мэдээ
БНСУ-ын хил дээрээс буцаагдсан иргэд: Одоо л энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч, таслан зогсоох хэрэгтэй

Админ
2025 оны 5 сарын 15

40

БНСУ-ын хил дээрээс буцаагдсан иргэдийн төлөөлөл өчигдөр БНСУ-ын Элчин сайдын яамны гадна мэдээлэл хийсэн юм. Тэдний байр суурийг хүргэж байна.
Т.Цэцэгбилэгт: Монголчуудыг улс руугаа нэвтрүүлмээргүй байгаа юм бол анхнаасаа виз битгий өг
-Та БНСУ руу хэдэн удаа явсан бэ. Хамгийн сүүлд хэзээ тус улсыг зорив?
-2017 оноос хойш дөрвөн удаа БНСУ руу явсан байна. Би 2022 онд гурван жилийн хугацаатай мульт виз авсан. Тухайн жилдээ нөхөртэйгөө БНСУ-д хоёр сар гаруй амьдарч байгаад Монголдоо ирээд буцаж очиход намайг хил дээрээс шууд шал ганы өрөө рүү оруулж, харин нөхрийг маань хил нэвтрүүлсэн. Шалганы өрөөнд намайг оруулаад миний утсыг булааж аваад, ганц хоёр удаа ажил хийснийг маань олж харчихаад “Чамайг буцаана. Визийг чинь цуцална” гээд аргагүйн эрхэнд би нутаг буцсан. Үүнээс хойш энэ оны гуравдугаар сард нөхөртэйгөө БНСУ-ын виз мэдүүлэхэд бидэнд 10 хоногийн хугацаатай виз олгосон учраас энэ сарын 12-нд БНСУ руу ниссэн.
Тэгэхэд хил дээр дахиад л намайг шалгана гээд шалганы өрөө рүү оруулсан. Нөхөр маань “Би цуг явж байгаа. Араас нь оръё” гэхэд зөвшөөрөөгүй. Улмаар нөхрийг маань хил нэвтрүүлсэн. Бидний очих газар, тосож авах хүн, буцах виз гээд бүх зүйл маш тодорхой байсан. Гэтэл тэндхийн ажилчид намайг дахиад л нутаг буцаана гэхэд учир шалтгааныг нь асуухад 2022 онд гарсан асуудлыг сөхөж ярьсан. Буцна гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зураач үгүй байхад шууд буцаадаг юм байна.
-Хэзээ буцаж ирсэн бэ?
-Очсоныхоо маргааш буюу тавдугаар сарын 13нд буцаж ирсэн. Би буцах хүсэлгүй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байхад л буцаасан. Эхлээд бидэнд цаашдаа яах ийх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Нэг өрөөнд оруулж орхичихоод бүгд алга болцгоочихсон. Хэзээний онгоцоор буцаах талаар ч мэдээлэлгүй байж байтал өдөр МИАТ-ийн ажилтан орж ирж биднийг авсан.
-Таны байрлаж байсан байрны нөхцөл байдал ямар байв. Хоол ундтай байв уу. Тэр байранд хэчнээн хүн байсан юм бэ?
-Дотроо ариун цэврийн өрөө, душтэй. Гуйж байж нэг удаагийн сойз авсан. Шөнө нөмрөх зүйл өгөөд л хонуулсан. Бүтэн хоногоор байрлах бол өдөрт нэг хоол өгдөг юм шиг байна лээ. Би шөнө ороод, өдөр гарч ирсэн. Тэгэхэд өглөө нь нэг чокопай, ундаа хоёр л өгсөн. Бидний ирсэн онгоцноос гэхэд л арав гаруй хүнийг шалганы өрөө рүү оруулж, долоог нь буцаахаар болсон. Тэр өрөөнд байсан иргэдийн дийлэнх нь монголчууд байсан. Хил дээрээс буцаадаг энэ асуудал олон жилийн нүүрийг үзэж байна. Нэг онгоцноос арваад хүнийг буцаадаг болчихсон юм байна. Дээрээс нь тийм квот өгсөн юм болов уу гэсэн хардлага байна. Монголчуудыг улс руугаа нэвтрүүлмээргүй байгаа юм бол анхнаасаа битгий виз өг. Иргэд санхүү мөнгө, сэтгэл санаа, цаг хугацаа, ажил төрлөөрөө хохироод байна.
Б.Ганхуяг: Монголчуудад дээрэнгүй, дээрэлхсэн хандлага гаргаж байсан нь нууц биш
-Таныг хэзээ БНСУ-ын хил дээрээс буцаасан бэ?
-БНСУ-д ээж, гэр бүлийнхэн маань амьдардаг учраас би ирж очин байдаг. Тэд маань тус улсын хуулийг зөрчөөгүй, хууль ёсоор оршин суудаг. Би БНСУ-ын таван жилийн хугацаатай мульт визтэй. Визний маань хугацаа 2027 онд дуусах байсан юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус улс руу 18 удаа явсан байна. Би Сөүлд амьдарч байгаад дөрөвдүгээр сарын 26-нд Токио яваад тэндээ гурав хоноод 30-нд БНСУ руу нэвтрэх гэтэл оруулаагүй. Шалтгааныг нь асуухад хоёрдугаар сард та ажил хийсэн байна гэсэн тайлбарыг тэндхийн ажилчид өгсөн. Би уг нь ажил хийгээгүй, дансаа хүнд ашиглуулсан. Энэ нь хэдийгээр тус улсын хуулийг зөрчсөн үйлдэл мөн ч хоёрдугаар сараас хойш буюу тус зөрчил гарснаас хойш би дөрвөн удаа БНСУ руу орж гарсан. Тухайн үедээ шалгаагүй байж, тав дахь удаад нь шалгаж асуудал үүсгэсэн.
-Хил дээр хэд хоносон бэ. Байрны нөхцөл байдал хэр байсан бэ?
-Дөрөвдүгээр сарын 30-нд онгоцны буудал дээр буугаад тавдугаар сарын 3-нд Монголд ирсэн. Ямар ч байсан хоол өгнө, унтахад хөнжил тараана, өглөө нь хурааж авна. 23:00 цагаас хойш гарч болохгүй. Хоёр цаг тутамд төхөөрөмжид царайгаа таниулах ёстой. Терминал дээр чөлөөтэй явж болно, харин татваргүй барааны дэлгүүрээс худалдан авалт хийж болохгүй. “CU”, “GS 25” зэрэг жижиг дэлгүүр, хоолны газруудаар хувийн зардлаараа үйлчлүүлж болно.
-Онгоцны буудлын ажилчдын харилцаа, хандлага ямар байсан бэ?
-Хандлагын тухайд авах юм байхгүй. Өөрсдөө солонгосоор л ярина. “Би солонгос хэл мэдэхгүй.
Англиар ярья” гээд байхад л солонгосоор ярина. Надтай дохио зангаагаар харьцана. Ойлгохгүй бол зандарна. Бидний дэргэд хоорондоо ярихдаа яг л хүн муулж байгаа юм шиг шоолонгуй байдалтай ярьцгаадаг. Монголчуудад дээрэнгүй, дээрэлхсэн хандлага гаргаж байсан нь нууц биш. Яг бодит байдал дээр гар утсаа шалгуулахыг бид өөрсдөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шалгаж байгаа. Ер нь энэ асуудлыг олон улсын түвшинд авч хэлэлцэхгүй бол их гүрний дээрэнгүй бодлого явагдаад байна. Виз нь гарчихсан хүмүүсийг хил дээрээс буцаадаг, ялих ялихгүй шалтгаанаар үл тоомсорлодог асуудал бидэнд хүнд тусаж байна.
-Бусад улс орнуудын элчин сайдын яамны зүгээс онгоцны буудал руу хүн явуулж, иргэдээ хамгаалж байсан гэсэн асуудал бас яригдлаа шүү дээ. Танд тийм байдал ажиглагдав уу?
-Би дөрөвдүгээр сарын 30-нд хил дээрээс буцаагдахаар болчихоод Р.Булгамаа өмгөөлөгчтэй холбогдож, мөн УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд нартай холбогдож өөрт тул гарсан асуудлаа хэлсэн. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн С.Сүхболд сайдад дамжуулж, тэрбээр элчингийн ажилтандаа хэл хүргэсэн. Элчингийн ажилтан надад “Таныг ажил хийсэн гэж байна. Ямар ч боломжгүй юм байна” гэсэн хариуг өгсөн. Би Элчин сайдын яаманд асуудлаа шийдэхэд туслалцаа авах гэж хандсан байхад ийм л зүйлийг хэлсэн. Надад тэр байдал нь дүр эсгэсэн мэт л санагдсан. Надтай цуг байсан Тайландын иргэнийг улсынх нь элчин сайдын яамны ажилтан ирээд аваад гарч байна лээ. Тэр бол улс нь хүнийхээ төлөө явж байна гэсэн үг. Миний мэдэхийн хил дээрээс буцах шийдвэр нь гарчихаад байхад өөр улсын иргэд нэвтэрчихдэг л юм билээ. Намайг хил дээр байх хугацаанд тэнд арваад монгол иргэн байсан.
Б.Соёл-Эрдэнэ: Төр баригчид аа, та нар яг бидэн шиг БНСУ-ын хилээр нэвтрэх гээд үз. Тэгвэл энэ асуудлыг маш хялбархан шийднэ
-Та БНСУ руу ямар визээр явсан бэ. Визний хариу тань хэр удаж гарсан бэ?
-Би 2019 оны дөрөвдүгээр сард БНСУ руу явж, сар орчим хугацаанд амьдарч байгаад ирсэн. Үүнээс хойш зургаан жилийн дараа буюу энэ жил мульт виз хүссэн атал надад гурван сарын виз гарсан. Визний хариу 20 хоногийн дараа гарч, нөхөртэйгөө энэ сарын 12-нд тус улсыг зорьсон. Тэгэхэд надад “БНСУ-д тавтай морил” гэж хэлээд паспорт дээр тамга дарж, тэмдэглэгээ хийсэн. Миний ард нөхөр маань зогсож байсан. Нөхрөө хүлээгээд зогсож байтал тэндхийн ажилтан намайг дуудахаар нь очтол “Буудлынхаа хаягийг өг” гэхээр өгсөн. Тэгээд л бид хоёрыг түр байрлуулах өрөө рүү аваачсан. Би нөхөртөө БНСУ-ыг үзүүлэхийг л хүссэн. Нөхөр маань онгоцонд ч сууж үзээгүй хүн. Гэтэл нөхөр маань Инчеоны онгоцны буудал, биднийг хорьж байсан өрөө хоёрыг л үзчихээд ирлээ.
-Таныг буцаах үндэслэлээ тайлбарласан уу?
-Хэдэн сарын өмнөх миний найзтайгаа харьцсан фэйсбүүк зурвасыг гаргаж ирээд “Та манай улсад ажил хийхийг завдсан байна” гэсэн. Би түүнийг хүлээн зөвшөөрөөгүй, “Та нар намайг дагаад яв. Ажил хийх нь үү, аялах нь уу хар” гэсэн. Намайг тэр үндэслэлээр буцаасан байг ээ. Гэтэл нөхрийг маань яагаад буцааж байгааг лавлахад ямар ч шалтгаан хэлээгүй. “Орчуулагч авъя” гэхэд орчуулагч өгөөгүй, “Google translate” ашиглаад ярья гэхэд ч зөвшөөрөөгүй. Тэд иргэдийг нэвтрүүлэхдээ өнгө үзэмж харж, нэг онгоцноос тодорхой тооны хүн буцаах даалгавар авдаг юм шиг санагдсан. Нэг хүн БНСУ руу зорчихын тулд дор хаяж 1.2 сая-1.3 сая төгрөгөөр тийз захиалж байгаа. Бид үнэхээр л БНСУ-ыг үзчихээд буцсан бол харамсахгүй. Нөхөр бид хоёр гэхэд л буцаагдах иргэдийг хорих өрөөг таван сая төгрөгөөр үзээд ирлээ. Тэр өрөө бол үнэхээр үнэтэй өрөө гэж хэлмээр байна.
-Түр байрлуулах өрөөнд иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар хүмүүс ярьж байна. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Төр баригчид аа, та нар яг бидэн шиг БНСУ-ын хилээр нэвтрэх гээд үз. Энгийн нислэгээр, энгийн суудалд суугаад, энгийн шалганаар нь гараад үз. Виз татгалзсан иргэдийг оруулдаг өрөө рүү нь ороод, нөмөргөдөг бүтээлгийг нь нөмрөөд, хоолыг нь идээд, тэр бүхнийг биеэрээ мэдрээд үз. Тэгвэл та нар энэ асуудлыг маш хялбархан шийднэ. Та нар мэдрээгүй болохоор мэдэхгүй байна. Одоо л энэ асуудал дээр дорвитой арга хэмжээ авч, таслан зогсоо. Монгол Улсын иргэд яачихсан юм. Улс орныг чинь үзчихээд л буцаад ирье гэсэн. Тус улсад очсон Монгол Улсын иргэдийг бүгдийг нь харладаг, ажил хийдэг гэж ойлгоод байх шиг байна. Үгүй шүү. Энд махаа зулгааж ажиллаж ажиллачихаад БНСУ-д очоод дахиад ажил хийх юм уу. Тэнд ажиллах нөхцөл үнэхээр хэцүү шүү дээ. Ажил хийх гээд байна гэж бодож байвал дагаад яв л даа. Эсвэл цахим гав шиг зүйл байвал өгчих. Тэнд бидний эрхийг маш их зөрчсөн. Миний утсыг 20 минут тухтай нь аргагүй шалгасан. Одоо утсанд минь юу ч холбосон байж мэднэ.
-Тантай хамт хэдэн иргэн буцаагдсан бэ?
-Би хил дээр 16 цаг байсан. Тэнд надтай хамт нялх хүүхэдтэй хүн ч байсан, настай хүн ч байсан. Намайг онгоцонд суугаад буц гэхэд нь “Эхлээд энэ нялх хүүхэдтэй хүнийг миний оронд буцаачих” гэхэд зөвшөөрөөгүй. Би Монгол руу нөхрөөсөө гадна хоёр хүнтэй нэг онгоцоор буцаагдсан. Монголын шалган дээрээс бид гадаад паспортоо авсан. Хил дээрээс буцаагдах иргэд онгоцноос буухдаа ямар гар тээштэй байсан тэр тээшинд байгаа зүйлээрээ л буцах хүртлээ болгоно. Бидний том тээшийг өгдөггүй.
-Монголын иргэдтэй ялгамжтай харьцаж байна гэсэн асуудал яригдаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлнэ. Бидний дэргэд хоорондоо инээлдээд, биднийг даапаалаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хандлага бол үнэхээр муухай байсан л гэж хэлье. Биднийг улныхан гэж төрийн түшээд тодорхойлоод байсан одоо харийнхан тэгж үздэг болсон байна. Манай улсаас тус улс руу өдөр болгон нислэг үйлдэж байгаа. Тэгэхээр одоо ч БНСУ-ын хил дээр манай улсын иргэнийг доромжлоод л байж байгаа. Одоо дуугүй өнгөрвөл цаашлаад Монгол Улсын иргэнийг хил дээр зодож, цохих ч эрсдэл бий. Хүний эрхийг дээд зэргээр зөрчиж, хувийн орон зайд хэт халдаж, бидэнтэй зүй бусаар харьцаж байна. Тэр өрөөнд орсон л бол БНСУ-ын өөр хаашаа ч явах эрхгүй болдог юм билээ шүү. БНСУ руу явах гэж буй иргэддээ хандаж хэлэхэд, утсан дээрх эрсдэлтэй гэж бодсон бүх мэдээллээ устгаарай. Болж өгвөл утсаа битгий өг. Гэхдээ л таныг оруулахгүй гэвэл оруулдаггүй л юм билээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа





Төгрөгийн ханш 191 төгрөгөөр суларч ам.доллар 3572 төгрөгтэй тэнцэв
Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3572.45 төгрөгтэй тэнцэж, нэрлэсэн ханш сүүлийн есөн хоног тогтвортой ба...
7 цагийн дараа
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг байнгын хороод руу шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.15/-ийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын ...
6 цагийн дараа
Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргажээ
Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан га...
6 цагийн дараа
Машины цонхоор гарч замын хөдөлгөөнд оролцсон тул 50.000 төгрөгөөр торгожээ
Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад ...
5 цагийн дараа
Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 4.8 саяар илүү байна
Улсын хэмжээнд 2024 оны эцэст 26.7 сая төллөх мал тоологджээ. Энэ оны эхний 4 сарын байдлаар 7.6 сая хурга, 6.5 сая ишиг, 52.4 мянг...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд