хэрнээ Монгол Улсын иргэнээ гадаад улсын тагнуулын байгууллагын объект болохоос урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьж буруутган яллах эрсдэл одоогийн хууль тогтоомжид болон шүүхийн практикт ч бий.
-Жишээ нь, саяхан гадаадын тагнуултай хамтарсан гэх хэргээр хамба лам Ж.Санждоржид 9.6 жил хорих ял оноолоо шүү дээ. Ер нь Монгол Улсын Эрүүгийн хуульд Иргэн гадаадын байгууллагатай харилцсан, эсвэл мэдээлэл дамжуулсан тохиолдолд түүнийг тагнуул гэж үзэхэд ямар нотлох баримт байх ёстой вэ?
-Уг гэмт хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нууцын зэрэгт хамаардаг. Мөн тухайн хэрэгт ажилласан хуулийн байгууллагын хүмүүс болон уг хэргийн ажиллагаанд оролцсон хуульчид бүгд нууцын баталгаа өгсөн байдаг учраас тухайн хэргийн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар ярих бололцоогүй байдаг.
Иргэдийн хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон бусад байдлаар гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцах тохиолдол их болсон. Энэ тохиолдолд тухайн харилцагч этгээдийг гадаадын тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар мэдэх боломж байдаггүй. Төрийн болон Албаны нууцын тухай хуулиар Тагнуулын байгууллага төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар бүрэн эрхийг олгож хуульчилсан байдаг. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д Төрийн болон албаны нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргийг тодорхой хуульчилсан боловч урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцох тухай зохицуулалт байхгүйгээс хэм хэмжээний дутагдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын байгууллага иргэдээ гэмт хэргийн субьект болох байдлаас урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй атлаа ямар нэг байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд мөрдөн шалгах чиг үүрэгтэйгээр оролцдог нь учир дутагдалтай санагддаг.
Миний хувьд 2023 онд Төрийн болон албаны нууцтай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах талаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гаргаж байсан. Харамсалтай нь, Хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөлд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслөөр уг харилцааг сайжруулахад чиглэсэн зохицуулалт ороогүй байна лээ. Ер нь хариуцлагын зохицуулалтыг оновчтой хийхгүй тохиолдолд аливаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үр дүнгүй, эсхүл оновчгүй болох тохиолдол элбэг. Тийм учраас Тагнуулын байгууллага иргэнээ тагнуулын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлдэг, хэрхэн хяналт тавьдаг зэрэгт анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
-Хүмүүс болгоомжгүй үйлдлээс болоод үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэн болоод байна уу. Хуулийн заалт нь тодорхойгүй байна уу?
-Үндэсний аюулгүй байдлын эсрэг буюу Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллах гэмт хэргийг шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хуульчдын хувьд нэгдсэн мэдээлэл, байр суурийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг учраас хамгийн их найдах субьект бол шүүх л байдаг.
Судалгааны зорилгоор энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт, болон хууль хэрэглээний оновчтой байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж хардаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байдаг. Тухайлбал, Монгол Улсын иргэнтэй харилцсан гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг гадаадын тагнуулын байгууллагын хамааралтай гэдгийг ямар нотлох баримтаар хэрхэн тогтоох вэ, мөн тохиролцсон, хамтран ажилласан гэдгийг хэн, хэрхэн тогтоох вэ гэдэг асуудалд анхаарал хандуулах ёстой. Эрүүгийн хуулиар нотлох баримтыг үнэлэх шалгуур нэг л бий.
Тагнуулын байгууллагын мөрдөн шалгадаг эрүүгийн хэрэгт нотлох баримтыг үнэлэх тусгай шалгуур байх учиргүй. Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хийсэн эрүүгийн хэрэгт тагнуулын байгууллагын үүрэг оролцоо хэт өндөр буюу нэг талыг барих нөхцөл байдал давамгайлдаг байхыг ч үгүйсгэхгүй юм.
-Хувь хүн өөрийн мэдэлгүй тагнуулын хэрэгт холбогдох эрсдэл байдаг уу?
-Ихэнхдээ төрийн болон албаны нууцтай холбоотой асуудал иргэдэд бус төрийн эрх бүхий албан тушаалтанд л хамаарахаар байдаг. Харамсалтай нь төрийн болон албаны нууцтай танилцах эрхгүй иргэдийг төрийн нууцтай холбоотой гэмт хэрэгт холбогдуулан, ял оногдуулж байна гэх шүүмжлэл их гарах болсон.
Г.БАЛГАРМАА_





Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын захиргаа, хил, гааль, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг хяналтын ба...
3 цагийн дараа
Баянгол дүүрэгт баригдаж байгаа боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ
Нийслэлийн Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалт...
3 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл...
3 цагийн дараа
ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд С...
2 цагийн дараа
Монгол Улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид 2-рт орох болжээ
Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 6 дахин өндөр байна. Онлайн покер, мөрийтэй тоглоом зэргээс болж, амьжир...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Baigalmaa
China hvntei suugaad olon hvvhed torvvlej shunalaa diilehgvi luiwar hiih gemt hereg Mon vv ulsiin ayulgvi bdald zanal hiisen gh zvil angi bdag uu