Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Б.Дэлгэрсайхан: Үндэсний компаниуд, монгол инженерүүд ямар ч төмөр замын төслийг бие дааж гүйцэтгэх чадамжтай болсон

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 5 сарын 15

img

55

news-img

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёр улсын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд байгуулсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын барилга угсралтын ажил эхэллээ. Бүтээн байгуулалт хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т талууд гарын үсэг (2025.02.14) зурж, тус хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар эцэслэн (2025.03.27) баталсан. Төслийн Монгол талын бүтээн байгуулалтыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан. Улмаар өчигдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын шав тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

-Бусад боомтуудыг төмөр замаар холбох асуудал яаж хэрэгжих вэ. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын ажил дууссаны дараа яригдах уу?

-Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хил холболтын төмөр замын энэхүү хэлэлцээрийн нэг чухал ач холбогдол нь дараагийн ээлжинд Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлууд зэрэгцээд өрнөнө. Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын төслийн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх бүтээн байгуулалт 2024 онд бүрэн дуусч, улсын комисс хүлээн авсан. Одоо БНХАУ-ын талтай холбох асуудлыг хэлэлцэж эцэслэнэ. Ханги-Мандал боомтын тухайд БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байна. Энэ төмөр замын төслийг ӨМӨЗО-ны XV таван жилийн төлөвлөгөөнд оруулах, улмаар “Mонгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах, Хил холболтын цэгийг баталгаажуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай. Үүний дараа барилга угсралтын ажлыг эхэлнэ. Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг “Монголын төмөр зам” ТӨХК боловсруулж байна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулсны дараа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Тус хил дамнасан төмөр замын төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын хөгжлийн гарц болох төмөр замын салбарт нэлээд ажил өрнөх нь. Ойрын ирээдүйд ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-Тийм ээ. Манай улсын өнөөгийн зогсонги эдийн засгийг тэлэхэд, тэр дундаа дэд бүтцэд төмөр замыг хөгжүүлэх нь нэн чухал байна. Төмөр зам дагаад орон нутагт жижиг дунд бизнес, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал, жуулчлал зэрэг салбарууд ч дагаад хөгждөг. Тээвэрлэлтийн хямд өртөгтэй, өндөр бүтээмжтэй, мөн байгальд хор хөнөөл багатай эко тээвэрт тооцогддог. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар экспорт, транзит ачаа тээвэр мэдэгдэхүйц өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт том түлхэц болж байна. Ялангуяа, эрдсийн экспортын гарцыг тэлэх зорилгоор төмөр замын шинэ чиглэлүүд, хил холболтод анхаарч байна. Үүний үр дүнд тээврийн зардал буурч, экспортын өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын логистикийн сүлжээнд Монгол Улс оролцоог нэмэгдүүлэх алхмууд хийгдэж байгаа юм.

-Төмөр замын Агентлаг байгуулах асуудал одоо ямар шатандаа яваа вэ. Ер нь агентлаг байгуулахын давуу тал, ач холбогдол бий юу?

-Төмөр замын тээврийн тухай хуулийн (2023.07.07) шинэчлэлээр Төмөр замын агентлаг байгуулахаар тусгасан. Энэ дагуу Засгийн газрын 2025 оны 73 дугаар “Төмөр замын газар байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан. ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Төмөр замын газартай байдаг. Монгол Улсын хувьд хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж ирсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг баталж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан. Өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн. Тухайн үед төмөр замын ачаа тээврийн хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны үзүүлэлтээр 42.5 сая тонн болж 2.8 дахин өсчээ. Салбарт нийт 15 мянга орчим ажилтан, албан хаагч 1115 км суурь бүтцийг хариуцан ажиллаж байлаа. Гэтэл ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замын төслүүдийг тооцвол нийт сүлжээний 4200 км хүрч 3.7 дахин өсөх төсөөлөлтэй байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймээс төмөр замын салбар өргөжиж буйтай холбоотойгоор суурь бүтцүүдээр галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хөрш орнуудтай төмөр замын тээврийн харилцааг уялдуулах, шинжлэх ухаан технологи инновацийг нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг үйл ажиллагааг эрхлэх Төмөр замын агентлагтай байх шаардлага үүссэн.

-Шинэ агентлагийн хувьд төмөр замын салбарын асуудлыг нэг дор зангидаж чадах уу. Төрийн бүтэц улам данхайх юм биш үү гэсэн шүүмжлэл их байна. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Үнэндээ бол төсөв данхайхгүй. “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” УҮГ-ыг татан буулгаж, Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүй байхаар Төмөр замын агентлагийг байгуулж байна.

-Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж байсан. Энэ төвийн ажил хэр урагштай байна вэ?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх” зорилтын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр энэ бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд явж байна. Уг төмөр зам нь Хөшигийн хөндийд байгуулагдах тээвэр логистикийн төвийн үндсэн суурь нөхцөл болох учиртай. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтад оруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцах юм. Энэхүү салбар төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар үргэлжлэн Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 2.5 км урт гүүрэн байгууламж бүхий, 3 өртөө, 4 зөрлөгтэй барихаар төлөвлөсөн. Төслийг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд нээж, барилгын ажлыг ирэх намар буюу аравдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

-Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх үү?

-Уг төсөл Монгол Улсын Хөгжлийн бодлогын урт, дунд хугацааны баримт бичгүүдэд туссан байдаг. “Монголын төмөр зам” ТӨХК болон “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг (2024.06.18) байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын салбарт хамтран ажиллах, тухайлбал Улаанбаатар – Хархорум чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахаар хамтран ажиллана. Миний бие БНСУ-ын Үндэсний төмөр замын дэд захирал Лим Жунгил ахалсан төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн бодлого, бүс нутгийн төмөр замын тээврийн сүлжээнд холбогдох, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж санал солилцсон. Мөн Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийхдээ Монгол Улсын хүн амын суурьшлын бүс, цаг агаар, газар зүйн онцлогийг харгалзан, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж суурьшлын бүсүүд, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ачаа болон зорчигч тээврийн эргэлт, урсгалуудын төлөв, хандлагуудыг тооцон ТЭЗҮ, орчин үеийн төмөр замын технологийн давуу талуудыг шингээсэн зураг төслийг 2025 онд багтаан боловсруулж дуусгахаар тохиролцсон. ТЭЗҮ, зураг төсөв бэлэн болсны дараа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

-Ер нь Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд гадаад болон дотоод маш олон зүйлс нөлөөлдөг. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал цаг, минут бүрээр өөрчлөгдөж буй энэ үед бид маш хурдтай, соргог байж төмөр замын салбараа хөгжүүлэх нь зүйтэй юм. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлхийн бүхий л улстай эрх тэгш хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэр дундаа хөрш ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ утгаараа юуны өмнө Монгол Улс болон хөрш орнуудтай ашиг сонирхол нийцэж байх учиртай. Эдгээр асуудлын зүй тогтлыг олж, бусад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж чадвал төмөр замын салбарыг хөгжүүлэхэд гадаад талын нөлөөлөл харьцангуй бага гэж үзэж байна. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд маш их асуудал бий. Төмөр замын салбарыг хөгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргуулахад маш хүнд. Төмөр зам гэдэг улсын эдийн засаг, хөгжлийн асуудалтай шууд холбогддог мега төслүүд учраас УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудал гээд тоочоод байвал маш олон асуудал тулгамддаг. Гэхдээ Монгол Улс нэг үеэ бодвол өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төмөр зам барьж болдог юм байна гэдгийг манай үндэсний компаниуд үлгэрлэн харуулж “бид өөрсдөө чадахгүй” гэдэг сэтгэлгээ харьцангуй байхгүй болсон. Одоо аливаа төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэр болон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд өгчихвөл ямар ч хэмжээний төмөр замын төслийг манай үндэсний компаниуд, Монголын инженер техникийн ажилтнууд, ажилтан алба хаагч нар бие дааж гүйцэтгэх чадамжтай гэж харж байна.

-Монголын төмөр замын салбар нүсэр бүтэцтэй. Жил ирэх тусам зардал нь өсөж байна. Энэ байдлаас төмөр замын хөгжил гацаанд орж байх шиг. Тэгэхээр салбарын шинэчлэлийг хийхэд асар их хөрөнгө шаардагдахаас гадна улс төр, олон улсын харилцааны хувьд хэлэлцэж тохиролцох асуудал их байх, тийм үү?

-Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжөөд 87 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдаад 76 жил болж байна. Өнөөдрийн байдлаар төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч дөрвөн байгууллагатай, ажилтнуудын тоо ойролцоогоор 18000 болж өргөжжээ. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбар гацаанд орох биш, харин ч эсрэгээрээ хурдтай хөгжиж буй гэж харж байна. Түрүүн дурдсанчлан, монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулан, өдгөө хил хүртэл тээвэрлэлт хийснээр Монгол Улсын экспортын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 1-4 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Шинэчлэн найруулсан Төмөр замын тээврийн тухай хууль (2025.01.01) хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч тусдаа хуулийн этгээд байх зохицуулалттай болсонтой холбоотойгоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг хариуцахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Улмаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг түрээсийн гэрээгээр ашиглуулах, үүнтэй холбоотойгоор чиг үүрэг орон тоог шилжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр төрийн өмчийн аж ахуйн нэгжийн зардал буурч, үр ашиг нэмэгдэж, төмөр замын тээврийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдана.

-Саяхан УИХ-ын чуулганаар Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газарт буцаасан. Энэ хэлэлцээрийн ач холбогдлын талаар та уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн ес дэх удаагийн хуралдааныг (2025.09.11-12) зохион байгуулна. Бэлтгэл ажлын хүрээнд “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлуулахаар төлөвлөсөн. Тус хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын олон улсын чанартай төмөр замын шугамуудыг НҮБ-ын түвшинд тодорхойлж байгаа нь Ази, Европыг холбосон тээврийн коридоруудын бүрэлдэхүүн хэсэг болж улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцох суурь үндсийг бий болгох ач холбогдолтой хэлэлцээр юм. Иймд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төмөр замын зүүн, баруун коридорыг Монголын талаас Орос, Хятадын талтай тохирч уг хэлэлцээрт тусгахаар зорьж байна. Мөн хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлт нь олон улсын тээвэрлэлтэд төмөр замууд, гаалийн байгууллагууд хооронд харилцан тээврийн цахим мэдээлэл солилцох ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байдаг. Энэ нь цаашдаа хил, гаалийн хяналтыг цаасгүй болгох, хөнгөвчлөх, ил тод болгох, төмөр зам, гаалийн байгууллагын хүнд суртал, иргэн, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл багасгах ач холбогдолтой.

Э.МӨНХТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгрөгийн ханш 191 төгрөгөөр суларч ам.доллар 3572 төгрөгтэй тэнцэв

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3572.45 төгрөгтэй тэнцэж, нэрлэсэн ханш сүүлийн есөн хоног тогтвортой ба...

img

5 цагийн дараа

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг байнгын хороод руу шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.15/-ийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын ...

img

4 цагийн дараа

Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргажээ

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан га...

img

3 цагийн дараа

Машины цонхоор гарч замын хөдөлгөөнд оролцсон тул 50.000 төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад ...

img

3 цагийн дараа

Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 4.8 саяар илүү байна

Улсын хэмжээнд 2024 оны эцэст 26.7 сая төллөх мал тоологджээ. Энэ оны эхний 4 сарын  байдлаар 7.6 сая хурга, 6.5 сая ишиг, 52.4 мянг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд