мэдээ
Эрх зүйч Д.Гандулам: Сошиалаас илүү сонинд байршуулсан тендерийг баталгаа нотолгоотой, хүчин төгөлдөр хэмээн үзэх нь зүйтэй

Админ
2025 оны 5 сарын 22

48

Эрх зүйч Д.Гандуламтай тендерийн зарыг сонинд нийтлүүлснээр бодит нотлох баримт гэж үздэг талаар ярилцлаа.
-Сүүлийн үед төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж байгаа тендерүүд ихэвчлэн цахим болон сошиалаар нийтлэгдэх болжээ. Гэтэл тогтмол хэвлэлд нийтлэгдсэн тендерийн зарыг баталгаатай гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Сошиалаар тендерийн зарыг нийтлэх нь оновчтой арга мөн үү?
-Тийм ч оновчтой арга биш. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль гэж бий. Энэ хуулийн 11.3т зааснаар тендерийн зарлалыг цахим системээс гадна улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно гэж заасан байдаг. Манай улс харьцангуй чанартай тогтмол хэвлэлтэй. “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонин гээд байна. Хамгийн гол нь тогтмол хэвлэл гэдэг статус чинь өөрөө баталгаа юм. Тасрахгүй, хариуцлагатай, тодорхой хэвлэгддэг өдөр, судартай гэдгээрээ илүү давуу талтай байдаг. Өмнө нь мөрдөж байсан хуульдаа тендерийн зарыг зөвхөн тогтмол хэвлэл буюу сонинд нийтэлнэ гэдэг байсан. Харин сүүлийн үед цахим хуудсандаа ч нэвтрүүлж болно гэх заалт орж ирээд давхцал бий болсон юм. Өөрөөр хэлбэл, тогтмол хэвлэл буюу мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудаст нийтэлж болно гэсэн заалт 18.2-т ороод ирсэн. Тиймээс ихэвчлэн цахимаар нийтлээд байгаа юм. Энэ нь цаанаа маш том сөрөг үр дагавартай. Тухайн тендер дээр ямар ч асуудал үүсэх боломжтой шүү дээ. Бид үүнийг урьдаас урьдчилан харах боломжгүй. Тиймээс учирч болох хохирол, үл ойлголцол, маргаанаас сэргийлэхийн тулд цаасан суурьт, тогтмол хэвлэл буюу сонинд тендерийн зарыг байршуулах нь илүү баталгаатай. Яагаад гэвэл сонинд нийтлэгдсэн тендер нь өөрөө баримт болж үлдэнэ. Сонинд нийтлэгдсэн тендерийн зарыг баталгаатай, хүчин төгөлдөр хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг нь ийм учиртай.
-Цахимд тендерийн зарыг байршуулахын сөрөг үр дагаврыг илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Цахим болон сошиалд нийтэлсэн тендерийн зарыг утга агуулгын хувьд хэзээ ч ороод өөрчлөх боломжтой. Устаж алга болох ч эрсдэлтэй учраас цахим, сошиалд нийтэлсэн тендерийг баталгаатай бус бөгөөд нотлох баримт болж чадахгүй хэмээн үздэг. Хамгийн гол нь холбогдох аудитын газрууд болон тодорхой хяналтын газруудад тухайн тендерийг олон нийтэд зарласан гэдгээ нотолж, тайлагнахад л бодит архивын баримтгүй болох эрсдэлтэй гэсэн үг. Цахим хэлбэрээр нь үзүүлсэн ч бодит нотолгоо болж чадахгүй. Сая хэлсэнчлэн цахим зарыг цаг хугацаа, агуулга, үг үсгийн хувьд өөрчлөх бүрэн боломжтой. Тиймээс хардах үндэслэл нь болж байгаа юм. Сонин бол хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Хэн ч, юуг нь ч өөрчлөх боломжгүй байдаг нь өөрөө нотлох баримт болж өгдөг. Тиймээс эрх зүйн бодит нотлох баримт хэмээн хүлээн зөвшөөрдөг давуу талтай. Нэмээд хэлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 41.1.3-д зааснаар зарлал нийтлээгүй, урилга хүргүүлээгүй бол үүнийг илт хууль бус гэрээ гэж үздэг юм.
-Гадаадын төсөл, хөтөлбөр, тендерүүд зарлан нийтлэгдсэнийхээ дараа нь нотолгоогоо шаарддаг. Тэгвэл сошиалд нийтэлсэн тендерийг нотлох баримт гэж хүлээн авахгүй гэсэн үг үү?
-Ер нь ихэнх тендер, төсөл, хөтөлбөр гадаадаас орж ирдэг шүү дээ. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд бол тогтмол хэвлэлээ нотлох баримт гэж үздэг. Үүнийгээ хуулиндаа бүр тусгаад өгчихсөн байдаг.
Жишээ нь, сонинд тендерийн зараа нийтлүүлсэн бол тухайн Олон улсын байгууллага доод тал нь гурван сонин авч архив хийдэг уламжлалтай. Үүнийг хэвлэл мэдээллийн ажилчид та бүхэн сайн мэдэж байгаа байх. Уг нь манайд ч гэсэн нээлттэй тендер шалгаруулалтыг улсын болон орон нутгийн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж зарлах ёстой гэж заасан. Энэ бол тендерийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж буйг баталгаажуулж байгаа хэлбэр юм. Тендер, зар мэдээлэл худалдан авах үйл ажиллагаа бүгд тогтсон шалгууртай. Тэр дундаа хамгийн том шалгуурыг эзэлж байгаа хэсэг нь олон нийтэд зар, мэдээлэл түгээх юм. Хуульдаа зарлаж нийтлэх, ил тод байх ёстой гээд заачихсан. Заавал сонинд зарлана гэсэн агуулга биш л дээ. Аль нэгийг сонгож нийтэлж болно л гэж байгаа юм. Гэхдээ тендерийн шалгуур шаардлага нь өөрөө зарлал мэдээллээ заавал мэдээллийн хэрэгслээр түгээх ёстойг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, цаасаар болон цахимаар зарлал, мэдээллээ хүргээгүй тохиолдолд тухайн тендерийг шалгаруулсан, явуулсан гэж албан ёсоор тооцохгүй. Хэрэв зарлуулсан бол нотлох баримттай байх ёстой. Тиймээс л тогтмол хэвлэл илүү баталгаатай гээд байгаа юм.
-Ямар эрх зүйн нөхцөлд цахим хуудсанд байршуулсан тендерийн зарыг шууд хүчингүй хэмээн тооцдог вэ?
-Шууд гэрээ байгуулан цахим хуудсандаа тендерийн материалыг байршуулан мэдээлэх боломжтой босго үнийн доод үнэ нь 20 сая, дээд хязгаар нь 100 сая байдаг. Өөрийн байгууллагын цахим хуудсандаа тендерийн зар байршууллаа гэхэд 100 саяас дээш үнийн дүнтэй тендерийг өөрийн цахим хуудсаараа мэдээлэн зарлавал хууль бус гэж үзэх үндэслэл бий болно. Учир нь тендерийн шалгуур бичиг баримт, зарлал мэдээлэл гэх хэсгийг бүрдүүлж чадахгүй, нотлох баримт хангалтгүй хэмээн үздэг. Тиймээс энэ тендерийг шууд хүчингүй гэж үзнэ. Ер нь хууль эрх зүйн ойлголт дутмагаасаа болдог ч юмуу хүмүүс их л хохирдог. Миний хувьд иймэрхүү асуудалд үнэгүй зөвлөгөө өгч байсан тохиолдол бий. Гол нь нотолгоотой, баримттай байх ёстой. Ямар нэгэн хэрэг, маргааны хохирогч болохгүйн тулд албан ёсны тогтмол хэвлэлээр тендерийг зарлуулах нь илүү чанартай, хүртээмжтэй, баталгаатай байдаг.





Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ...
8 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана. Хязгаарла...
7 цагийн дараа
СЭЛЭНГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоо хийж асуудал үүсгэж байна
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд буй юм. Үүсээд ...
7 цагийн дараа
АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төл...
7 цагийн дараа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион ба...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд